Саяхан нэгэн танил маань уламжлалт баяруудын тухай уцаарлангуй ярих зуураа цагаан сараар гэрт нь хүн ирэхэд хаалга тайлж өгөөгүйгээ хэлэхдээ огт санаа зовсон шинжгүй байв. Нэгэнт гэртээ ганцаараа байсан хойно золгох хүн байхгүй хэмээн өөрийгөө цагаатгах аж. Бас Үндэсний их баяр наадам бараг л хамаагүй гэнэ. Түүний яриа хуншгүй мэт сонсогдох ч манай үеийнхний ихэнх нь түүнтэй санал нэгдэнэ.
Уламжлал, ёс заншлаа дээдлэн, эцэг эхээ даган чанд мөрддөг залуус бий ч, үл ойшоож, төвөгшөөдөг нь олон. Гэвч энэ нь тэдний буруу мөн гэж үү?
ТӨРӨЛ САДАНТАЙГАА ТАНИЛЦАХААС ЦААШ
“Уламжлал, ёс заншлаа үгүйсгэвэл алдас болно. Бид хэчнээн өөрчлөгдөж, дэлхийн иргэд болсон ч тэр хэрээр хаанаас гаралтай, хэн бэ гэдгээ ухаж эхэлдэг. Уламжлалт наадам, цэнгээн үүнийг маань сануулж, сэрээдэг шүү дээ. Нөгөө талаас үндэстнийг нэгтгэгч гэж би үздэг. Гэсэн ч өнөөгийн залуусыг харахад энэ бүхнийг үл ойшоох юм. Тэднийг дунд, ахимаг настай болох үед монгол наадам, Цагаан сар ямар болох нь их л эргэлзээтэй санагддаг” хэмээн 42 настай эрхзүйч Г.Алтангэрэл ярьж байна. Түүний үзэж буйгаар уламжлалт баяруудыг хүмүүс хэт эд мөнгөнд шүтсэн хандлагатайгаар тэмдэглэх болсон нь залуусыг үргээж байж магадгүй гэнэ.
Тэгвэл 23 настай, анагаахын оюутан Д.Мишээл “Нэлээд хэдэн жилийн дараа Цагаан сарыг бараг тэмдэглэхгүй болно гэвэл би лав гайхахгүй” гэж байна. Түүнтэй ижил бодолтой охид, хөвгүүд олон бий. “Хэтэрхий их явдал, чирэгдэлтэйгээс гадна яагаад, ямар учраас тэмдэглэдэг болохыг нь ч бид мэдэхгүй. Тиймээс ч чухал санагддаггүй” гэж тэрбээр цааш хэллээ. Энэ асуултад саяхан ургийн баяраа тэмдэглэсэн 54 настай Г.Банзрагч “Сүүлийн үед залуу хүүхдүүд хамаатнуудаа танихаа байчихжээ. Хэдэн үеэлийнхээ зүсийг мэдэхээс цаашгүй. Харин уламжлалт баярууд нь хамаатан саднуудыг уулзуулдаг, нэг нэгэнтэй нь танилцуулдаг учраас хойч үеийнхэнд хэрэгтэй юм” хэмээв.
Цагаан сар, наадам хийгээд хуучны заншлууд хэрэгтэй гэж үү
Тэгвэл 26 настай, багш Ж.Хулан “Би уламжлал, ёс заншлыг тэгтлээ ойшоодоггүй байв. Харин саяхнаас өөр бодолтой болсон. Орчин үеийн завгүй хэмнэлд бид ойр дотнын найз нөхдөдөө л арайхийн цаг зав гаргадаг. Хамаатан садантайгаа жилдээ нэг л уулздаг нь Цагаан сар байх жишээтэй. Эсвэл баяр наадмаар нэг цуглаж, “танилцана”. Тэгэхээр ойшоохгүй өнгөрч боломгүй байгаа биз. Ялангуяа хөдөө орон нутагт хамаатнууд нь амьдардаг бол бүр ч чухал. Яваандаа биднийг дунд, ахимаг настай болох үед баяруудын цар хүрээ хумигдаж, гэр орны хүрээнд л тэмдэглэдэг болох байх” хэмээн үзэж байна.
Тэдний саналаа хэлсэнчлэн, нэг талаас баяр наадмууд, уламжлалт ёс заншлууд залуу үеийнхэнд ядаргаатай мэт санагддаг ч уг үндэс хийгээд ойр төрлийнхөнтэйгээ уулзах гүүр болдог аж. Гэхдээ тэр бүхэн ердөө л хамаатан садныг уулзуулахаас хамаагүй илүү утга учиртай байж таарна. Эрийн гурван наадмын түүх, мөр гаргах, битүүлэх ёсны учрыг мэдэх, мэдүүлэх нь ч ховор. Ийм нөхцөлд залуу үеийнхнийг муучлах, буруутгах ч аргагүй.
УТГА УЧИРГҮЙДЭЛ ХИЙГЭЭД ТАНИН МЭДЭХ ЭРМЭЛЗЭЛ
Энэтхэгийн Холи буюу хаврын баяр жуулчдыг татах чухал хэрэгслүүдийнх нь нэг. “Хайрын баяр” хэмээн давхар нэрлэгддэг уг баярын үеэр хүмүүс бие биерүүгээ өнгө, өнгийн хуурай будаг цацдагийг магад та ч санаж буй биз. Дараа нь дуулж, хуурдаж, идээ ундаа болох нь мэдээж. Энэтхэгээс гадна Зүүн Өмнөд Азийн орнуудад тэмдэглэх үндэсний эл баярыг өнгөрсөн тавдугаар сард гэхэд Австрийн залуус хотууддаа тэмдэглэхтэй таарч байв. Тэгтлээ сонин содон, гүн утгатай зүйл Холиг тэмдэглэхэд үгүй. Харин юу нь олон орны хүмүүсийг тэгтлээ татаж байна вэ?
Энэ асуултын хариу нь баярын хөгжөөнтэй, цолгиун шинж нь юм. Хүмүүс тэнд санаа зовох зүйлгүйгээр хөгжин цэнгэлдэж чаддаг. Тэгвэл манай үндэсний баярууд сүүлийн үед хүнийг хөгжөөх биш, харин дарамт мэт болох гээд байгаа нь залуусын зугтах шалтгаан болдог. Үүн дээр нэмээд нэг нэгнийдээ очиж эсвэл наадмын нээлт үзэхээс өөр хийх зүйл тэгтлээ олддоггүй нь нэрмээс болно. Яг үнэндээ наадмын үеэр Төв цэнгэлдэхийг тойрохоос өөр хийх зүйл олддогүй шүү дээ. Ялангуяа гадаадын жуулчид болон хүүхэд залууст уламжлалт аль ч баярын үеэр хийх, хөгжилдөх зүйл маш хомс.
Энэ жилийн хувьд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд хөгжмийн тоглолтууд зохион байгуулсныг онцлууштай ч тэгтлээ шинэ содон зүйл бас л байсангүй. Дэлхий дахины үздэг хөл бөмбөг, гольф, теннис тэргүүт спорт бүгд өөр, өөр үндэстнээс үүсэж хөгжсөн. Харин өдгөө хүн бүрийн сонирхлыг татдаг. Гэтэл монгол бөх, хурдан морины уралдаан, сур харвааны спорт залууст сонирхолтой байж чадахгүй байна. Үүнд л зөв сурталчилгаа, менежмент ихээр үгүйлэгдэж буй болов уу. Уг нь монгол ёс заншлыг хөгжүүлж, залуус таниулж, сонирхлыг нь татвал нөгөө талаасаа аялал жуулчлалын салбарт ч чухал.
Бидний үеийнхэн нийгмийн сүлжээнээс салдаггүй онцлогтой. Үүгээр дамжуулан ёс заншлын тухай мэдээлэл хүргэх, магадгүй тоглоомд суурилсан апп зэргийг хөгжүүлбэл дүү нарт маань ч хурдан хүрч чадна. Үүн дээр баяр наадмуудын үеэр зөвхөн төв талбай, цэнгэлдэх үйл ажиллагаа зохиохоос гадна гудамжнууд, хотын өөр, өөр байршилд тоглоом наадам, бяцхан карнавал зохиоход ч наадмын уур амьсгал залуусын дунд хамаагүй өөрчлөгдөх болов уу. Түүнээс биш уламжлалаа хадгалах гэх мэт улиг болсон ойлголт одоо нойр хүргэхээс хэтрэхгүй болсон гэвэл хилсдэхгүй.
Б.Эгшиглэн