Эргэн тойрноо сайтар ажигла. Өөдөөс тань ширтэх компьютерыг, ширээ сандал, цонх, хөшиг, гэрлийн бүрхүүлийг. Шүүгээ, хаалганы бариул, нүдний шил, өлгөөтэй зургийг ч тэр ажиглаад үз дээ. Эдгээрт хадаас, шуруп, боолтоор бэхлээгүй нэг ч зүйл үгүйг та анзаарсан уу? Дэргэд чинь байгаа гар утсыг ч жижигхэн шурупээр бэхэлдэг. Төдийлөн үл анзаарагдам энэхүү хөгжлийн бэхэлгээг бүтээгчдийг “ЗГМ” энэ удаа “Монголд үйлдвэрлэв” буландаа онцолж байна.
ГБЗЛ компани ч гурван жилийн өмнөөс Монголд хадаас үйлдвэрлэж эхэлжээ. Монгол хадаас чанаргүй гэх сэтгэлгээг өөрчлөхөөр тэд чадах чинээгээрээ хичээж буй. “Хадаасаа ч үйлдвэрлэдэггүй” хэмээн шүүмжилж байхад тус компанийн бүтээгдэхүүн хэдийнэ бүтээн байгуулалтыг бэхэлж байсан аж. Нам гүмхэн хэрнээ тэд хөгжлийг бүтээсээр...
Чанартай л хийж чадвал үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл монголчуудад бий
ЧИХ ДӨЖРӨӨМ ҮЙЛДВЭРЛЭЛ
Энэ үйлдвэр том биш, гэхдээ умгар гэхээргүй. Үйлдвэр гэхээр санаанд буудаг шиг олон шат, дамжлага энд байхгүй ч, тоног төхөөрөмжүүдийг зайг нь олоод байрлуулчихсан нь цэгцтэй. Үйлдвэрийн голд том ээрүүлийн зүү шиг хэлбэртэй дамар байх бөгөөд түүнд ган утас ороожээ. Түүний өмнөх машин ажиллаж эхлэхэд өнөөх дамар эргэлдэж, төмөр утас машиныг чиглэнэ. Машины хурц хутга ган утсыг гурил шиг хэрчиж, ижил хэмжээтэй болгон хуваана. Ижил болсон утаснууд автомашин дотогш, далд орлоо. ГБЗЛ компанийн захирал Г.Золжаргалын тайлбарласнаар машин дотор утсыг үзүүрлэж, тавлах ажиллагаа явагддаг байна.
Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ган утсыг урд хөршөөс импортолдог
Ингээд шинэ, бат бөх хадаас гулсаад ирэх нь тэр. Овор хэмжээгээрээ ширээ шиг эл машин минутад 220 ширхэг, сард 25 тонн хадаас үйлдвэрлэх хүчин чадалтай.
Бэлэн болсон хадаас шууд савлагаанд шилжихгүй бөгөөд үүнээс өмнө тэд “царайлаг” болох ёстой. Сугалааны хайрцаг шиг, таван талст бүхий битүү тогоонд тэднийг хийнэ. Тэгээд тогоог эргүүлэхэд, хадаасууд шүргэлцэн, бие биеэ өнгөлдөг аж. Эцэст нь 50, 80, 100 гэж ангилсан тасалгаа бүхий хайрцаг руу шилжиж байгаа юм. Хадаасны тухайд ингээд гүйцээ.
Харин шурупны үйлдвэрлэл хоёр дамжлагатай. Эхлээд ган утсыг хадаас шиг болгоно. Дараа нь шуруп хийнэ. Ингэхдээ шурупны гадна талын хурц эрээсийг нь яг л хутга хурцалдаг зарчмаар нэг бүрчлэн ирлэж, үзүүр тийш нь нарийсгадаг юм билээ. Улмаар бэлэн болсон бүтээгдэхүүнийг гар аргаар жинлэн, уутална. Тэдний “хувцсан” дээр “Монгол хадаас- Монголд үйлдвэрлэв” гэсэн бичиг бий.
Тус үйлдвэрийн төмөр тастаж буй чих дөжрөөм чимээ үл тасарна. Гэхдээ дасаад ирэхээр нэг хэмнэлтэй тул ямар нэг зүй тогтол, айзам мэт. Харин үйлдвэрийн ажилтнуудад энэ чимээ нь ажиллагаа хэвийн гэдгийг нь хэлдэг дохио болдог гэсэн. Энэ үйлдвэр хоёр жилийн хугацаанд 600 гаруй тонн хадаас, 200 орчим тонн шуруп үйлдвэрлэн, нийслэлийн Сэлбэ голын эрэгт чимээгүйхэн өргөжиж байна.
БОЛОМЖ ХИЙГЭЭД СОРИЛТ
“Манайд шаардлага хангасан түүхий эд байхгүй. Тиймээс чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ган утсыг урд хөршөөс импортолдог. Хоёр жилийн өмнө Монголд хадаас үйлдвэрлэлээ гэхээр хүмүүс хэрэглэж ч үзээгүй байж, чанаргүй гэж голдог байлаа. Тиймээс хатуу шинэс мод, алх бариад, барилгын компаниуд болон худалдаачидтай уулзаж, хадаасаа хадаж үзүүлэн, нугардаггүй гэдгийг нь баталдаг байлаа” гэж Г.Золжаргал дурсамжаасаа хуваалцсан. Одоо бол иргэд чанартай, бат бэхийг нь мэддэг болсон тул худалдааны төвүүдээр хайж, сурагласаар авдаг гэсэн. “Чанартай л хийж чадвал монголчуудад үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл байна. Харин чанаргүй, хоцрогдсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэр өндөрт буй сонирхлыг нь унагаад байна” гэж тэрбээр хэлсэн юм.
“Барилгын материал үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, сендвич, OSB, хөөсөнцөр зэрэг хавтангийн үйлдвэр байгуулж байна. Гэтэл түүнийг юугаар холбох вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Хүмүүс том, том үйлдвэр байгуулах тухай ярих юм. Харин бэхлэх, наах, хадах зэрэг барилгын дайвар материалын үйлдвэрлэл орхигдоод байна. Энэ нь зөвхөн хадаас, шурупээр хязгаарлагдахгүй. Ганц, нэгээр нь цувуулан хэрэглэдэг тул эдгээр материалын үнэ, үйлдвэрлэлийн боломжийг төдий л анзаарахгүй байх шиг. Бид одоо ашиглаж байгаа шиг зургаан машинтай болсон ч дотоодын хадаасны хэрэгцээний гурван хувийг ч хангаж дийлэхгүй. Тэгэхээр хадаас, шуруп, боолтоос эхлээд дайвар бүтээгдэхүүний зах зээлд өргөн боломж байгааг харж болно” гэдгийг тэрбээр онцолсон. Дашрамд дурдахад, Монгол Улс өнгөрсөн онд хадаас, товруу, бичгийн хавчаар зэрэг 1.4 сая кг бүтээгдэхүүн импортолжээ.
Хадаас, шуруп зэрэг барилгын дайвар материалын үйлдвэрлэл орхигдоод байна
ГБЗЛ компанийн хоёр машин нийт 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ингэхийн тулд төдий удаа машины хутгыг сольж, үйл ажиллагааны горимыг нь өөрчилдөг байна. Ингэхээр цаг хугацаа их алддаг аж. Харин “Ийм зургаан машинтай болчихвол бидний бүтээмж эрс нэмэгдэнэ” гэж Г.Золжаргал ярьсан. Тиймээс тус компани үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд салбар яамнаас санхүүжилт хүсээд байгаа юм билээ. Санхүүжилтийн хэмжээ нь ч тийм их биш.
Энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хэдийнэ жигдэрсэн. Яг л ханан дээр тогтоож буй хадаас шиг. Түүнийг цааш нь, илүү гүн рүү оруулахын тулд араас нь цохих алх шиг дэмжлэг хэрэгтэй байна. Импортыг орлож буй эл үйлдвэр дотоодын зах зээлд орон зайгаа улам өргөжүүлэх боломж бий.
Г.Байгал