Энэ оны эхний долоон сарын байдлаар 28 хүүхэд осолд өртөж амиа алдсан
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилсэн. Энэ хуулийг ирэх сарын 1-нээс албан ёсоор мөрдөж эхлэх тус хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулсан юм. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Я.Соронзонболдтой ярилцлаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Өмнөх хуулиас илүү сайн болж чадсан уу?
-1992 оны хуулийг бид 20 гаруй жил мөрдлөө. Учир дутагдалтай зүйл их байсан. Тухайлбал, жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн бол 1000-10000 төгрөгөөр торгуулдаг эсвэл зургаан сараас хоёр жилийн хугацаатай эрхээ хасуулдаг. Гэтэл хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг ойлголт дотроо олон янз шүү дээ. 1992 онд 1000-10000 төгрөг их мөнгө байсан. Одоо бол 10 мянган төгрөгөөр торгуулах асуудал биш. Тиймээс цагаа олж шинэчилсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох заалт оруулсан учраас илүү урт настай хууль болсон болов уу. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх тусам торгуулийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.
-Шинэ хуулийг мөрдөж эхлэхээр зам тээврийн осол буурах болов уу. Энэ жилийн зам тээврийн ослын мэдээллийг өгнө үү?
-Монгол Улсад зам тээврийн ослоор жилд дунджаар 500 орчим хүн амиа алддаг. 2013 онд 423, 2014 онд 503, 2015 оны эхний долоон сарын байдлаар 260 гаруй хүн зам тээврийн ослоор нас барсан. Энэ үзүүлэлт бол жилд 500 зорчигчтой нэг онгоц сүйрсэнтэй ижил. Онгоц сүйрэхэд дэлхий нийтээрээ анхаарал тавьдаг байхад манай улсад зам тээврийн ослоор жилд 500 хүн нас барахад төдийлөн анзаардаггүй. Тэгвэл хуулийн хүрээнд Үндэсний зөвлөл байгуулахаар болсон. Зөвлөлийн тэргүүн нь Ерөнхий сайд байхаар заасан. Үндэсний зөвлөл жилд нэг удаа УИХ-д тайлангаа тавина. Ингээд анхаарал хандуулаад ирэхээр зам тээврийн осол тодорхой хэмжээгээр буурах байх.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гурван жилээр эрхийг нь хасах заалттай билүү?
-2014 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 50 мянга орчим жолоочийг журамласан. Энэ оны эхний байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 мянган жолоочид хариуцлага тооцсон. Тиймээс хариуцлагыг нь чангалсан. Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн үедээ машин жолоодсон, шалгуулахаас зайлсхийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохын зэрэгцээ зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасна.
Мөн эрхээ хасуулсан жолооч, үнэмлэх аваагүй хүн жолоо барьсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгож, 7-30 хоногоор баривчилж шийтгэх заалттай. Түүнчлэн дахин давтан зөрчил гаргаж, жолоо барих эрхээ хасуулж байсан бол шууд гурван жилээр эрхийг нь хасаж, 30 хоног баривчилна. Хүмүүс согтууруулах ундаа хэрэглэчхээд жолоо барьж яваад цагдаад баригдахаараа эрүүл нэгэндээ жолоогоо шилжүүлбэл хоёуланг нь 192000 төгрөгөөр торгож шийтгэнэ.
-Явган зорчигч гарцаар гараагүй бол торгодог болно гэсэн үү?
-Явган зорчигчийг замын хөдөлгөөнд хэрхэн оролцуулах талаар холбогдох дүрэмд тодорхой заасан байдаг. Тиймээс дүрэм зөрчсөн явган зорчигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар торгоно гэж заасан. Тухайлбал, дүрэм зөрчсөн явган зорчигч ойролцоогоор 19200 төгрөгөөр торгуулна гэсэн үг. Торгуулийн хэмжээ байнга өөрчлөгдөх учраас яг ийм хэмжээний мөнгөөр торгоно гэж хэлэх боломжгүй. Хэрэв согтуу явж байгаад гарцаар гараагүй тохиолдолд 38 мянган төгрөгөөр торгох заалт оруулсан. Явган зорчигчид хариуцлага тооцох болсонтой холбоотойгоор иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлага гарч байгаа.
-Зам тээврийн осолд хүүхэд хамгийн их өртдөг. Үүнийг хуулийн хүрээнд яаж зохицуулахаар болсон бэ?
-Зөвхөн зам тээврийн ослын улмаас 2014 онд 48, энэ оны эхний долоон сарын мэдээгээр 28 хүүхэд амиа алдаад байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөж буйн шалтгааныг судлахад голдуу асран хамгаалагчийн буруу байдаг. Эцэг, эхчүүд өөрсдөө дүрэм зөрчиж, гарцгүй газраар хүүхдээ дагуулж гардаг. Нөгөөтээгүүр сургуулийн орчимд хүүхэд осолд өртдөг. Тиймээс хүүхдийн асран хамгаалагч, боловсролын байгууллагын ажилчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд хуульд тодорхой заалт оруулсан.
Тодруулбал, 10 хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын ажилчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулна. Есдүгээр сарын 1-нээс хойш Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчвөл мөнгөн торгуулийг бэлэн бусаар тооцно.
Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой 20 гаруй журам батлахаар болсон. Явган зорчигчийг яаж торгох вэ, жолооны онооны системийг яаж мөрдөх вэ гээд журмаар зохицуулах заалт бий.
-Жолоочийн онооны системийн талаар тайлбарлахгүй юу?
-Жишээлбэл, жолооч 100 оноотой байлаа гэж бодоход зөрчил гаргах бүртээ онооноосоо хасуулна. Ингээд олон удаа зөрчил гаргаад оноогоо тэг болгочихвол таны жолоо барих эрх хүчингүй болно. Гэхдээ дахин жолоо барих эрхийг нь сэргээх асуудлыг ямар журмаар зохицуулах нь арай тодорхой болоогүй байна. Холбогдох журмыг боловсруулж байгаа.
Б.Гандолгор