1798 онд Лондонд Ж.Жонсон гэсэн автор бүхий “Хүн амын өсөлтийн зарчмын тухай эссенүүд” нэртэй бүтээл хэвлэгдэн гарсан нь Их Британи төдийгүй европ даяар шуугиан тарьж, үй түмэн маргаан шүүмжлэлийг араасаа дагуулсан билээ.
Удалгүй номын зохиогч нь санваартан Томас Роберт Мальтус гэгч байсан нь тодорсон юм. Хожим тэр энэ номынхоо төлөө хар санваартан гэсэн хочийг хүртсэн билээ. Учир нь хүн амын тоо геометр прогрессоор нэмэгдэж байхад хүнс тэжээлийн хэмжээ арифметик прогрессоор өсөн нэмэгдэж байна, энэ хандлага цаашид үргэлжилбэл удахгүй нэг хүнд ногдох үржил шимтэй газар улам багасаж, хүн төрөлтөнд хоол хүнсний хомстол үгүйрэл хоосрол нүүрлэнэ, үүнээс урьдчилан сэргийлэх арга зам нь гэр бүлийн гишүүдийн тоог бага байлгах тухай ёс суртахууныг төлөвшүүлэх хэмээсэн Мальтусын санаа нь үр хүүхэд бурхнаас өгсөн хишиг түүнээс татгалзах эрхгүй хэмээн сургадаг христийн шашны үндсэн зарчмуудтай шууд зөрчилдөж байсан юм.
Мэдээж хэрэг Мальтус зөнч Нострадамус биш байсан тул ирээдүйд хүн төрөлхтөн мэдлэг, шинжлэх ухааны ачаар гарцын хэмжээ урьд нь төсөөлж байгаагүй хэмжээгээр өсгөнө гэдгийг олж хараагүй. Гэхдээ хүн төрөлтний тоо олшрох тусам байгаль эхэд учрах хохирол улам өсөж, хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалан өлсгөлөн гуйланчлал нүүрлэж болно гэдгийг ерөнхийд нь багцаалдсан анхны хүн юм.
Дэлхийн зохистой хүн амын хэмжээ нэгээс хоёр тэрбум
Хомосапиенс бол одоогоор мэдэгдэж буй эх дэлхий дээр амьдарч байсан амьтдаас хамгийн хор хөнөөлтэй нь. Нэг хүн насан туршдаа дунджаар 11 үхэр, 27 гахай, 2400 тахиа, 80 цацагт хяруул, 30 хонь, 4000 загас болон далайн амьтан нийт 7000 орчим амьд биет идэж орхидог гэсэн судалгаа бий. Үүнээс гадна газар тариалан, хөдөө аж ахуйн зориулалттай хүмүүсийн түрэлтээс шалтгаалан амьдрах орон зай нь хумигдаж, байгаль орчны бохирдол, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан устаж мөхөж буй амьтад гээд нэг хүнийг ая тухтай амьдруулахын төлөө үрэгдэж буй нийт амьд биетийн тоог гаргавал хэд хүрэхийг хэн ч таашгүй. Сүүлийн 500 жилийн дотор амьтдын 900 төрөл зүйл устаж үгүй болсноос 70 гаруй хувь нь хүмүүсийн шууд нөлөөнөөс болж мөхсөн гэнэ.
Мальтусаас хойш хүн амын өсөлт олон судлаачийн санааг зовоосон асуудал болсон. Дээр дурдсанчлан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ачаар хүн төрөлхтөн нэг хэсэгтээ Мальтусын сануулж байсан аюулаас зайлсхийсэн. Гэхдээ амьдрах таатай орчин бүрэлдэхэд биологийн ямар ч биетийн тоо толгой хурдацтай өсөн нэмэгддэгийн үлгэрээр амьдралын чанар дээшилснээр хүн амын тоо ч бас санаанд багтамгүй өссөн. Дэлхийн хүн ам өнгөрсөн зууны эхэнд дөнгөж нэг тэрбум орчим, тавиадхан жилийн өмнө гэхэд ердөө гурван тэрбум байлаа шүү дээ. Одоогоор 2100 он гэхэд дэлхийн хүн ам 10-11 тэрбумд хүрнэ гэсэн таамаг байна. Мөн энэ хооронд нэг хүний хэрэглээ ч гэрлийн хурдаар өсөж байсныг мартаж болохгүй. Тэгэхээр цаашид генийн өөрчлөлттэй хүнс нийтийн хэрэглээ болж, органик хүнс зөвхөн хүн амын чинээлэг цөөн хэсэгт л зориулагдах биз ээ.
Тэгвэл ийм тооны хүн амыг дэлхий багтааж, шингээж чадах уу гэсэн асуулт ургана. Судлаачдын таамгаар цэнхэр нүдэн гараг маань барууны улсуудын стандартаар 10-12 тэрбум хүнийг хооллож, ундалж чадах гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн хүнс тэжээлийн хувьд авч үзсэн судалгаа бөгөөд хүмүүсийн бусад хэрэглээнээс шалтгаалан байгаль орчинд учрах хохирлыг тооцоогүй юм. Харин дэлхийн хүн амын хамгийн зохистой хэмжээний талаар судалсан Стэнфорд болон Берклигийн их сургуулийн судлаачид нэгээс хоёр тэрбум хэмээн хариулж байна. Гэхдээ ийм судалгаанд нэгж хүнд ногдох хэрэглээ чухал үүрэгтэйг мартаж болохгүй.
Энэтхэгчүүдийн амьдралын стандартаар хавьгүй олон хүн дэлхийд хор хөнөөл багатай оршин сууж чадах бол Америк амьдралын стандартаар тооцож үзвэл энэ тоо буурах нь ойлгомжтой. Глобал Фүүтпринт Нетворк байгууллагаас жил бүр эх дэлхийн нэг жилд буй болгодог нөөц баялгийг хүн төрөлхтөн хэрэглэж дууссан өдрийг тогтоож, “Илүүдэл хэрэглээний өдөр” болгон зарладаг. Энэ жилийн хувьд уг өдөр нь энэ сарын 13-нд тохиосон. Энэ нь бид эх дэлхийн нэг жилд бүтээдэг нөөцийг найман сарын дотор хэрэглэж дууссан гэсэн үг юм. Энэ удаад тус өдөр өнгөрөгч жилээс зургаан өдрийн өмнө тохиож буй бөгөөд 2030 он гэхэд зургаан сард тохиодог болно хэмээн таамаглаж байгаа аж.
Хэдийгээр орчин үед хүн төрөлхтөн байгаль орчны асуудлуудад илүү анхаарал хандуулж, цагаан хоолтон болж, нүүрсхүчил үл ялгаруулах эрчим хүчийг илүүд үзэж байгаа ч нөхцөл байдал наашлах төлөвгүй л байна. Үүнд хүн амын болон хүмүүсийн хэрэглээний тасралтгүй өсөлт голлон нөлөөлж байгаа.
Сүүлийн 500 жилийн дотор амьтдын 900 төрөл зүйл устаж үгүй болсон
Өндөр хөгжилтэй улсууд нүүрсхүчлийн хийг бууруулах, хэрэглээгээ танах зэрэг талбарт ахиц гаргаж байгаа ч энэ хандлага дэлхийн нийт хүн амын дийлэнх хэсэг оршин суудаг Ази, Африкийн ядуу буурай орнуудыг хамарч чадахгүй байна. Энэ бүс нутагт амьдарч буй сая сая хүмүүсийн хувьд ядуу буурай амьдралаас салах, Барууны улсуудын амьдралын стандарт руу дөхөх л хамгийн чухал зорилго нь болж байгаа нь дамжиггүй. Харамсалтай нь тэдгээр сая сая хүмүүсийн хүсэл биелж, барууны улсуудын амьдралын стандартад хүрч чадвал эх дэлхийд юу тохиолдох нь туйлын эргэлзээтэй.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн тавиадхан жилийн дотор хүмүүсийн амьдралын хэв маяг огцом өөрчлөгджээ. газар тариалан, мал аж ахуй зонхилсон өмнөх нийгэмд хүмүүсийн оршихуй байгаль орчинд ноцтой хохирол учруулдаггүй байсан бол өнөөдөр хүн хамгийн зохистой амьдралын хэв маягаар амьдраад ч байгаль орчинд огт хохирол учруулахгүйгээр орших боломжгүй шахам болоод байна. Тэгэхээр хүн төрөлхтний тоо хэмжээг хязгаарлах, боломж гарвал бууруулах нь эх дэлхийн насыг биш юм аа гэхэд хүн төрөлхтөн өөрсдийн оршихуй ба соёл иргэншлээ уртасгах хамгийн боломжтой арга зам юм. “Хэрэв эх дэлхийгээ аврахыг хүсвэл амиа егүүтгэ” гэсэн егөөтэй атлаа хатуу уриа ч бий.
Төрөлтийг хязгаарлах эсвэл нөхөн үржихүйг үл дэмжих бодлого нь зөвхөн байгаль орчны асуудлуудыг шийдээд зогсохгүй тухайн нийгэмд ч дэвшил авчирдаг. Жишээ нь л гэхэд улс орнуудад үр хөндөлтийг хуульчилсны дараа гэмт хэргийн тоо буурах хандлага ажиглагддаг бөгөөд АНУ-д 1991 оноос гэмт хэрэг огцом буурсан нь (Онц ноцтой гэмт хэргийн тоо 40 хүртэл хувиар) 1973 онд үр хөндөлтийг хуульчилсан шууд үр дүн гэгддэг. Мөн Хятад улс нэг хүүхэд бодлогын хүрээнд 400 сая төрөлтийг хязгаарлаж чадсан бөгөөд энэ нь Хятад хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Тэгэхээр ирээдүйн эцэг эхчүүдийг хүсэл сонирхлынхоо төлөө дэлхийг эрхшээн захирч буй долоон тэрбум сүйтгэгчийн тоог нэмэх эсэх тухай нухацтай сонголт хүлээж байна.
А.Амармэнд