-Нөхөн үржихүй нь эрчүүдэд бараг л хамаагүй асуудал болж хувирав-
Хоёр жилийн өмнө Австралийн профессор Женни Грейвс судалгаан дээр тулгуурлан Ү хромосомд аажмаар устах хандлага ажиглагдаж байгаа тул ирээдүйд эр хүйс устан үгүй болно гэсэн таамаг дэвшүүлсэн. Хадагтай Грейвсийн таамаг үнэн эсэхийг шалгахын тулд даруй 500 сая жил шаардагдах болохоор нуган үр хүсэгчид тайван байж болно. Гэвч хүний нийгмийн хувьсал биологийн хувьслаас хавьгүй хурдан явагддагийг санахад илүүдэхгүй. Социологийн хүрээнд эр хүйсийн мөхөл аль хэдийн эхэлсэн гэж үзэгсэд ч байна.
Нөхөн үржихүйн үйл явцад гүйцэтгэх үүрэг, физиологийн ялгаа, үүнээс улбаатай ажил хөдөлмөрийн хуваарь зэргээс шалтгаалан эрчүүд хэдэн мянган жилийн өмнөөс эхлээд саяхныг хүртэл нийгмийг хамгаалагч, хүнд хүчир ажлыг нугалагч, аюулыг даван туулагч байсаар ирсэн билээ.
Өнгөрсөн хагас зуун жилийн дотор эр хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг ихэд өөрчлөгджээ
Нөөцийн төлөөх тэмцэл тулаанд эрчүүд л оройлон оролцож, ялагч нь баатар болж, ялагдагч нь амиа алддаг байв. Өөрөөр хэлбэл, эр хүн байхуйн эцсийн зорилго нь баатар байх, баатарлаг үйлс бүтээх үйл явцаар хэмжигдсээр иржээ. Хэрвээ ядуу малчин бол гэр бүлээ тэжээн тэтгэхийн төлөө, харин сэлэм агссан баатар бол эх нутаг, элгэн саднаа хамгаалахын тулд гээд угсаа гарвал, нийгмийн зэрэг зиндаанаас үл хамааран эрчүүдийн өмнө тулалдах, тэмцэх шаардлага зайлшгүй тулгарсаар ирсэн юм.
Гэтэл өнгөрсөн 50-60-аадхан жилийн дотор бүх зүйл маш хурдацтай өөрчлөгдөж орхих нь тэр. Эрчүүдийн хэдэн мянган жилийн турш бахархалтайгаар гүйцэтгэсээр ирсэн дайн тулаан, газар тариалан эрхлэлт, ан агнуур, үржил шимтэй шинэ нутаг хайн олох гэх мэт хүнд хүчир ажлын нийгэмд үзүүлэх ач холбогдол илтэд буурч орхив. Нөгөө талаар техник, технологи эрчимтэй хөгжсөнөөр өмнө нь зөвхөн эрчүүд л хийж чадахад тооцогддог асан ажил үүргүүдийг эмэгтэйчүүд ч чадамгай гүйцэтгэх болов.
Ердөө л өвөө, эмээгийн маань үед эр хүний сонгодог шинж чанарт тооцогдож асан дуу цөөн, эр зориг, бяр чадал ихтэй баатарлаг эрийн дүр төрх өнөөгийн нийгэмд зарим талаар бүдүүлэг, эв хавгүй мэт харагдах болж. Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийсэн, үл ялиг бохирдсон хувцастай Индиан Жонс, эсвэл “Хатуу самар” дээрх булчинлаг, эршүүд Брюс Уиллсын дүр зөөлөн, эмэгтэйлэг төрхтэй, гял цал “цус сорогчдынхоор” солигдож байгааг бид нүдээр үзэж байна. Нэг ёсондоо эр хүний тухай уламжлалт, сонгодог үзэл нуран унаснаар эрчүүд эр хүн шиг байхын тулд яах ёстойгоо мэдэхээ байсан юм. Бас нийгэм эрчүүдээр юу хийлгэхээ мэдэхээ байсан ч гэж хэлж болно. Барууны сэтгэлзүй, социологийн салбарын судлаачид энэ үйл явцыг “эрчүүдийн хямрал” хэмээн нэрлэх нь ч бий.
Нөгөө талд энэ хооронд эмэгтэйчүүд ч эрчимтэй давшилт хийснийг дурдах ёстой. Антропологич Лионел Тайгер “Эрчүүдийн эцэслэл” номдоо жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл нийгмийн параллель бус хувьслыг эхлүүлснээр эрх мэдлийг эрчүүдээс булаан авч эмэгтэйчүүдэд шилжүүлсэн тухай тун сонирхолтой санааг хөндсөн байдаг. Хүн генийн түвшиндээ энгийн нэг бактериас ямар ч ялгаагүй, аль болох урт амьдрах ба аль болох олон тоогоор үржих гэсэн хоёр л программтай. Тийм ч учраас нөхөн үржихүйн үйл явц дахь давуу оролцоо нь эрх мэдлийн хуваарилалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл бий болохоос өмнө хүний түүхийн ихэнх үед нөхөн үржихүйн үйл явц нь эр хүнээс гүнзгий хамааралтай байв.
Хэдийгээр эмэгтэйчүүд хүүхдийг тээж төрүүлдэг ч үржилд орохоос эхлээд эмэгтэйгээ үр удамтайгаа хооллож, ундлах, хамгаалах үүрэг нь гагц эр хүнд л оногддог. Эмэгтэйчүүд бол амьдралын тасралтгүй хэлхээг үргэлжлүүлэгчид нь байсан бол эрчүүд сахин хамгаалагчид нь байсан юм. Гэтэл жирэмслэлтийн эсрэг бэлдмэлүүд бий болж, үр хөндөлт хуульчлагдаж, үрийн банкнууд бий болсноор нөхөн үржихүй нь эрчүүдэд бараг л огт хамаагүй асуудал болж хувирав. Үүнээс гадна өмнө нь жирэмсэлж, хүүхэд төрүүлснээр эмэгтэй хүний нийгмийн идэвхтэй амьдрал хязгаарлагдаж, эрчүүдтэй өрсөлдөх боломж хаагддаг байсан бол жирэмслэлтийг өөрөө хянах боломжтой болсноор хүүхнүүд, их сургууль дүүргэж, ажлын талбарт эрчүүдтэй адил өрсөлдөх боломжтой болов.
Цаашлаад нэгэнт дайн тулаан бүхий үймээнт цаг үе ард хоцорч, дэлхийн ихэнх бүс нутагт эдийн засаг өсөж, элбэг дэлбэг байдал бий болж, технологийн дэвшил гарснаар эмэгтэйчүүд эрчүүдгүйгээр ч нөхөн үржиж, ганцаар амьдралыг даван туулах болсон билээ. АНУ-д л гэхэд 1960 онд нийт насанд хүрэгчдийн 72 хувь нь гэр бүлтэй байсан бол өнөөдөр ердөө л тал хувь нь хамтын амьдралд алхан орох зориг гаргаад байгаа гэнэ. Британийн арал дээр ч гэрлэлт бүртгэж эхэлснээс хойш мянган хүн тутамд оногдох гэрлэлтийн тоо хамгийн багадаа хүрээд байна. Сүүлийн жилүүдэд гэр бүлийг үнэт зүйлээ болгодог Азийн нийгэмд ч эл хандлага ажиглагдаж байгаа тухай судалгаанууд бий. Нэгэнт ингэж нийгэм дэх эрчүүдийн оролцоо огцом буурч, эмэгтэйчүүдийнх нэмэгдэж байгаа тул үүнийг дагаад нуган үрийг хүсэх үзэл ч унтарчээ.
1970-аад онд Рональд Эрикссон гэх биологич эр бэлгийн эс дэх Y хромосомыг ялгах аргыг нээсэн юм. Ингэснээр хүсвэл эцэг, эх хүүхдийнхээ хүйсийг сонгох боломжтой болов. Тухайн үеийн феминистүүд эцэг, эхчүүд охиноос хүүг илүүд үзнэ гэдэгт итгэж байснаас “Хэрэв энэ нээлт арай эрт хийгдсэн бол бидний зарим нь энд байхгүй байх байлаа” хэмээн уурсаж байв. Гэтэл бодит байдал төсөөлсөн шиг байсангүй. Эриккссоны мэдэгдсэнээр 1990-ээд онд энэ аргаар төрсөн хүү тутамд хоёр охин оногдож байсан бол өнөөдөр хамгийн сүүлийн үеийн хүйс ялгах Микросорт аргаар АНУ- д мэндэлж буй хүүхдүүдэд эзлэх охидын тоо 75 хувьтай байгаа гэнэ.
Эцгийн эрхт ёсны хамгийн бат бэх цайзуудын нэг Солонгост хүртэл 2003 онд хийсэн судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн дөнгөж 15 хувь нь л заавал хүү төрүүлэх ёстой гэж үзжээ. Үүнээс 18 жилийн өмнө энэ тоо 50 хувиар хэмжигдэж байв. Энэ үеийг хүртэл хүн төрөлхтөн бараг л түүхийнхээ бүхий л үед хүүг хүсдэг, оргүйгээс охинтой нь гэлцдэг, хамгийн хүчирхэг хаад ч хатнаа өвдөхөд эр хонгор дуу чарлаасай хэмээн хүлээдэг байв шүү дээ.
Гэхдээ энэ бүхэн эмгэнэл биш. Жинхэнэ эр хүн устаж байгаа хэрэг ч биш. Зөвхөн олон мянган жилийн туршид тогтсон эрчүүдийн тухай ойлголт нийгмийн хувьслын шаардлагаар өөрчлөгдөж буй үйл явц л юм. Гэхдээ маш хурдтайгаар. Эмэгтэйчүүд ээж, эхнэр, гэрийн эзэгтэй байх ёстой гэсэн үүрэг аажмаар үгүй болж, илүү эрх чөлөөтэй болсон шиг эр хүн ч урьдын цаг үеийн хүлээлгэсэн үүргүүдээсээ чөлөөлөгдөж буй. Өнөөдөр эрчүүд хүчтэй, зоригтой, хатуу байх албагүй, хэнийг ч хамгаалах шаардлагагүй болж байна. Тиймээс эр хүн уйлдаггүй юм гэсэн үгээ өнгөрсөнд л үлдээ!
А.Амармэнд