Л.Болд: Бүх намын гишүүд хууль батлалцахад оролцсон

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Засгийн газрын мэдээ "Засгийн газрын мэдээ" сонин

2015-09-12 11:18 GMT+8

-Хуультай холбоотой өмнө нь нэг ч нам, нэг ч гишүүн эсэргүүцсэн мэдэгдэл хийгээгүй-

АТГ-аас УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой хэргийг шалгаж байгаа мэдээллийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлсэн. Энэ тухай болон Өршөөлийн хуулийн эргэн тойрон дахь асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Ардчилсан нам эхлээд хуулиа гаргачихсан атлаа дараа нь, бүлгээрээ хоригийг хүлээж авна гэж жүжиг тавьж байх юм” гэх байр суурийг илэрхийлсэн. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Санал нийлэхгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ хаалттай горимоор хэлэлцээд, дийлэнх олонхоороо баталсан. Үнэнийг хэлэхэд бүх намын гишүүд хууль батлалцахад оролцсон. Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлахаас нь өмнө нэг ч нам эсэргүүцээгүй. Харин хууль баталсны дараа улс төр хийсэн намууд, улс төрчид, гишүүд бий болсон. Энэ бол ёс суртахууны асуудал. Би ч гэсэн нууц санал хураалтад орж санал өгсөн. Гэхдээ өнөөдөр ийм хямдхан улс төр хийж байх шаардлага байна уу. Энэ нь УИХ-ын хууль ёсны хүрээнд гаргасан хууль. Анх удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг улс төрийн намууд ямар ч улстөржилтгүйгээр гаргасан гэдгээ олон нийтэд танилцуулсан.

Гэтэл үүнийг гуйвуулж нийгэмд буруу ойлголт өгч байна. Ингээд нийгмийн уур амьсгал эсрэг болоод ирэхээр түүн дээр дөрөөлж нэр хүндийн төлөө явж, улс төр хийсэн хүмүүс байгаа. Нийгмийн захиалгыг төр биелүүлэх ёстой. Ерөнхийлөгч эргэлзээтэй асуудал үүссэн байж магадгүй, эргэж харах нь зүйтэй гэж хориг тавьсан байх. Тиймээс хориг тавьсан нь зөв.

-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал захиргааны хэрэг хийсэн 160 хүн л өршөөгдөнө. Өөрөөр хэлбэл, төр 2000 гаруй хүнийг өршөөнө гэсэн Өршөөлийн хуулийн утга учир үгүй болно гэдгийг зарим гишүүн хэлж байгаа?
-Энэ хуульд гоомой хандвал өршөөлд хамрагдах ёстой 2000, 3000 хүний урмыг хугална. Үүнийг дагаад нийгэмд ямар сөрөг үр дагавар гарах нь тодорхой. Мэдээж авилга, албан тушаалын гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулж болохгүй. “УИХ-ын гишүүд бүгдээрээ авилгач” гэдэг ойлголт нийгэмд байна. Гэтэл бодит байдал дээр хуулийн байгууллагынхан тав, зургаан жилийн өмнөх Батлан хамгаалахын яамны улс орны төлөө гэж хийсэн үйл ажиллагааг эрүү үүсгэхээс өөр зүйлгүй сууж байна шүү дээ.

Тэрбум, тэрбумаар нь зарсан тэр бүх төсөл илрээд гарч ирсэн нь хаа байна. Улстөржилтөөр нийгмээ хохироодог энэ нөхцөл байдал арилаагүй байгаад харамсаж байна. Гэхдээ үүнийг өөрчлөхийн төлөө би эцсээ хүртэл тэмцэнэ.

-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй бол УИХ-ын нэр бүхий гишүүд хамрагдана гэх мэдээлэл байгаа. Таны нэр ч бас. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Л.Болд гэдэг хүнтэй холбоотой шалгаж байгаа хэргүүд Өршөөл үзүүлэх тухай хуульд яав ч хамрагдахгүй. Угаасаа би Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргээ хүлээгээд, хохирлоо төлсөн нөхцөлд өршөөгдөнө. Гэтэл бидэнд хүлээх хэрэг байхгүй. Судан руу цэрэг явуулсан гэж хэрэг хүлээх үү. Энхийг сахиулах цогцолбор бариулсан гээд хэрэг хүлээх үү. Энэ ажилд улсаас нэг ч төгрөг гаргаагүй гэдгийг хэлье. Би 216 тэрбум төгрөг бий болгосныхоо төлөө хэрэг хүлээнэ гэсэн үг үү.

Сүүлийн гурван жилийн хугацаанд батлан хамгаалахын салбарт 120 байр ашиглалтад орсон. Гэтэл бидний үед 1000 байр ашиглалтад орсон байдаг. Ийм хэмжээнд ажилласныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээж, шийтгэл авах уу. Л.Болд нарын хүмүүс улсдаа хэрэгтэй гавьяа байгуулсан гэдэг пайзыг нь авч хаяад, эрүүгийн хэрэг болгоод мөрдөж, шалгаснаар өнөөдрийг хүрч байна. Ийм шударга бус зүйл байж болохгүй шүү дээ. Энэ тал дээр Өршөөл үзүүлэх тухай хууль шударга ёсыг тогтоох учиртай. Хуулиа зөв гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа.

-МАН-ын гишүүд хуулийг хаалттай горимоор хэлэлцсэн хурлын бичлэгүүд, протоколыг ил болгох хэрэгтэй гэсэн. МАН-ын гишүүд анхнаасаа энэ хуулийг дэмжээгүй гэж мэдэгдэж байгаа нь эргээд нийгэмд эргэлзээ төрүүлээд байна шүү дээ?
-Санал хураалтын явц, хуралдааны протоколуудыг ил болгоосой гэж хүсэж байна. Тэгсэн цагт тэд бүгдээрээ ичнэ. Ер нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэж, батлах үед маш идэвхтэй ирцтэй байсан. Хууль маш өндөр хувиар батлагдсан. Бүх намын гишүүд оролцсон. Дэмжсэн, дэмжээгүй аль аль талд нь саналаа өгсөн. Гэхдээ дэмжээгүй нь маш цөөхөн байсан. Хуультай холбоотой өмнө нь нэг ч нам, нэг ч гишүүн эсэргүүцсэн мэдэгдэл хийгээгүй.

-Таны нэр хүндэд халдаж байгаатай адил энгийн иргэдийг хардаж шалгадаг асуудал олон тохиолддог. Олон сар, жилээр шалгаж байгаад эцэстээ гэм буруугүй байна гээд явуулдаг. Хүний эрхэнд халдаж байгаа энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой юм бэ?
-Хуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Хуулийн байгууллага захиалгаар ажилладаг, хүний нэр хүндэд халддаг, хэлмэгдүүлдэг, эрүү шүүлт явуулдаг зэрэг хууль бус асуудлын зохицуулалтыг шинэ Эрүүгийн хуульд сайн тусгасан. Өөр гарц, шийдэл байхгүй. Яаж ч өлсгөлөн зарлаад шийдэгдэхгүй. Монгол бол хуулийн орон. Тэгэхээр үүнийг хууль л шийднэ. Буруу зүйл хийсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Хариуцлага нь ил тод байдаг тогтолцоо руу орох ёстой.

Түүнээс, ингэж захиалгаар асуудлыг хаалттай хэрэг гэж битүү байлгаж байгаад шоронд хийдэг, хэдэн жилийн дараа гаргадаг байж таарахгүй. 1937 оны хэлмэгдүүлэлт гэхэд эх орноосоо урвасан гээд бүгдийг нь буудсан. Тэр лам нар хөдөө газар байж хэнд урвах уу. Эцэстээ бүгдээрээ цагаатсан. Ийм буруу тогтолцоогоор явж болохгүй. Үүний тулд бид ардчилсан хувьсгал хийсэн.

-Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг шинэ Эрүүгийн хууль гарсны дараа баталсан бол илүү утга учиртай болох байсан гэдгийг зарим гишүүн хэлж байсан. Та ямар саналтай байна вэ?
-Өршөөл үзүүлэх тухай хуулийг шинэ Эрүүгийн хуультай хамт батлах зорилгоор УИХ-ын чуулган зарласан. Гэвч Эрүүгийн хуулийг тодорхой намын бүлэг, зарим хуульч эсэргүүцээд больсон. Ингээд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байна.

Б.Даваатогтох

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 427 санал өгсөн байна.

Дээшээ