Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг “Монголын ахмадын өдөр” болгон тэмдэглэснээс хойш энэ жил 23 дахь жилтэйгээ золгож байна.
Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөж явсан ахмад үеийнхээ гавьяа зүтгэлийг бид санаж, тэдэндээ чин сэтгэлээсээ талархах учиртай.
Ахмадын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан нэгэн эрхмийг урьж, ярилцлаа.
Дундговь аймгийн Сайхан-Уул сумын уугуул, анагаах ухааны доктор, клиникийн профессор, тархвар судлалын зөвлөх эмч Зэвиймядагийн Адъяасүрэн улсдаа ганц байдаг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 30 гаруй жил ажиллажээ.
Энэ хугацаандаа 20 гаруй удаа тахлын голомтод ажиллаж, хүн зонынхоо эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Ингээд олон зүйл нуршилгүй “Хүн бүрийн эрхэлсэн ажил чухал байдаг” хэмээн ярих түүний ажил, амьдралын талаар ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө Ахмадын өдрийн мэндийг хүргэе. Та эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажиллаж, зовлон жаргалыг нь мэдэржээ. Эмч болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би багадаа нэлээн өвддөг хүүхэд байлаа. Монголоор ясны үрэвсэл гэх юм уу даа тийм өвчнөөр гуравтайдаа өвдөөд хоёр ч удаа хагалгаанд орж байлаа. Малчны хүүхэд учраас бүр сумаас Улаанбаатарт ирж хагалгаанд орсон. Хамгийн сүүлийн хагалгааг одоо бурхандаа очсон Монгол Улсын гавьяат эмч Байдар гуай хийж байсан юм. Унгар хүн юм билээ. Тэгээд л эмч болох сонирхолтой болсон.
Бид чинь социализмийн үед хүмүүжсэн болохоор ажлаа үүрэг даалгавар, миний хийх ёстой зүйл гэж боддог
Манайх намайг дөрөвдүгээр ангид байхад Улаанбаатарт шилжиж ирээд би 21-р сургуульд суралцаж, улмаар 1966 онд Анагаах ухааны дээд сургуульд орсон. 1971 онд сургуулиа төгсөөд гурван жил Хэнтий аймагт ажилласан. Гэрээгээр ажилласнаа тооцвол эрүүл мэндийн байгууллагад 42 жил ажилласан байна. Үүнээсээ 34 жилийг нь одоогийн Зоонозын өвчин судлалын төвд лабораторийн эмчээс эхлээд тасгийн эрхлэгч, тархвар судлаач хүртэл хийсэн. Энэ эмнэлэгтээ эрдмийн зэрэг хамгаалж, насаараа л эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа даа.
-Анагаахын сургуульд энэ мэргэжлийг сонгон суралцсан шалтгаан нь юу байсан юм бол?
-Би АУДС-д эрүүл ахуйчийн анги төгссөн. Тэр үед эмчилгээ, эрүүл ахуй, эмийн гэсэн гурван анги л байсан юм. За ер нь бараг саналаараа биш хувиарлаад л оруулсан юм шиг байгаа юм.
-42 жил эрүүл мэндийн салбарт ажилласан юм байна. Энэ хугацаанд хамгийн хүнд санагдаж байсан үе байна уу. Таны мэргэжлийн онцлог халдварт өвчинтэй ажилладаг шүү дээ. Яах гэж эмч болов оо гэж бодсон үе байдаг уу?
-Бид чинь социализмийн үед хүмүүжсэн болохоор ажлаа үүрэг даалгавар, миний хийх ёстой зүйл гэж боддог байсан. Би 21 удаа тарваган тахал, өвчний голомтод биечилж ажилласан. Хамгийн сүүлийнх нь ноднин болж байна уу даа. Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахал гараад тийшээ явсан. Би энэ оны хоёрдугаар сар хүртэл ямар нэг хэмжээгээр байгууллага дээрээ ажилласан хүн байгаа юм.
Нэлээн дээр үед юм байхаа даа Ховдын Дарви суманд тахал гараад Говь-Алтайн Тонхил суманд шинжилгээний ажлаар явж байгаад тийшээ оч гэсэн үүргийн дагуу очсон юм. Тухайн үед жолоочоо буцаагаад өөрөө үлд гэсэн. Тэгээд л бикстэй юмаа бариад л буусан. Цагаан хоолойгоор “Эмч наашаа, жолооч наанаа үлдээрэй” гээд л зарласан. Тэгээд л буугаад явж байхад Д.Пүрэвдорж гуайн “Сайн цагийн мянган бурхад” найраглалд халдварт өвчин руу орж буй эмчийн тухай “Утаагүй түймэр” гэж нэрлэсэн байдаг юм санаанд ороод “За даа утаагүй түймэр рүүгээ ч орлоо доо” гэж бодогдож байсан. Тэр ч 1990-ээд оны үед юм шиг байна.
Манайх шиг нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд тэргүүн байр эзэлдэг улсад мал амьтнаас хүнд халддаг өвчин Монгол Улсын хэмжээнд анхаарал татах асуудал зайлшгүй мөн
Ховдын Булганд таван хүн өвдөж, гурав нь нас барсан голомтод тусгай онгоцоор бууж байсан юм. Манай Ангар эмч бид хоёр очсон. Тэр үед бас жаахан тиймхэн санагдаж байж билээ. Тэрний сүүлд Хөвсгөлийн Шинэ-Идэрт уушгины тахлын сэжиг гараад тэнд очиход надад нэг их аймар юм шиг санагдсан зүйл нь эмнэлгээ тойруулаад хязгаар тогтоохдоо дан хар туг хатгасан байсан. Тэр үед “Очиж, очиж хар туг байдаг нь юу вэ дээ” гэж бодогдоод дотор эвгүй санагдаж байсан. Тиймэрхүү юмнууд байна л даа. Би хийхгүй ч Монголын хэн нэг эмч хийх учраас нэг их бэргээд байх нь гайгүй ээ гайгүй. Өдөр болгон хүн эмчилдэг хүнээс өөр л дөө.
Тахлын голомтод ажиллаж байгаад халдвар аваад нас барсан тохиолдол ч бий. Эрсдэл өндөртэй ажил.
-Суурин ажил биш учраас эрдэм шинжилгээний ажил бичихэд хүндрэл байсан л байх. Та яг ид ажиллаж байх үедээ эрдмийн зэргээ хамгаалсан гэсэн?
-Би лаборатори, оношлогоон дээр нэг хэсэг ажилласан. Миний багш, манай дарга байсан Батсүх гэж хүн намайг номын мөр рүү “түлхсэн” юм. Би ч санаачлагаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийе гэж бодоогүй. ОХУ-ын Сибирь алс Дорнодын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн гэж байдаг юм. Тэндээс нэг багш, манай Батсүх багштай хамт намайг гололгүй эрдмийн ажлыг маань эхлүүлж байлаа.
Ингээд Тархвар судлалаар эрдмийн зэрэг хамгаалж, 1994 онд би анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо бол клиникийн профессор цолтой, тархвар судлалын зөвлөх эмчийн зэрэг хамгаалсан. Мэргэжлийн талаас иймэрхүү л сонинтой байна даа. Нэг их гайхуулаад байх юм байхгүй ээ. Яах вэ жаахан туршлага бол байна. Манай Зоонозын өвчин судлалын үндэсний төвд мэргэжилтний хангалт жаахан муудаж байна. Залуу эмч нар олонтой, туршлагатай хүн ховордуу маягтай байна. Манай төвийн болон орон нутгийн эмч нар надтай холбогдож асууж лавлах зүйлээ асуудаг юм. Би мэдэх чадахынхаа хирээр зөвлөдөг дөө.
Тэтгэвэрт гараад гэрээгээр ажиллаж байгаад энэ оны хоёрдугаар сараас больсон. Оргүй эмнэлэгт зөвлөх байх хэрэггүй гэж үзээд Эрүүл мэнд, спортын яамнаас болиулсан юм билээ. Яг одоо бол гэртээ сууж байна. Гэхдээ Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв Багануурт байдаг юм. Тэднийх гэрээгээр хичээл заалгаж байна. Сард ганц хоёр удаа хичээл ордог юм.
-Хэдийгээр тэтгэвэрт гарсан ч залуу үеийнхэндээ зааж, зөвлөх зүйл их байдаг байх. Боломж нь байвал эмнэлгүүд дээр зөвлөхөөр ажиллавал хэн хэндээ хэрэгтэй. Таны мэргэжлийн онцлог, дээр нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвд мэргэжилтэн дутмаг байна гэж байсан шүү дээ.
-Уг нь бол тийм л дээ. Бид залуучууд шиг шинэ боловсрол, мэдлэгээр цэнэглэгдээгүй ч гэсэн маш их туршлага байна. Тэгэхээр ямар ч номд бичээгүй юм гэж бас байна. Тэр нь бол туршлагаасаа хамаардаг. Хаана ч бичээгүй асуудлын шийдлийг олон жил ажилласан туршлагатай улсууд олдог.
-Эмнэлгийн салбар дундаа сүрьеэгээс эхлээд халдварт өвчний эмч болох хүсэл сонирхолтой залуус ховордож байна гэж ярьдаг. Энэ салбарт 40 гаруй жил ажилласан хүний хувьд энэ тал дээр ямар бодлого барих ёстой гэж боддог вэ?
-Манай улсад 70.6 сая мал тоологдсон гэж байна. За тэрнээс 13-14 сая нь хүнсэнд хэрэглэдэг юм байна. Манайх шиг нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд тэргүүн байр эзэлдэг улсад мал амьтнаас хүнд халддаг өвчин Монгол Улсын хэмжээнд анхаарал татах асуудал зайлшгүй мөн. Цагаан хоолтон хэр их байдгийг би сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан мах иддэггүй, мах гараараа барьдаггүй, махтай хоол хийдэггүй Монгол хүн, өрх гэж байхгүй. Дээр нь хүн амын сая гаруй нь Улаанбаатарт байна гэхээр малчин хүнд ногдож байгаа малын тоо толгой маш их байна. Тиймээс Зоонозын өвчин судлалтай холбогдсон байгууллагуудыг маш сайн дэмжих ёстой гэж би боддог.
Цэцэрлэгт нь гар угаах аргыг зааж өгөөд байхад гэрт нь түүнийг нь давтуулахгүй, ээж аав нь үлгэрлэхгүй бол болохгүй. Хүнсээр дамжих халдваруудаас сэргийлэхэд гар угаалт их ач холбогдолтой
Манай эмнэлэг чинь жолооч, манаач, үйлчлэгчтэйгээ нийлээд 400 гаруйхан хүн улсын хэмжээнд ажиллаж байгаа юм. Боловсон хүчин, лабораторийг бэхжүүлж, санхүүг нь дээшлүүлэх хэрэгтэй байна. Үнэндээ сайхан багаж авчихаад оношлуураа авч дийлэхгүй, мөнгө нь хүрэхгүй байна. Сайхан багаж харж суугаад яах вэ дээ. Тийм биз? Тэгэхээр төсөв хөрөнгийг зохих журмаар нь шийдэж өгөх хэрэгтэй. Орон нутагт оношлуур авах мөнгөгүйгээс үндэсний төвд ачаалал нь нэмэгддэг. Гол гол юмаа төв рүүгээ явуулдаг. Төв шинжлээд л байдаг, шинжлээд л байдаг. Төвийн төсөв хэмжээтэй. Энэ асуудал дээр л миний санаа их зовдог юм.
Дээр нь шинэ өвчлөлүүд их гарч байна. Вирүсийн халдварууд нэмэгдэж байна. Дэлхий дээр шинээр гарч байгаа халдварын 70 хувь нь мал, амьтнаас хүнд халддаг өвчин. Эбола, Мерс, САРС гээд л. Дан амьтнаас хүнд халдаж байгаа өвчнүүд шүү дээ. Эдгээр нь вирүсийн халдвар гэхдээ урд нь хүнд халдаж байгаагүй шинэ шинэ төрлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг манайх шиг олон малтай, зэрлэг онгон байгаль, зэрлэг ан амьтантай ийм улс бодлогын чанартай дэмжих хэрэгтэй салбар юм. Асуудлаа сайн танилцуулах юм бол улс дэмжих ёстой л гэж боддог доо.
-Ажиглаад байхад улсын барьж байгаа бодлого ч тэр, хүмүүсийн хандлага ч мөн адил аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд биш эмчлэхэд анхаараад байх шиг.
-Манай Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн гол чиглэл нь урьдчилан сэргийлэх. Манайд бол өвчтөн үзүүлэхгүй, хэвтэхгүй. Дархлаажуулалт, хүн амд болон эмч, ажилчидад сургалт сурталчилгаа хийх зэрэг Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нь нэг номерт байх ёстой л доо. Эмчлэх оношлох нь ард нь бай, урьдчилан сэргийлээд байвал цөөхөн хүн өвдөнө гэсэн зарчимтай шүү дээ.
Яг амьдрал дээр өвдөөд, халуураад байгаа хүндээ илүү анхаарал хандуулаад, өвчнөөс урьдчилан сэргийлэх тал нь хоцроод байдаг. Ялангуяа цэцэрлэг, сургуулиас эхлээд эрүүл мэндийн боловсрол олгох, түүнийг нь ээж аав нь мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь цэцэрлэгт нь гар угаах аргыг зааж өгөөд байхад гэрт нь түүнийг нь давтуулахгүй, ээж аав нь үлгэрлэхгүй бол болохгүй. Хүнсээр дамжих халдваруудаас сэргийлэхэд гар угаалт их ач холбогдолтой. Тиймээс л цогцоор нь сэргийлэх юм бол халдварт өвчин буурна. Монголд оношилж байгаагүй өвчин гараад ирвэл хэцүү л дээ. Зоонозын халдварт өвчнийг хоёрт тавьж буй шалтгаан нь ихэнх өвчин хүнээс хүнд халдах нь харьцангуй бага. Тиймээс хүнээс хүнд халддаг томуу зэрэг өвчинд анхаардаг.
Тарвага худалдан авч байгаа хүмүүс үхлийг мөнгөөр авч байгаагаас өөрцгүй гэдгийг сануулмаар байна
Манай орны хөгжлийн төвшин нөлөөлж байгаа байх л даа. Өндөр хөгжилтэй орнуудад бол хүн л өвддөг бол анхаарал тавьж байх жишээтэй. Эдийн засаг нь хөгжсөн байна. Хүмүүсийнх нь эрүүл мэндийн боловсрол сайн байна. Жишээлбэл, вакциныг өндөр хөгжилтэй орнуудад өөрсдөө аваад тариулчихдаг юм байна шүү дээ. Манайхан шиг “Арав хоног дууслаа, вакцинаа тариул” гэж дуудуулаад байдаггүй. Ерөөсөө эмийн санд тариуртайгаа бэлэн вакцин байж байдаг. Ой руу явах гэж байгаа юм чинь гээд хачигны вакцин хийчихдэг жишээний. Гэхдээ ирээдүйд манайхан ч энэ түвшинд хүрэх байх гэж бодож байна.
-Та тарваган тахлын голомтод ажиллахаар очихдоо хэрхэн эмзэглэж байсан талаар ярьсан. Тухайн үед мэдээлэл муу байсан байх. Гэтэл өнөөдөр мэдээлэл сайтай, идэж болохгүй аюултай гээд байхад л 300-400-гаар нь зарах гэж авчраад устгуулж байна шүү дээ. Та олон удаа тарваган тахлын голомтод ажиллаж байсан хүний хувьд тарваганы маханд хорхойсоод байдаг хүмүүст хандаад нэг жинтэй үг хэлэх үү?
-Мал ихтэй, мах элбэг байхад айхтар өвчин агуулдаг мэрэгч амьтны маханд хорхойсоод байдгийг ойлгодоггүй юм. Тарваганы нөөц багассан шалтгаанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тарвагыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг хориглосон. Бараг арав гаруй жил болж байна шүү дээ. Гэтэл саяхан л 350 гаруй тулам Улаанбаатар руу оруулахыг завдсан байна. Ашиг орлого олох гэсэн санаа. Ашиг орлого чухал уу амь нас нь чухал уу? Үүнийг бодох хэрэгтэй. Энэ жил гэхэд л тарваган тахлын улмаас хоёр ч хүн нас бараад байна. Хөвсгөл аймагт тарваганы хүн мах, элэг залгисан хүн амиа алдсан байна. Тэгэхээр олон хүнд тарах юм бол ямар их аюул болно гэж бодно. Худалдан авч байгаа хүмүүс үхлийг мөнгөөр авч байгаагаас өөрцгүй гэдгийг сануулмаар байна.
Тарвагыг шинжилж байж өвчтэй эсэхийг нь мэдэж болно. Тарвага агнаад бүүргэнд нь хазуулах, өвчиж байж гар хуруугаа эсгэхээс эхлээд эрсдэл маш өндөр. Түүхий нойтон юмыг нь идэх бол бүр буруу. Ноднин гэхэд л түүхий давсаг залгисан 14-тэй хүүхэд амиа алдсан. Түүхийгээр идэх нь тэр чигээрээ нян залгиж байгаатай ялгаагүй.
-Ам дамжсан ярианаас өвчинд тустай гээд л иргэд түүхийгээр нь идээд байх шиг байна.
-Яг тийм. Эмчилгээ хийх гэж байна гээд амь насаа өгчихлөө шүү дээ. Энэ мэтээс ойлгомжтой баймаар санагдах юм. Чоныг бол арьснаас бусдыг нь өвчинд сайн гээд идчихдэг юм биш үү. Амьтны түүхий эрхтэн сайн гэж зөвлөмөөргүй байна. Тарваганы тоо цөөн боловч нян чинь амьдрах аргаа олдог байхгүй юу. Нэг нь цөөрөөд дуусахад нөгөөхөд нь шилжинэ. Амьд амьтны нэг зорилго бол үр удмаа үлдээх. Нэг төрлийн амьтан үхэхэд нян өөр амьтанд шилжиж өсөж, үржиж байдаг.
-Хөдөө орон нутгаар их ажилладаг байсан байх. Олон хоногоор ажлаар явахад ар гэрийн асуудал бас л хүнд байх?
-Би хоёр хүүтэй. Хоёулаа тусдаа гарчихсан. Би чинь олон дүү нартай, аав маань эрт нас барсан. Зарим жил 90, зарим жил 120 хоног хөдөөгүүр явах ч тохиолдол байна. Ажлаа хийсээр яваад л өнөөдрийг хүрчээ. Энэ олон жил хамтарч ажиллаж байсан байгууллагынхаа болоод Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажилд маань их тус болж байлаа. Олон байгууллага хамтран ажиллаж байж тахлыг дардаг юм шүү дээ. Болохыг нь эмчлээд болохгүйг нь шатааж оршуулдаг юм шүү дээ. Ээж, хэдэн дүү нар маань тусалдаг байлаа. Социализмын үед ясли, цэцэрлэг дамжаад л хүн болсоон, хоёр хүү маань. Нус нь гоожихдоо гоожоод л, чацга алдахдаа алдаад л, халуурахдаа халуураад л хүн болсон доо. Даваад л гарчихдаг юм билээ. Нэг их зовж шаналаад байсан юмгүй дээ. Бусдын л жишгээр амьдарч байлаа. Өрх толгойлсон эмэгтэй яаж амьдардаг уу тэр маягаар л амьдраад ирсэн тийм хүн байна даа эгч нь.
-40 гаруй жил улсад ажилласан гэхээр таны насыг сонирхмоор байна л даа? Би таныг 50 гарч яваа болов уу гэж бодсон чинь 40 жил улсад ажилласан гэхээр эргэлзээд явчихлаа.
-Би одоо 66-тай. Есдүгээр сарын 26-нд яг 66 хүрлээ шүү дээ.
-Ёстой сайхан ануухан харагдаж байна. Машинаа өөрөө бариад хүрээд ирэхээр чинь 60 гарчихсан гэж бодсонгүй.
-Тэр ч хөдөө гадаа их явсных байж магадгүй шүү. Хөдөө гадаа их явна. Малчин айлаас мах, сүүгээ авна. Агаарт явдаг болохоор биед их сайнаар нөлөөлсөн байх.
-Насаараа хөдөө гадаа явсан хүн тэтгэвэрт гараад уйдаж байна уу. Одоогоор сардаа ганц нэг хичээл заадаг гэж байсан. Үлдсэн хугацаанд юу хийж байна вэ?
-Би ч компьютераар л өдөр өнгөрөөчихдөг хүн шүү. Мэдээ харна. Хааяа тоглоом тоглоно. Би бас эрдэм шинжилгээний ажлын ном бичсэн. Бичсэн хоёр ч ном байна. Эрдмийн ажил болохоор тэр бүр хүн сонирхохгүй гэрт л хураалгаатай байна даа. Эхний ном маань их, дээд сургуульд сурах бичгийн зориулалтаар хэрэглэгддэг юм. Цаашдаа залуу хүмүүст хэрэг болох л байх даа. Бас гэртээ цэцэг тарина.
-Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан хүч хөдөлмөрийг тань үнэлээд төрөөс шагнаж, урамшуулсан байна. Хамгийн сэтгэлд хүрсэн шагнал нь юу байв?
-За байз, Алтангадасыг нэлээн түрүүн авсан юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2012 онд шагнуулсан. 2012 оны 12 сард би ажилдаа гэрээгээр буцаж орсон юм. 2011 оны тавдугаар сард ажлаасаа чөлөөлөгдчихөөд гэр зуур байсан юм. Нэг өдөр гэрийн утас дуугарч байна. Танихгүй хүн “Та Адъяасүрэн гэж хүн мөн үү. Танд баяр хүргэе” гэхээр нь “Үгүй ээ одоо лотонд ороогүй санагдах юм. Нэг юм хожихоор л ингэж хэлдэг байх даа” гэж бодоод их гайхсан. Тэгсэн харин Нийслэлийн Засаг даргын тамгын газарт очоорой, танд шагнал гардуулах гэж байна гэсэн. Сонин юм шүү. Шинэхэн авсан одон байгаа юм. Манай байгууллага л тодорхойлоод авсан байх.
Олон шагнал бий. Онцгой байдлын ерөнхий газрын “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулсан байх жишээтэй. Монголын үйлдвэрчний эвлэлийн “Хөдөлмөрийн хүний төлөө” гээд шагнал бий, би тэрэнд их хайртай. Хөвсгөл аймагт тахалын голомтод ажиллаад буцаад ирсэн тухайн үеийн Засаг дарга Батхүү нэг их том цуглаан дээр голомтод ажилласан бүх хүнийг шагнаж билээ. Надад “Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан” гэсэн шагнал өгсөн. Шагнуулж ирээд нэг их уйлсан юм.
Тэндээс гараад л Улаанбаатарт оройн есөн цагт ирсэн чинь манай ажлынхан сарнайн баглаа барьчихсан хүлээж байсан. Тэр миний 20 дахь голомт байсан юм байна. Өмнө нь 19 голомтод ажиллаад буцахдаа ачаагаа аваад л ажлаар дайрч багаж, хэрэгслээ орхиод л харьдаг байсан. Ер гавьяа байгуулсан ч гэж боддоггүй, үүргээ гүйцэтгээд ирлээ л гэж боддог байж. Тэгсэн сарнайн баглаа бариад угтахаар нь хоолой зангираад л нулимс гарч билээ. Янз бүрийн шагнал бий, бий. Хөгшрөхөөрөө шагналаа зүүвэл овоо юм болох байх аа. Манай бага хүү “Ээж тийм олон юм зүүж яадаг юм. Алтангадасаа зүүж бай. Тэгэхээр л тэрнээс доош шагналтай хүн юм байна гэж боддог юм” гэдэг. Сүүлд авсан болохоор энэ хоёрыгоо л зүүгээд ирсэн юм. Ярилцлага өгнө гээд их гоёод ирсэн шүү дээ. Нас ахиж байгаагийн шинж байх даа. /Инээв.сурв/
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өнөөдөр ахмадын өдөр болж байна Та ахмадууддаа хандаад ерөөл хэлэх байх. Бас залууст хандаад сайхан урмын үг хэлэх үү?
-Монголын бүх ахмадууддаа баярын мэнд хүргэе. Тэд бүгд агуу их үйл хэргийг бүтээж, улсаа өдий дайтай болоход хүч хөдөлмөрөө зориулсан. Хүн бүрийн эрхэлсэн ажил бүгд чухал. Эрүүл мэнд, эсэн сайн байгаа бүх ахмадуудад сайн сайхныг хүсэхийн ялдамд өөрийнхөө байгууллагад ажиллаж байгаа залуучууд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа болон бүх залуучууд, дунд үеийнхэнд ажлаа сайн хийгээрэй, амжилттай сайн байгаарай, ажилдаа чин үнэнч хандаж байгаарай, амжилт их гаргаарай, хүмүүстэй сайхан харьцаж байгаарай гэсэн ерөөлийг дэвшүүлье.
-Сайхан ерөөл хайрласан танд баярлалаа.