Увсын цэнхэр хязгаарт Таван Тэсийн нутагт морин дэл дээр дарцаглаж явсан хүү өдгөө олимп, дэлхийн хос медальтан Сайнжаргалын Ням-очир гэгдэх болжээ. Түүний хувь заяа цаанаасаа л жүдо бөхтэй шүтэн барилдлагатай гэлтэй. Тавын таван нагац ах нарынхаа жүдо, самбо бөхийн тив, дэлхийн амжилтад бөөцийлөгдөж өссөн.
Ганц тохиох амьдралынхаа залуу насаа жүдо бөхөд зориулж, 17 жилийг ардаа үлдээсэн. Жүдоч бүсгүй ОУХМ П.Лхамдэгдтэй нэг насны амьдралаа холбож, хосууд олимпийн аваргатай болсон өдөр буюу Монголын жүдочдын өдөр хүүтэй болцгоосон юм.
Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа шарлаж, их спортоо орхих дээрээ тулсан бол энэ жил дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн. “GoGo cafe” булангийн энэ удаагийн зочноор С.Ням-Очирыг урилаа.
БАРИЛДДАГИЙГ МИНЬ МЭДЭХ ХОЙНО БАРИЛДАХГҮЙГЭЭ ЗААВАЛ ЗАРЛААД ЯАХАВ
-Ярилцлагаа сүүлийн үеийн гол сэдвээр эхэлье. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар -73кг-ын жингээс зодог тайллаа. 73кг-д Монголоос С.Ням-Очир, Г.Одбаяр, Х.Цагаанбаатар нар олимпийн эрхийн чансаанд дээгүүр эрэмбэлэгдэж хамтдаа явсан?
-Цагаанаа дэлхийн аваргын өмнө холбооны ерөнхийлөгч болон багш нар сүүлийн дэлхийн аварга гэдгээ ярилцаад өөрийн үндсэн жин 66кг-д Төмөрхүлэгтэй хамт барилдах шийдвэр гаргасан юм билээ. Бэлтгэл дээр нэг удаа би ер нь болино гээд яриан дундуур хэлсэн ч тоохгүй өнгөрсөн. Дэлхийн аваргаас ирсний дараа жүдогийн шигшээ багийн тайлангийн хурал болсон. Тэгэхэд “Би жүдо бөхөө орхиж албан ёсоор барилдахаа болилоо. Багш хий гэх юм бол татгалзахгүй” гэдгээ хоолой зангируулан байж хэлсэн. Түүнийг сонсоод шигшээгийн тамирчид ил, далд нулимс унагаасан даа.
-С.Ням-Очир өрсөлдөгчгүй шахам -73кг-д босоо явахад Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа хоёр зэрэг шахуу жин өгсөн. Энэ цагаас Монголдоо төдийгүй дэлхийн дэвжээнд -73кг шимтмээр барилдаанууд гарч эхэлсэн?
-Дэлхийн бөхчүүд дээд жиндээ орсон ч сайн л байдаг юм билээ. Би өнгөрсөн жил Мияарагчаад улсын аваргаар ялагдсан. Олимпийн медаль авчихаад улсын аваргаар Цагаанбаатарт хожигдсон. Би улсын аваргад яагаад ч юм муу барилдаж дандаа хожигддог юм.
-73кг-ын шилдэг бөх Францын жүдоч олимп, дэлхийн медальтан Уго Легранд зодог тайлах шийдвэрээ цахим хуудсаараа дамжуулан дэлхий даяар гурав хоногийн өмнө зарлалаа?
-Уго Легранд гэмтэл авч хагалгаанд орсон юм билээ. Тэгээд гэмтлээс эргэн ирээд Ташкентийн Гранприд 73кг-д Хадбаатарт цэвэр ялагдсан. Үнэхээр л болохгүй болоод зодог тайлсан байх. Надаас дөрөв дүү гээд бодохоор ийм шийдвэр гаргахад гайхаж байлаа. Жүдод ойр байна хэзээ ч холдохгүй гэсэн байсан. Холдож чадахгүй л дээ.
-Жингийн шилдгүүдийн дараалсан зодог тайлсан мэдээ өөрт тань ямар мэдрэмж төрүүлэв?
-Надад энэ өдөр бас ирнэ. Жилийн өмнө л спортоо орхих талаар бодож шийдвэр гаргах дөхсөн. Аваргууд хөгширчихөөд л “Би ч аварга л даа. Гэхдээ бөхийн үнэнд гүйцэгдлээ” гэдэг дээ. Жүдо бөх дэлхий даяар жигд хөгжиж байгаа учраас тамирчин хүнийг ёстой л шавхдаг болчихлоо. Өөрийгөө дуустал шавхаж эрэмдэг, зэрэмдэг болж байж медаль зулгааж байгаа.
Нэг л өдөр тэгсхийгээд зодог тайлчихна. Барилддагийг минь мэдэх хойно барилдахгүйгээ заавал зарлаад яахав. 73кг-д сайн дүү нар зөндөө бий. Би жингээ их хасдаг болохоор гадагшаа гараад муу барилдах эрх байхгүй. Өчнөөн шилдэг хүүхдүүд араас гарч ирж байна. Мэдээж дүү нарыгаа дэмжинэ, зааж зөвлөнө.
Манай Одбаяр жин багатай учраас хасахгүй шахуу барилдана. Одбаяр маань их хүмүүжилтэй хий гэснийг яг хийнэ. Хэчнээн мундаг багш, эмч нар байгаа ч тухайн хүний биеийг өөр шиг нь 100 хувь мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр тамирчин хүн тэр тал дээр өөрийгөө мэдэрч амралт, бэлтгэл сургуулилтаа зохицуулах ёстой. Үүнийг ч Одбаяртаа зааж зөвлөдөг.
2015 ОНООС ӨМНӨ ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР Ч МЕДАЛЬ АВАХ БОЛОМЖ БАЙСАН
-Олимпийн медалиа дэлхийн медалиар хослуулж хүрэл медальтай болсон. 2010 онд дэлхийн аваргаар хүрэл медалиа харамсалтайгаар алдсан бол таван жилийн дараа авлаа шүү дээ?
-Олон хүн надад чи дэлхийн аварга болно, олимпийн медальтан болно гээд итгэдэг байсан. Олимп, дэлхийн аваргаас хос хүрэл медальтай боллоо. Хүмүүсийн итгэл найдварыг хүлээж хараахан дэлхийн аварга болж чадсангүй. Гэхдээ олимп, дэлхийн медальд өнгө байдаггүй гэж хүмүүс ярьдаг. Ирэх жил олимпийн медалийн өнгийг өөрчлөхийг хүсч байна. Үүнд бүхнээ зориулж байна даа.
Амьдралын хамгийн сайхан ид залуу үеэ жүдо бөхтэй холбож 17 жилийг ардаа үлдээсэн. Гэхдээ амжилтаа харахаар дэндүү чамламаар. Хоёрхон жил нь сайн барилдсан гэж бодохоор. Бөхөөс өөр юм хийгээгүй гэж бодохоор чамлахаас аргагүй. Өөрөөс шалтгаалсан ч гэх юм уу 2015 оноос өмнө дэлхийн аваргын хоёр ч медаль авчих боломж байсан. Тактикийн алдааг би өөрөө л гаргасан.
-Эхний медаль авах боломж 2010 оны Токиогийн ДАШТ байх. Зооны аваргын төлөө барилдаж байхдаа гараа гэмтээж медалиа өрсөлдөгчдөө зүгээр л бэлэглэсэн. Ялсан бол аваргын төлөө, ялагдсан бол хүрлийн төлөө барилдах байсан?
-Тийм. Медалиа зүгээр өгчихөж байгаа, гараа хугалчихсан тэр мөч үнэхээр хүнд байлаа. Цаг дуусахаас 20, 30 секунд дутуу байхад торгуулиар Декс Элмонтийг хожиж явсан гэж бодохоор л. 2010 онд дэлхийгээс медаль авчихсан бол 2011 оны дэлхийн аваргаар яаж ч барилдах байсан юм билээ.
-Дэлхийн аваргын хоёр дахь медалийн боломж 2013 оны Рио-де-Жанейрогийнх уу?
-Тийм. 2013 онд их сайн байсан. Их дуулгад бүх өрсөлдөгчөө дараалан цэвэр ялж түрүүлсэн. Дэлхийн чансааг толгойлж, дэлхийн аваргад жингээ тэргүүлж барилдахаар сэтгэлзүйн хувьд их бардам болдог юм билээ. Учраагаа ялсаар наймд үлдэж, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Японы Накаяаг хожоод. Зооны аваргын төлөө Уго Леграндад барилдаж дөчин хэдхэн секунд дутуу байхад тактикийн алдаа гаргаж хожигдсон. Би ингээд дэлхийд финалддаг юм байж гэсэн бодол тархинд ороод ирэнгүүт бүх темп алдагдчихдаг юм билээ.
Илүү байгаа юм чинь ажилласаар байгаад дуусгая гээд худлаа сууж үүрэхэд намайг салтаандаа эргүүлтэл вазари алдчихсан. Босоод ирэхэд 20 секунд л үлдсэн байсан. Энэ бол дэлхийн аваргын хоёр дахь медалийн боломж байсан юм. Энэ жил дэлхийн аваргаар Төмөрхүлэг дүү минь яг энэ алдааг давтлаа. Дэндүү харамсалтай.
ТОМ ГҮРНИЙ ТАМИРЧИН АЛЬ Ч СПОРТОД ДЭМЖЛЭГ АВДАГ
-Токиогийн ДАШТ-ээр алдсан медалийнхаа хариуг 2012 оны олимпиор Нидерландын Декс Элмонтоос харин ч хатуухан авсан даа?
-Тэгсэн. Лондонгийн олимпоор Мансур Исаев, Ван Ки Чуныг ялчихвал бусад нь асуудалгүй байсан. Мансур Исаевт олимпийн өмнө дөрөв таарч бүгдэд нь ялагдсан. Ван Ки Чун шүүгчийн саналаар ялагдсан учраас дахиад таарвал ялна гэдэг барилдааны тооцоогоо хийчихээд очсон. Мансур Исаевтай хэнийх нь ч оноо байж болохоор дахиад барилдаан үргэлжлэхээр байж болох л байсан. Том гүрний тамирчин аль ч спортод дэмжлэг авдаг нь нууц биш. Гэхдээ нэг бодлын Мансурт хурдан цэвэр ялагдчихсан нь болсон юм.
-Яагаад?
-Бөхийн тактик гэх үү дээ. Адилхан жингээ хасчихсан. Ур чадварын хувьд ижил төвшний бөхчүүд 5-8 минут алалцаад ялаад гарч ирж болно. Олимпийн тухайн үед цаг дуустал үзсэн бол дараагийн хоёр барилдаан хэцүү байх байсан.
Энэ жилийн дэлхийн аваргаар ч гэсэн БНСУ-ын Ан Чангримтэй тактикийн барилдаан хийсэн. Вазари алдчихсан учраас эрсдэл хийх ёстой. Том мэх хийгээд савахгүй бол хурдан ялагдсан нь надад хэрэгтэй. Таван минутаа дуустал нягт барилдахад цуцалт авчихсан л дагах барилдаанд гарч ирнэ. Израйлийн бөхөд өмнө нь хожигдчихсон учраас хүчтэй өрсөлдөгч. Тийм болохоор үлдсэн хугацаанд судалгааны барилдаан хийгээд л дууссан.
-Лондоны олимпийг зориход ээж тань жижиг аяганд сүү хийж угтахад "Ээж яасан жижиг цөгцтэй сүү өгч байна аа. Олимпиос медаль аваад ирэхэд том цөгцтэй сүү барина биз дээ" гэчихээд явсан гэдэг?
-Тийм. Өөрийгөө мэдрээд байсан. Залуу байсан болоод тэр үү бие сайн, бэлтгэл яг таарчихаар тэрэндээ догдлоод ам зүгээр байж чадахгүй байгаад байсан. /инээв./ Тэгээд аав, ээждээ очихдоо ам гарчихаад явчихсан хэрэг. Тухайн үед чамласан тэр жижиг аяганд ээж минь цайгаа ууж, хоолоо иддэг. Одоо намайг аавынд очиход тэр аяганд л надад цай, хоол хийж өгдөг. Ээж минь байхгүй болохоор тухайн үед чамласан тэр аяга надад их нандин эд. Энэ жил дэлхийн аваргаас ирэхэд аав минь тэр жижиг аяганд сүү хийж хүүгээ угтсан даа.
БАЛЖАА БАГШ ОЛИМП, ДЭЛХИЙГЭЭС МЕДАЛЬ ХҮРТЭХЭД ХОЁУЛАНД НЬ АВЧ ГАРСАН
-Дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангачихаад С.Ням-Очирын хувьд Монгол Улсын ардын багш О.Балжиннямд мөргөж хүндэтгэл үзүүлсэн нь спортод ховорхон тохиох гайхалтай мөч байсан?
-Олимп, дэлхийгээс медаль хүртэхэд хоёуланд нь Балжаа багш намайг авч дэвжээнд гарсан. Балжаа багш намайг дандаа дэвжээнд авч гардаг нь надад найддаг юм болов уу гэж дотроо боддог. Тэр ч утгаараа би багшдаа баярласнаа илэрхийлж мөргөсөн. Би их спортоосоо жил хөндийрч, жүдо бөхөө орхих дээрээ тулахад Балжаа багш сэтгэлийн дэм өгсөн.
-Яагаад орхих дээрээ тулсан гэж?
-Олимпийн дараа гэнэт л шарлачихсан. Шарласан хүн ямар ч тамиргүй болж, ачаалал өгч болохгүй, хоол унднаас авахуулаад дэглэм барих ёстой болсон. Үүнийг мэдсэн бөхийн хорхойтнууд үнэндээ С.Ням-Очир ингээд дууслаа л гэж байсан. Миний жин 92 кг хүрч, барилдахгүй хэмжээнд ч хүрсэн. Тэр үед Балжаа багш “Биеэ гайгүй болохоор жингээ хасаад барилдана шүү. Чамд дахиад олимп, дэлхийн медаль байгаа. Олимпийн бүр том медаль байгаа шүү” гэж хэлсэн нь санаанаас минь гардаггүй.
Багшийн хэлснээр дэлхийн медаль нь ирчихлээ. Сайн бөх хоёр үе дуусгадаг гэдэг. Гэтэл Цагаанбаатар гурван үеийг дуусгалаа. Түвшинбаяр аварга хоёр үедээ медаль авч, гурав дахь үедээ барилдах гээд байж байна. Сайн бөхийн тоонд орж байгаа хойно тэр хэмжээнд барилдаад эцсээ 2016 оноор үзчихье гээд шийдчихсэн байгаа.
-Юунаас болж шарласан юм бол. Шарласан хүмүүс гам барьдаг, тогтмол шинжилгээ өгч хяналтад байх шаардлагатай болдог шүү дээ?
-Нуруу өвдөөд Бээжинд очиж эмчилгээ хийлгэн, зүү тавиулсан юм. Эмч нар түүнтэй холбоотой байх гэдэг. Би шарласнаа мэдэхгүй бэлтгэлээ хийгээд байсан. Нүд чинь шарлачихсан байна эмнэлэгт үзүүл гээд багш нар. За гэчихээд мэхээ давтаад байж байтал ядраад сульдаад болдоггүй. Тэгэхээр нь ХӨСҮТ-д яваад очтол "Яаж ийм хүнд шарласан байж явж чадаж байсан юм. Бараг ком болчихож" гээд шууд сэхээний тасагт хэвтүүлчихсэн.
Би үзүүлээгүй байсан бол маргааш нь самбо бөхийн ДАШТ-д явах гэж байсан гээч. Тэгсэн бол Орост нэг сар эмнэлэгт хэвтэхгүй юу. ХӨСҮТ-д хэвтээд 15 хоногийн дараа шинжилгээний хариу сайн гарсан. Зургаан сар орчим барилдахгүй дэглэм барьсан. Мах идэхгүй, давс багатай хоол идэхээр тамирдаад сүүлдээ дэглэмээ орхисон. Азтай ч гэх юм уу шинжилгээний хариу гайгүй гарч, одоо тоохоо больчихсон.
НАЙМДУГААР АНГИД БАЙХДАА АЙМГИЙН НААДАМДАА ДӨРӨВ ДАВСАН
-Увс аймгийн Тэс сум хамгийн олон улсын цолтой бөхчүүдтэй. Олимпийн наадмын хүрэл медальт, улсын начин Т.Артаг, улсын заан Д.Бумбаяр тэргүүтэй цолтнууд бий. Сумандаа үндэсний бөхөөр барилдаж байв уу?
-Барилдалгүй яахав. Наймдугаар ангидаа овооны наадамд түрүүлээд даагаар шагнуулсан. Тухайн үед бөхөөр өвчилчихсөн том дээл, зодог шуудаг өмсөөд л алхдаг. “Миний хүү улсын цолтой бөх ирчихсэн аятай л явах юм” гээд аав минь намайг шоолдог байсан. Наймдугаар ангидаа аймгийн наадамд барилдаад дөрөв давж байлаа. Хүүхэд учраас намайг дэмжээгүй, өөрөө цол авбал аваг гээд л барилдуулсан. Тавын даваанд Баярмагнай гэж аймгийн арслан намайг амлаж аваад хаясан. Магадгүй тэр үед би аймгийн начин болчихсон байсан бол үндэсний бөхөө хөөгөөд явчих байсан байх.
-Үндэсний бөх рүү урвахгүй байх шалтгаан нагац ах нар байх. Ээжийн тань таван дүү самбо, жүдо бөхөөр хичээллэж тив, дэлхийд алдраа дуурсацгаасан. Таны үеэл Д.Нямхүү гэж Монголын шилдэг жүдоч байлаа шүү дээ?
-Жудод сонирхолтой болгосон хүмүүс бол нагац нар. Г.Жамсран ах самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Баатарсүрэн ах залуучуудын хошой дэлхийн аварга, Нямхүү ах самбо бөхийн дэлхийн аварга, Азийн наадмын аварга гээд. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найман алтан медаль нагац ах нарт бий. Улсын болон тивийн аваргын бүх медаль байдаг. Олимпийн медаль дутуу байсныг гүйцээсэн болохоор бас сайхан байдаг.
Үеэл ах Нямхүүгээ олимпиос медаль хүртээгүйд харамсдаг. Бээжингийн олимпод Элмонтын ахад Нямхүү ах торгуулиар ялагдаж байсан. Лондонгийн олимпод Элмонтийг ялж ахынхаа авах ёстой байсан медалийг авсандаа баярлаж байлаа. Олимпийн дэвжээнд Нямхүү ах минь Элмонтийн ахад нь ялагдаж байсан бол би дүүг нь ялж медаль авсан.
Хотод ирээд анх "Алдар"-ын Барсүрэн ах дээр тамирчин болж гараагаа эхэлсэн. Шигшээ багт ороод Д.Нямхүү ахынхаа бэлтгэлийг хангаж өгдөг байлаа. Миний аав "Хүний эх нь нагац, усны эх нь булаг гэдэг. Хүний дээд болсон, сайхан нагац нараа үргэлж хүндэлж яваарай" гэж үргэлж бидэнд захидаг.
Аавынхаа захиас болон өөрийн сүжигээрээ би Жамсран ахынхаа баруун өвдөгнөөс адис аваад явдаг уламжлалтай.
-Энэ жилийн дэлхийн аваргаар нагац ах Г.Жамсран Астанаг зорьж дэлхийн аваргыг очиж үзсэн?
-Жаамаа ах зөвхөн самбо бөхөөр тав түрүүлчихсэн байхад миний анхны медаль шүү. /инээв.сур/ Аавынхаа захиас болон өөрийн сүжигээрээ би Жамсран ахынхаа баруун өвдөгнөөс адис аваад явдаг уламжлалтай. Жил бүрийн том тэмцээнд Жаамаа ах намайг заавал ирж онгоцны буудалд гаргаж өгдөг. Насны хувьд ч цолны хувьд ч миний хүндэлж явдаг дээд хүн минь. Энэ жил дэлхийн аваргад хамт явахад нь медалийн тавцанд гарсан болохоор сайхан байгаа.
Амжилтад хөтөлсөн түшиг тулгуур бол аав, ээж. Аав сургуулийн захирлаар ажиллаж, намайг дөрөвдүгээр ангид байхад жүдо бөхийн анхны секцийг сумандаа нээсэн. Миний анхны багш аймгийн арслан цолтой, Нармандах ахын бэлтгэл хангагч байсан Ю.Баттогтох хүн бий. Багшийг их сургуулиа төгсөөд ирэхэд манай аав секц нээж, 60 гаруй хүүхэд хичээллэж эхэлсэн түүхтэй.
-Танай аав С.Ням-Очир тэмцээн уралдаанд явахаараа зөвхөн ээжтэйгээ л ярьдаг. Хааяа би ээжид нь хүүгийнх нь талаар гомдолдог гэж ярьж байсан. Хүүгээ өөрөө бөх болгосон аав нь гомдол мэдүүлэхээс яахав ?
-Хүний эх хүн дандаа үр хүүхдийнхээ төлөө санаа зовдог шүү дээ. Ээж минь эрэгтэй хүүхэд болохоор сахилга алдана гэдэг юм уу над руу өдрийн гурав, дөрөв залгаж хаана, юу хийж байгааг асуудаг байсан юм. Тэгээд л ээждээ тайлангаа тавихын тулд ярьсаар байгаад л сурчихсан. Би ярихгүй болохоор ах, эгч рүү утасдаад “Дүүтэйгээ холбоо барьсан уу. Сайн явж байгаа болов уу” гээд асуугаад байдаг байсан юм. Тийм болохоор тэмцээнд явахаараа дандаа л ээжтэйгээ ярьчихдаг. Тэгээд ч эрэгтэй хүүхдүүд ээжтэйгээ ойр байдаг шүү дээ. Ийм л учиртай юм. /инээв.сур/
-Айлын отгон хүүхэд болохоор эрх өссөн биз?
-Үгүй шүү. Манай ах, хоёр эгч минь надаас 10-12 насны зөрүүтэй. Ах гэр бүлтэй болж тусдаа гарч, эгч нар оюутан болчихсон. Ээж минь эх барихын эмч учраас хөдөө орон нутагт байнга л дуудлагаар явчихна. Аав сургуулийн захирал болохоор бас л оройтоно. Манайх сумын төвд малтай болохоор гэрийн ажил барагдахгүй. Өглөө хичээлээд явахын өмнө үхрийн баасаа зөөнө. Хичээлээсээ ирээд түлээ ус, гэр орноо цвэвэрлэнэ. Тэгээд бэлтгэлдээ яваад орой ирээд үнээгээ саана, хоолоо хийнэ. Аав минь багш хүн болохоор айхтар эрхлүүлэхгүй шүү. Гэхдээ айлын бага болохоор хааяа хааяа эрхээ эдлэнэ.
-С.Ням-Очирын дутагдалтай тал гэх юм уу нэг зүйлийг асуумаар байна. Өрсөлдөгчийнхөө мэхэнд орвол дандаа цэвэр ялагддаг?
-Багш нар үүнийг хатуу барилдаантай холбодог. Би барилдааны бичлэгээ хараад байхаар хүнээр мэх хийлгэдэггүй. Дандаа довтолж хурдан хугацаанд барилддаг. Манай Нямхүү ах бас тийм байсан. Хүний дадсан юм гэж байна. Яахав бэлтгэл дээр хүнээр мэх хийлгээд байвал сурах л байх. Гэхдээ хүнийг ялна унагаана гэж довтолж барилдах нь хамгийн зөв. Хэрвээ мэхэнд нь орчихвол таны хэлдгээр аврал байхгүй.
Бэлтгэл их сайн байж тэмцээнд орохгүй бол энэ бас нэг талаараа эрсдэлтэй. Сөхөж үүрэх, босоо үүрэх, тохох мэх их хийдэг. Жүдогийн үндсэн техникээ хүүхэд байхдаа л сурна шүү дээ. Баттогтох багш минь үнэхээр сайн ажилласан.
Нармандах гавьяатын Атлантагийн олимпод сөхөж үүрээд медаль хүртсэн тэр бичлэгийг би бараг дөрвөн жил тасралтгүй үзсэн. 2002 оны дэлхийн аварга Макаров, Канамарү нарын бичлэгийг приставкаар орой бүр үзэж байнга хардаг байлаа. Байнга давтаж хийсээр сүүлдээ унагах мэх болсон. Залуучуудын улсын аваргаар дандаа сөхөж үүрээд түрүүлдэг байлаа.
-Жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгдтэй гэр бүл зохиож, Монголын жүдочдын өдөр буюу наймдугаар сарын 14-нд хүүтэй болсон?
-Лхамаатайгаа 2006 онд Центрпойнтын тэнд байр хөлслөөд тусдаа гарч байлаа. Хоёулаа тамирчин, тухайн үед хүүхдээрээ байсан болохоор амьдралын төлөө юунд ч санаа зовох асуудалгүй байлаа. Зөвхөн амжилтын талаар ярилцахаас өөрөөр байр яах вэ, амьдралаа яаж залгуулах гэдэг талаар огт бодохгүй.
Лондонгийн олимпийн дараа эхнэр минь спортоо орхих шийдвэр гаргаж, 2013 онд бид хүүтэй болсон. Дэлхийн аваргын бэлтгэлд гарчихсан болохоор чөлөө авч болохгүй. Гэтэл эхнэр минь өдөржингөө өвдөөд. Тэгээд бэлтгэлээ дуусаад орой нь чөлөө аваад очсон. Тухайн үед наймдугаар сарын 14 гэдгийг анзаарах сөхөө байгаагүй. Гэтэл эмч нь олимпийн аваргатай болсон өдөр хүүтэй боллоо гэж хэлсэн. 2013 онд дэлхийн аваргад явахад Х.Баттулга ерөнхийлөгч "Чи их сайн байгаа шүү. Хүүдээ алтан медалиар бэлэг бариарай миний хүү" гэж хэлсэн нь санаанаас минь гардаггүй. Энэ жил дэлхийн аваргад явахдаа хүүдээ медаль авчирна гээд амалсан. Хүүдээ хэлсэндээ ч хүрлээ.
-П.Лхамдэгдийн хувьд эргээд бэлтгэлдээ орчихсон байгаа. Энэ шийдвэрийг нь дэмжив үү эсвэл хүүгээ бодоод дурамжхан байв уу?
-Манай эхнэрийн найз нь ОУХМ Мөнхзаяа шүү дээ. Олимпийн дараа сарын зөрүүтэй ээж болцгоосон. Мөнхзаяа ээж болчихоод удалгүй бэлтгэлдээ орж, Азийн аварга боллоо, сүүлд дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. "Гэртээ сууж байхаар барилдчих" гээд найзууд нь ятгасан юм билээ. Тэгээд л барилдана, бэлтгэлдээ орно гээд орчихсон. Мэдээж эхнэрээ тултал нь дэмжээд олимпийн эрхийн оноогоо цуглуулаад 2016 онд эцсээ үзчих хэрэгтэй гэж бодож байгаа. Формдоо орох гэж маш их бэлтгэл хийж байгаа.
-За ярилцсанд баярлалаа. 2016 оны олимпын наадамд хамтдаа орж нэгэн түүхийг бичилцээрэй гэж хүсэн ерөөе?
-Баярлалаа. Хичээх болно оо.