О.Гэрэлсүх: Ромео хайрлана, дурлана, тулалдана, уйлна, инээнэ...

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2015-10-23 12:15 GMT+8

Алдарт зохиолч Уиллиам Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 19 жилийн дараа тайзнаа тавих гэж байна.

Арваннэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийх энэхүү жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж, Ромеод саяхан "Аав" уран сайхны киноны залуу "аав"-ын дүрийг бүтээсэн жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн нар тоглох юм.

Тус жүжигт тоглож буй гол дүрийн жүжигчид, найруулагч болон арын албан ажиллаж буй уран бүтээлчид болон 1996 оны "Ромео Жульетта"-гийн уран бүтээлчидтэй хийсэн цуврал ярилцлага, мэдээллийг хүргэж байна.

Энэ удаад  Ромеогийн дүрд тоглосон жүжигчин О.Гэрэлсүхтэй ярилцсанаа хүргэе.

-Ромеогийн дүрд таныг анх хэрхэн сонгон шалгаруулж байсан бэ?

-1996 онд би дөнгөж 20 гаран настай, Драмын театрт ажилладаггүй байлаа. Гэхдээ театр "Ромео Жульетта" жүжгийг жилийнхээ төлөвлөгөөнд оруулчихсан, жүжгээ нээнэ гээд бэлдэж байсан болохоор Ромеогийн дүрд тоглох миний үеийн насны жүжигчдээс судалгаа хийж байж. 

Найруулагч Ч.Найдандорж 1995 онд СУИС-ийн Кино драмын ангийг төгссөн Гэрэлсүх хаана байна гэж намайг хайж байсан юм билээ. Тухайн үед би сургуулиа төгсөөд Үндэсний телевизэд  ажиллаж байв.

Драмын театрын даргаар Б.Зориг манайд Театр судлалын хичээл ордог байсан юм. Миний утсыг олоод намайг театрт ирж уулзаарай гэсэн. Ингээд театрын дарга "Манайх "Ромео Жульетта" жүжиг тавих гэж байна. Чиний насны хүн хайж байгаа юм. Чамайг сайн оюутан байсныг мэдэх учраас жүжигт тоглож чадна гэж бодож байна. Ер нь саналыг чинь асуух юм байхгүй. Жүжгийн үйл ажиллагаа эхэлсэн, ажилдаа ор. Мэргэжлийнхээ ажлыг хий. Театрт ирж суралц" гээд боловсон хүчинтэй уулзуулсан юм.

Жүжигчин Н.Онон, О.Гэрэлсүх, Н.Ариунболд нарТухайн үед найруулагч С.Мягмарын эхнэр, боловсон хүчнээр ажиллаж байсан Ч.Одончимэг эгчтэй уулзахад миний тушаалыг гаргачихсан байсан.

1996 оны хоёрдугаар сарын 13-нд би ажилд орлоо. Ингээд дөрвөн сарын дараа буюу зургаадугаар сарын 2-нд би жүжигчин И.Одончимэгтэй анх "Ромео Жульетта" жүжигт тоглосон. Мөн  дублёр болох Г.Урнаатай тоглож байлаа. Дараагийн намраас нь Э.Алтанбагана Ромеод дублёрт гарсан.

-Шинэ "Ромео Жульетта"-г их өвөрмөцөөр тавих гэж байна. Харин тухайн үеийн жүжиг сонгодог хэв маягаа хадгалсан байсан гэдэг. Таны хувьд Ромеогийн дүрийг бүтээх хэр хүнд байсан бэ?

Ардын жүжигчин Л.Жамсранжав Лоренцо ламын дүрд, Жульеттагийн дүрд тоглосон И.Одончимэг нар-Мэдээж хүнд байлгүй яах вэ. Театрт ороод л шууд гол дүрд тоглох болсон. Өмнө нь би театрт ажиллаж байгаагүй, ямар нэг туслах дүрд ч орж байгаагүй.

Оюутны ширээнээс гараад, дипломын ажлын хамгаалалт дээр дүрүүдэд тоглож байсан болохоор туршлага байгаагүй.

Гэхдээ миний тоглож байсан дүрд ахмадууд маань их зөвлөж тусалсан.

Жүжигт Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай Лоренцо багшийн дүрд, Ардын жүжигчин С.Сарантуяа өрлөг эхийн дүрд, Ардын жүжигчин Д.Мэндбаяр Ромеогийн ээжийн дүрд тоглож байлаа. Ромеог тойроод надтай харьцдаг жүжигчид бүгд туршлагатай хүмүүс байсан болохоор надад их тус дэмтэй байсан юм.

Мөн тэднээс гадна театрт ажиллаж байсан Б.Зориг даргын эхнэр Д.Цээнямбуу гуай олон сонгодог жүжгүүдэд тоглосон хүн. Надад их зөвлөж тусалж байсан. 

-"Ромео Жульетта" бол маш том жүжиг. Жүжигчин хүнээс их ур чадвар шаардаж байсан байх?

-"Ромео Жульетта" бол 2 цаг 40 минут тоглодог их урт жүжиг. Бэлтгэлийг эхэндээ 4 цаг орчим хийнэ. Зодолдоно, тулалдана, хайрлана дурлана, уйлна, баярлана, инээнэ, дуулна, бүжиглэнэ. Ийм олон идэвхтэй үйлдлүүд хийдэг учраас маш их ачаалалтай байсан. Ромеогийн дүрд бүх л хэсгүүдийг харуулдаг учраас жүжигчинд өндөр шаардлага тавьдаг. Хэцүү байсан, гэхдээ ахмад жүжигчид, найруулагч Ч.Найдандорж их тусалсан.

Найруулагч өмнө нь театрт жүжигчнээр ажиллаж байсан хүн. Мөн Оросод найруулагчийн чиглэлээр мэргэшсэн учраас онолтой, товч тодорхой даалгавар өгдөг. Тиймээс тухайн үед туршлагагүй залуу жүжигчнийг их зөв чиглүүлж ажиллуулсан.

-Эргээд та одооны "Ромео"-д хэр зааж зөвлөж байна вэ?

-20 жилийн дараа эргээд театртаа, тэр тусмаа "Ромео Жульетта" жүжгэнд гүйцэтгэх продюсерээр ажиллаж байна. Жүжгийн санхүүжилт, жүжгийн явц, маркетингийн үйл ажиллагаа зэрэг арын албанд зүтгэж явна. Өнөөдөр эргээд харахад тухайн үеийн жүжгийн ард ажиллаж байсан хүмүүсийн зовлонг ойлгож, мэдэрч байна.

Өмнө нь өөрөө гарч тоглоод, жүжгийн ард ямар бэрхшээл байдгийг мэдэрдэггүй байсан бол одоо шинэ Ромеогийнхоо төлөө бэлтгэлийг нь хангаж, найруулагч, жүжигчидтэй, жүжигчин Б.Шинэбаяртай уулзаж байна. Гэхдээ жүжгийн сургуулилт эрчимжих хүртэл би наана нь нарийн зөвлөгөө өгөх болоогүй. Цаашдаа арга зүйн зөвлөгөөг бид бие биедээ өгнө.

-Ярилцсанд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 442 санал өгсөн байна.

Дээшээ