Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба Ж.Гончигсүрэн: Хар нүхэн, хар салхин өдөр гэж зурхайд байдаггүй

GoGo.mn

2008-01-31 16:24 GMT+8

Цагаан сарын шинийн нэгэн будилаантай болдог болжээ. Энэ талаар гэвч буддын шашны төлөөлөгчид өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу хэлээгүй байсан билээ. Тэгвэл бид өнөөдөр энэ талаар “Түвдэнпэлжээлин” хийдийн хамбын байр суурь ямар байгааг сонирхсон юм.

-Та зурхайн цаг тооллыг гаргаад хэр удаж байна вэ?
-Би 1983 онд анх их багшдаа шавиар орж зурхайн ухааныг судалж эхэлсэн. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрч.

-Манай улсад зурхайн ухаан ихээхэн маргаантай байх болжээ?
-Зурхайн ухаан гэдгийг хэн нэгэн хүссэн хүн хийгээд байдаг юм биш л дээ. Ганц календарь гаргачихаад зурхайч болчихдог ч юм биш. Зурхайн ухаан гэдэг арав, хорин жилийн хөдөлмөр байдаг. Ганц цаг тооны бичиг ч бус зурхайн уншлага, 5 гаригийн зурлага, орчуулга гээд олон зүйлийг агуулдаг. Зарим хүмүүс бараг л тоо мэддэг бол зурхайг сурчихна гэдэг шиг байгаа юм. Тийм зүйл гэж байхгүй шүү дээ.

-Ирж байгаа жилийг Шороон хулгана гэж нэрлээд, Үлэмжийн хулгана гэж нэрлээд байх юм?
-Үлэмжийн гэдэг хулгана жил жаран жилд байхгүй. Жаран жилд хулгана жил таван удаа тохиодог. Тэр таван хулгана жилийг Гал, Ус, Шороо, Төмөр гэх мэтээр таван махбодиор нэрлэдэг. Тэр яриад байгаа Хар нүхэн, хар салхин өдөр ч гэж зурхайд байхгүй. Өдрийг гаригийн үрээр шинждэг. Од, мэнгэ, суудал, барилдлага зэргийг нь шинждэг. Аливаа үйлийг хийхэд сайн өдөр, муу өдөр гэж л байдаг. Хар нүхэн өдөр шинэлвэл гурван жилдээ ажил үйлс нь бүтэхгүй ч гэх шиг ард түмнийг айлгаж, сүрдүүлж болохгүй шүү дээ. Одоо бүр сүүлдээ орчуулагч хүн хүртэл зурхайн ном бичдэг болжээ. Номыг нь худалдаад авчихвал бүх амьдрал нь сайхан болно гээд яриад явах юм. Тийм зүйл байж болохгүй л дээ. Ингэж ярьж байгаа хүмүүстэй даанч хариуцлага тооцох тогтолцоо алга даа. Харамсалтай л байна.

-Далай лам буддын шашны тэргүүн атлаа 7-ны өдөр золгоно гэж байгаа болохоор гайхаад байх юм?
-Далай лам түвд зурхайгаар явдаг. Харин бид Монгол зурхайгаар явдаг. Монгол зурхайг 1747 онд Сүмбэ хамба Ишбалжир гэдэг их багш Монгол газарт тохируулан бүтээсэн. Энэ зурхайг 1966 онд хялбарчлан шинэчилсэн. Одоо бид энэ зурхайгаар л явж байна.

-Сарны тоололд Монгол, Түвд нь хамаарахгүй юм шиг санагдах юм. Сарны хөдөлгөөн л шийдэх биш гэж үү?
-Монгол зурхай бол сар, нарны хөдөлгөөнийг харьцуулан бодож гаргадаг нарийн тоолол. Монгол газар оронд зориулагдаж гарсан зүйл шүү дээ.

-Тэгвэл хойтон бүтэн сар алдан золгож, гурван сард шинийн нэгэн болох юм гэсэн?
-Дараа жил хоёр сарын 25 хавьцаа л гарна. Энэ жил тогтоод гарчихна шүү дээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

О.Ариунбилэг

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1239 санал өгсөн байна.

Дээшээ