Г.Мандахнаран: Ялагдлаа аль болох хурдан март

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2016-08-22 09:00 GMT+8

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнаран Узбекистаны бөхөд ялагдсан. Өнгөрсөн жил Gogo café буланд өгсөн түүний ярилцлагыг дахин хүргэж байна.

Хүний нэр хувь заяаг нь тодорхойлдог гэдэг. Аавынхаа хайрласан нэр шигээ Монголын төдийгүй дэлхийн их спортод мандаж яваа тамирчин бол Ганзоригийн Мандахнаран.

Ялалтыг нь магтдаг шигээ бөхөд хайртай олон түүний ялагдалд тэр бүр хатуу үг чулууддаггүй. Өөртөө итгэл дүүрэн тэсэртэл барилдаж ялах гэж зүтгэдэг тэмцэл нь их болохоор тэр.

Дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртэхэд нь ярилцлага авъя хэмээн хүлээхэд санаснаар минь болоогүй. Гэхдээ тэрбээр Бээжин, Лондонгийн олимпод авч чадаагүй эрхээ энэ дэлхийн аваргаар хүртсэн .

Gogo café булангийн ээлжит зочны ярилцлага Төв аймгийн Зуунмод хотод Г.Мандахнаран гавьяатын хүүхдийн дуу цангинасан цэцэрлэгт өрнөлөө.

Биднийг өглөөний 09.30 минутад очиход эцэг эхчүүд хүүхдүүдээ авчирж байлаа. Уйлж байгаа нэгнийг аргадсаар “Манай хүүхдүүд 10.30 хүртэл уван цуван ирдэг юм. Одоо л эхнээсээ ирж байна” гэсээр биднийг угтлаа.

МАНАЙ ХҮҮХДҮҮД ХАНЫН ОБОЙ ТЭСГЭЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ЮМ

-Төр засгийн хувьд зовлон болчихсон цэцэрлэгийг залуухан гавьяат маань байгуулж чаджээ?
-Миний хувьд байнга л бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа харахгүй. Эхнэр ажил хийе гэхээр хүүхдүүдийн нас бага цэцэрлэг авахгүй. Бид хоёрын туулсан ийм зовлонтой залуу гэр бүл маш олон байгаа. Тэр хүмүүст тусалъя гээд хоёр давхар байшингаа цэцэрлэг болгож намраас эхлүүлсэн. Үйл ажиллагаа нь одоо л жигдэрч байна. Бага насны хүүхэдтэй ажиллана гэдэгт бас нарийн юм. Хоёр багш, тогооч, цэвэрлэгч, эмч гээд таван хүн цэцэрлэгт ажилладаг.

-0-2 насны хүүхэд явдаг юм байна. Хамгийн бага нь хэдэн сартай хүүхэд вэ?
-Хамгийн бага нь долоон сар, есөн сар гээд янз бүр. Хоёр нас хүрсэн буюу цэцэрлэгийн насны хүүхэд өөр байдаг юм байна. Манай хэд дандаа жаахан болохоор багш нарт ачаалал ихтэй. Нэг нь уйлангуут дагаад уйлцгаана. Анх удаа ирж байгаа нь голдуу уруу татна. Олон явсан нь тоохгүй орж ирээд л тоглоод эхэлнэ. Манай хүүхдүүд өрөөний обойг тэсгээнэ гэж байхгүй дээ харин ч.

-Үүдэндээ байгаа анонсоос харахад жич төлбөргүй гэсэн байх юм. Хоол хүнс, ажилчдын цалин, хувьсах зардал гээд зарлагаа өөрөө зохицуулах уу?
-Цэцэрлэг нээчихээд аймгийн төвийн зурагтаар урсдаг зар өгтөл хүүхэд ирдэггүй. Гайхаад байсан чинь хүмүүс зурагт үзэхээ больчихож. Тэгэхээр нь цаасан дээр бичээд том дэлгүүр, банкны үүдэнд зарлал наагаад л хүүхдүүд ирж эхэлсэн дээ. Жаахан юмнууд юу идэж шалих вэ гэтэл хонины гулууз мах дорхноо дуусчих юм. Сүүлд хөдөө явж бага үхэр хүнсэнд нь бэлтгэж ирлээ.

Багш нарын цалинг өөрөө өгдөг байж байгаад эцэг эхчүүдээс жаахан тусламж авдаг юм. Өдрийн хоолны мөнгө гээд 4500 төгрөг авдаг болсон ч ихэнхийг нь өөрөө зохицуулах хэрэг гарна. Аймгийн эмнэлэгт олон жил ажилласан эмч "Чи ийм буянтай зүйл хийж байхад эгч нь чамаас цалин мөнгө авахгүй" гээд долоо хоногт нэг удаа ирж хүүхдүүдийг минь үздэг. Энэ мэт дэм дэмэндээ болж бүтэж л байна. Найз минь цэцэрлэгийг хариуцаад аваад явчихдаг.

ЭХНЭР МИНЬ НАМАЙГ АХЛАГЧААС АХМАД ХҮРТЭЛ ТОРДСОН

-Өөрсдийн барьсан байшингаа цэцэрлэг болгочихоод таван ханатай гэртээ амьдарч байгаа юм уу?
-Тийм ээ. Хуримаа хийсэн гэр минь байгаа юм. Олимпийн жил юм чинь гээд явдал суудлаа багасгаад хотод байя гэж эхнэртэйгээ ярилцаад байшингаа цэцэрлэг болгочихсон. Гэтэл хот руу шилжчихлээ гэсэн чинь надаас өөр тийшээ нүүсэн хүн алга. 

Хоёр хүүхэд аймгийн төвд цэцэрлэгт явж байгаа болохоор ээж нь энд. Энэ гурав аймагт гэртээ. Би бэлтгэлээ хийчихээд л хоолоо хийж идээд хотод ганцаараа амьдарч байгаа. Гал тогооны хэрэгсэл, зурагт, шкаф гээд бүх зүйл цэцэрлэгт тушаасан болохоор хотод ханхай байшинд амьдарч байна. Олимп хүртэл хотод амьдраад буцаад Төв аймагтаа ирж амьдарна. Би хотын утаа, түгжрэл гээд дасахгүй юм билээ.

-Гуанжоугийн Азийн наадмын дараа завгүйгээс болоод найз охинтойгоо утсаар л болздог. Үүнээс болоод хаягдчих гээд байгаа гээд ярьж байсан бол 2013 оны ДАШТ-ээс ирэхэд эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ хамт тоссон?
-2009 онд эхнэртэйгээ анх үерхэж эхэлсэн. Нэг ангийн хэдий ч сургуулиа төгсөөд нэлээд удаан хугацааны дараа үерхсэн. Бэлтгэл сургуулилтаа хаяад явж болохгүй учраас анх утсаар л их ярина. 2010 оны Азийн наадамд явах гэж  байхад эхнэр минь жирэмсэн болоод эмнэлэгт хэвтчихсэн байсан. Жин их хассан болохоор очингуут таван минут ч болоогүй “За би ядраад байна” гээд явж байгаа юм.

Эхнэрээ эмнэлэгт хэвтээд 14 хонож байхад ганц удаа эргэж очиж байгаа нь тэр. Энэ бүх бэрхшээлийг хамтдаа даван туулж хүү, охин хоёртой сайхан гэр бүл болсон. Эмэгтэй хүн бүр л сайн, сайхан залуучуудтай суухыг хүсдэг байх. Сайн эмэгтэй байлдагчийг генерал хүртэл нь торддог гэдэг. Үүний адилаар эхнэртэйгээ анх суухад ахлагч байсан бол тордуулсаар ахмад болчихлоо.

-Цаашаа ч генерал хүртэл тордох байх?
-Тийм шүү. /инээв.сур/ Эхнэртэйгээ анх танилцахад улсын аварга болчихсон дотооддоо бол танигдчихсан. Олон улсын тэмцээнд оролцоогүй байсан үе. Эхнэртэйгээ утсаар яриад л “Ирээдүйд гавьяатын эхнэр болно шүү. Бие хаа, царай зүсээ аятайхан авч яваарай” гээд л өөрийгөө рекламдаж найрна. Үерхэж эхлэх саналаа тавиад байгаа нь тэр. Тэгэнгүүт урдаас “Тэгж гавьяатын эхнэр болтол өдий байлгүй. Чи гавьяат болоод, би чамтай суугаад хол байна аа” гэдэг байсан.

Одоо тэрийг ярихаар би нээрээ гээд л инээдэг юм. Анхны хүүхдээ хүү байгаасай гэж хүссэн минь биелсэн. Хүн гэр бүлтэй болохоор өөрийн гэсэн том орон зайтай болж зорилготой болдог юм билээ. Хүү минь аавыгаа харж спортын орчинд өсч байгаа учраас барилдах дуртай ч унахаараа аймхай болчих юм. Гэхдээ хөдөө хүүхдүүдтэй барилдаад нөгөөдүүл нь хав золгох гэхэд манай хүү хөл рүү нь дайрна шүү.

-Хуримаа хэзээ хийж байсан бэ. Түрүүн яриандаа цухас дурдсан?


-2011 оны намар дэлхийн аваргаас ирсний дараа хуримаа хийсэн. Гал голомтоо бадраах ёстой гэдэг үүднээс монгол гэр худалдаж аваад хуримаа хийсэн. Манай чөлөөтийн Чука ах начны найраа хийгээд удаагүй байсан. “Мөнгө зээлээч. Хуримаа хийгээд мөнгөтэй болохоороо эргээд өгье” гээд гал голомтоо бадраасан.

2012 онд Лондонгийн олимпод явж чадахгүй болонгуут зун, намрын турш өөрөө хоёр давхар байшин барьсан. 2013 онд дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэхэд Бүргэдээ ах гурван өрөө байраар урамшуулж энэ жил ашиглалтад орлоо. Хүний амжилтыг дагаж амьдрал минь сайхан л байна.

Сайн найз минь “Миний мэдэхийн би чамайг дөрөв дэх удаагаа тусдаа гаргаж байна. Анх та хоёр тусдаа гарна гээд аавындаа очих гэхэд захаас дрож авч очоод гаргасан. Хурим хийж, байшин барьж, орон сууцанд ороход гээд дөрөв тусад нь гаргалаа” гэдэг юм.

ААВДАА МАШИН АВЧ ӨГТӨЛ  ГЭРИЙН БАРАА ХАРАХАА БОЛЬСОН

-Дэлхийн аваргаас ирээд аавдаа үнсүүлж байгааг хараад л "Аавыгаа ингэж баярлуулдаг тамирчид гоё юм аа" гэж бодож байлаа?
-1989 онд аав минь барилгын кранист жолоочоор ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орж нугасандаа гэмтэл авсан. Зах зээлийн хүнд үед гэртээ байж дүү бид хоёрыг өсгөж хүмүүжүүлсэн. Миний аав сэтгэлийн тэнхээ мундаг хүн. Ээж минь ажил хийж амьдралаа авч явсан. Ээж минь барилгын мэргэжилтэй.

Ээжийнхээ зуны гурван сар ажилласан цалинг тэмцээний тал зардлаа болгоод явж байлаа. Дүү хичээл нь орох гээд дэвтэр ном,цүнх, хувцсаа ч авч чадахгүй үлдэж байсан юм. Энэ бүхний ард гарч гэр бүлээрээ сайхан амьдарч байна. Удам судартай гавьяат цолтонтой боллоо.

Аав барилдах сонирхолтой, ээжийн тал гартаа бяртай, би хөдөлгөөнтэй байж таараад л бөх болсон.

Намайг барилдаад эхэлсний дараа манай нутгийн начин Амараа ах “Элбэг харцага та хоёр хамаатан чи мэдэх үү” гэж байсан.

Аавын минь хамаатан гэж сонссоноос уулзаагүй л байгаа.

-Азийн наадмын аварга болчихоод шагналын мөнгөөрөө аавдаа машин авч өгнө гэж байсан. Амласнаа биелүүлсэн үү?
-Тийм ээ. Дүү бид хоёр оюутан болоод аав минь гэртээ байнга суух шаардлагагүй болсон. Тэр үед мөнгөтэй болохоороо аавдаа машин авч өгнө гэж боддог байлаа. 2010 онд Гуанжоугийн Азийн наадамд түрүүлээд улсаас 13 сая төгрөг авч аавыгаа унах унаатай болгосон.

Аав минь машинтай болсноос хойш олдохоо больсон. /инээв.сур/ Хаана байна гээд залгахаар “Хотод явна, аймагт явна, энд ч уузалттай, тэнд ч ажилтай” гээд гэрийн бараа харахгүй. Өмнө нь гэртээ хоёр хүүхдэдээ аав байсан бол одоо хурган дарга болсон. Аав минь Төв аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог тэргүүлж энэ чиглэлээр маш идэвхтэй ажиллаж байгаа.    

Г.Мандахнарангийн өөрийн оёсон хатгамал

-“Mongolian open” тэмцээнээр танай хүү өвөөгөө тэргэнцэртэй нь түрчихсэн гүйж явсан. Барилдааныг бол алгасахгүй үздэг байх?
-Аав минь миний үнэнч хөгжөөн дэмжигч. 33кг жинтэй аймгийн аваргад барилдаж байхад шүүгчийн хажууд ирчихсэн үзээд сууж л байдаг. Одоо ч хэвээрээ. Сайн зааварчилгаа зөвлөгөө өгнө. Аав нэг удаа тэмцээн үзэж байтал хожигдоод дэвжээнээс буусан хүүхэд уурандаа онооны самбар өшиглөөд. Гэтэл аав шүүгчийн хажууд тэргэнцэртэйгээ сууж байгаад оногдоод уначихсан билүү нүүр нь халцарчихсан. Өнөөх нь 50кг, 60кг-д барилддаг хүүхэд. Би жаахан юм байж чулуу барьчихсан тэрийг зодно гээд явж байхад ах нар барьж авсан.   

2016 ОНЫ ОЛИМПОД ХЭН ЯЛЖ БАЙГАА НЬ ЯВНА

-Таны хувьд Бээжин, Лондонгийн олимпийн эрх авч чадахгүй үзэгчийн хувиар үзсэн. Лас-Вегасын дэвжээнд дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан ч 2016 оны олимпийн эрхийг эх орондоо авчирлаа?
-Би Монгол Улсад олимпийн эрх авчирсан болохоос биш хувьдаа авчраагүй.  Манай эрэгтэй шигшээ багийн ганц баримталдаг зарчим хэн ялж хэн дийлж байгаа нь явдаг. Эн тэнцүү эсвэл асуудалтай байвал сорил хийнэ. Манай жинд Батмагнай, өнгөрсөн оны улсын аварга Нямдорж гээд олон шилдгүүд бий. Энэ залуучууд мэдээж олимп руу зорьж байгаа. Би ялж өөрийгөө баталж байж л олимп явна. УАШТ, олон улсын тэмцээнүүдэд сайн барилдаж байж олимпийн эрхээ Монгол Улсаас авах ёстой.

-Дэлхийн аваргын гурав дахь медаль ерөөсөө болсонгүй?

-Энэ жилийн ДАШТ-ээр хамгийн муу барилдсан хүн нь би. Бусад минь үнэхээр гайхалтай байсан. Өнөрөөгөө медаль авахад өөрөө авсан юм шиг хагартлаа баярласан. Одоо ярихад ч дотроос юм огшиж байна. 74кг-д дэлхийн аваргын дундаж жин учраас өрсөлдөгч ихтэй хэцүү.

Бид хоёр тооцоо гаргахад миний жинд яс үзэх 10, намайг хожиж ч магадгүй, хожигдох боломжтой дөрвөн хүн байгаа юм. Өнөрөөгийн жинд 20 хүний нэр байгаа юм чинь. Ёндоо мэднэ ш дээ гэтэл нөгөө зоонд нөгөө 20-ын 12, 13 нь орчихсон. Өнөрөө энэ жил маш том боломжийг дэндүү сайн ашигласан. Анхаа гэмтээгүй бол найдвартай медальтай байсан. Дөрвөн багш найман хүнд ажиллаж байгаа нь бас давуу тал байлаа.

-Дагах барилдаанд Украйны Титал Жафарянд 9:0-ээр хожигдож яваад гайхалтай эргэн ирэлтийг хийсэн?

-Яаж ч болохгүй явсаар 9:0 болчихсон. Босч ирээд өөрийгөө иш чааваас гэж бодсон. Цаг руу хартал хоёр минут гаран байхаар арай болоогүй дээ гэж бодоод л дайрсан. Миний хувьд барилдааны нэг онцлог бий. Хүмүүс дэвжээнд гарангуут том, том эрсдэлтэй зүйлээ хийчихдэг. Миний хувьд гарсан даруйдаа мэдрэмж муу гэх юм уу оноо алдчихдаг. Хүн оноо авахаараа тайвширдаг шиг би оноо алдахаараа “Одоо барилдъя даа. Дөнгөж барилдаан эхэллээ дээ” гэж боддог.

-2014 оны ДАШТ-д ОХУ-ын Сослан Романовд 11:0-ээр ялагдаж дагах барилдаан хийсэн. Энэ жилийн дэлхийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд дахиад л ялагдлаа. Нэг л болж өгөхгүй байна уу?
-Миний хувьд өрсөлдөгчөө нэг бариад авчихвал эвийг нь олдоод болчихдог. 2013 онд Романов гадагшаа нэг ч тэмцээн оролцоогүй битүү морь дэлхийн аваргад орж ирсэн. Романовыг барьж авалгүй өөрийнхөө барилдааныг тулгаад барилдсан. Гэтэл ердөө хоёрхон хий гаргахад л тэр зайнд Романов бужигначихсан. Тэрнээс хойш нэг жил таараагүй.

Энэ дэлхийн аваргаар таарахад би “Гараад бужигнахаар зайнаас бугуйны барилдаан сайтай учраас болохгүй. Тэгэхээр цочоохгүйгээр гараа өгч наалдаж барилдъя” гэсэн. Дөрвөн минут яг л төлөвснөөрөө явж байгаад төгсгөлд жижигхэн алдаан дээр дахиад л авчихсан. Сүүлийн хоёр оноог би өөрөө оноо авах гэж байгаад алдаа гаргасан. Гэхдээ олимпод үзвэл Романовыг би хожино гэсэн итгэл байна. Романов бол сая “Энэ нөхөр улам чангараад байна” гэсэн бодолтой зүрхэнд нь шар ус хураад л буцсан.

-Дэлхийн аваргаас сарын дараа армийн дэлхийн тоглолтоос Романовтой хамт хүрэл медаль хүртлээ шүү дээ?
-Жин нэмээд 70кг-д ороод ирэхээр нь сайхан таараад үзчихье л гэж бодсон. Гэтэл огт үзэж байгаагүй Азер залуу гарч ирээд саад болчихлоо. Романовтой олимпод таарах гээд байгаа юм байлгүй.  

АРМЯНЫ БӨХЧҮҮДТЭЙ БАРИЛДАХААР Л ШАР БУЦЛААД БАЙДАГ

-2010 оны Гуанжоугийн Азийн наадмаар өөрийгөө танилцуулсан Г.Мандахнаранг Лондонгийн олимпоор өвчилсөн байсан нь мэдээж. Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд эхний тойрогтоо Армений бөх Артур Арекелянд ялагдаж энэ дөрвөн жилийг үдлээ?
-Азийн наадамд түрүүлсэн болохоор Лондонгийн олимп гэж хүлээлт үүсэлгүй яахав. Ази бөхчүүд хөнгөн жинд дэлхийд ноёлдог учраас 60кг-д хүчтэй өрсөлдөгч л гэж бодсон. Арментай 10 барилдахад 10 хожиж болохоор. Болохгүй юм болдоггүй л юм билээ. Дэвжээнд буугаад явж байтал Армен урд алхаад миний бүр шар хөдлөөд болдоггүй.

Дөрвөн жил хүлээх болж, миний хувьд бүх юм дуусчихаж байгаа шүү дээ. Барилдаж байхад энэ муу намайг үсдээд байсан нь бодогдоод, шар хөдлөөд дэлбэрэх гээд байхаар нь цохиод унагачихсан. Гэтэл намайг тал, талаас пид, пид гээд л баахан Арменууд цохиод доороо унагааж манай хэд харчихаад ирж авсан. Тэгээд л дэлбэрэх гээд байсан юмаа гаргаж хэсэг онгойсон.

-Үүнийхээ төлөө дасгалжуулагч нараас зэмлэл сонсов уу?
-Надад ямар хүнд байгааг дасгалжуулагч нар мэдэж байгаа болохоор загнах хэцүү л дээ. Жин их хассан болохоор бас эргэж сэргэхгүй байсан юм шиг. 12 кг хассан.

-Дараа нь дахиж таараагүй байх аа?
-Таараагүй. Гэхдээ тэрнээс хойш муу Армянуудад том боломжоо алдсан гэж бодохоор л цаанаас л юм буцлаад байдаг юм. 2014 оны ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Армяны бөх дэлхийн аварга Дэвид Сафаряныг ялж хариугаа сайхан авч дотроо их баярласан. Эхний үед 4:0-оор хожиж сүүлдээ өнөөх Армян дэвжээний голд зогчихсон “Энэ тэнэг монгол дайраад салахгүй нь. Яах вэ гэсэн янзтай” над руу хараад л. Би тэр царайг нь хараад дотроо бол инээд хүрч байгаа юм чинь.

ОЛИМПИЙГ ЗУРАГТААР ҮЗЭХ ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗҮЙЛ

-Лондонгийн олимп зурагтаар үзэх хэцүү байсан уу?
-Хамгийн хүнд зүйл. Суугаад үзэхээр нервтээд, шатаад, үнэхээр хэцүү байсан. Спортод хайртай хүн дэмждэг баг, бөх нь ялагдаад зурагтаа аваад шидчихдэг. Яг л тийм хэмжээнд очсон. Сүүлдээ үзэхээ болиод байшингаа бариад л байсан. Финалын барилдааныг л үзсэн. Хүмүүс харахад тамирчдын ялагдал их амархан байх. Харин тамирчин хүнд үнэхээр хүнд тусдаг. 2012 оны олимпийн эрхээс гадна 2009 оны анхны дэлхийн аварга намайг бас л нам цохьсон.

-Анхны дэлхийн аварга байж уу?
-Тийм. Тухайн үеийн удирдлагууд голоо цохиж цагийн тулгаж нисгээд яасан билээ. Азийн аваргаас мөнгөн медаль авсан юм чинь дэлхийгээс чадна гээд бодчихсон. Том юм санаж очоод эхний тойрогтоо ялагдаад шууд шоконд орчихсон. Монголд буухад өглөө эрт таарч намрын жихүүхэн салхитай хүйтэн бороо орж байсан. Би тэр өдөр Өнөрөөд “Монголын тэнгэр ч уйлж байна. Хоёулаа ч дотроо уйлах маягтай байна. Цаанаа л нэг гуниг байна. Энэ гуниг давтагдахгүй байх болтугай” гэж хэлж байснаа огт мартахгүй.

Эхнэртэйгээ дөнгөж сууж байсан үе. Гэтэл түүнтэй юу ч ярихгүй би хөдөө явлаа гээд мал дээр очоод таг болчихсон. Эхнэр, аав, ээжтэйгээ хэнтэй ч холбоо бариагүй. Манай эхнэр “Надаас ингээд салж байгаа юм байна” гэж бодсон гэдэг. Зааланд ороод бэлтгэл хийнэ гэхээр л урамгүй. Аргаа бараад Цогтбаяр багшаас “Би юу ч хийгээд нэмэр алга. Урагшаа яваад ч авч чадахгүй юм. Зогсоод хамгаалах ёстой юм уу” гэж асуух хүртлээ шоконд орсон.

-Ц.Цогтбаяр гэж юу гэж хэлэв?
-Цогоо багшийн дүрэм бол зөвхөн урагшаа довтол. Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо гэдэг. Цаг хугацааны эрхээр шокноос гарсан. Би өөртэйгээ адилхан болчихсон хүмүүст “Ялагдлаа хурдан март. Хэн ялагдлаа хурдан мартсан нь амжилтад хурдан хүрдэг” гэж зөвлөдөг. Хурдан мартсны ачаар ч Азийн наадамд түрүүлсэн.

2013 ОНЫ ДАШТ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙСАН УЧРААС МАРТАГДДАГГҮЙ

-Тэгвэл 2013 оны ДАШТ-ээр хүрэл медаль хүртснээр Лондонгийн олимпийн харуусал мартагдсан уу?
-Бараг л. 2013 он гарангуут жин өгсч 66кг-д барилдаж эхэлсэн. Дэлхийн аварга хүртэлх есөн сарын хугацаанд оролцсон тэмцээндээ финалдаж медаль авсан. Олимпийн дараах жин учраас залуучуудын шинэ цикл гараад ирчихсэн. Дэлхийн аварга ч дөхлөө, өөрөө прогнозоо гаргахад 7-8 хүн байсан. Хоёрыг нь хожиход медаль гарч ирнэ гэж тооцоолсон. Гэтэл дэлхийн аваргаас 45 хоногийн өмнө Хүдэрбулга бид хоёр хөлөө гэмтээчихсэн. Нэгдсэн цугларалтад хөл битүү боолттой, бэлтгэл дээр хөндчихгүй, гэмтлээ нэмчихгүйг хичээж буланд ганцаараа хүчний бэлтгэл хийгээд л.

-Гэмтлийн улмаас дэлхийн аваргыг өнжинө гэсэн айдастай байсан байх?
-Өөр хүн тавихааргүй байсан. Хувь хүн талаасаа би энэ жинд авах нь баараггүй. Гэхдээ энэ багт надаас өөр авчих хүн цөөхөн. Шигшээ багийн дасгалжуулагч нарыг томилох гэж хоёр сар хүлээлгэсэн. Багш нарыг муу байна гээд ажлаас нь халах магадлал өндөр байсан. Ийм учраас би хариуцлагыг өөртөө хүлээж бэлтгэлээс илүү тархиа ажиллуулж бэлдсэн.

Шигшээ багийн албанаас “Танай багт лидер байхгүй. Хэн нэгэн лидер болох ёстой. Амжилт гарга” гэсэн. Би үүнийг ухамсарлаж орой, үдэш цаг гарвал бүх зүйлийг тооцоолж гараас гаргаад, хөлөө хөндөхгүйгээр дэлхийн аваргад очсон. Санаснаар минь ч болж дэлхийн аваргын анхны медалиа хүртсэн.

2013 оны дэлхийн аварга дээшээ явах уу, доошоо унах гэдэг дээсэн дөрөөнд дээр байсан учраас хэзээ ч мартагдаггүй. 3-4 удаа дэлхийн аварга оролцоод медаль авахгүй бол улсын наадмын тавын даваа гэдэг шиг сэтгэлд нь юм хурчихдаг. Дэлхийн аварга гэхээр л цаанаа чичрээд л. Ийм хүн олон бий.

-Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр гэж ах дүү хоёрын шавь болно гэдэг "Алдар" спорт хорооны хүүхдүүдийн аз юм даа?
-Амьдралын минь хамгийн том аз. 13 настайдаа өнхрөлтөөс авахуулаад А үсгийг минь Зоригоо багш  минь заасан. Үүний дараа Цогтбаяр, Хосбаяр багшийнхаа удирдлагад очсон. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын 4-5 медальтай шавь энэ хүмүүсээс гараас гарлаа. "Алдар" клубт очоод тэр олон хүүхдээс мэрийлт чармайлтаараа тодорч багш нарынхаа нүдэнд өртсөндөө баярладаг. 2006 онд залуучуудын улсын аваргаас хүрэл медаль авахад “Ирээдүйтэй хүүхэд байна. Автобусны мөнгө залгуулаад бэлтгэлээ битгий тасал” гээд хүний цалингаас хувааж 60 мянган төгрөг өгөх болсон.

Чөлөөтийн гавьяатууд.

2008 онд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэхэд багш нар “Алдар спорт хорооны тамирчин болох болжээ” гээд БХЯ-наас тушаал гаргаж цалинтай болгож байлаа.  Оюутан болоод дүүтэйгээ гэр хөлсөөд чөлөөтийн Лхамгармаагийн хашаанд Эрдэнэтолгойд байдаг байсан. 60 мянган төгрөгөөр цалингаараа хоол ундаа залгуулчихна, дүүгийнхээ автобусны билетийг авчихвал асуудал шийдэгдчихнэ. Миний хувьд мөнгөгүй үедээ "Алдар" клубээс Эрдэнэтолгой хүртэл алхчихна.  Одоо бодоход бол сайхан дурсамж.

-Г.Мандахнарангийн хувьд УАШТ, “Mongolian open” 60кг, 65кг, 70кг гээд гурван өөр жинд түрүүлж энэ жиндээ тив, дэлхийгээс медаль хүртсэн амжилтаараа бахархдаг уу?
-Миний энэ амжилт юугаараа гоё гээч тухайн жингүүдийн Монголынхоо бүх шилдгүүдтэй барилдаж үзсэнд оршдог. Би анх 60кг-д 2008 онд түрүүлсэн. Дэлхийн аваргад хоёр ч оролцсон уран барилдаантай Сүхбаатар ах, Наранбаатар ахыг хожиж түрүүлсэн. 2009 онд үеийн залуучууд болон Лхагвадорж ахтай барилдаад л. Монголын шилдэг бөхчүүдтэй гар зөрүүлсэн учраас ялалт, ялагдал нь надад үнэтэй туршлага тулгуур болсон. Хөнгөн жингийнхнээс хөл авах техник, нарийн мэдрэмжийг, жин дээшлээд ирэхээр хав золгоо, барьцны мэдрэмжийг сурсан. Үүний ачаар дэлхийн хүн болж чадсан болов уу.

-За ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Дэлхийгээс авсан 2016 оны олимпийн эрхээ Монгол Улсаас баталгаажуулж зорьсондоо хүрээрэй. 

-Баярлалаа. Хичээх болно оо.

                                                                                                Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ