“Дүр хуваарилснаас хойш бид Шинээ, Дөлгөөн биш Ромео, Жульетта болсон”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2015-11-09 09:52 GMT+8

Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон “Ромео Жульетта” жүжгийг Улсын Драмын Эрдмийн театрын алтан тайзнаа дахин тавих гэж байна.

Ингэхдээ Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр амилуулах юм.

Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах, хайрлаж хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн гол дүрүүдэд Ромеод жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн нар тоглоно.

Гол дүрийн хоёр жүжигчинтэй бэлтгэлийнх нь үеэр уулзаж ярилцлаа.

-Жүжигчид ямарваа дүрд тоглох үедээ тухайн дүрээрээ “амьдардаг” гэдэг. Та хоёрын хувьд энгийн үедээ дүрдээ орчихсон байгаа нь анзаарагдлаа.

О.Дөлгөөн:

-Дүр хуваарилж эхэлснээс хойш бид хоёр Шинээ, Дөлгөөн биш Ромео, Жульеттад хувилаад сууж байна. Театрынхан маань ч Жулия, Ромео гэж дууддаг болсон. Хаа хамааралгүй хоёр хүн тайзан дээр гараад “Хайрт минь” гэж дуудахдаа биш, нэг нэгнийхээ гоё сайхныг олж харах, бие биедээ “дурлаж” байж, жүжгээ тавихаар хичээж байна. Театрынхан маань сүүлийн үед бид хоёрыг дүрдээ орчихож гэж ярих болсон. Миний хөл холговол Ромео намайг үүрээд л гүйх жишээтэй.  /инээв/

Б.Шинэбаяр:

-Бас бие биенийхээ зан чанарыг илүү мэдэрч, бусдаас илүү дотно болсон.

-О.Дөлгөөн: Гэхдээ зөвхөн жүжгийнхээ хувьд шүү дээ. Түүнээс биш бид тусдаа амьдралтай хүмүүс. Сайн уран бүтээл гаргахын тулд л дүрдээ ажиллаж байгаа хэлбэр.

-Ромео эхлээд Розалина хэмээх нэгэн бүсгүйд дурладаг. Гэтэл дараа нь Жульеттаг олж хардаг. Энэ сэтгэлзүйн хувирлыг хэрхэн илэрхийлэхийг хичээж байна вэ?

-Б.Ш. Дурлал хайр хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Дурлалын дээд цэг нь секс. Тэр нь Розалина. Харин Жульеттаг бол өөр. Ромео түүнийг чин сэтгэлээсээ хайрласан. Розалинад шунал, хүсэл тачаалаар дурласан бол Жулияд анхны харцаар дурлаж, тэр нь цаашдаа агуу хайр болдог.

-Дүр амилуулах тухайд найруулагч та хоёроос юу хүсч, “нэхэж” байна вэ?

-О.Д. Ромео Жульетта хоёр маань 14, 15 настай хүүхдүүд. Мэдээж 14 настай хүүхдээс бодлогогүй үйлдэл гарах нь бий. Нэг нэгнийхээ төлөө үхэх зориг ч тэднээс гарах байх. Гэтэл бидний насныханд хүмүүс хэн нэгэнд дурлаад, түүнээс болж үхэх тохиолдол ховор шүү дээ. Энэ насны хүүхдүүд зүрх сэтгэлээ дагаж байгаа юм. Тэгэхээр дүрээ гаргахын тулд 14 настай хүүхдүүдийн сэтгэхүй, үйл хөдлөлийг судалж байна. Бид гомдлоо дотогшоо цоожилдог бол тэдний сэтгэл хөдлөл ил байдаг. Энэ тал дээр ажиллаж байна.

Найруулагчийн хүсэж байгаа зүйл гэвэл Ромео, Жульетта хоёр жүжиг эхлэхэд хэн байсан, жүжиг дуусахад хэн болсон бэ гэдгийг дэлгэж тавих нь чухал.

-Б.Ш. Найруулагч өөрийнхөө нүдэнд харсан дүрийнхээ талаар тухайн жүжигчнээс яг тийм зүйл хүсэж байна гэдэг. Жүжигчин хүний туйлын зорилго бол дүр бүтээх. Гэтэл бид хоёрын хувьд дүр бүтээх гэдэг их том зүйл. Одоогоор дүр дээр ажиллаж байна гэвэл илүү тохирох байх.

-Энэ удаагийн жүжиг өвөрмөц тавилттай гэж ярьж байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Б.Ш. 1996 онд тавигдаж байсан хүн бүрийн мэддэг “Ромео Жульетта”-гаас юугаараа ялгаатай юм бэ гэж хүмүүс асууж байна. Найруулга, тавилт, дэг нь өөр. 1996 онд дундад зууны үеийг дүрсэлснээр тавьж байсан бол энэ удаад Ромео Жульеттад он цаг огт хамаарахгүй.

-О.Д. Дүрийн хувьд 14 настай охин учраас илүү дэггүй, сахилгагүй, гэнэн Жульеттаг гаргаж ирэхийн тулд ажиллаж байна. 

-Б.Ш. Ромеогийн хувьд бас адилхан. 15 настай, зүрх сэтгэлээ дагасан гэнэн хүүхдийн дүр.

-Ромеогийн дүрийн талаар тодорхой ярихгүй юу. Түүнээс хурц зан чанар гарах уу?

-Б.Ш. Гарна. Ромео уйлна, инээж хөөрнө, баярлана, гутарна. Ромео эндээс хэн нэгнийг буруутгана. Хүнд ер нь бүх л зан чанар байдаг. Ромео ч энэ тайзан дээр тэр бүх сэтгэл хөдлөл, зан чанар, үйл хөдлөлийг гаргана. Тийм учраас жүжигчин хүнээс их ур чадвар шаардсан дүр.

-О.Д. Жульетта гэхээр л нэг охин ингээд л гүйгээд байвал утгагүй. Найруулагчийн үгийг хэлэхэд, хүн амьдрал дээр хэчнээн даруухан байсан ч өөрт нь асуудал тулгарах үед буг чөтгөр шиг зан гаргах тал бий. Тийм ньюансууд бий.

-Жүжигт хамгийн их сэтгэл хөдлөл шаардсан хэсэг?

-О.Д. Хоёр тагтны хэсэг байдаг. Тэрний сүүлийнх нь. Бидний сүүлийн учрал. Дахиж уулзахгүй, үхээд л уулзах гэж байгаа хэсэг. Хамгийн их сэтгэл хөдлөлтэй, тэр утгаараа миний хамгийн дуртай хэсэг. Хайртай хүнтэйгээ уулзмаар байдаг. Гэтэл бидний хооронд маш том хана босчихсон. Тэр ханыг давж чадахгүй байгаа тэр сэтгэлзүйг гаргахад их хэцүү.

-Б.Ш. Надад эхний тагтны хэсэг. Үзэгчид хамгийн анх удаа Ромео, Жульетта хоёрын хайр дурлал хэрхэн баталгаажиж, тэр дурлал хэрхэн хайр болон дэлгэрч байгааг үзүүлдгээрээ их гайхалтай.

-Шинэбаяр жүжигчин О.Гэрэлсүхээс зөвлөгөө авч байна уу?

-Б.Ш. Жүжгийн сургуулилтын үеэр Гэрэлсүх ах хөшигний ард таарвал зөвлөгөө өгдөг. Гэхдээ яг одоогоор уулзаад зөвлөгөө авч амжаагүй байна.

-Баярлалаа. Жүжигт нь амжилт хүсье!

Хэрэв Та “Дээжис” дижитал сэтгүүлийг татаж амжаагүй анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz

Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL

Facebook:https://www.facebook.com/DeejisDM

Twitter:https://twitter.com/DeejisDM

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ