Орчин цагтай хослуулсан “Ромео, Жульетта” тайзнаа амиллаа /ФОТО/

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2015-11-13 08:19 GMT+8

Гэрлээд 10 шахам жил амьдарч, гурван сайхан үртэй болсон залуухан хос өчигдөр хуримаа хийлээ. Энэ бол Гэгээн хайрын билэг тэмдэг болсон “Ромео, Жульетта” жүжгийн нээлтээр нэгэн залуугийн гэргийдээ бэлдсэн гэнэтийн бэлэг.  Ийнхүү хайрын түүхийг үзэхээс өмнө цугласан олон зочид хайрын гэрч болцгоосон юм.

Монгол бахархлын өдөртэй Драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсан ойн баяр давхцаж байна.  Тиймээс л энэ баярт өдөр уран бүтээлчид Монголдоо гурав дахь удаа тавьж буй “Ромео Жульетта” жүжгийн нээлтийг хийхээр шийдсэн байжээ.

Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан уг жүжиг найруулга, тавилт, хувцас, тайз, хөгжим, гэрэлтүүлэг гээд бүхий л талаараа урьд өмнө байгаагүй өвөрмөц шийдэлтэй байх болно гэж уран бүтээлчид нь ярьж байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл энэ бүхэнтэй үзэгчид санал нэгдэж,  эхлэлээс төгсгөл хүртэл үнэхээр гэнэтийн, санаанд оромгүй байлаа гэж ярьж байсан юм.

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу:

“Ромео, Жульетта” бол уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг сорьсон жүжиг. Түүний зэрэгцээ бидэнд томоохон хэмжээний сургалт өглөө. Тийм ч учраас бид өнөөдөр Шекспирт ээлжит шалгалтаа өгөх гээд зогсож байна. Энэ шалгалт Монголын театрын урлагийн хөгжилд түүх болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна” гээд уг уран бүтээлд оролцсон хамт олондоо болон хамтарч ажилласан байгууллагуудадаа талархал илэрхийлж, жүжгээ нээсэн юм.

Ингээд нүргэлсэн хөгжим дуугарч, бие биедээ дайсагнасан Капулетт, Монтекки нарын гэр бүлийн тулаанаар жүжиг эхэллээ. Розалина хэмээх бүсгүйд дурлаад байсан Ромео Жульеттатай хэрхэн учирч, анхны харцаар ухаанаа алдталаа дурлахыг эрхэм та таалан соёрхон үзнэ үү.

Харин жүжиг өндөрлөсний дараа уран бүтээлчдээс сэтгэгдлийг нь сонссоноо уншигч тантай хуваалцаж байна.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг :

Би өмнө нь Ч.Найдандорж найруулагчийн тавьсан “Ромео Жульетта”-г үзэж байсан. Үнэхээр догдлуулсан, домог болсон тавилт байлаа. Харин дараа үеийн залуу найруулагч шинээр тавих нь надад их сонирхолтой байсан. Өмнөх тавилтаас тэс ондоогоор тавих гэсэн эрмэлзэл нь харагдаж байна.

Ялангуяа гэрэл тайзыг орчин үеийн сэтгэлгээтэй хослуулж тавьсан нь үнэхээр гайхалтай болж. Цахим орчин хөгжсөн эрин үед сонгодог “Ромео, Жульетта” тайзан дээр смарт утасны дэлгэц шиг өнгөөр харагдаж байгаа нь гайхалтай байна. Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатартаа баяр хүргэе.

“Боролдой” студийн захирал Б.Мягмар:

“Сайхан жүжиг болсон байна. Ялангуяа Лоренцо лам жүжигчин С.Болд-Эрдэнэ маш сайн тогложээ. Гайхамшигтай. Моцартын тухай кинонд гардаг шиг тэр хахир инээд зүрх зүсч байна. “Шөнийн дайллага” /The Banquet/ киноны Гамлетын хөдөлгөөн бас энд сэтгэл хөдөлгөж байна.”

Жүжигчин А.Цэгмид:

1990-ээд оны үеийн жүжигтэй харьцуулахад асар өөр найруулгатай, тавилт, бүжиг, орчин үеийн залуучуудын эрэлт хэрэгцээ шаардлагад тохирсон байна. Хүн хүнээ хайрлах сэтгэлийг Шекспирийн бичсэнээс өнөөдрийн 2015 оны хэмжээнд тусгаснаараа онцлогтой сайхан жүжиг болжээ. Их сэтгэл догдолж үзлээ.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг:

Тэсэн ядан хүлээсэн “Ромео Жульетта”-г үзлээ. Орчин үе рүү илүү наалдуулж өгсөн байна.  Энэ нь магадгүй Н.Наранбаатар найруулагчийн шийдэл, хэв маяг байх. Дүрүүдийн сонголт их сайн болсон мэт санагдсан. Гэхдээ би сайн мууг нь шүүж тунгаах хүн биш л дээ.

Миний хувьд маш их таалагдлаа. Одоо үед ч бидний дунд байгаа асуудлыг хөндөж байгаагаараа сонгодог гэж хэлж байгаа болов уу. Маш гоё авангард уур амьсгалтай “Ромео, Жульетта”-г Монголд битгий хэл дэлхийд анх удаа тавьсан болов уу гэж бодож байна.

Ромео, Жульетта хоёроос бусад нь ан араатан болж дүрслэгдэж байгаа нь агуу шийдэл байлаа. Байгаа хоёр хүн нь Ромео, Жульетта байсан. Тайз засалт, гэрэлтүүлэг, хувцас гээд бүх зүйл нь үнэхээр өөлөх юмгүй гайхалтай төгс болжээ. Маш их уйллаа, маш их догдоллоо, сандарлаа, шар үс бослоо. Гоё мэдрэмжүүдийг зэрэг авсан гайхалтай жүжиг байлаа.

Ерөнхий зураач, дизайнер Д.Ариундэлгэр, зураач, дизайнер Н.Үнэнбат нарын бүтээл

Ардын жүжигчин С.Сарантуяа

МУСТА А.Цэгмид Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнууллаа

Ромео, Бенволио нар

Хотын захирагчийн хүү Парис делла Скала

Тибальт, Антонио Капулетти нар

Өрлөг эх, Жульетта хоёр

Лоренцо ламтан

Ромео, Никколо Монтекки нар

Бенволио, Монтекки, Меркуцио нар

Хотын захирагч

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар

Ерөнхий зураач Д.Ариундэлгэр

Хөгжмийн зохиолч Б.Чинбат

 “РОМЕО & ЖУЛЬЕТТА” ЖҮЖГИЙН ДҮРҮҮДЭД:

Ромео Монтекки – Б.Шинэбаяр
Жульетта Капулетти – О.Дөлгөөн
Меркуцио Гуерцио – Э.Тодгэрэл
Тибальт Валенцио – Г.Алтангэрэл
Бенволио  - Б.Золжаргал
Лоренцо – С.Болд-Эрдэнэ /СТА/
Өрлөг эх – Ж.Оюундарь /МУГЖ/
Антонио Капулетти - Г.Эрдэнэбилэг /СТА/
Хатагтай Капулетти – Н.Баярмаа
Никколо Монтекки – Г.Амгаланбаатар /СТА/
Хатагтай Монтекки – Г.Номуун
Скала – П.Цэрэндагва /МУАЖ/
М.Түвшинхүү /СТА/
Парис делла Скала – Г.Дөлгөөн-Аюуш
Розалина – О.Тогтохжаргал /СТА/
Эмийн санч – Б.Жаргалсайхан /МУГЖ/
Пьетро – А.Чингүн
Самсон – Ц.Төгсбилэг
Грегори – А.Алтантөр
Бальтазар – Б.Эрдэнэбаяр
Живони – Э.Идэрболд /СТА/ нар тоглолоо.

Тоглолт арваннэгдүгээр сарын 12-21, 26, 27, 29-нд

18:00 /Амралтын өдөр/
19:00 /Ажлын өдөр/ цагаас

Тасалбарыг: Улсын драмын эрдмийн театрын билетийн кассаар
Үнэгүй хүргэлт: 1900-1617
Цахим хэлбэрээр худалдан авах: https://www.monda.mn/#host/3

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 70118187/касс/
99026929, 99199794, 89403070, 96117878

Гэрэл зургийг: О.Сүхбат

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ