Залуу үеийн улс орныхоо ирээдүйд итгэх итгэл аажмаар унтарч байна
Арваад жилийн өмнө нэгэн танил маань иргэд нь гадаадын Элчин сайдын яамны өмнө виз горьдон дугаарладаггүй, хүссэн зүгтээ нүүр бардам зорчиж чаддаг улс болохсон хэмээсэн нь сэтгэлд тод үлджээ. Тэр үед өндөр хөгжилтэй орны виз гэдэг олон хүний хувьд тэнгэрийн умдаг мэт санагддаг байлаа.
Мань эрийн асуудал виз байгаагүй. Иргэд нь эх орондоо сэтгэл хангалуун амьдардаг, олон улсын түвшинд бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн тийм л улс гүрэн болохсон, энэ үйл явцад гар бие оролцохсон гэсэн залуу эрийн оргилуун хүсэл юм.
Тэр үед хорин хэдтэй байсан оргилуун залуус өнөөдөр гучин насны босгыг хэдийнэ давжээ. Тэр хэрээр энэ л оргилуун хүсэл мөрөөдөл нь аажмаар бөхөж байна.
Хамгийн чухал нь эрүүл, шударга, ил тод нийгмийг бүтээх
Энэ л үеийнхнийг төлөөлөх эргэн тойрны минь хүмүүсийн дундаас гадаадад амьдрах тухай цухуйлгах нэгэн ч олширчээ. Үүнийх нь төлөө тэднийг халирамтгай, тэвчээргүй хэмээн буруутгаж болно. Гэхдээ хувь хүн илүү сайн нөхцөлд амьдрахыг хүсэх нь зайлшгүй.
Ингэж нэгэн үеийн залуусын улс орныхоо ирээдүйд итгэх найдвар аажмаар унтарч байгаад хэд хэдэн зүйл нөлөөлж байгаа байх. Нэн түрүүнд Монголын эдийн засгийн таагүй нөхцөл байдал урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байх үед гадаадад сурч боловсрол эзэмшсэн залуус өөрийгөө сорихоор эх орондоо эргэн ирэх хандлага анзаарагдахуйц нэмэгдэж байсан. Засгийн газраас “Зөгийн үүр” нэртэй хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж байв. Харамсалтай нь “Зөгийн үүр” бий болсонгүй. Нөгөөтэйгүүр илүү хувь хүний шинжтэй буюу нас ахиж, хэрсүү суусан нь ч нөлөөлсөн л байх. Гэхдээ хамгийн чухал нь Монголын төр иргэддээ шударгаар хөдөлмөрлөж, амар тайван амьдрах боломжийг нь олгож чадахгүй байгаа явдал болов уу.
Танил маань мөрөөдлөө хуваалцаж байх үеэс хойш 10-аад жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэр хувь хүнийхээ хувьд багагүй өсөж хөгжсөн нь ойлгомжтой. Харин энэ хооронд эх оронд маань ямар эерэг өөрчлөлт гарав. Тоогоор илэрхийлбэл багагүй ахиц гарчээ.
Тухайлбал, 10 жилийн өмнө 2000 оны зэрэгцүүлсэн үнээр 1000 ам.долларыг шүргэж байсан нэг хүнд ногдох ДНБ өнөөдөр лав хоёр дахин өсжээ. Ийм тоон ахиц дэвшил олныг дурдаж болно. Гэвч тэр хэрээр амьдралын чанар дээшилсэн үү гэвэл эргэлзээтэй. Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар хоёрт лав хоёр дахин их ахиц гараагүй. Алив ажил хэрэг танил тал эсвэл авлигын хүчээр бүтдэг, ижил шударга өрсөлдөх боломж хангагдаагүй хэвээр л байна.
Авлигын эсрэг гэсэн сайхан нэртэй аян нь эцэстээ улс төрчдийн нэг нэгнийгээ айлгах зэвсэг л болон хувирч. Өөрөөр хэлбэл, энэ хооронд эдийн засаг маань уул уурхай руу цутгах мөнгөний тусламжтайгаар хоёр дахин томорсноос өөр ахиц дэвшил гарсангүй. Урьдын чанаргүй нийгмийн үйлчилгээ, хуульзүй болон төр дэх шударга бус байдал хэвээр. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн цөөн хэдэн жилд мөнгөний үнэрт мансууран суухдаа бид энэ ялзралын үнэрийг түрхэн мартжээ. Харин өнөөдөр эргээд хөрсөн дээрээ бууж ирэхэд энэ үнэр улам л хурц байна. Тэр хэрээр залуусын итгэл найдвар алдарсан нь дамжиггүй.
Залуус их юм хүсээгүй. Социализм биш, ардчиллын үед өсөж, хүмүүжсэн болохоор сайн сайхан нийгмийг төр бүтээж өгөх бус, өөрсдөө бүтээнэ гэдгийг тэд мэддэг. Тэдэнд аюулгүй, шударга өрсөлдөж, амжилтад хүрэх боломжтой нийгэм л хэрэгтэй. Бусдыг нь тэд өөрсдөө бүтээнэ. Харин тэднийг өрсөлдөж, амьдрах боломжтой тогтолцоог бүтээх ёстой төр нь ихэнх тохиолдолд үүргийнхээ эсрэг ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг билэгдэл зүйтэй холбон тайлбарладаг сайд асан, өөртөө зориулан өргөө гэр бариулж уралдах УИХ гишүүд, уул уурхайн төслүүд, гадаадын зээл тусламжаар өнөөдрөө аргацаахаас алсыг харж чадахгүй сайд дарга нар хүссэн тогтолцоог нь бүрдүүлнэ гэдэгт залуус итгэхгүй байна. Тийм ч учраас тэд улс орныхоо ирээдүйд итгэл алдарч буй хэрэг.
Эдийн засгийн хувьд ДНБ-ий хувь хэмжээ өссөн ч тогтолцоо маань эрүүлжиж, сайжирсангүй
Уул уурхайн төслүүд хөдлөх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь чухал боловч хамгийн чухал нь биш. Хамгийн чухал нь эрүүл шударга, ил тод нийгмийг бүтээх явдал. Хэрэв ингэж чадвал өнөөдөр эрэл сурал болоод байгаа мөнгө өөрөө урсан орж ирж болно гэдгийг огцом хөгжсөн олон орны жишээ батална. Ийм нийгэм бүрэлдээгүй цагт мөнгө нь олдсон ч муу нохойн ходоодонд шар тос тогтохгүй гэдгийн үлгэр болохыг өнгөрсөн туршлагаасаа харж болно.
Технологийн дэвшил, даяаршлын үрээр дэлхий ертөнц дэх өрсөлдөөн улам ширүүсч байна. Монгол залуус дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцах, үндэстэн дамнасан корпрорациудад ажиллах нь энгийн үзэгдэл болж, хил хязгаар, соёлын ялгаа улам бүр арилж байна. Энэ нөхцөлд Монгол дэлхийн хүний нөөцийн зах дээр боловсон хүчин татах чадваргүй өрсөлдөгч болон хувирч байна. Өөрөөр хэлбэл, авьяас чадвар, боловсрол мэдлэгтэй залуусаа татах, авч үлдэж чадахуйц өрсөлдөөнт нийгмийг бүрдүүлж чадахгүй бол Монгол өнөөдрийнхөө намаг балчигт дунд улам л гүн шигдэх болно.
А.Амармэнд