Сурагчид 11, 12 настайдаа аль хэдийнэ архи амсаад үзсэн байдаг
Архидалт нь нийгэмд хавтгайрсан хамгийн эмзэг асуудал болжээ. Нийгэмд гарч буй гэр бүлийн зөрчил, онц ноцтой гэмт хэрэг, автомашины ослын гол шалтгаан нь архинаас үүдэлтэй байна.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар нэг хүнд жилд 8-9 литр архи ногдож байгаа тохиолдолд тухайн улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулна гэж үздэг. Тэгвэл Монголын хүнсчдийн холбооны 2012 онд гаргасан тооцоогоор 21-ээс дээш настай манай улсын нэг хүн тутамд 7.13 литр цэвэр хуурай спирт ногдож байна. Харин 38 градустай архи нэг хүнд 18.78 литр ногдож байгааг тогтоосон байдаг.
Энэхүү тоо нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс даруй хоёр дахин өндөр үзүүлэлт бөгөөд үндэсний аюулгүй байдалд хэдийнэ нөлөөлж эхэлснийг баталж байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд архидалтын түвшин эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн рүү чиглэж байгааг олон судалгаа харуулж байна.
Тааруулах гэдэг ойлголт даамжирсаар архины хамааралтай болдог
Тухайлбал, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард архи согтууруулах ундааны талаарх олон нийтийн мэдлэг хандлага, хэрэглээний дадлыг тодорхойлох судалгааг бүсчлэлийн дагуу дөрвөн аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн 1200 орчим хүнээс авчээ.
Санал асуулгын дүнд судалгаанд оролцогчдын 73 хувь нь архидалт манай нийгэмд хавтгайрч байгаатай санал нэгдсэн бөгөөд тэр дундаа Улаанбаатар хотод архидалтын түвшин хамгийн өндөр байгааг дурджээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулж үзэхэд эрчүүдийн архины хэрэглээ 0.3 хувиар буурсан байв. Гэтэл эсрэгээрээ эмэгтэйчүүдийнх 0.7 хувиар өсчээ. Хэдийгээр бага зөрүүтэй тоо мэт санагдах боловч эмэгтэйчүүдийн дунд архидалт өдөр ирэх тутам нэмэгдэж буйг энэ судалгаа нотолно. Баар, цэнгээний газар, ресторан, кафед эр, эм хоёр зэрэгцэж суугаад архи, дарс хэрэглэж буй нь манай нийгмийн ердийн үзэгдэл болжээ.
Мөн уг судалгаанаас харахад тусгай дунд боловсролтой 25-44 насныхан савлагаа их, градус өндөртэй цагаан архийг түлхүү хэрэглэж байна. Тэдний дийлэнх нь өсвөр наснаасаа ямар нэг байдлаар архи согтууруулах ундаа хэрэглэж үзжээ. Архи хэрэглэж үзсэн өсвөр насныхны дийлэнх нь нас ахих тусам донтох эрсдэл өндөр байдаг аж. Тухайлбал, 18 нас хүрэхээсээ өмнө архи хэрэглэж үзсэн хүүхдүүд 21, 22 насандаа анх ууж үзсэн хүнтэй харьцуулахад архины хэрэглээ нь өндөр байгааг судалгаа харуулсан байна. Манайхан дунд өдөрт нэг шил шар айраг, нэг хундага дарс, мөн 50 грамм цагаан архи уухад эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэсэн ойлголт түгээмэл.
Гэтэл наркологийн эмч нарын зүгээс архи уухад их, бага хэрэглээ үл хамааран амсаж үзсэн л бол эрсдэлтэй хэмээн үздэг байна. Архи гэдэг ундаа хүнийг өөрөөсөө хамааралтай болгох үйлчилгээтэй учир зөв хэрэглээ, зөв дадал, зөв уулт гэсэн ойлголт байдаггүйг экспертүүд тодорхойлж буй. Монголчууд бид тааруулж ууна, эсвэл долоо хоногт бага хэмжээгээр уух нь хор уршиггүй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл энэ нь даамжирсаар нэг мэдэхэд л архины хамааралтай болсон байдаг аж. Цаашлаад урагт, оюуны чадамжид нөлөөлж эхэлж буй харамсалтай мэдээ ч чих дэлсэх болов.
“21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалт байсаар байхад хүмүүс яагаад өсвөр үеэсээ архи хэрэглэж байна вэ гэсэн асуулт ч эндээс ургаж байгаа юм. Гэтэл үүний цаана эцэг, эх нь хүүхдийнхээ, ах, эгч нь дүү нарынхаа дэргэд архи хэрэглэж байгаа буруу үлгэр дуурайл нийгэмд хэвийн үзэгдэл мэт тогтжээ. Энэ үйлдлийг нь харсан хүүхдүүд “Эд нар ер нь яагаад энэ савтай зүйлийг уугаад байна вэ. Гоё байдаг юм шиг байна. Амсаад үзье” гэсэн сониуч зан нь архи ууж үзэх сэдлийг төрүүлдэг. Мөн “Бага градустай дарс, шар айраг ууснаар архичин болчихгүй. Бага зэрэг уухад толгой манараад гоё байдаг” гэсэн дулимаг ойлголтоор бага градустай архи уусаар согтууруулах ундаанд донтох суурь тавигддаг.
Зөв хэрэглээ, зөв дадал, зөв уулт гэсэн ойлголт байдаггүй
Өнөөгийн зах зээлийн нийгэмд архины хор уршгийг бүр ч үл тоох болсон. “Надад ашиг унаж байвал хэн худалдаж авах нь хамаагүй” гэдэг үзлээр хандаж буйгаас архидалтыг улам хавтгайруулж, дам байдлаар хөхүүлэн дэмжиж байгаа нь нууц биш. Нөгөөтэйгүүр ерөнхий боловсролын сургуулийнханд 8-9 дүгээр ангиас нь л архины хор хөнөөлийн талаар эрүүл мэндийн хичээлээр дамжуулан заадаг. Гэтэл сурагчдын дунд хийсэн ярилцлагын үр дүнгээс анзаарвал тэд 11, 12 настайдаа аль хэдийнэ архи амсаад үзсэн байдаг гэнэ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр архины хор хөнөөлийн талаарх хичээлийг хэзээ хойно зааж байгаа нь хичээлийн зорилгыг үр дүнгүй болгож буй хэрэг. Манайх шиг аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэж чаддаггүй улс чанга хатуу хуультай л байхгүй бол ухамсраараа хаяна гэдэг юу л бол. Гэхдээ хүчээр хэрэгжүүлбэл хууль бус худалдаа ихэснэ. Түүнийг нь илрүүлэхийн тулд гэмт хэрэгтэй тэмцэхээс их зардал гардаг гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи-нийгмийн сэтгэл зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан О.Баасантогтохоос зарим зүйлийг тодрууллаа.
-Архидалтын гол шалтгааныг юу гэж тодорхойлж байна вэ?
-Хүмүүс маш их завтай байна. Нөгөөтэйгүүр, архи борлуулах цэгийн тоо олширсон. Манай улсын архины үйлдвэрлэл худалдаа жил ирэх тутам нэмэгдсээр л байна. 1992 оны архи согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортыг 2013 онтой харьцуулахад 79, 1995 оны шар айрагны үйлдвэрлэлийг 2013 оныхтой харьцуулахад 98 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглэхэд хамгийн их нөлөөлдөг хүмүүсээр найз нөхөд болон ажлын газрынхан “тодорсон” байдаг.
-Эмэгтэйчүүдийн дунд архидалт нэмэгдэж байна гэлээ. Учир шалтгаан нь юу вэ?
-Нөхөр нь архи уудаг, эсвэл гэр бүлээ хүчирхийлдэг бол тухайн эмэгтэй өөрийгөө тайвшруулах гэж хэрэглэдэг. Дараагийн нэг шалтгаан нь нөхрөө согтоохгүйн тулд хамтдаа архи хэрэглэж байх жишээтэй. Сүүлийн үед манайд жендерийн асуудал хүчтэй яригдаж байна. Гэр бүл дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг манай ахуй ёсонд өндөр байр суурьтай. Үүнийг эрх чөлөө, шударга ёс, жендер гэдэг зүйл алдагдуулсаар. Тиймээс манай бүсгүйчүүд “Би эрх чөлөөтөй учраас эрэгтэй хүнтэй адил байх ёстой” гэсэн буруу ойлголтоор далимдуулан зэрэгцээд архи, тамхи хэрэглэх боллоо.
Б.Бямбасүрэн