Ц.Оюунгэрэл: Соёл, оюуны бүтээлийн уурхайг энэ хуулиар нээлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2016-01-11 12:25 GMT+8

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн  Соёлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Соёлын хууль ард түмний хэрэгцээ шаардлагыг хангасан хууль болж чадсан уу?
-Энэ хууль иргэдийн шаардлагаар төрсөн. Өмнө нь иргэд соёлын асуудал хариуцсан яаманд хандаж үзэж байгаа үзвэрийг өөрчлөх, үндэсний бодлогыг тусгах шаардлагыг ч тавьж байгаагүй. Зүгээр л үзвэр үзмээр байна. Хэвлэлийн  эрх чөлөө хэрэгтэй байна. Олон телевиз, кино театртай байх нь мэдээлэл авах боломжтой гэдэг талаас нь ярьдаг байсан. Түүнээс үзэж байгаа зүйлдээ тухайлбал “Би Солонгос кино үзмээргүй, монгол кино үзмээр байна” гэсэн шаардлагыг тавьж байгаагүй. Харин 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгууллагдсанаар  олон нийтийн үзэл хандлага ихээхэн өөрчлөгдсөн.

Иргэд огт өөр санал хүсэлт тавьж,  шүүмжлэл өрнөж эхэлсэн.  Сошиал ертөнцөөр, яруу найрагчид, зохиолчид, эцэг эхчүүд, иргэд “Хүүхдээ монгол хүмүүжлээр хүмүүжүүлмээр байна. Хөвгүүд, охид маань Солонгос шиг болж өсч байна. Бүгд бие биеэ “уба” гэж дуудаад болохоо байлаа”  гэдэг агуулгатай шаардлага тавьж эхэлсэн. Яам энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд хэт үндсэрхэг соёлын бодлого явуулж болдог юм уу, үгүй юу гэдгийг судалсан. Монгол Улсын соёл дэлхийн даяаршилд өртөж байгаа. Гэтэл даяаршиж байгаа орон болгонд үндэсний соёлын бодлогын асуудал хурцаар тавигддаг юм байна. Тухайлбал, Францад 1950, Европ тивд 1970, Солонгост 1990 онд болж байсан зөрчил манайд 2010 оноос тохиолдож эхэлжээ. Дэлхийн олон орны туулаад гарсан зөрчлийг бид дайрч байна.

Эдгээр улс ийм зөрчилд орсон үедээ яаж шийдсэн бэ гэхээр хэвлэлийн эрх чөлөөгөө хадгалсан чигтээ үндэсний соёл урлагийн квот тавьж шийдсэн байсан. Тиймээс дэлхийд гаргасан шийдлээр шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Угаасаа бид дахин шинээр зохиох албагүй юм. Тиймээс соёлынхоо хуулийг дэлхийн жишгээр товчхон  квот тогтоож баталсан. Ингэснээр иргэдийн тавьсан шаардлага, хүсэлтийг  хангасан юм. Нөгөө талдаа зөвхөн гадаадын кино үзмээр байна. Монголчууд муу юм бүтээдэг. Монголчуудын  хийсэн бүтээлийг голж байна гэдэг үзэгчид байсан. Голж буй эдгээр үзэгч  ихэвчлэн насанд хүрсэн, гадаад хэлтэй хүмүүс байв. Тэд гадаадын соёлыг үндэснийхээ соёлтой адил хэмжээнд үзэж заншсан иргэд.

Гэхдээ монгол хүнийг монгол хүнээр нь хөгжүүлэхийн тулд хүүхдэд үндэснийхээ соёл, ёс уламжлалыг багаас нь зааж сургахаас эхэлдэг. Гэтэл хүүхдийн дуу хоолойг сонсдоггүй, тэдэнд зориулж монгол уран бүтээлийг үйлдвэрлэхэд төр анхаарч байгаагүй. Тиймээс  хүүхдүүд маань Монголын өв соёлыг уламжлагч болж төлөвших үү, Монголоороо үлдэх үү гэдэг эргэлзээтэй. Тиймээс энэ хуулийг гаргасан.

-Телевизүүдэд тавигдсан  квотын асуудал шүүмжлэлд нэлээд өртөөд байгаа. Энэ квотын талаар тодруулна уу?
-МҮОНТ  хүүхдэд зориулсан уран бүтээл гаргахдаа тухайн уран сайхны хөтөлбөрийн  70-аас доошгүй хувийг монгол уран бүтээлээс гаргана. Монгол хүүхэлдэйн болон хүүхдийн кино, концерт, үлгэрийн цаг, монгол хүүхдэд зориулсан түүх ёс заншил, танин мэдэхүйн нэвтрүүлэг байх ёстой гэж заасан. Тодруулбал, Монголоо танин мэдэхэд хүүхдийн үзэж буй нэвтрүүлгийн 70 хувь нь түүнд зарцуулагдах ёстой. Энэ хуулийг биелүүлэх гол субьектууд нь кабелийн болон өргөн нэвтрүүлгийн телевизүүд. Хүүхдийн  нэвтрүүлгийнхээ 60 хувийг үндэсний контентүүдээр хангах ёстой.

Нийт уран сайхны хөтөлбөрийн  50-аас доошгүй хувийг монгол контентоор дүүргэх үүрэгтэй. МҮОНТ хамгийн өндөр 60-70 квоттой. Арилжааны телевизүүдийн хөтөлбөрийн  50-60 хувь нь монгол контент ба хүүхдийн нэвтрүүлэг  байх ёстой. Мөн Ай Пи TВ болон кино театрууд тухайн сард гаргаж буй кино контентийн 40-өөс доошгүй хувийг үндэсний контент гаргах ёстой.

-Хууль хэрэгжиж эхлэнгүүт контентийн дутагдал үүсч байна.  Бусад улс оронд үүнийг хэрхэн шийдсэн байдаг бол?
-Олон телевизтэй улс оронд ийм хууль гарангуут контентийн дутагдалд орсон.  Манайд ч ялгаагүй монгол кино, хүүхдийн киноны дутагдалд орлоо. Хууль хэрэгжсэн өдрөөс эхлээд нэг өдөр бүх телевизээр  “Аав” уран сайхны киног зэрэг гаргалаа. Түүнтэй адил киноны дутагдал үүслээ. Энэ бол нэг талдаа түр зуурын үзэгдэл, нөгөө талдаа монгол контент үйлдвэрлэх, ивээн тэтгэх хэрэгцээ шаардлага бий болж байна. Өөрөөр хэлбэл, монгол уран бүтээлчдээ Монголдоо татаж ажиллуулах бололцоо бий болно. Солонгос улс 1990 онд манайх шиг хууль гаргасан.

Тэр үед Солонгосын телевизүүд америк кинонд автсан байсан үе. Энэ хуулийг гаргаснаар Солонгос улс кино, энтертайнмент урлагийн зах  зээлд дэлхийг байлдан дагуулж ирсэн. Өөрсдийнх нь кино хахаад гадаад зах зээлд  гаргадаг болсон. Яг үүнтэй адил 1990 онд Солонгост гарсан хууль 25 жилийн дараа манайд гарч байна. Тэгэхээр 25 жилийн дараа монгол киноны контентүүд Монголд хүчээ авч өнөөдрийн Солонгос кино шиг болно. Гэхдээ 25 жилээс нааш ч байж болно.

-Соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг гаргаж өгч байна гэсэн үг үү?
-Энэ хуулиар цоо шинэ уурхайг эргэлтэд оруулж байна гэсэн үг. Соёл, оюуны бүтээлийн уурхайг нээж байна. Тиймээс бид ямар ч уул уурхайг ухах шаардлагагүй. Газраа булаацалдахгүйгээр  оюун ухаан,  уран сэтгэмжид найдахад болно гэдгийг энэ хуулиар баталгаажууллаа. Уран сэтгэмжийг мөнгө болгох чадвартай уран бүтээлчдийг дайчлахад 25 жилийн дараа бид Оюутолгойн хэмжээн оюуны бүтээлийг үйлдвэрлэх чадвартай улс болох зорилготой хууль. Жишээлбэл, АНУ манайхаас хамаагүй том газар нутагтай, 100 дахин олон хүнтэй атлаа машин үйлдвэрлэл, уул уурхайгаараа хөгжөөгүй. Хамгийн том экспорт нь кино байдаг.

Тийм том улсын эдийн засгийг тэжээж байгаа хэмжээний бүтээлийг нэг ч км газар ухахгүйгээр бүтээж  байна гэдэг гайхамшигтай. Бүх кино урлаг хүний оюун ухаанаар  бүтээгдэж байна. Өнөөдөр хэдийгээр энэ хуулийг шүүмжилж буй хэдий ч хуулиа 25 жил тууштай хэрэгжүүлсний дараа Монгол Улс Азидаа  энтертайнмент, киноны зах зээл дээр тэсрэлт хийхүйц уран бүтээлчдийг төрүүлж чадна.

-Уран бүтээл, шинэ  контент хийх хөрөнгө мөнгийг төрөөс дэмжих талд хуульд тусгасан зүйл бий  бий юу?
-Уран бүтээлийг их, бага ямар ч мөнгөөр хийж болно. Дэлхийн хэмжээнд кино хийх хоёр урсгал байдаг. Голливуд гэдэг нь маш их мөнгөөр бүтээгээд  зах зээлд борлуулалтаараа зардлаа хэд нугалдаг бүтээл.  Өөрөөр хэлбэл их  өндөр төсөвтэй кино гэж нэрлэдэг. Том төсвөөр том мөнгө босгодог урсгал. Бага мөнгөөр хүний сэтгэлд хүрэх бүтээл хийж урлагийн зах зээлд ноёрхлоо тогтоодог бас нэг урсгал бий. Үүнийг “art”  кинонууд гэж нэрлэдэг. Монголд бол одоогоор эхний ээлжинд уран сэтгэмжийг илүү дайчилсан, бага мөнгө ашигласан кинонуудыг  эдийн засаг муу үед хийх хэрэгтэй. Зогсолтгүй тархиа ажиллуулах хэрэгтэй.

Мөнгөтэй болохыг хүлээж зах зээлээ хоосруулж болохгүй. Нэг хүн нэг камер бариад нэг баатартай кино хийж болно. Нэг хүний жүжиг гэсэн том урсгал дэлхийд хүчээ авч байна. Ганцхан тайз засаад ганцхан хүн гарч ирээд бүтэн хоёр цагийн турш кино үзүүлж байгаа юм шиг авьяас чадвар, уран сэтгэмжээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг урсгал. Ийм урсгалуудаар, хямд аргаар дэлхийн тайзуудыг эзэлж болох арга Монголын уран бүтээлчдэд бий. Энэ хэрээр маш олон урлаг, уран бүтээлчдийн бааз суурь бий болно. Тэр бааз суурь дээр том төсвийн кино хийх боломж нээгдэнэ. Чадварлаг боловсон хүчний бааз суурь нэмэгдэнэ. Тиймээс эхлээд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэгчээр даруухан бөгөөд уран сэтгэмж сайтай кино хийхийг хөгжүүлэх нь зүйтэй.

-Гадаадын суваг үзүүлдэг кабелийн телевизүүд дээрх квотыг дагаж мөрдөх үү?
-Тухайн телевиз уран сайхны нэвтрүүлэгтэй л бол хөтөлбөрийнхөө  50 хувийг монгол контент байлга гэдгийг хуульчилсан. Хэрэв тухайн кабелийн телевиз 100 хувь спортын суваг бол энэ хууль үйлчлэхгүй. Өөр нэг телевиз 100 хувь худалдаа, наймаа хийнэ гэсэн бол мөн энэ хуульд хамаарахгүй. Уран бүтээлийг үзүүлнэ гэсэн телевиз байх юм бол 50 хувь нь монгол контент байна.

-Ямар байгууллага энэ хуульд хяналт тавьж хэрэгжүүлэх вэ?
-МТШХХ-ны хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуульд хяналт тавина.

-Хууль мөрдөгдөөд эхэллээ. Телевизүүдийн  зүгээс хуулийг шүүмжилж байна. Хэвлэлийн эрх чөлөө зөрчиж, хумих бодлого барьсан хууль гэх мэтээр сэтгэгдлүүд хөвөрсөөр. Үүнд таны байр суурь?
-Телевизүүд айлын хойморт урилгагүй зочилдог. Тэднийг хүссэн хүсээгүй үздэг айлын эздийн хүсэл, санал бодол дээр тулгуурлаж хийсэн хууль. Агаарын зай бол нийтийн өмч. Телевизүүд агаарын зай долгионыг ашиглаж  айл өрх бүрт орж байна. Монголын нутаг дэвсгэрийн агаарын орон зайг ашиглаж байгаа болохоор монгол айл бүрийн хойморт очиж, тэдэнд нөлөөлж байгаа юм чинь тэд монгол ахуй соёл уламжлалыг л илүү харуулах ёстой. Монгол хүүхдийн өдөр тутмын өсөлтийн орчинд  тэд шууд нөлөөлдөг.

Нэгэнт хүүхдийн өсөлтийн орчинд телевизүүд нөлөөлж, хүүхэд түүнд нь өртөж байгаа учраас монгол хүнээ Монголоор нь өсгөхөд монгол соёлын бодлого зайлшгүй чухал. Хэрэв телевизүүдэд энэ хууль таалагдахгүй бол Хятад, Орос, бусад оронд телевизээ гаргаж болно. Зөвхөн Солонгос кино гаргамаар байвал Солонгост телевиз нээж болно. Монголын нийтийн эзэмшлийн агаарын долгионыг ашиглаж монгол айл болгонд очих гээд байх хэрэггүй. Хэрэв та монгол айлд очихыг хүсч байгаа бол монгол соёлд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Ц.Мягмарбаяр

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 431 санал өгсөн байна.

Дээшээ