Б.Чинбат: Дэлхий сонссон хөгжмийн цаана Монгол хүн байгааг мэдээсэй гэж хүссэн
Г.Одгарав Сэтгүүлч

Дэлхийн амьд домог болсон Арета Франклины үндсэн таван хөгжимчний нэг болсон төдийгүй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийн найруулгыг хийсэн гэх тодотголууд нь хөгжмийн зохиолч Б.Чинбатыг ямар чансаатай уран бүтээлч болохыг илтгэж буй. Хүний сэтгэлд хөг нэмсэн аялгуу бүтээдэг хүмүүний дотоод сэтгэл хийгээд үзэл бодлын ертөнц рүү өнгийхийг хичээв.

Арета Франклинд “Тантай ажиллах нэр төрийн хэрэг байлаа” гэж хэлснээр Америк дахь карьераа дуусгасан

-Чинбаа сүүлийн хоёр жил “чимээгүй” байлаа?
-Тийм ээ. Би “Давтагдашгүй эзлэн” хэмээх тоглолтоо хийснийхээ дараа хоёр жил “таг” суусан. Энэ хугацаанд их зүйл бодлоо. Учир нь сүүлийн тоглолтынхоо дараа цаашид ямар уран бүтээл хийх ёстой вэ гэдгээ эргэцүүлсэн. Тухайн үед тоглолт маань үзэгчдийн сэтгэлд хүрсэн учраас цаашдаа ямар бүтээл хийх бол гэсэн хүлээлт хүмүүсийн дунд үүссэн байх.

Өнгөрөгч хугацаанд би зүгээр суугаагүй ээ. Тун удахгүй та бүхэнтэйгээ шинэ уран бүтээлүүдээрээ уулзана. Хөгжмөө сонсгоно гэхээс л тэсч ядан байна. Өмнө би өөрийгөө олохын тулд АНУ-ыг зорьж байлаа. Тэндээс дэлхийн шоу бизнес, урлагийг бодитоор үзэж, чадал хүрвэл авьяасаа сорих зорилготой байв.

Би Монгол хүнийг их азтай гэж боддог юм. Бүх зүйл санаснаар санаснаас ч илүү үлгэрийн юм шиг биелсэн нь ийн бодоход хүргэсэн. Нөгөө талаар хүн мөрөөдөж, хүсэж, тэмүүлбэл зорилгодоо заавал хүрдгийг ойлгосон.

-Америкт байхдаа дэлхийд амьд домог болсон Арета Франклины үндсэн таван  хөгжимчний нэг болж чадсан нь гайхалтай амжилт. Дэлхийн сая сая хөгжимчний гарч чадаагүй өндөрлөгт та хүрсэн. Харин яагаад тэр боломжоос татгалзаад эх орондоо ирснийг гайхдаг юм?
-Би үнэхээр хувьтай. Миний Америкт олсон байр суурь бол дэлхийн сая сая хүний мөрөөдөл.  Арета Франклин надад хөгжим тоглох бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мэдээж хүний нутагт багагүй бэрхшээл тулгарч байсан ч “Би Монгол хүн шүү” гэх бодол намайг хатуужуулсан.

Арета Франклинтай гурван жил хамтран ажиллахдаа ихийг сурсан. Нью Йоркт болсон тоглолтын дараа би түүнд “Би эх орондоо буцмаар байна. Тантай ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Өнөөдрийг хүртэл миний төлөө хийсэн бүхэнд талархаж байна” гэж хэлсэн. Ингээд л Америк дахь карьераа дуусгасан даа.

-Санаанд багтамгүй шийдвэр. Нөгөө талаас маш зоригтой алхам хийжээ?
-Хамт хөгжим тоглож байсан найзууд минь намайг мэдрэл нь муудсан гэж дүгнэсэн байх. Тэд “Яагаад ийм алхам хийж байгааг ойлгохгүй байна. Энэ амжилтад хүссэн нь хүрч чадахгүй. Хүрсэн азтай нь үхэн хатан зүтгэж амьдралаа зориулдаг” гэж сэнхрүүлж байлаа.

Арета Франклинд хүнд цохилт болсон. Түүнийг өнөөдрийг хүртэл хэн ч орхиж яваагүй. Бүр ази хүн шүү… Тэрбээр манайхаар Норовбанзад гуай байхгүй юу. Тэнгэрийн дуучин хүн. Миний цээжинд эх орноо гэх лугшилт үргэлж байсан учраас энэ шийдвэрт хөтөлсөн болов уу гэж боддог. Монголдоо уран бүтээлээ туурвия, юу сурч мэдсэнээ харуулъя гэхээс тэсч ядсан. Эх орон дууддаг л юм билээ.

-Америк явахынхаа өмнө та “Би өнөөдөр яг юу хийгээд байгаа юм бэ” гэж өөрөөсөө асуусан гэсэн. Асуултынхаа хариултыг олсон уу?
-Олсон… Хариултаа уран бүтээлээрээ дамжуулан тун удахгүй хүргэнэ. Би багаасаа л рок поп урлагт эргэлт буцалтгүй дурласан хүн. Харин тэрхүү рок, попын өлгий бол Америк. Тэр дундаа харуудаас эхтэй.

Тэндээс R&B, хип хоп, рок, блюз, жааз бүх урсгал үүссэн. Тиймээс Америкийг зорих ёстой юм байна гэх ойлголтод хүрсэн. Тэнд би долоон жилийн амьдралаа зориулжээ. Явсандаа хэзээ ч харамсаж байгаагүй.

1 | 8 фото
1
1
1
1
1
1
1
1

Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийг бичих хэмжээнд хүрнэ гэдэг аз!

-Дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн тоглож байхдаа өөрийгөө чимхэж үзэх тохиолдол гарч байв уу?
-Би Нью Йоркийн Radio City Music Hall буюу өнөөх Грэмми, Эмми наадам болдог тайзан дээр Нелсон Манделлагийн ойн баяраар хөгжим тоглож байлаа. Миний дэргэд телевизээр л үзэж заншсан жүжигчин, дуучин, хөгжимчид бодитоор зогсож байсан. Тэр үед өөрийгөө үнэхээр чимхэж үзмээр болсон. Хамгийн сүүлд Стиви Уандертай нэг тайзан дээр зогсоход зүрх амаар гарах шахсан. Гайхамшигтай мөч. Би хэзээ ч мартахгүй.

-Энэ амжилт хүртэл туулсан зам их сонин байна?
-Мэдээж зам шулуун байгаагүй. Америкт очоод эхэндээ бааранд тоглож байв. Бааранд тоглосон хоёр жил маш олон найзтай болох үүдийг нээсэн. Шулуун дардан бус овон товонтой замаар гэлдэрсээр л дээш хүрсэн. Энэ замыг туулахад миний гэр бүл найз нөхөд нөлөөлсөн.

Хэн нь ч шантраагүй. Америк хөрөнгөтөн орон. Нэг алхахад л мөнгө. Харийн оронд хөлөө олохоор зүтгэдэг хүн бүхний л адил замыг туулсан. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр л саад бэрхшээлийг давсан. Тэд маань байгаагүй бол би тэр хэмжээнд хүрэхээргүй байв. Түүнээс гадна Монгол цус, оюун ухаан нөлөөлсөн болов уу гэж боддог.

Нар сарандаа хүслээ шивнэж, мөнх тэнгэртээ мөргөдөг Монгол хүнийхээ хувьд Холливудын ууланд “Тэнгэр газрын эзэд харж байгаа бол би энэ газарт өөрийнхөө мөрийг үлдээмээр байна” гэж залбирсан.

-Таны хүсэл гайхалтайгаар биелсэн төдийгүй Барак Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийн найруулгыг хүртэл хийсэн шүү дээ.
-Тиймээ, Арета Франклин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр “Country Tis’ of Thee” дуугаа дуулсан. Энэ дууны найруулгыг нэрт продьюсер Эйч-Би Барнумтай хамтарч хийсэн юм. Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийг бичих хэмжээнд хүрнэ гэдэг аз.

Тухайн үед би өөрийгөө дөвийлгөөгүй. Америк дахь монголчууд л мэдсэн байх. Тэр хөгжмийг бүх дэлхий сонссон. Энэ хөгжмийн цаана Монгол хүн байгааг мэдээсэй гэж хүссэн. Тангараг өргөх ёслолын өмнөхөн ихэд догдлон ээж аавруугаа утас цохиж байснаа гэнэт саналаа.

-Хөгжмийн найруулгыг яагаад хийхээр болсон юм бэ?
-Холливудын продьюсер Эйч-Би Барнум хэмээх миний хуурай ах байдаг. Бид хоёр хөгжмөөр дамжуулан бие биенээ маш богино хугацаанд мэдэрсэн. Тэрбээр 70 гарсан хүн. Залуу, хөгшин хоёр хөгжмөөр дамжин зүү орох зайгүй нөхөрлөсөн. Энэ бол хэзээ ч мартагдашгүй мөч. Түүний надад хайрласан урмын үгүүдийг би хэзээ ч мартахгүй. Тэр хүний ач буянаар амжилтын хаалга минь нээгдсэн.

Амьдралынхаа туршид сайхан хүмүүстэй тааралдаж буй нь өвөг дээдсийн минь буян хишиг

-Урлаг судлаач Ц.Уранчимэг манайхан гадаадад имижээ буруу сурталчилдгаас гаднынхан Монголын талаар ямар ч ойлголтгүй гэж ярьсан. Харин таны амжилтаар дамжуулан Монгол ген, авьяасыг мэдэрсэн болов уу гэж бодож байна?
-АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райстай үг солих түүхэн боломж олдож байсан. Филаделфи хотын оркестртой тоглолт хийж байхдаа таарсан. Тэрбээр багаасаа төгөлдөр хуур тоглож өссөн бөгөөд намайг Монгол хүн гэхэд их гайхаж байв.

“Үнэхээр сайн байна” гэж урамшуулсан. Бид чадах чинээгээрээ, их бага хэмжээгээр дэлхийд өөрсдийгөө илэрхийлэх ёстой. Манай тамирчид бол үнэхээр эрчтэй, хүчтэй байна. Монголыг илэрхийлэх урлагийн бүтээл туурвилууд ихээр гараасай гэж хүсдэг дээ.

-Таныг Хөгжим бүжгийн коллежид сурч байхад “Никитон” хамтлагийн Баачка “Жорлонгийн хажуу талын ангид сурдаг, төгөлдөр хуурч бондгор жаал хаана байна” гэж сурагласаар ирсэн гэл үү?
-Тийм ээ. Баачка маань намайг хайж ирээд л манай хамтлагт хамтарч ажиллах уу гэж асууж билээ. Тэр бас хэзээ ч мартагдашгүй мөч. Олон гайхамшигтай үе миний амьдралд байсан. Намсрайжав, Мөрдорж, Мэнд-Амар гээд л ээж аавтай минь мөр зэрэгцэн нэгэн үе амьдарч байсан алтан үеийн мундгууд бүгд л миний багш.

-Амьдралынхаа туршид сайхан хүмүүстэй тааралдах нь хувь ерөөл байх аа?
-Мэдээж энэ бүхэнд миний эцэг, эхээс заяасан авьяас нөлөөлж байгаа. Нөгөө талаас өвөг дээдсийн буян гэж боддог. Тэр хүмүүсийн дэмнэж байгаа үйлэнд босож байгаа үр юм болов уу.

Энэ эх орон, гишгэж байгаа газар шороо бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн хишиг. Чи бид л үүнийг дамнаж явах үүрэгтэй. Миний хувьд улсынхаа өгсөх, уруудах бүхий л нөхцөл байдлыг мэдэрч өсөж байгаадаа азтай гэж боддог. Картны барааны үеэр нийтээрээ хоосорчхоод л талханд дугаарлаж байсан үе сайхан бас эргээд бодоход их зүйл ухааруулсан дурсамж болон үлджээ.

-Яг одоо цонхоор харахад танд юу бодогдож байна?
-Цонхоор нийслэл хот минь алган дээр тавьсан юм шиг л харагдаж байна. Хамгийн эхэнд төрсөн бодол бол бид яаж ийм утаан хөшгөн дунд амьдраад байна вэ гэх бухимдал. Баян хоосон хэнийг ч ялгалгүй утаа нэвчиж байна. Монгол хүн эрүүл байж, монголчууд цэвэр агаараар амьсгалах ёстой. Миний сүүлийн үеийн бүтээлүүд яах аргагүй л байгаль дэлхий, нутаг устай л холбогдоод байна.

1 | 10 фото
1
1
1
1
1
1
1
1
1
1

Бид эх орноо голох бус дэлхийн хөгжилд аваачих ёстой

-Өөрийн зохиосон хөгжмүүдээс авьяасаа шавхсан нь гэвэл?
-Би мундаг бүтээл хийчихжээ гэж ерөөсөө бодож байгаагүй юм байна.

-Яагаад. Эсвэл бүх бүтээлдээ ханачихсан юм уу?
-Үгүй ээ. Нэгдүгээрт би чанарыг дээд зэргээр эрхэмлэдэг. Тэгээд өөрийнхөө хэмжээнд тултал хийгээд л орхидог. Дүгнэлт хийх зэргээр элдэв бодол агуулаад байдаггүй.

-Таны уран бүтээлийн хязгаар хаа хүрэх бол?
-Энэ биеийн мотор зогстол уран бүтээлээ туурвисаар л байх болно.

-Хэдэн мянга, саяар тоологдох үзэгчтэй дэлхийн алдартай тайзнаа та гарсан. Харин тэндээс “бууж” Монголынхоо тайзан дээр гарах тэр мэдрэмж сонин байна?
-Америкаас ирээд Балхаа ахын тоглолтын тайзан дээр гарсан. “UB palace”-ийн тайз надад юу юунаас илүү эрхэм байсан. Их гайхалтай мэдрэмж авсан. Яаж ч амьдарсан би эх орондоо л байхаар шийдсэн. Монголыхоо үзэгчдийг хараад сэтгэл хөдөлж ихэд хайрлах хүсэл төрсөн. Бид эх орноо голох бус дэлхийн хөгжилд аваачих л ёстой байхгүй юу. Одоо дэлхийн стандартад нийцсэн гоё тайзууд босож байна. Болж л байна шүү дээ.

-Уран бүтээл хийж байхдаа шаналдаг уу. Ард нь л гарахгүй бол цээжин дээр хөндүүрлэх мэт мэдрэмж төрдөг үү?
-Тийм шүү. Маш их шаналдаг. Сая Ромео Жульеттагийн жүжгийг бичих гэж сар шаналсан. Хэцүү хэрнээ маш аз жаргалтай. Уран бүтээлээ хийсний дараа амьсгаа авах мэдрэмж үнэхээр гайхалтай. Ажил алхам алхмаар бүтээд найруулагчийн сэтгэлд нийцэх нь жаргалтай агшин шүү.

-Хөгжим гэдэг гайхалтай хөг. Хүнийг төвлөрүүлдэг юм шиг ээ?
-Тийм ээ. Яг төвлөрүүлдэг. Тэнд нэг газарт аваачдаг тийм ээ? Хөгжим сонсоод бясалгаж болж байна гэхээр чанадыг ч мэдэрч болох нь ээ.

Дөрөвхөн настай бяцхан удирдаач Н.Норовбанзад гуайг тайзны доороос удирддаг байлаа

-Хүүхэд насны мөрөөдлөө дурсвал бас л өхөөрдөм байх болов уу. Өнөөдрийг зөгнөж байв уу?
-Би сайн төгөлдөр хуурч, мундаг хөгжмийн зохиолч болох юмсан гэж боддог байв. Тавдугаар ангид байхдаа ая дуу зохиогч багачуудын уралдаанд түрүүлээд Япон улс руу аяллаа. Саппоро хотод Хүслийн мод гэж байв.

Тэр модонд хүн бүр л хүслээ шивнэн цаасан шувуу хийсгэх юм. Би ч юу дутах вэ “Намайг маш сайн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч болгож өгөөч” гэж бичээд модонд өлгөлөө. Үнэхээр л хүсэл биелүүлдэг мод байсан уу өнөөдөр амжилттай л явна.

Миний хамгийн анхны дуу бол “Хангайн дуу”. Тавдугаар ангидаа зохиосон. Нэг их л хангай дэлхий дуулсан хүн байжээ. Манайх Туул рестораны хажуу байранд амьдарч байлаа. Тухайн үед тэр хавийнхан ид архидаж орцонд шээдэг байж. Орц аймар өмхий үнэртэй. Туул ресторанаас согтуу хүмүүс гарч ирээд л нэг давхарт шээнэ бас зодолдоно. Түүнээс сэдэвлэж “Согтуу хүн” гэдэг зохиол ч бичиж байв. Одоо бодохоор инээд хүрдэг юм.  

-Өхөөрдөм юм аа. Таны ээж, аав Үндэсний дуу бүжгийн чуулгад насаараа ажилласан болохоор бага нас тань тайзны өмнө өнгөрсөн болов уу гэж бодсон?
-Хөдөлмөрийн баатар, уртын дууч Н.Норовбанзад гуай тайзан дээр гарч ирэхэд тайзны доороос дөрөв таван настай болов уу гэмээр жижигхэн нөхөр удирдаач адил гараараа дохин зогсоно. Тэрбээр намайг өхөөрдөнгүй инээж дуулна. Гэрлийн техникч хүртэл өхөөрдөн бяцхан удирдаачийн зүг гэрэл тусгадаг байв.

Би нь дүрдээ итгэчихсэн удирдаад л… Н.Норовбанзад эгчийн инээмсэглэл, дуу, хөг, аялгуу одоо ч нүдэнд харагдах шиг. Энэ хүмүүс минь л намайг урлагт хөтөлчихсөн шүү дээ. Анхны урлагийн мэдрэмж, дурсамж тэр…

-Ямар үед илүүтэй хөглөгдөж байна?
-Янз бүр юм билээ. Хөгжим зохиохоос өмнө би боддог юм. Өмнө нь сэтгэлийнхээ хөөрлөөр л хийдэг байж. Холливудын киноны хөгжмийн зохиолч Ханз Зимерт би өөрийнхөө хөгжмөөс сонсгосон нь түүнд их таалагдсан. Намайг анх очиход Кунфу Пандаг зохиож байв. Тэрбээр бүтээл туурвихын өмнө асар их боддог юм билээ. Би ч сүүлийн үед бодоход цаг зарцуулдаг болсон байна лээ.

-Сэтгэл санаа тогтворгүй үед хөгжим зохиох үе байдаг болов уу?
-Би тийм үедээ ажлаас хөндийрдөг. Ер нь тэр бүр айхавтар тогтворгүй байдалд ороод байдаггүй л дээ. Гэхдээ амьдралд хүнийг сэтгэлээр үхүүлдэг зүйл бол эцэг, эхийгээ алдах юм байна гэдгийг ойлгосон. Амьдралдаа нэг л удаа би сэтгэл гансарсан үедээ дуу зохиосон нь аавдаа зориулсан “Сэтгэлийн гуйлга” гэдэг дуу.

1 | 4 фото
1
1
1
1

Яаж тэр олон мянган ноотыг тархинаасаа асгасан юм бол гэж хааяа боддог

-Хөгжмийн зохиолчдыг бодохоор л гайхдаг юм. Тэр сайхан аялгуунуудыг хаанаасаа ”төрүүлдэг” юм бол гэж…
-Тийм ээ, надад ч бас тэгж бодогддог юм. Яаж тэр олон мянган ноотыг тархинаасаа асгасан юм бол гэж хийсэн бүтээснээ эргэж харахдаа боддог юм. Байгаль эхээс л тэр аялгууг өгдөг байх даа.

-Чихэнд бус тархинд сонсогдох уу?
-Тэгнэ. Ромео Жульетта жүжгийн дуу яг л тэгж орж ирсэн. Ихэвчлэн дахилт нь түрүүлж сонсогддог юм байна. “…Мянган жил чи намайг хайрлаж чадах уу чи минь…” гээд л ороод ирсэн. Яг л тэр аялгуу л толгойд бууна. Түүнийг нь цаасан дээр нот болгон буулгана. Тэгээд цааш хөгжмийн найруулга хийгээд л бүтнэ дээ. Их сонин процесс шүү. Хүмүүс тэр дууг сонсоод уйлсан гэдэг юм билээ.

-Таныг Мандухай сэцэн хатан киноны хөгжмийг тоглосноос хойш түүхэн киноны хөгжим бичих шуналдаа автан “Аравт” киноны хөгжмийг зохиосон гэх юм билээ. Хөгжмийн мастеруудад өндөр үнэлэгдсэн байх аа?
-Үнэн. Түүхэн киноны хөгжмийн зохиол бичнэ гэдэг миний мөрөөдөл. Бас л илбэ шид шиг л биелсэн. “Аравт”-ыг хийсэн найруулагч Д.Золбаярт энэ завшааныг ашиглан баярлаж талархдагаа илэрхийлье! Энэ хөгжим бол миний Америкт хийсэн ажил л даа. Ёстой л эх орныхоо өвс ургамал, үндэс шороог санаж, цангасан тэр л мэдрэмжээр бичсэн. Санасан үгүйлсэн сэтгэлээс л ийм хөгжим бүтдэг юм байна.

-Та хэр бодлогоширдог вэ. Сүүлийн үед юунд илүүтэй тархиа гашилгаж байна?
-Он жил улирах тусам өөрийн эрхгүй олон зүйлийн тухай бодож эргэцүүлдэг юм байна. Хорин хэдэн насандаа дэгдэж дэрвэдэг байсан бол гуч гараад л бодож эхэлнэ. Дөчин насандаа төлөвшиж эхэлдэг юм шиг. Энэ насандаа илүү ихийг хийх ёстой гэж бодож байна.

Энд насны эцсийн тухай яриад ч яах вэ. Гэхдээ урт насалбал илүү ихийг бүтээнэ. Залуучуудыг хараад ихийг хийж бүтээгээсэй гэж хүсдэг юм. Дөнгөж 30 гарч байгаа залуучууд л өөрийгөө хөгширчихлөө гэдэг. Би тийм ярианд үнэн дургүй. Гэтэл Америкт 70 гарсан хөгшчүүл өвчин бодох завгүй л амьдарч байна. Бурхнаас заяасан нас байдаг бол тэр хүртлээ л хийж бүтээх хэрэгтэй. Үзэл бодлоо олон үгээр хэлэхээс илүү хөгжмөөрөө илэрхийлэх бодол надад байдаг.

-Тэгвэл хөгжмөөр дамжуулан хүмүүст юуг мэдрүүлэхийг хүсэж байна?
-Хүмүүсийн бахархал, омогшлыг л төрүүлмээр байна. Ямар хүчирхэг түүхтэй эх орон газар шороонд төрснийг сануулж бахархлыг нь өдөөж өгмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье!

 

Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс, О.Сүхбат

 

Он жил улирах тусам өөрийн эрхгүй олон зүйлийн

тухай бодож эргэцүүлдэг юм байна.

Хорин хэдэн насандаа дэгдэж дэрвэдэг байсан бол

гуч гараад л бодож эхэлнэ.

Дөчин насандаа төлөвшиж эхэлдэг юм шиг. Энэ

насандаа илүү ихийг хийх ёстой гэж бодож байна.