Э.Амартүвшин: Жинхэнэ одод сонгодог урлагт байдаг ч би өөрийгөө од гэхгүй
Г.Одгарав Сэтгүүлч

“Сонгодог”… Энэ үгийг уншмагц улаан хөшиг, тайз, ихэмсэг дэгжин хэв маяг гээд цаанаа л эрхэмсэг, халдашгүй байдал төсөөлөлд бууна. “Сонгодог” гэх агуулгад багтсан хэнд ч сонгодог л дүрэм үйлчилнэ. Монгол улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин нь И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын мөнгө, Пласидо Домингогийн нэрэмжит “Placido Domingo’s Operalia” олон улсын уралдаанд тэргүүн байр, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгө, Би-Би-Си Кардиффын “Дэлхийн дуучин 2015” уралдаанд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан гэх амжилтуудаараа хэдийнэ “Сонгодог” гэдгээ баталчихсан…

Гарын таван хуруунд багтах дэлхийн хэмжээний уралдааны дөрвөөс шагнал гардсан нь дөнгөж эхлэл

“Миний хувьд гадагшаа “гарах” цаг нь болсон…”

-Би эх орондоо амьдарч Монголынхоо театрт ажилладаг. Гадаад дотоодын уралдаан тэмцээнүүдэд оролцчихоод эх орондоо ирдэг ийм л хэв маягтай. Өмнө нь олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхэд насны онцлог, туршлага, мэдлэг, цаг ихээхэн шаарддаг учраас өөрийгөө хөгжүүлэх хүртлээ харзнасан байдалтай байв. Харин энэ жилээс гадагшаа гарч нүд тайлах төлөвлөгөөтэй байна. Урт удаан хугацаагаар явна. Түүнээс өмнө ирэх тавдугаар сарын 11-ээс бие даасан тоглолт, зургаадугаар сарын 4-нд Англи улсад тоглолт хийнэ. Миний хувьд гадагшаа “гарах” цаг нь болсон.

“Дэлхийд данстай болох амаргүй. Энэ бол зөвхөн эхлэл…”

-Гадны дуучид яаж амьдардаг, хэрхэн дуулдаг, ямар үнэлэмжтэй байдгийг орчинд нь л ойлгоно. Мэргэжлийнхээ анхан шатны мэдлэгийг тэнд лавшруулж суралцана гэсэн үг. Дэлхийд данстай болох амаргүй. Маш их хөдөлмөр зарцуулна. Магад Амартүвшинг дуурийн дуучдын чансааг тодорхойлох гарын алганд багтах дэлхийн хэмжээний уралдаанаас дөрвийнх нь шагналыг авчихсан учраас дэлхийн хэмжээний од болчихсон гэж ойлгож магад. Гэтэл энэ бол зөвхөн эхлэл.

“Урлагийнхан гадаадын оронд дурлахын учиг нь…”

-Мэдээж ямар ч уран бүтээлч гадаадад мэргэжлээрээ ажиллахыг хүснэ. Энэ нь юутай холбоотой гэхээр сонгодог урлаг баруунд 300-400 жил хөгжчихөж. Тэрийг мэддэггүй, сонсдоггүй, сонирхдоггүй хүн гэж үгүй. Тэнд орчин, уран бүтээл туурвих, амьдрах нөхцөл бололцоо сайн. Мэргэжлийн хэмжээний уран бүтээлчдийг үнэлэх үнэлэмж нь өөр. Амьдралын баталгаа өндөр. Гэтэл манай дуурийн урлаг дөнгөж 50, 60-н жилийн л настай. Нас залуу, гайгүй түвшинд яваа ч энэ нь хангалттай биш. Тиймээс хүмүүс гадагшаа гарахыг эрмэлзэж байна. Дараагийн шалтгаан нь тэнд хөгжих боломж нээлттэй. Манайхан яагаад Итали, Франц, Германд хөгжмийн боловсрол эзэмшдэг юм бэ. Хариулт нь энд л бий.

Анх П.И.Чайковскийн уралдаанаас мөнгөн медаль авчихаад “За одоо боллоо” гээд ханачихсан. Гэтэл…

“Цөөн хүн амтай танай оронд дуурийн театр, балет яаж ийм түвшинд хөгжчихөв өө гэж гайхдаг…”

-Дэлхийн тайзан дээр гарсан хүнд өөрийнхтэйгөө жиших сэдэл төрөх нь гарцаагүй. Гэлээ гээд өсөж өндийсөн тайзаа муулах нь гол биш. Энэ сэдэв хөндсөнийх нэг зүйл өгүүлмээр санагдав. Манай уран бүтээлчид үнэхээр мундаг. Долоо хоног бүр дуурь, бүжгэн жүжиг тавьдаг, байнгын ажиллагаатай, 200-300 хүнтэй театр азидаа ганц байлаа. Тэр нь манайх байв. Одоо бол азийн орнуудад өч төчнөөнөөрөө... Азаар Орос ах нар маань тавь жаран жилийн тэртээ ямар ч дуурийн ойлголтгүй улсад театрыг нь барьж өгөөд бүх боловсон хүчнийг нь Болгар, Оросод бэлтгээд өгчихөж… Тэр л эрчээр бид урагшилж байна. Гэхдээ үүнээс ч илүү хөгжинө гэдэгт би итгэдэг. Ялангуяа дуурийн дуучдын чадал чансаа өдрөөс өдөрт хөгжиж байна. Мэдээж Монголын театрыг Оросын “Большой театр”, Америкийн “Метрополитан”, Миланийн “Ла Скала”-тай харьцуулашгүй. Гэхдээ манайх сонгодог урлагийг жинхэнэ мэргэжлийн түвшинд Монголын хөрсөн дээр суулгаад цэцэглүүлэн хөгжүүлж байгаа нь гайхамшигтай. Гадаадын зарим хүн “Цөөн хүн амтай танай оронд дуурийн театр, балет яаж ийм түвшинд хөгжчихөв өө” гэж гайхдаг. Би ч гадаадад сургууль төгсөөгүй Монгол улсын л бүтээгдэхүүн шүү дээ.

“Ийм л амжилттайгаар Монгол дуучид дэлхийд хүчтэй гарч ирж байна…”

-Мундагчуудаа ярьмаар санагдлаа. Хамгийн анх олон улсад Монгол улсын нэрийг гаргаж байсан хүн бол талийгаач Пүрэвжавын Ганбат. Тэрбээр агуу баритон байлаа. 1998 онд П.И.Чайковский болоод М.И.Глинкийн уралдааны анхны шагналыг эх орондоо авчирсан юм. Түүний дараа н.Сайнбаяр М.И.Глинкийн уралдааны гуравдугаар байрыг анх удаагаа авсан. Тэр цагаас Монгол дуучид дэлхийд нэрээ гаргаж МУГЖ С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар, Э.Анхбаяр гээд л энэ бухиаг үргэлжлүүлсэн. Би 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд анх удаагаа Монголд мөнгөн медалийг авчирч байлаа. Тэр бол гайхалтай мөч. Энэ мэт амжилттайгаар Монгол дуучид дэлхийд хүчтэй гарч ирж байна.

“Хүн огт ханаж, зогсож болохгүйг л ойлгосон. Явах ёстой бол урагшлах л хэрэгтэй …”

-Сайхан л даа. Мөрөөдөж, хөдөлмөрлөснийхөө үзүүрт хүрч яваадаа баяртай байдаг. Яагаад гэхээр би талийгаач П.Ганбат шиг мундаг дуучин болох юмсан, бүр сенсаац болж бусдад гайхагдахсан гэх мөрөөдөлтэй байв. Хүүхэд байхын л мөрөөдөмтгий байлаа. Хичээснийхээ үр дүнд мөрөөдлийнхөө нэг хэсэгт хүрсэн. Анх П.И.Чайковскийн уралдаанаас мөнгөн медаль авчихаад “За одоо боллоо” гээд л насаараа сайхан амьдрах юм шиг ханачихсан. Гэтэл 2012 онд бүр үүнээс ч чансаатай уралдаанд түрүүлчихсэн. Хүн огт ханаж, зогсож болохгүйг л ойлгосон. Явах ёстой бол урагшлах л хэрэгтэй юм билээ. 2013 онд дахиад л амжилтаа ахиулж дуурийн дуучдын хамгийн том уралдаанд орох зорилтыг тавьсан. Улмаар өнгөрөгч зургаадугаар сард Кардиффын уралдаанд орж шилдэг таван дуучны нэгээр шалгарсан.

Хүн өөрийгөө тоох хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдад үнэлэгдэнэ

“Барианы талаар зүүдлээ ч үгүй байхад амжилт гаргах нь урмын бас итгэлийн ташуур өгдөг…”

-Анх П.И.Чайковскийн уралдааны бариа маш хол санагдаж байв. Бараг зүүдлээ ч үгүй. Ер нь ямар ч шагнал урамшуулал аваагүй уралдах сайхан байдаг. Тэртэй тэргүй аваргуудтай уралдаж байгаа юм чинь сүүлдвэл сүүлдэнэ л биз гэж бодно. Харин тийм хандлагатайгаар санаандгүй үзүүлсэн амжилт гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд дуулж болох юм байна, эд нараас айх шаардлага алга юм гэх урмыг өгнө.

“Испаничууд амьд яваа үедээ Алтан Лисеуд орж үзэх хэрэгтэй гэдэг. Харин тайзан дээр нь гарахад алтан лонжид нүд гялбаад л…”

Итгэмээргүй гэх нь ч хаашаа юм харин өвөрмөц сэтгэгдэл төрүүлж байсан нь Нэгдсэн үндэстний байгууллагын тайз. Хүүхэд байхад л хуучны хар зурагтаар НҮБ-ын танхимыг хараад маш алдартай газар гээд тархиндаа төсөөлчихсөн байв. Тэгсэн 2011 онд өнөөх тайзан дээр дууллаа. Онцгой сонин мэдрэмж төрсөн. Бас би тайзан дээрээс хурц шар өнгө харж байгаагүй юм. Харин Барселонагийн Гранд Лисеу театрт ороод гайхширсан. Монголчууд амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг бол испаничууд амьд яваа үедээ Алтан Лисеуд орж үзэх хэрэгтэй гэдэг. Тус театрын тайзан дээр гарахад алтан лонжууд нь нүд гялбаад л... Үнэхээр гайхалтай. Үзэгчид миний гайхширсныг анзаарсан л байх.

“Сонгодог урлагийн далбаан дор яваа хүн ихэмсэг, бардам байх ёстой. Гэхдээ даруухан…”

-Хүн өөрийгөө тоож байх хэрэгтэй. Хүний өмнө сүр бараагаа үзүүлэх хэрэгтэй байдаг ч юм уу. Эд нараас толгой дээгүүр шүү гэдгээ харуулж байх ёстой. Тэгж гэмээнэ бусдад үнэлэгдэнэ. Мэргэжлийн онцлог л доо. Сонгодог урлагийн далбаан дор яваа хүн ихэмсэг, бардам байх ёстой. Тэгж гэмээнэ бусдад хүндлэгдэнэ. Манай мундагчууд энгийн үедээ ч ихэмсэг сүрдмээр харагддаг биз дээ. Х.Уртнасан, Б.Жавзандулам гуай цаанаа л халдашгүй... Тийм гоё тэнгэрлэг... Гэхдээ даруухан. Одоо л энэ бүхнийг 30 нас руу дөхөж явахдаа ойлгож эхэлж байна.

“Гурван цаг тайзан дээр зогсолтгүй дуулахад газрын гүнд найман цаг ажилласантай тэнцдэг…”

-Сонгодог урлагийн шалгуурын талаар задалбал их зүйл ярина. Маш өндөр мэдрэмж шаардана. Бидний хувьд сэтгэлээр амархан унаж, амархан сэргэдэг. Гэхдээ тэр мэдрэмж өөрт халгаатай юм шиг. Учир нь энд тэндэхийн үйл явдалд сэртхийж байдаг. Тийм учраас онцгой хүмүүс байдаг юм шиг ээ. Том хэмжээний дуурийг гурван цаг тайзан дээр дуулах шаардлага гарна. Жишээ нь би нэг дуурийн гол дүрийн баатар байлаа гэж бодъё. Гурван цаг тайзан дээр зогсолтгүй дуулахад газрын гүнд найман цаг ажилласантай дүйцэхүйц эрч зарцуулдаг. Тийм учраас бид даарч хөрч, цангаж болохгүй, маш сайн унтаж сэтгэл санаа тайван байх ёстой. Хүний хоолойд дууны хөвч байдаг даа. Унтаад л байвал улам гоё дуугардаг юм.

1 | 13 фото
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1

Тоглолт шаардсан хурц, зөрчилтэй дүрээр би өөрийгөө харуулж чаддаг

“Олон дүрд хувирч байдгаараа бид азтай. Нэг л хэвийн амьдарвал гунигтай…”

-Мэдрэмтгий байдал бол байгалиас өгсөн өгөгдөл. Мэдрэмж, зүрх, сэтгэл хөдлөл, ухаан зэрэг нь ажлын талбар дээр их үүрэг гүйцэтгэнэ. Дуурийн урлагийн онцлог нь хэрвээ тэр хүн ухаантай бол бусдад маш ихийг өгдөг. Жишээ нь би тайзан дээр аймшигтай харгис хүний дүрд тоглоод бусдын гарт үхэж байна гэж бодъё. Маргааш нь амин хайртай охиноо хүний гарт алдаж буй эцгийн дүрд хувирч болох юм. Нөгөөдөр нь Юндэнгийн дүр... Тэрний дараа хошин дүр ч бүтээж болно. Өдөр бүр өөр дүрд орж байдаг болохоор амьдралыг бид маш олон талаас харж чаддаг. Тайзан дээр хүн худлаа жүжиглэж болохгүй. Гурван цаг өөр амьдралаар амьдарна. Харин сэтгэл хөдлөлөө барьж байх ёстой гэдэг. Их орчихсон тохиолдолд биеэ барьж чадалгүй уйлах тохиолдол гарна. Хүн тэгж л биеэ зориулан амьдарч байна шүү дээ. Олон дүрд хувирч байдгаараа бид азтай. Нэг л хэвийн амьдарвал гунигтай.

Миний баритон хоолойны шалгуур бол “Риголетто“ дуурь…

-Их хүч шавхаж энерги зарцуулж байсан олон дүр бий. Онцолж хэлэхэд энэ сарын 30, 31-нд тоглох гэж буй “Тоска” дуурьд жинхэнэ аймшигтай дарангуйлагчийн дүрийг гаргана. Тэрбээр Ромыг захирч, Ром түүний гарт чичирч байдаг. Дарангуйлагч гайхалтай хоолойтой, үзэсгэлэн төгөлдөр бүсгүйг өөрийн болгохын тулд хайртай залууг нь алсан ч эргээд бүсгүйн гарт амиа алддаг. Улмаар бүсгүй амиа егүүтгэснээр “Тоска” дуурь дуусдаг. Бас миний баритон хоолойны шалгуур болсон нэгэн дуурь байдаг. Тэр бол “Риголетто“. Уг нь ид хоолойн хүч чадал суусан 40-50 настай хүнд их тохиромжтой дуурь л даа.

“Би тоглолт шаардсан их хурц, зөрчилтэй дүрд тоглох дуртай…”

-Өөрийгөө магтаж байгаа ч юм биш. Би тоглолт шаардсан их хурц, зөрчилтэй дүрд тоглох дуртай. Тэнд л би “бүхнээ” гаргаж чаддаг. Тэр нь ч сонирхолтой. Бас өөрт ойрхон дүр гэж байна. Өөрийн зан байдал, амьдралд тохирсон байдаг ч юм уу. Тийм дүрд тоглох нь илүү дөхөм. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, сэтгэлзүйн зөрчилтэй дүр нь тухайн жүжигчний ямар чадвартайг харуулдаг. Ийм дүр бүтээсний дараа сэтгэл ханамжтай, өег санагддаг.

Сайн дуучин байхын тулд сайн хүн байх ёстой. Муу хүн байвал чи өөрийгөө хөнөөчихнө

Надад ямар нөөц бололцоо байна тэр бүхнээ л шавхахыг хичээдэг...”

-Бүтээсэн дүрээр минь хүмүүс намайг янз янзаар л тодорхойлдог юм. “Тоска”-гийн Скарпиа бол дурласан бүсгүйгээ өөрийн болгохын тулд янз бүрийн л арга хэрэглэдэг. Заль хэрэглэнэ, уурлана хилэгнэнэ, арганд нь орохгүй бол хүчирхийлэх гэж үзнэ. Сэтгэлзүйн тэр их зөрчил, эмоцыг гаргахын тулд ур чадвар шаардах учраас надад энэ дүрийг бүтээх нь сонирхолтой санагддаг. Харин “Риголетто”-д үхэн үхтлээ охиныхоо төлөө явсаар дуусдаг эцгийн тухай гардаг. Тэрбээр ордны хаад ноёдын алиалагч юм. Түүний дотоод чиг шугам бол охиныхоо л төлөө гэх сэтгэл. Гэвч үүнээсээ болж бусдыг хуурахын сацуу, охиныг нь доромжилсон хаад ноёдоос өшөөгөө авахаар тэмцдэг. Эцсийн үр дүнд тэд бус охин нь өшөө хорслынх нь бай болж амиа алддаг. Миний энэ дүр л надтай их ойрхон гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ би аливаа дүрд хамаарч хайрцаглагдахаас зайлсхийдэг. Надад ямар нөөц бололцоо байна тэр бүхнээ л шавхахыг хичээдэг.

“Бүтээж чадаагүй дүр бараг байхгүй дээ…”

-Бүтээж чадаагүй дүр бараг байхгүй дээ. Ер нь би бүх л дүрийг бүтээхийг зорьдог. Би цөөнгүй дуурийн гол дүрд тоглолоо, амьдрууллаа. Одоогоор чи чадсангүй, тэр нь чамд тохирсонгүй гэх шүүмж ирээгүй л байна.

“Сайн дуучин байхын тулд сайн хүн байх ёстой…”

-Сайн дуучин байхын тулд сайн хүн байх ёстой гэдэг. Муу хүн байвал чи өөрийгөө хөнөөчихнө. Тэгэхээр сайн хүн байж гэмээнэ л цаашилна гэсэн үг. Өмнө нь багшийгаа энэ талаар ярихад нарийн ойлголтгүй байжээ. Харин ажлын талбарт гарч ирээд л ойлгодог юм байна.

Орныхоо хөшгийг нээгээд л “Монгол улсын гавьяат жүжигчин Амартүвшин” гэж өөрийгөө зарлаад л дуулдаг байсан

“Ямар ч хүний дотор маш их мэдрэмж, хүсэл тачаал оршин байдаг. Магад өөрөөсөө өөр баймаар ч юм уу. Гэсэн хэрнээ эргэн тойрноосоо шалтгаалан тэр хүслээ дарж байдаг. Харин жүжигчин хүн тайзан дээр тавих дүрүүдээрээ тэр хүслүүдээ “биелүүлж” чадах юм шиг...”

-Бид чинь азтай. Маш сонирхолтой амьдралаар амьдардаг. Хүн бүрийн дотор тийм мэдрэмж байдаг. Аймшигтай хашгичиж үзмээр, хүнтэй дурлалцаж үзмээр, эсвэл үзэн ядмаар, алалцаж үзмээр гээд л далд хүсэл төрөх нь лавтай. Үүнийг нь хэн ч мэдэхгүй. Харин жүжигчид тэдний дотоод сэтгэлийг ил гаргаад тавьчихдаг. Жүжиглэлтийг үзээд амьдрал дээрх Амараа мөн үү, биш үү гэдгийг үзэгчид харьцуулна. Цөнхрөнгөө барсан хүн уйлах, эсвэл дотроо асар их зөрчилтэй хүний дүрд хувирахад энэ хүний дотроос гарахааргүй зүйл гарч байна шүү гэдэг. Тэр нь л өнөөх ур чадвар.

“Үзэгчид заримдаа тоглосон дүрээр нь уг жүжигчний ааш зан, ерөнхий байдлыг дүгнэх нь бий. Тэгж бодоход хүргэнэ гэдэг бидний үүрэг...”

-Үзэгчид заримдаа тоглосон дүрээр нь уг жүжигчний ааш зан, ерөнхий байдлыг дүгнэх нь бий. Тэгж бодоход хүргэнэ гэдэг бидний үүрэг. Тухайн дүрийг үзэгч танилцуулга дээрээс хараад ойлголттой болчихно. Тэгээд хөшиг нээгдэн жүжиг эхлэхэд яг л тэр уншсан дүр биеллээ олох ёстой.  

“Анна Нетребко, Лучано Паваротти зэргийг мэдэхгүй хүн дэлхий ертөнцөд байхгүй. Тэр зэрэгтээ болох нь л миний том зорилго...”

-Анна Нетребко, Лучано Паваротти зэргийг мэдэхгүй хүн дэлхий ертөнцөд байхгүй. Тэр зэрэгтээ болох нь л миний том зорилго шүү дээ. Би тэр зам дээрээ гарчихсан яваа гэж боддог. Тиймээс зорилгодоо хүртэл явсаар байх болно.

“Ерөөсөө л дуурийн дуучин болох гэж төрсөн байхгүй юу...”

-Ерөөсөө л дуурийн дуучин болох гэж төрсөн байхгүй юу. Бага байхад Монгол гэрийн орны хөшгийг нээгээд л тайзан дээр байгаа мэт “Монгол улсын гавьяат жүжигчин Амартүвшин” гэж өөрийгөө зарлаад л дуулдаг байжээ. Бас коршокон дээр суучихаад л гэнгэнэтэл дуулдаг хүүхэд байсан гэсэн. Тэгэхээр цаанаасаа л дуулах гээд байж... Өнөөдөр мэргэжилдээ амжилттай яваа сэжүүр нь энэ. Түүнээс гадна урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Хүн урмаар л амьдардаг. Урлагийн хүн бол урам өгөөд дэмнээд л байвал явна. Тэндээс хөглөгдөн шатаж байдаг. Гэхдээ олон дунд урамшуулаад байхад буруу тийшээ хазайх нь ч бий. Тийм байж болохгүй.

1 | 6 фото
1
1
1
1
1
1

Чадал чансаа байгаад бусдаас илүүрхэж чадна гэвэл чи зорьсондоо хүрнэ

“Бусдын намайг чиглэсэн атаа хорслыг мэдрэх хамгаас хэцүү...”

-Хамгийн аймар нь атаа жөтөө. Бусдын атаа хорслыг мэдрэх хамгаас хэцүү. Заримдаа халширмаар, шантармаар, төвөгшөөмөөр мэдрэмж төрдөг. Хүн л хойно мэдрэмжээсээ болж уурлана. Уцаарлана. Шар хөдөлнө. Гэхдээ тэр бүхэнд жаахан ухаан зарж өөртөө халдаахгүйг хичээдэг. Би хэдийгээр залуу хүн ч хүн хэр хэмжээндээ байх ёстой гэж боддог. Хэрэв чамд чадал чансаа байгаад түүнээс илүү гарч чадна гэвэл чи зорьсондоо хүрнэ л гэсэн үг. Яагаад ч барахгүй бол тэндээ л байх ёстой. Заавал бусдын араас зуураад байх шаардлагагүй.

“Тэр мундаг бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй…”

-Би өөрийгөө харьцангуй хүлээцтэй гэж хэлнэ. Бусад хүн үнэхээр мундаг байвал хүлээн зөвшөөрч чадна. Яагаад гэвэл хүн жөтөөрхлөөсөө болж өөрөө өөрийгөө л алдаг юм. Миний эргэн тойронд ийм жишээ цөөнгүй бий. Тэгэхээр хажууд чинь амьдралын ямар жишээ байна түүнийг хараад сургамж авах ёстой. Аливаад зөв санаатай байж өмнөхөө л хийгээд явбал хүн аяндаа л өснө. Бусдын атаархал, хар санахыг мэдэрнэ гэдэг үнэхээр таагүй мэдрэмж. Гэхдээ би томыг харж зорилгоо дэлхийн дайд хүрэхэд тодорхойлсон учраас шалдар булдар зүйлст анхаарал хандуулахыг хүсдэггүй.

Жинхэнэ одод далд байдаг…

“Жинхэнэ одод сонгодог урлагт л байдаг. Гэхдээ би өөрийгөө од гэж хэлэхгүй…”

-Жинхэнэ одод сонгодог урлагт л байдаг. Гэхдээ би өөрийгөө од гэж хэлэхгүй. Бидний мэргэжлийн онцлог бол ажилдаа үнэн сэтгэлээсээ дурладагт оршино. Нэг уран бүтээл хийснийхээ дараа үргэлж нөгөөхийг нь хийхсэн гэх бодолтой байдаг. Үргэлж л хэвлэл мэдээллээр өөрийгөө сурталчилдаг хүмүүс бий. Гэтэл бид алхам тутмаа рекламдахгүй л байгаа биз дээ. Харин биднийг үзэх гэж хүмүүс дуурийн театрыг зорьж байна. Тэгэхээр жинхэнэ одууд далд байдаг.

“Монголын радиогоор өглөө эгшиглэх дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүд урлагт дурлах шалтгаан болсон…”

-Энэ талаар би ерөөсөө ярьж байгаагүй юм байна. Хөдөө эмээ өвөөгийндөө их очдог байв. Манай эмээ их эрт босно оо. Өглөөний 04.00 цагт ажилдаа гарна. Би бас нойронд сэргэг. Монголын радио өглөө эрт эхэлдэг шүү дээ. Эхэлмэгц дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдээс эгшиглэнэ. Сэрчихээд л сонсоод хэвтэх нь их сайхан мэдрэмж төрүүлдэг байж билээ. Тэр л хөгжим аялгуу урлагт дурлах шалтгаан болсон юм шиг. Бас хонинд явахдаа салхины чиг тааруулан зоргоороо л дуулна. Хөдөөний айлууд морин тэргэн дээрээ 200-гийн пошиг тавьчихсан явдаг шүү дээ. Тэрний бөөрөн дээр шанаганы толгой орохоор цоолчихсон байдаг. Би хүүхэд учраас тэр нүхээр толгойгоо оруулж дуулахаар л “пүн” гэж цуурайтаад л их гоё сонсогдоно. Тэгэхээр багаасаа л эрэлхийлж, өөрийгөө нээх гэж үздэг байж. Хүний явах зам л юм шиг байгаа юм. Дунд сургуульд байхдаа ч олон наадам тэмцээнд оролцдог байсан. Дандаа байр эзэлнэ. Гэхдээ түүнээс өмнө их ичимхий байсан… Тав, зургаадугаар ангид багш нар маань миний авьяасыг мэдэрчихээд нээхийн тулд “Чамайг дуулахгүй бол сургуулиас хөөнө” гэж айлгаад би гэдэг хүн анх удаа хүмүүсийн өмнө дуулж үзсэн. Тайзан дээр нэг удаа дуулаад л задарсан.

“Бодит амьдралын сэтгэл хөдлөлөө тайзны ард үлдээх хэрэгтэй гэдэг. Тэгвэл гээгээгүй авч гарсан сэтгэлзүйн байдал аливаа дүрийг амилуулахад нөлөөлж байсан эсэх…”

-Наадах чинь их нарийн. Тайзан дээр зарим сэтгэл хөдлөлөө аваад гарч болдог. Үлдээх ёстойг нь үлдээх чадвартай байх ёстой. Нэг бодлын бид муу хүмүүс ч юм шиг. Ямар ч зовлон гачигдал тохиолдсон ч театрын үүдэнд үлдээх ёстой. Театрын хаалгаар орохоор л өөр амьдралаар амьдраад явчихдаг. Тэнд гуньж гутрах сөхөө олгодоггүй. Харин их дурласан, сэтгэл санаа гунигтай дүр гаргахаар бол сөрөг сэтгэл хөдлөлөө тайзан дээр аваад гарч болно. Ингэснээр дүрээ улам л гоё бүтээх талтай.

“Нэг дүрийг олон дахин бүтээсэн хэрнээ тайзан дээр гарах болгондоо л эмээдэг…”

-Тайзан дээр гарах нь хялбар гэх ойлголт яавч байж болохгүй. Тинор хоолойн талаар ярья. Дандаа л дээд өнгө авдаг. Тэр өнгийг авахын өмнө байнга айж, стресстэж, эмээдэг. Тэгэхээр жүжиг тоглох болгондоо л эмээнэ гэсэн үг. Би чадах болов уу үгүй болов уу гэж бодно. Их л айдастай байгаа биз дээ. Тэр олон үзэгчдэд сонсгох хэмжээний хоолой гаргана гэдэг тийм ч хялбар биш ээ.

"Аливаад зөв санаатай байж өмнөхөө хийгээд явбал хүн аяндаа л өснө"

Э.Амартүвшин