Хоёр хүн бэлчээрт уулзаад яруу найргаар ярьдаг, хотол түмнээрээ оюун сэтгэлгээгээрээ гайхуулдаг ийм ард түмэн Монголоос өөр байхгүй. Энэ үгээр бид өөрсдийгөө тодорхойлох болсоор магад олон зуун өнгөрсөн. Харин орчин үед МЗЭ-ээс яруу найргийн “Болор цом” наадмыг зохион байгуулах болж, энэ жил 33 дахь удаа өргөн наадлаа. Өргөн гэхийн учир энэ удаагийн наадамд Өвөр Монголоос яруу найрагч Т.Энх-Хад ирж оролцсоноор “Болор цом” маань “Монгол туургатны найргийн наадам” болох эхлэлийг тавьснаараа онцлог болов.
Бас найрагчид эх хэл, өв соёл, эрх чөлөө, тусгаар тогтнолын сэдэвтэй бүтээлүүд түлхүү сойж, уралдсан юм. Гэхдээ сэтгэлгээ, ур хийц, яруу найргийн яруу байх зарчим талаас “ядуухан болчихов уу даа” гэсэн яриа үзэгчдийн дундаас сонсогдож байсныг тэмдэглэхгүй өнгөрч боломгүй. Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд, “Орчлонгийн ямар ч гашуудал зовлон ангал хавцал үүсгэлээ гэсэн тэр нь яруу найрагчийн зүрхэн дундуур туучаад гардаг” хэмээн Оросын яруу найрагчдын хэлсэн үг дэлхийн бүх яруу найрагчид хамаатай.
Өвөр Монголоос ирж оролцсон яруу найрагч Т.Энх-Хад, “Болор цом” наадмыг санаачлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит шагналыг хүртлээ.
Гэвч энэ удаагийн “Болор цом”-д нийгмийн хар бараан сэдвийг шүүрч авсан, гасалсан, ганихарсан шүлгүүд зонхилох төлөвтэй байсан нь харуусал төрүүлсэн.Гэгээн, тунгалаг, өөдрөг сэтгэлгээний дуулал тэнд тун цөөхөн сонсогдсон нь харамсалтай. Бараг хүн болгоны шүлэгт чоно гэдэг сэдэв зонхилж, урахсан, хүүлэхсэн гэсэнтэй утга нэг бухимдлын санаа цухалзаж байв. Ард түмэн гэдэг мэргэн шүүгч байдаг. Харин гурвын даваа хүртэл шүлгээ дуудсан ганц бүсгүй найрагч болох Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Болорцэрэнгийн “Сайхан зүүд байна” шүлэг гэрэл гэгээтэй, ядаж л сайхан гэдэг үгийг давтсанаараа “сайхан” санагдсан.Энэ бас л үзэгчийн үг. Сэтгүүлч мэдээллийг хүргэх ёстой болохоос шүүх эрхгүй учраас олны “агаар”-ыг дамжуулахад ийм байна.
“Болор цом-33”-д 150 гаруй уран бүтээлч шүлгэн хүлгээ сойж, сүүлчийн шатанд 33 найрагч тунаж үлдсэн. Тэднээс тавын даваа хүртэл шүлгээ дуудаж, яруу найрагт дуртай түмэн олноо баясгасан нь МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, О.Цэнд-Аюуш, М.Уянсүх, Ц.Эрдэнэбаатар, “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатар нар байлаа. Мөн тэдэнтэй яруу найрагч Б.Баттулга, П.Нямлхагва нар дөрөө харшуулж байв.
Мөн Б.Баттулга, Л.Ганзул нарын аль нэгийг түрүүлнэ гэж олон хүн тааж байлаа. Тэдний хувьд “Болор цом”-д олон жил уралдсан нэг уяаны морьд. Шүлгийн ур, сэтгэлгээний бяраар хэн нь ч хэнээсээ илүүрхэх, бас дутах юмгүй байсан. Шүүгчид эцсийн дүнгээ гаргахад МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Болор цом-33”-ын эзнээр тодорч Х.Эрдэнэбаатар аман хүзүүдсэн бол үзэгчдийн тааварт дээгүүр давхиж байсан Б.Баттулга тусгай шагнал, Л.Ганзул шагналт тавдугаар байрт орсон юм. “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар энэ үеэр “Яруу найрагт шунан дурласан 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шим гарлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Яруу найргийн наадам барьцгүй, шүүлт ч бас тийм л байдаг.
Шүүгчид ч үүнийг хэлдэг. Тухайлбал, энэ удаагийн наадмын ерөнхий шүүгч Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын гурван удаагийн тэргүүн шагналт Б.Лхагвасүрэн “Яруу найраг шүүнэ гэдэг насны бөгсөнд хийх ажил биш” хэмээж байв. Харин үзэгчдийн зүгээс “Нутгийнхаа найрагчид түрүү өгч, Төв аймгийн цомтны тоог нэмлээ. Тэгээд хийдгээ хийсэн гэх шиг дахиж шүүхгүй гэж хэллээ” хэмээн шүүмжилж байв.
Гэхдээ ямар ч үг яриа гарч байсан “Болор цом” болдгоороо болдог, улсын наадам шиг энэ жилийнх нь болоод өнгөрөхөд “Хойтон жилийнх хол байна даа” гэсээр үлддэг. Тэр л жишгээр хойтон жилийн “Болор цом” хол байна. Гэхдээ бас ойрхон байна аа. Энэ жилийн “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар найрагчийн хэлснээр Монголын утга зохиол үеийн үед, үрийн үрд мандан бадрах болтугай.
Ч.Зотол