Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлуулдаг
Олон улсын хавдартай тэмцэх өдөр пүрэв гарагт тохиолоо. Тус өдрийг энэ жил дэлхий нийтээрээ “Би чадна, бид чадна” уриатайгаар тэмдэглэв. Хавдар судлалын үндэсний төвийнхөн эл өдөр сэтгүүлчдэд Монгол Улсад тохиолдож буй хавдрын өвчлөлийн талаар мэдээлэл өгсөн юм. Хорт хавдраар жилд 5000 гаруй хүн өвчилж, 3000 гаруй хүн нас бардаг аж. Сүүлийн жилүүдэд хавдрын эсрэг аян зохион байгуулан эрт илрүүлж хүмүүсийн насыг уртасгахаар ажиллаж байгаа ч, иргэд сайн дураараа үзлэгт хамрагддаггүй талаар эмч нар хэлж байлаа.
Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлуулдаг учраас амийг аврах боломжгүй байдаг тухай эмч нар ярив. Манай улсад элэг болон умайн хүзүү, ходоод, уушгины хавдар зонхилон тохиолддог байна. Уушгины хорт хавдрын өвчлөлийн шалтгаан нь барилгын дулаалгад өргөн хэрэглэдэг асбест болон агаарын бохирдол болохыг Олон улсын хавдар судлалын агентлаг баталжээ. Хавдар судлалын үндэсний төвөөс судалж үзэхэд манай улсад асбест ашиглаж барьсан 1076 барилга байдаг байна. Түүнчлэн асбестийг цементэн хоолой, гэр ахуйн бүтээгдэхүүн хийхэд өргөн хэрэглэдэг аж. Эрдэмтэд ийн уг материалыг хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон учраас хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг эмч нар өгсөн юм.
Бид хавдрын эсрэг өдрийн арга хэмжээний үеэр ХСҮТ- ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хавдрын эмчилгээнд хэр дэвшил гарч байгаа вэ. Танай эмнэлгийн ачаалал ямар байна?
-Манай эмнэлэг байнга шахам ачаалалтай ажилладаг. Сүүлийн үед хавдрын өвчлөл буурахгүй байна. Орон нутагт хөнгөвчлөх болон химийн эмчилгээг бүрэн хийдэг болсон. Цаашид хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахын тулд өргөтгөлийн барилгаа энэ жил ашиглалтад оруулж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангачихвал эмнэлгийн ачаалал 30-40 хувиар буурна.
-Хорт хавдрын өвчлөлийн 70 хувь нь хожуу үедээ оношлогдож байна гэлээ. Иргэд хавдрын үзлэг шинжилгээнд хэр хамрагддаг вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд хамрагдаж чадахгүй байна. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэхээр шинээр оношлогдож байгаа хорт хавдрын өвчлөлийн дөрвөн хүн тутмын хоёрынх нь гурав, дөрөвдүгээр үе рүүгээ орчихсон байдаг. Тэгэхээр аль болох бага үед нь эмчид хандаж, оношлуулж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой. Жишээлбэл, улсын хэмжээнд умайн болон хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг өрх, сумын эмнэлэгт хийж байгаа. Эмэгтэйчүүд гурван жил тутамд эсийн шинжилгээ өгч байх шаардлагатай. Гэтэл эмэгтэйчүүдийн 30 хувь нь хорт хавдрын шинжилгээнд хамрагддаг. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна.
-Зургаан жилийн хугацаанд яагаад ахиц гарахгүй байгаа юм бэ?
-Хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэнэ. Дэлхийн нийтийн хандлага тийм байна. Өнөөдөр бидний хүрээлэн байгаа орчин, хоол унд зэргээс шалтгаалан өвчлөл үүсдэг. Тиймээс хувь хүн, төр засаг, эрүүл мэндийн байгууллага нийлээд тэмцвэл үр дүн гарна.
-Хавдрын эмчилгээ үр дүнгээ өгч байгааг яаж мэдэх вэ?
-Жил ирэх тусам мэс засал хийлгэсэн иргэдийн хүндрэл буурч байгаа. Хорт хавдрын эмчилгээнд зарцуулж буй төсөв хөрөнгө ч гэсэн тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Бид өмнө нь байхгүй байсан тоног төхөөрөмжийг оруулж ирээд хүмүүсийг эмчилж байна. Тэгэхээр жил ирэх тусам дэвшил гарч буйг харуулж байгаа.
Б.Гандолгор