Хоёр саяар биш 35 мянган төгрөгөөр сугалаатай баримт хэвлэх боломж


2016-03-17 08:30 GMT+8

-Гарааны бизнес-

Энэ оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн улмаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэгэн хүндрэл үүссэн.

Юу гэвэл сугалаатай баримтаа авахыг шаардсан иргэд, өндөр үнэтэй хэвлэх төхөөрөмж худалдан авахыг шаардсан хуулийн голд зарим ААН хаданд хавчигдсан халиуны зулзага болсноо учирладаг.

Тэд кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт, модем худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гарна гэдэг. Хэрэв иргэдэд баримт өгөхгүй бол Татварын ерөнхий газарт “хов хүргэн”, торгууль ноогдуулж, цаашид дампуурах ганц л сонголт үлдээснийг хэлж байна.

Тэгвэл Гарааны бизнес булангийн шинэ зочин энэ асуудлыг шийдэх боломжийг олгодог. Үсчин, гуталчин, цайны газар, лангуу түрээслэгчээс эхлээд түгээлтээр хүргэдэг цэвэр ус, хоол хүргэлтийн үйлчилгээ тэр бүр баримт хэвлэх боломжгүй гэсэн хариултыг өгдөг. Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатарын хэлснээр баримт хэвлэх машинууд загвараасаа хамаараад үнэ нь ялгаатай бөгөөд дунджаар нэг сая орчим төгрөгийн үнэтэйг хэлсэн. Харин дээрх бизнес эрхлэгчид ийм үнэ төлж баримт хэвлэх боломжгүйгээ учирлаж байна.

Тэгвэл ухаалаг утсанд суулгах аппликэйшн, бага оврын принтерийг ашиглаад хэрэглэгчдэд сугалаатай баримт хэвлэх боломжтой болжээ. Бүртгэлийн хураамж 35 мянган төгрөг төлөөд сардаа 6600 төгрөгөөр цаас авч үнэгүй принтер ашиглах боломжийг олгож буй “Таргетад плас” компанийн захирал Ч.Машнууцсүхтэй ярилцлаа.

-НӨАТ-ын урамшууллын системд холбогдож ажиллах дэлхийн жишгийн ПОС системийг жижиг дунд бизнест үнэгүй хүргэх зорилгоор байгуулсан борлуулалт, маркетингийн компани. Энэ бол танай танилцуулгын нэг хэсэг л дээ. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг бухимдуулаад байгаа баримт хэвлэх тоног төхөөрөмжийг үнэгүйгээр хүргэж байна гэхээр анхаарал татаж байна?
-НӨАТ-ын урамшууллын системийн тогтолцоо нь технологийн өндөр боломж, байнгын интернэт, программ хангамж гээд жижиг аж ахуйн нэгжээс их олон юм шаардсан. Программ хангамжийн компани эхний асуудлыг шийдлээ гэхэд хэвлэх төхөөрөмж, цаас гээд олон асуудал бий болно.

Тэгэхээр бид бүхий л төрлийн төхөөрөмж дээр ашиглах боломжтой iBarimt Пос системийг бид зах зээлд нэвтрүүлээд байна. Энэ оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулиар ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаа л бол хэрэглэгчдэд сугалаатай баримт хэвлэж өгөх ёстой. Гэвч жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрөөр хэлбэл захын нэг үсчин, цайны газар гэх мэт газрууд тэр бүр хэвлэж өгөхгүй байна шүү дээ.

Хувиараа бизнес эрхлэгчид яагаад энэ системд холбогдож, иргэдийн худалдан авалтад баримт олгохгүй байна гэхээр тэр төхөөрөмж нь 1.5 сая төгрөгийн үнэтэй гэсэн айдсаас болоод байна. Анх танилцуулахдаа өндөр үнийн дүн танилцуулчихаар жижиг, дундынхан жилийн ашигтайгаа тэнцэх хэмжээний ийм төхөөрөмж тавих боломжгүй гэсэн айдастай болчихсон. Тэгээд л маргаан гараад байдаг. Тиймээс энэ ойлголтыг бүрэн халах боломжийг бид бий болгож байна.

Хүчин чадал хамаарахгүй компьютертай л бол шууд системд холбогдох боломжтой. Гутал хувцас, гоо сайхан ажиллуулдаг, зах дээр ногоо зар зардаг хүмүүс НӨАТ-ын үнэтэй хэвлэгч төхөөрөмжийг авах боломжгүй шүү дээ. Бидний хийж байгаа зүйл яг л энэ хэсэгт зориулсан. Бүртгэлийн хураамж гэж 35 мянган төгрөг төлнө. Үүндээ программаа авчихна, суурилуулаад хэрхэн хэрэглэхийг нь заана, татвартай холбоод өгчихнө, заавал тухайн иргэн ТЕГ-аас IP код авах шаардлагагүй болно. Дахиж хэзээ ч программ ашигласны төлбөр, хураамж гэж авахгүй.

Суурин хэрэглэх боломжтой газрууд 100 мянган төгрөгийн барьцаа байршуулаад хэвлэгчийг ашиглана.

Анх өндөр үнийн дүн танилцуулчихаар жижиг, дундынхан жилийн ашигтайгаа тэнцэх хэмжээний ийм төхөөрөмж тавих боломжгүй гэсэн айдастай болчихсон. Харин бид үүнийг хална

-Лангуу түрээслэгч, хүргэлтийн үйлчилгээ гээд тэр бүр байнга компьютер ашиглах боломжгүй газрууд бий. Тэдэнд танай үйлчилгээ хэрхэн хүрэх боломжтой бол?
-Гар утсанд зориулсан аппликэйшн бий. Эхний ээлжинд iOS үйлдлийн систем бэлэн болчихсон. Тун удахгүй Android дээр гарна. Хүн бүрийг татварын байгууллагатай холбож байгаа хариуцлагатай ажил учраас алдаа мадаг гаргахгүй байх үүднээс бид хичээнгүйлэн, шалгаж, өндөр хариуцлагатай ажиллаж байна.

Үсчин ажлын байрандаа компьютер тавиад хэвлэгч тавиад сууж байх боломж хомс. Тэгвэл утсан дээрээ аппликэйшн суулгаад л хэвлэгчтэй байхад сугалааны баримт олгох боломжтой болно. Тэгэхээр маш бага зардлаар татварын нэгдсэн системд холбогдоод сугалаатай баримтыг иргэдэд өгөх боломжтой. Энэ бол маш том давуу тал. Таны хэлсэнчлэн хэрэглэгчид хувцасны лангуу, ус түгээлт гээд бүхий л үйлчилгээнээс баримт авах боломж бий болж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь тухайн бизнес эрхлэгчдэд төдийлөн дарамт болохгүй байх үнэтэй. Гар утас, таблетнаасаа худалдан авсан бүтээгдэхүүний үнийг хийгээд л шууд баримт хэвлэчихнэ гэсэн үг. Нэг цэнэглэхэд арав гаруй хоног цэнэгээ барьчихдаг. Аппликэйшн ашиглаад шууд гар утас, таблетнаасаа хэвлэх боломжтой.

-Хотын захын дүүргүүд дэх интернэт хэрэглэх боломжгүй газрууд бас бий шүү дээ. Тэд төхөөрөмж авна, дээр нь интернэтийг шийдэх боломжгүй байна гэж байна.
-Тэгэхээр энэ боломжийг бид хангах үүднээс Жи-Мобайл компанитай хамтарч ажиллаж байна. Манай программ хангамжийг ашиглаж байгаа хэрэглэгчид тус компанийн дугаар болон дата эрхээр манай үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Гар утас болон компьютер ашиглаж байгаа хүмүүсийн интернэт урсгалыг үнэгүй шийдээд өгчихөж байгаа юм.

-Хөдөө орон нутагт байгаа иргэдийн хувьд бас л интернэтийн асуудал байна. Сумдад байгаа хүмүүст хүргэх боломж хэр байна вэ?
-Орон нутагт Жи Мобайлын салбараар бүртгүүлээд гар утсанд суурилуулаад ашиглах боломжтой. Манайд 360 сум байдаг. Гэтэл Жи Мобайл тэр бүрд хүрээгүй байна. Цаашдаа өөрийн хэрэглэж байгаа үүрэн телефоны операторыг ашиглаад манай программыг ашиглаж болох, харилцагчийн асуудлыг шийдэх үүрэн телефоны оператор байвал бид хамтран ажиллахдаа таатай байх болно.

-Энэ бизнесийг эхлэхээсээ өмнө зах зээлээ судалсан байх. Танайхтай ижил үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэд байдаг вэ?
-Анх төсөл эхлүүлэхэд энэ төрлийн программ хангамжийг нийлүүлэх 17 компани байсан. Одоо төдийлөн нэмэгдээгүй болов уу. Зөвхөн программ хангамж гэхэд л гадуур хамгийн хямд нь өдөрт 1000 төгрөг гэхээр жилдээ хамгийн багадаа 365 мянган төгрөг төлөх болчихож байгаа юм. Манайд өдөрт 30 орчим хүн манайд хандаж байна. Тэгэхээр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд маш хэрэгцээтэй байгаа зүйл гэж болно.

Аппликэйшн ашиглаад шууд гар утас, таблетнаасаа баримт хэвлэх боломжтой

-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд сайхан л санал байна. Бүх зүйл нь үнэгүй гэхээр танайх юунаас ашиг олдог гэсэн үг үү.
-Хэвлэгч түрээсээр ашиглаж байгаа тохиолдолд сард 10 ширхэг буюу 6600 төгрөгөөр цаас худалдаж авах гэрээтэй. Хэвлэгч хоёр төрөл байна. Нэг нь компьютерт залгаад хэрэглэж болох нөгөө нь утсанд залгадаг. Эхнийх нь түрүүн хэлсэнчлэн барьцаа 100 мянган төгрөг байршуулаад сардаа хэрэглээний цаас буюу 6600 төгрөгөөр хэвлэх цаас авах гэрээтэй. Харин гар утсанд зориулсан хэвлэгч нь 170 мянган төгрөгийн үнэтэй. Мөн нэг бол худалдаж авч болно. Тэр тохиолдолд заавал 10 ширхэг гэхгүй хэрэглээгээрээ цаасаа худалдаж авч болно. Тухайн хүн өөрөө баримт хэвлэгчтэй бол бид заавал шинээр худалдан ав гэхгүй. Зөвхөн манайхаас баримт хэвлэх цаасаа ав гэж байгаа юм.

Бид программаа үнэгүй хэрэглүүлж байна гэдэг алсаа харж байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчид насаараа жижиг байхгүй. Хэдэн жилийн дараа үйл ажиллагаа нь өргөжөөд кассын программ хангамж биш, агуулахын үлдэгдэл, борлуулалтын тайлангаа хардаг больё, эсвэл хүний нөөцийн программ ашигладаг больё гэвэл бидэнд тэр хэрэгцээт программ нь бэлэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн “томорсны” дараа хэрэглэх программ байгаа учраас хоёр жилийн дараах, таван жилийн дараах хэрэглэгчээ бэлдэж байна гэсэн үг юм. Кассын программ ашиглах ямар ач тустай, хөдөлмөр хэрхэн хөнгөлж байна гэдгийг ойлгосон хүмүүс жилийн дараа илүү сайжруулья гэвэл бидэнд боломж байна. Тэгэхээр зуун хувь цааснаас хамааралтай бизнес биш.

Гарааны бизнесийн хувьд энэ чухал. Хоёр жилийн дараа бидний программаа суулгасан зургаан мянган харилцагчаас нэг хувь нь дараагийн программыг сонголоо гэхэд бидэнд ирээдүйд бэлэн зах зээл байгаа юм. Цаасны борлуулалт гээд хоёроос гурван жилийн дараа ашгаа олж эхэлнэ.

-Орон нутагт хүртэл төлөөлөгч ажилладаг гэж байна. Тэгэхээр хичнээн ажилтанг цалинжуулж байна вэ?
-Программ хангамжийг гар утсанд суулгахад асуудалгүй. Харин дэлгүүрт суурилуулахад программ хангамжийн хүмүүс хэрэг болж байгаа юм. Ингэхээр 21 аймагт нэг нэг төлөөлөгч байна, мөн гадуур хаягаар суурилуулах хүсэлтэй хүмүүст үйлчилдэг энэ чиглэлээр суралцдаг оюутнуудыг цагийн ажилтнаар авч ажиллуулж байна гээд үндсэн, цагийн ажилтантайгаа нийлээд 40 орчим хүн бий.

-Эхлээд удаагүй ч танайд хандаж байгаа хэрэглэгчид олон байх шиг байна. Тэгэхээр манай буланг уншиж байгаа, шинээр бизнес эрхлэхээр зэхэж байгаа хүмүүст хандаад өөрийн туршлагаас бас хуваалцах байх.
-Гарааны компани өөртөө гурван асуулт тавьж байх ёстой. Нэгдүгээрт өнөөдөр үүссэн асуудлыг шийдэж чадаж байна уу. Хоёрдугаарт өнөөдөр хэрэглэж байгаа үйл ажиллагааг арав дахин хөнгөлж, зардлыг арав дахин багасгаж чадаж байна уу. Гуравдугаарт ирээдүй

байна уу, урт хугацаанд ажиллах боломж бий юу. Энэ гуравт бүрэн дүүрэн хариулж чадаж байвал цаашид таны бизнес амжилттай явах болно. Манайх энэ гурван асуултад бүрэн дүүрэн хариулж чадаж байгаа учраас богино хугацаанд амжилт олох боломжтой гэж үзэж байгаа юм. Шинээр бизнес эхлэх гэж байгаа хүмүүс ч гэсэн энэ гурван асуултыг асуугаад хариулаад үзэх хэрэгтэй гэж хэлнэ дээ.

Та бүхэн ibarimt.mn сайт болон 70070072 дугаарын утсаар “Таргетад плас” компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4030 санал өгсөн байна.

Дээшээ