П.Эрдэнэтуяа: Монголбанк бол ил тод

Монгол банк

2016-03-24 08:17 GMT+8

Монголбанкны Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагаас шилэн дансны мэдээлэлтэй холбоотой дараах тодруулгыг авлаа.

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг 56,6 сая төгрөгөөр эмнэлэгт үзүүлжээ гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Монголбанк хүний нөөцийн бодлого болон журамдаа ажилтнуудаа эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулахаар заасан байдаг. Мөн ажил олгогчийн хувьд хууль, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, эмнэлгийн багц үзлэг, шинжилгээнд хамруулдаг жишиг уламжлалын дагуу 2016 онд эмнэлгийн багц үзлэг, шинжилгээг “Сөүлсэниорс Монголиа” ХХК-иар гүйцэтгүүлж байна. Эрүүл мэндийн үзлэгт ажилтнуудыг хамруулснаар аливаа өвчний онош эрт үедээ илэрч тухайн хүнд өвчин шаналлыг бага мэдрэх, эдийн засгийн хувьд ч арай хөнгөн тусах ач холбогдолтой юм. Мөн Эрүүл мэндийн даатгалыг ажилтан бүр төлж байгаа тул ажилтнууд үзлэг, шинжилгээнд хамрагдах бүрт холбогдох хөнгөлөлт, урамшуулал түүнээс төлөгдөөд явж байгаа. Монголбанк нийт ажилтнуудаа хоёр жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсаар ирсэн. Цаашид ч хамруулах болно. Монголбанк төдийгүй ямар ч байгууллагад хамгийн үнэтэй зүйл бол эрүүл боловсон хүчин байдаг. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хувьд анх томилогдон орсон цагаасаа хойш эмчилгээний зардалд болон нийгмийн халамжийн тусламж, дэмжлэг нэг ч удаа авч байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Монголбанкны санхүүгийн тайланд жил бүр хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлж буй дотоод, гадаадын аудитын газруудын дүгнэлтээс харж болно.

-Монголбанк ил тод байдлыг хэр ханган ажиллаж байгаа вэ ?

-Монголбанк нь Шилэн дансны болон Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой бүхий л мэдээллээ тухай бүр цахим хуудсандаа байршуулдаг. Монголбанк нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажилтнуудынхаа эмнэлгийн үзлэг, шинжилгээний гэрээг мөн нийтэд мэдээлсэн. Монголбанк бол ил тод бөгөөд төрийн нууц болон байгууллага, хувь хүний нууцаас бусад асуудал дээр нээлттэй байдаг.

Тодруулга өгсөнд баярлалаа.

                                    Г.Бадрах

GoGo Facebook Хуудас
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 276 санал өгсөн байна.

Дээшээ