“Хог түүгчдийн дэргэд чи бидний цалин ЮУ Ч БИШ”

Сэтгүүлч Г.Одгарав

2016-03-28 12:11 GMT+8

Алтан өлгийн чимээгүй хотоос хойхонтой нэгэн даваа байх бөгөөд замаар нь том оврын ачааны машинууд тасралтгүй “холхино”.

Ихэнхдээ юм овоолсон байх бөгөөд хот буцахдаа “суларсан” харагдана. Үүний сацуу портер, жижиг оврын машин, мотоцикл ээлжлэн цувна.

Портерын хувьд ачаа зөөхөөс илүүтэй хот чиглэх үедээ л ачаа тээчихсэн байна...

Эдгээр машин явсаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Цагаан давааны хогийн цэг дээр аваачина.

Хогийн цэг 2012 оны аравдугаар сараас үүдээ нээжээ. Энд Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хогийг нийлүүлдэг. Заримдаа Хан-Уул, Баянзүрхээс ч ирэх нь бий. Тиймээс нийслэлийн хогийн 50 гаруй хувийг энэ цэгт овоолно.

Хогийн цэг рүү нэвтрэхийн тулд машинууд пүүн /жин/ дээр жинлүүлнэ. Өдөрт том оврын 350-400 орчим машин Цагаан давааны хогийн цэгийг зорьж өдөрт 1000 тонн, сардаа 30 мянган тонн орчим хогийг хотоос авчирдаг.

Машинууд ихэнхдээ хог асгахаас өмнө түр зогсож ачаа бэхэлсэн тороо авч хураана. Үүний дараа овоолсон хог руу явах дүрэмтэй мэт...

Хогийн цэг дээр амьдрал өрнөж байна уу гэлтэй хүмүүс зогсолтгүй хөдөлнө. Учир нь тэнд ажиллаж бас амьдрах хүмүүсийн дүр зураг нүднээ илхэн...

Бүгд л тонголзож, малтаж, хурааж, цуглуулна. Тэнд зүгээр зогсох хүн нэгээхэн ч үгүй.

Тэгснээ машин ирэх сургаар дор дорынхоо ажлаа орхиод л машины зүг хурдална... Яг л ээжийгээ хараад тосон гүйж буй хүүхдүүд шиг догдлон харайна.

Хог буулгалаа... Оволзож, өрсөж буй нь илт... Жолооч нар энэ л “дайралт”-аас сэргийлж хогны бэхэлгээгээ хураадаг нь тодорхой болов.

Энэхүү оволзоонд хогийн цэгийг бүхлээр нь ажиглалаа. Тэнд суурин амьдрал бийг илтгэх Монгол гэр, цаасан овоохой тоотой хэдхэн...

Овоохойн гадна талд гурваас дөрвөн насны хүүхэд тоглож, гэрийн гадна нэг залуу хээв нэг бие засчихаад хаалгаа хааж харагдав. Бас энд тэндгүй юу ч юм овоолж, цаас, уутаар бүтээчихэж...

Хогийн цэгээс холгүйхэн “Цагаан давааны хогийн цэг” гэсэн хаягтай нэг давхар цагаан байшин харагдах бөгөөд ахлах мэргэжилтэн Ц.Ганбаатартай уулзаж хэсэг яриа өрнүүллээ.

ХОГООС ЯЛГАРАХ МЕТАНЫ ХИЙГ ЗАЙЛУУЛАХ АЖЛЫГ ХИЙДЭГ. УЧИР НЬ ГАЛ ГАРАХ АЮУЛТАЙ НӨХЦӨЛ БҮРДДЭГ

-Хогийн гарц улирлаас хамаарч хэмжээ нь янз бүр байдаг уу?

-Дулааны улиралд хогийн хэмжээ ихэсдэг. Энэ нь барилгын хог нэмэгддэгтэй холбоотой. Би сар тутамд Нийслэлийн захирагчийн албанд тайлангаа гаргаж өгдөг. Пүү буюу жин хэмжигчээс авсан сарын мэдээ миний өмнө байна.

-Дийлэнх нь юуны хог байдаг вэ?

-Бид ахуйн болон барилгын хог авна. Манайх 24 цаг ажилладаг.

-Энд ирсэн хогонд ямар боловсруулалт хийгддэг вэ. Эсвэл овоолоод л байдаг юм уу?

-Хог боловсруулах Германы технологийн горимоор бид ажиллаж байна. Хуримтлагдсан хогийг түрээд дээр нь шороо асгадаг. Өөрөөр хэлбэл хог, шороо, хог, шороо гэх зарчмаар овоолдог гэсэн үг. Хэсэг хугацааны дараа хог доошоо сууж, халуун дулаан, ус чийгээс шалтгаалан ялзрал үүснэ. Тэндээс ялгарах метаны хийг зайлуулах ажлыг хийдэг. Учир нь метаны хий ихээр хуралдсанаар тэсрэлт үүсэж, гал гарах аюултай нөхцөл бүрддэг. Түүнээс биш учир утгагүй овоолох ажил хийдэггүй.

-Буудсан нохой, муурыг танайд устгадаг гэж сонссон?

-Тийм ээ. Анчид муур нохой алаад сэг зэмийг нь энд авчирч бид устгадаг юм. Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн анчид ажилладаг.

-Өдөрт хэчнээн муур, нохойг авчирдаг бол?

-Харьцангуй. Өдөрт 600 орчим байдаг бол заримдаа 1000 ч хүрэх нь бий. Нохойг хоёр аргаар устгадаг. Заримыг нь хоёр зуухандаа шатаадаг бол хүчин чадал дийлэхгүй үед газар булдаг.

ЭНД ХАМГАА АЛДСАН АРХИЧИД, ГЭР ОРОНГҮЙ ХҮМҮҮС БАЙХАА БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ

-Хог түүж амьдардаг хүмүүс цөөнгүй харагдлаа. Дунджаар хэчнээн хүн байдаг бол?

-Миний хувьд энд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Бид тэднийг “нинжа” гэдэг юм. Энд амьдардаг гэр бүл их цөөн. Миний олж мэдсэнээр энд хамгаа алдсан архичид юм уу гэр оронгүй хүмүүс байхаа больсон шүү дээ. Эд чинь бүр машин тэрэгтэй, унаатай гээд л бодоод үз.

-Мотоцикл харагдсан?

-Хамгийн амьжиргаа муутай нь мотоциклтой. Түүнээс дээш бол бүгд машинтай байх жишээтэй. Өглөө “ажилдаа” их гоё залуучууд ирдэг. Нөгөө хувцсаа сольж өмсөөд л ажилдаа гарна. Өдөржин хог түүж хоёрдогч түүхий эдээ бөөгнүүлчихээд 17.00 цагаас хойш ченжүүдэд тушаадаг. Манай энд бол Ганболд, Ганбат гээд ах дүү хоёр ченж байдаг. Тэр хоёр орой болохоор ирдэг юм. Тэгээд тушаасныхаа дараа ажлаа тарж байгаа юм шиг буугаад явчихдаг.

-Өдөржин ажиллаж байгаа юм чинь хоол хүнсээ яаж болгодог юм бол. Хогноос хоол олж иддэг юм уу?

-Яалаа гэж. Тэнд ТҮЦ ажиллана, хуушуур, бууз гээд янз бүрийн хоолоо өөрсдөө хийгээд идчихнэ. Энд амьдрал өрнөж байна. Манай энд бол хамгаа алдаад дордсон хүмүүс байдаггүй.

-Тартагтаа тулсан хүмүүс бараг байдаггүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Заримдаа хүмүүс буяны ажил хийгээд тэднийг өрөвдөж хооллож харагддаг юм. Гэтэл идэх зүйлээ идээд дургүйгээ хаячихсан л байдаг. Тэгэхээр хүний тооноос хасагдсан хүмүүс биш гэдгийг би баттай хэлнэ. Ноднин их хэцүү байсан. Өнөөдөр амьжиргаа нь гайгүй болоод байна. Өнгөрсөн жил нэг банкны теллер хүмүүсийн зээлийн материалыг үйлчлэгч нь санаандгүй хаячихаж. Гэтэл олж өгсөн хүнд 100 мянган төгрөг өгье гэтэл ажлаа  алдахаа больё гээд хайх хүн олдоогүй.

-Тэд тэгвэл нийгмийн харьяалалтай бичиг баримттай байх нь ээ?

-Тийм ээ.

ТЭД ХАМГИЙН БАГАДАА 50 МЯНГА, ТҮҮНЭЭС ДЭЭШ 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ӨДӨРТӨӨ ОЛЖ БАЙНА

-Түрүүн энд дөрвөн дугуйт мотоцикл дээр сундалсан хоёр хүн давхиж харагдсан?

-Тийм ээ. Чи бид бол дундаж амьдралын хүмүүс. Гэтэл тэд хамгийн багадаа 50 мянган төгрөг олдог гэхээр сардаа 1.5 сая төгрөг олж байгаа биз дээ.

-Тэгэхээр тэд хогон дунд амьдрах бус ажлаа хийж яваа хэрэг байх нь ээ?

-Олон жилийн өмнө л хогон дунд амьдардаг гэсэн ойлголт байсан байх. Харин өнөөдөр бол тийм биш. Тэд дотроо бригад болж ажилладаг. Нарийн зохион байгуулалттай. Тэдэнд хааяа л архи уух тохиолдол гарна.

-Хэн хүнээс илүү орлоготой ажиллаж байна даа?

-Нинжа нарын олж байгаа мөнгөний хажууд чи бидний авч байгаа цалин юу ч биш. Би бол чиний бодсоноос эсрэг юм ярина. Тэд хамгийн багадаа 50 мянга, түүнээс дээш 100 мянган төгрөгийг өдөртөө олж байна.

­-Ямар түүхий эдээс тийм их мөнгө олоод байна аа?

-Хуванцар эдлэл, сав, лааз, жимсний чанамал, архи, пивоны шил, төмөр, зэс, гууль гээд л төрөл бүрийн зүйл бий.
-Зэс гуулиа хаанаас гаргаж авдаг юм бэ?
-Хаягдал кабелыг шатаагаад дотроос нь зэс, гуулийг нь гаргаж авдаг. Биднийг харж байхад гэр бүлийн хоёр хүн хувцсаа тайлж машинаа энд тавьчихаад л ажилдаа орно. Тэгээд цуглуулсан түүхий эдээ тушаасныхаа дараа хувцсаа өмсөөд машинаа унаад явчихдаг.

-Ченжүүд нь ямархуу хүмүүс байдаг вэ?

-Тоотой хэдэн хүн л байдаг. Ченжүүд “нинжа” нарт зээл өгсөн байдаг. Нөгөөдүүл нь зээл аваад өдөр бүр хог ухаж ажиллан өрөө төлдөг.

“НИНЖА” НАР ЦАХИЛГААНААР ХАНГАХ ХҮСЭЛТИЙГ БИДЭНД ТАВЬСАН...

Сайтар харвал тэнд хоёр хүүхэд бий...

-Хүмүүс энд ажлаа хийдэг юм байж. Тэгвэл хэчнээн хүн амьдраад байна?

-Гэр, овоохойг нь харвал арав хүрэхгүй байгаа биз дээ. Дотор нь 2-3 хүн амьдарч байна гэж үзвэл ойролцоогоор 20-30 хүн л тэнд амьдардаг гэсэн үг. Харин тэднээс бусад нь хоноглодог. Энэ нь их учиртай. Тэд төмрийг өдөрт тав зургаан килограммаар цуглуулж чадахгүй шүү дээ. Хаягдал түүхий эдээ “гороо” гэж нэрлэдэг. Тэгээд гороо цуглуулж болмогц машин дуудаж тушаадаг. Овоолсон хэдээ алдчихгүйн тулд л хоноглох шаардлага гардаг. Пивоны лааз, архины шил, хуванцар саваа өдөрт нь тушаадаг. Тоосго буувал цуглуулаад нэгийг нь 100 төгрөгөөр зарна. Заримдаа манай ажилчид “Шинээр хэдэн охин ирчихсэн байна лээ” гэж ярих нь бий. Дийлэнх нь гэртээ харьж өглөө “ажилдаа” ирдэг хүмүүс. Эндээс холгүй өнөөх төмрийн ченжүүд амьдардаг юм.

-Эдгээр “нинжа”-тай хэрхэн зохицож ажилладаг вэ?

-Нинжа нартай “найзлахгүй” бол бидний ажлыг явуулахгүй шүү дээ. Гал түймэр тавина, машин техник эвдэнэ. Тийм учраас бид харанхуй шөнө ажилладаггүй. Нөгөө талаас хөдөлмөрийн хуульд захирагдана.

-Тэдний аргыг олох хэр бэрхшээлтэй вэ?

-Бид тэднийг дуудаж хуралдуулж, хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгдөг. Харилцан уялдаж ажиллахаас өөр аргагүй. Өдөрт цэвэр усаар хангана. Монгол улсын иргэн юм чинь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн утгаараа шүү дээ. Бүр сүүлдээ биднээс цахилгаанаар хангахыг хүссэн. “Боломжгүй” гэсэн хариултыг өгсөн.

-Та нарын ажилд ямар нэмэртэй вэ?

-Эдний нэмэр гэж юу байх вэ дээ. Орчны гал түймэр гаргах өөрийгөө болон бусдыг аюулд учруулахгүй гэх талаас нь л сэргийлж зохицож ажиллахыг л хичээдэг.

-Ажилчидтай муухай харилцах тохиолдол гардаг уу?

-Ховор шүү. Бидэнтэй маш хүндэтгэлтэй харьцдаг. Архи ууж агсам согтуу тавьж ажилд саад болж байсан нь ховор.

-Хүүхдүүд хог ухаж байх юм уу?

-Сургуулийн амралт болохоор их хэцүү. Хүүхдүүд хог ухаж мөнгө олохоор ирдэг. Зарим үед энд ажиллаж байгаа хүмүүс хүүхдүүдээ авчрах нь бий.

Хоёр жил ажилласан ахлах мэргэжилтэнтэй ийн хэсэг ярилцлаа. Биднийг хот буцах үед 17.00 цаг болж байсан бөгөөд “Нинжа нар түүхий эдээ тушааж байна. Ченжүүд нь иржээ” гэх тэндэхийн ажилтны хэлэх сургаар хараа бэлчээвэл нээрэн л хоёр гурван портертой хүмүүс ачаа ачиж, хүмүүс бөөгнөрч байлаа.

Харин ирсэн замаараа буцах замд төмөр болоод ундааны шил овоолсон хэд хэдэн хашаатай таарсан бөгөөд дараах үнийн жагсаалт гаргасныг харав.

Амьдралынхаа хагас өдрийг Цагаан давааны хогийн цэгт өнгөрүүлээд буцах замдаа оюун санаанд нүүрлэсэн хямрал гэх төсөөллөө сурвалжлагч би тэнд гээснээ саналаа...

Зураг, видеог Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 346 санал өгсөн байна.

Дээшээ