55 жил: Юрий Гагариныг анх “Огторгуйн нисэгч” гэдэг байлаа

Сэтгүүлч А.Ихсанаа

2016-04-12 10:00 GMT+9

Өнөөдөр хүн анх сансарт ниссэн өдөр. Яг 55 жилийн өмнө энэ л өдөр дэлхийн иргэн тэр дээшээ хөөрчээ. Шувуу болохыг хүсдэг байсан хүн төрөлхтөн шувуунаас ч өндөрт нислээ. Уулсын дээгүүр, үүлсийн доогуур гэж эхэлдэг үлгэр ч дахин ингэж эхлэх аргагүй боллоо.

Зөвлөлт холбоот улсын иргэн Юрий Алексеевич Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дэлхийн татах хүчийг эсэргүүцэн, тойрог замд 108 минут хөөрөөд ирсэн өдөр энэ.  Тэр цагаас хойш сансар судлалд асар их өөрчлөлт гарчээ. Дэлхийн 536 хүн сансарт хөөрч, тэдний гурав нь дэлхийн дөнгөж хагасыг туулаад буцаж газардсан байдаг.

Харин нийт 533 хүн эх дэлхийгээ тойрч, 24 хүн дэлхийн тойрог замаас холдож, 12 нь саран дээр алхжээ. Хэрэвзээ нэгэн хүний амьдралаар бодвол дэлхийгээс сансарт хөөрсөн хүмүүс нийтдээ 29,000 өдөр/77 жил/ буюу хүн сансарт анх хөөрснөөс өнөөдрийг хүртэлх хугацаанаас ч илүү олон жилийг огторгуйд өнгөрөөсөн аж.

Тэгвэл Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа гуай, дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарины талаар ингэж өгүүлэв:

              “Би тэрийг мартдаггүй юм аа, их тод санадаг юм. Тавдугаар ангийн сурагч байлаа. 1961 он шүү дээ. 1960 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд Юрий Алексеевич Гагариныг сансарт ниссэн жил зэргэлдээх сумандаа тавдугаар ангид элсэн ороод байсан үе юм.

Хишиг-Өндөр сумын долоон жилийн дунд сургуульд орчихсон дотуур байрны хүүхэд үе байлаа. Тэр үед сургуулийн хашаан дотор олон гэр байдаг, тэнд Дашинчилэнгийн хүүхдүүд, энд Гурванбулагийн хүүхдүүд, Бүрэгхангай, Могод гээд бүх сумаас шилжиж ирсэн хүүхдүүд амьдардаг байсан юм. Харин манай сумын гэрүүдийн ойролцоох утасны модон дээр цагаан хоолой өлгөөтэй байдаг байв.

Өнөөдөр Гагаринтай хамт бэлтгэл хийж байгаад сансарт ниссэн хүмүүсээс одоо ердөө дөрөвхөн хүн л байдаг

Их тод чанга сонсогдоно ч гэж жигтэйхэн, бид ч түүнээсээ их мэдээ авна. Тэр л цагаан хоолойгоор сэрж, тэр л цагаан хоолойгоор бараг унтдаг байлаа шүү дээ. Ингээд 1961 дүгээр оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр бид гадаа тоглож байсан юм аа. Тэгсэн л өнөөх цагаан хоолойгоор “Анхаараарай, анхаараарай” гээд их чухал юм л нэвтрүүлэх гээд байх шиг байсан.

Тухайн үед бид бөмбөг хөөж байсан санадаг юм. Хүүхэд л болсон хойно шороо бужигнуулаад л явж байсан байх. Тэгээд тийм юм дуугараад байхаар нь хүүхдүүд их чухал юм болох гэж байна гээд бүгд утасны мод руугаа анхаарлаа хандуулаад, зарим нь зогсоод сонсож байлаа.

“Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин сансрын тойрог замд, сансрын хөлгөөр нислээ” гэсэн утгатай юм хэлдэг юм байна. Анх манайхан Гагариныг хиймэл дагуулаар хөөрлөө гэж яриад байлаа, сансар гэдэг үг ч тэнд байгаагүй. Огторгуй гэж ярьдаг байлаа шүү дээ. Сансар гэдгийг бүр сүүлд Монгол хэлний үгийн санд орж ирсэн юм. Тэр үед огторгуйд хүн нислээ гэж ярьдаг байлаа.

Тэгээд би тавдугаар ангийн хүүхдийн оюун бодлын хэмжээ ч юм болов уудаа дотроо “Улсууд онгоцоор нисээд байхад, ямар гээчийн юм болоод ингэж онцгой зарлаж байгаа юм бол доо” гэж тэр үедээ бодож байсан юм. Үнэндээ сансар гэж тэс ондоо, тэс өөр тийм зүйл гэж ойлгохгүй л байсан хэрэг л дээ.

Харин дараа нь багш нар маань бидэнд их сайхан тайлбарлаж өгч байв даа. Огторгуй гэдэг чинь ийм юм байдаг, хүн ер очиж үзээгүй, хиймэл дагуул дөрөвхөн жилийн өмнө хөөргөсөн, Юрий Гагарин гэдэг хүн анхны огторгуйд ниссэн хүн боллоо, анхны техникийг туршина гэдэг, хүн явж үзээгүй замаар явна гэдэг бол их баатарлаг үйл явдал гээд л.

1964 оны дөрөвдүгээр сарын 14-нд Юрий Гагарин Байконураас Москвад ирсэн юм шүү дээ. Тэр үед нь Ю.Цэдэнбал дарга тэнд байсан байгаа юм. Зөвлөлтийн нэг номерын дарга Никита Сергеевич Хрущёв Ю.Цэдэнбал даргыг урьсан хэрэг л дээ. “Юрий Гагариныг огторгуйд хөөрснийг тэмдэглэж, том ёслолын ажиллагаа болно, та оролцох уу?” гэж урьсан байгаа юм.

Ю.Цэдэнбал дарга дараа нь надад энэ тухайгаа өгүүлж “Улаан талбай дээр зогсож байхдаа, хүн ийм баатарлаг гавьяа байгуулж байхад, би хувь хүнийхээ хувьд яах ёстой вэ? Монгол улс яах ёстой вэ? гэж бодож бодож, за ер нь мундаг сайн үйлс бүтээж чадахгүй юм аа, гэхэд хувийн дутагдлаасаа салах хэрэгтэй юм байна гэж бодсон” гэсэн юм.

Тэр үед Ю.Цэдэнбал дарга тамхи татдаг байж. Тэгээд Улаан талбай дээр сүүлчийн тамхиа татаад дахиж амандаа тамхи хүргээгүй ээ гэж. Тэр бол эр зориг, тэвчээр хатуужил гэж боддог. Хүн тэр үйл явдлыг өөртөө нь тусгаж авч, бас өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө баяжуулж байгаа нэг хэлбэр юм байна даа гэж би бодсон.

Хэдийгээр Юрий Алексеевич Гагаринтай уулзах боломж надад цаг хугацааны хувьд боломж байгаагүй боловч тэр хүнтэй холбоотой хэд хэдэн сэжим бий гэх юм уу даа. Нэгдүгээрт Юрий Гагарины ажиллаж, амьдарч байсан тэр “Оддын хотхон”-д, Зөвлөлтийн сайхан сансрын нисэгчтэй/В.А.Жанибеков/ хамт гурван жил амьдарлаа.

Юрий Гагарины гэр орныхон, хүүхдүүд, Валентина Ивановна Гагаринатай сайн танилууд. Дараагийн сэжим нь бид хоёр нэг сургууль төгссөн явдал. Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн инженерийн академийг Юрий Гагарин 1968 онд төгссөн байдаг юм.

Гэвч 1968 оныхоо гуравдугаар сард сургуулиа дүүргээд, ердөө удалгүй 27-ны өдөр зуурдаар таалал төгссөн дөө. Тиймээс манай сургууль Гагарин бид хоёрыг холбодог бас нэг зүйл юм.

Юрий Гагаринаас бусадтай нь уулзаж учирч, найзалж, нөхөрлөж явлаа даа. Герман Степанович Титов, Павел Романович Попович, Валентина Владимировна Терешкова, Андриян Григорьевич Николаев, Валерий Фёдорович Быковский, Виктор Васильевич Горбатко гээд бүгдтэй нь дотно байсан.

1959 онд Зөвлөлт холбоот улс сансарт хөөргөх хүнийг сонгохоор 20 залуу цуглуулсан байдаг юм. Тэдний дунд Юрий Гагарин байж таарна шүү дээ. Тэр 20 залууг “Гагарины Отряд” гэж нэрлэдэг. Тэр 20 хүнээс 12 нь сансарт ниссэн. Зөвлөлт Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Виктор Васильевич Горбатко нэг юм шүү дээ.

Өнөөдөр Гагаринтай хамт бэлтгэл хийж байгаад сансарт ниссэн хүмүүсээс одоо ердөө дөрөвхөн хүн л байдаг. Алексей Архипович Леоонов, Валерий Фёдорович Быковский, Бори́с Валентинович Волынов, Виктор Васильевич Горбатко нар юм.

Харамсалтай нь Юрий Алексеевич Гагарин Монголд ирж чадаагүй ээ. Монголд анх ирсэн сансрын нисэгч нь Герман Степанович Титов юм шүү дээ”Ингэж хэлээд Ж.Гүррагчаа гуай яриагаа өндөрлөв. Юрий Гагарин 1961 онд дэлхийн анхны сансрын нисэгч болжээ. Гэхдээ тэр үед бид сансар гэж ярьдаггүй байж. Харин огторгуй гэж ярьдаг байж. Өнөөдөр 2016 оны дөрөвдүгээр сарын 12. Дэлхийн хүн огторгуйд хөөрч, огторгуйн хилийг нээсэн 55 дахь өдөр.

Шувуу болохыг хүсдэг байсан хүн төрөлхтөн шувуунаас ч өндөрт ниссэн 55 дахь өдөр. Уулсын дээгүүр, үүлсийн доогуур гэж эхэлдэг үлгэр ч дахин ингэж эхлэх аргагүй болсон 55 дахь өдөр.

Сансар хэмээх үгийн учир:
 "Орчлон" хэмээх үгийг санскрит хэлээр "самсара (сансар), төвд хэлээр "хорвоо" хэмээдэг. Энэ хоёр үг санскрит, төвд хэлэндээ мөн л "эргэлдэх, орчих" хэмээсэн утгатай ажээ. Монгол хэлэнд орсон харь үгийг онож тохирсон монгол үгтэй нь хоршин хэлдэг зүй тогтлоор "орчлон хорвоо, "сансар орчлон" гэх мэтээр хэлж бичдэг. Харин 1960-аад оны үес хүн анх огторгуйд нисэхэд, "космос" хэмээх үгийг "сансар" хэмээн оноочихсон нь өнөө буруу хэвшчихжээ. МУИС-ийн профессор Ш.Чоймаа
GoGo Facebook Хуудас
 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ