Ц.Мөнхбаяр: Малчны зээл нь экспортын гинжин хэлхээний эхлэлийн цэг, хөшүүрэг болно

Монгол банк

2016-04-15 18:11 GMT+8

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн 10 хувийн хүүтэй зээлийн талаар  СТБЗ-АА-ны дарга бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

-Одоогоор нийт 10 хувийн хүүтэй, хэдэн төгрөгийн зээл малчинд олгоод байна вэ?

-Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг 2016 оны хоёрдугаар сарын 22-нд баталсан. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, экспортод чиглэсэн мах, түүхий эдийн бэлтгэлийн сүлжээг дэмжих, үүнд шаардлагатай дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, санхүүгийн эх үүсвэрийг улсын төсвөөс, санхүүжилтийг Төрийн банкаар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу Төрийн банкнаас дэд хөтөлбөрийн шалгуурыг хангасан малчдад 10 хувийн хүүтэй зээлийг гуравдугаар сарын 15-аас олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Төрийн банк 21.2 тэрбум төгрөгийг 5808 малчинд олгоод байна. Дэлгэрэнгүй судалгаанаас харахад, нийт зээлийн 33 хувийг малын тэжээл авах, 27-г хашаа, саравч шинэчлэх, засах, 12-ыг үржлийн мал худалдан авах, есийг малын өвөлжөө, хаваржаа барих, худалдан авахад зарцуулжээ. Нэг малчин дунджаар 3.3 сая төгрөгийг, 12.5 сарын хугацаатай зээлсэн мэдээлэл байна. Дашрамд дурдахад, Монголбанкнаас малчны зээлийн мэдээг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд өдөр бүр хүргэж байна.

-Малчдад тавьж буй шалгуурын талаар мэдээлэл өгөөч?

-Дэд хөтөлбөрт гурван гол шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, банкинд “Малчин данс”-тай, орлого, зарлагаа уг дансаар дамжуулан тогтмол хийдэг байх шалгуур тавьж байгаа. Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн санхүүгийн урсгалын мэдээллийн сантай болох зорилгыг агуулж буй юм. Ингэснээр дэд хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, дараагийн бодлогын арга хэмжээний саналыг боловсруулахад дөхөмтэй болох, малчны хувьд санхүүгийн мэдээллээ сайжруулснаар дахин зээл авах боломжоо нэмэгдүүлэх, бусад зах зээлийн оролцогчдын хувьд мал аж ахуйн салбарын нийт санхүүгийн мэдээлэл ил тод, нээлттэй болох, мэдээллийн тэгш бус байдал буурах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, малчид эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг байх шалгуур тавина. Тэтгэврийн сангийн мэдээнээс үзэхэд малчдын эрүүл мэнд, даатгалын шимтгэлд хамрагдсан байдлын хувь хангалтгүй байгаа. Гэтэл малчид эрсдэлтэй орчин, хүнд нөхцөлд ажилладгийн зэрэгцээ тэдний ирээдүйн амжиргааны баталгааг хангах шаардлагатай учраас даатгалын ач холбогдол өндөр байдаг. Иймд энэ хөтөлбөрөөр дамжуулан малчдыг нийгмийн даатгалд хамруулах бодлого баримталж байна.

Гуравдугаарт, малдаа туулга, тарилга, угаалгыг технологийн хугацаанд тогтмол хийсэн байх ёстой. Энэ ажлыг малчид хийж эхэлсэн. Одоо гагцхүү нь хугацаанд нь, технологийн дагуу хийхэд л анхаарах юм. Дүгнэж хэлэхэд, гурван шалгуур нь үйлдвэрлэл эрхэлж буй хүний хувьд энгийн хэдий ч үр дүн нь том, хэвшүүлж сургах, зуршил болгох шаардлагатай ажил. Тэгэхээр үйлдвэрлэгч малчин энэ гурван суурь шалгуурыг зайлшгүй хангах шаардлагатай.

-Дэд хөтөлбөр эхлээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Монголбанкнаас хөтөлбөрийн эхний шалгалт, үнэлгээг өнгөрсөн 7 хоног хийлээ. Энэ хүрээнд бүх аймагт олгосон зээлийн материалыг шалгасны зэрэгцээ 636 малчин, Төрийн банкны 405 зээлийн эдийн засагч, 224 сумын Засаг даргаас түүвэр судалгаа авсан. Судалгаанаас харахад үндсэн гурван дүгнэлт хийж болохоор байна.

Нэгдүгээрт, цаг хугацааны хүчин зүйл зээл олголтод нөлөөлж байна. Тухайлбал, хөтөлбөр эхэлсэн цаг хугацаа нь мал төллөлт, ноос, ноолуураа зарж, орлоготой болдог үетэй давхцаж байна.

Хоёрдугаарт, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг хэрхэн сайжруулах, энэ чиглэлээр ямар ажил хийх, зээл авах төсөв, төлөвлөгөөг хэрхэн бэлтгэх зэрэг чадвар дутмаг байгаа нь анзаарагдсан.

Гуравдугаарт, малчдад нийгмийн даатгалын ач холбогдлын талаарх ойлголт дутмаг байна. Мөн өмнөх хэрэглээний зээлүүдээ хаагаагүй, дэд хөтөлбөрийн зээлийн хэмжээ олон малтай малчдын хувьд шаардагдах хэмжээнээс нь бага, үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй сурч заншсанаараа хэрэглээний зээлээ авах сонирхолтой байгаа зэрэг сөрөг хүчин зүйл байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Төрийн банк малчдын үйлдвэрлэлийн зээлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, олголтыг хурдан шуурхай, уян хатан зохион байгуулах, орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгөх зэрэг олон ажлыг богино хугацаанд хийсэн.

-Цаашид ямар арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна вэ?

-Сая дурдсан ажлын тайлангаас харахад зээлийн хувьд тодорхой ажил хийж, малчид ч үйлдвэрлэлийн зээлээ аваад сурч байна. Гэхдээ бодлогын түвшинд анхаарах, сайжруулах шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, мал аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулах бодлого хөдөөд, тэр дундаа сум, багийн засаг дарга нарт төдийлөн хүрээгүй байгаа тул бодлогыг энгийн, хялбараар хүргэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулахын тулд яг ямар ажил, үйлчилгээ, технологи, чадавхыг бүрдүүлэх шаардлагатай вэ, яаж хийх вэ, зарим малчны туршлагыг бусдад нь хүргэх гэх мэт бодлогын чанартай, малчдын чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах нь зүйтэй. Түүнчлэн малын эрүүл мэндийн дэвтрийг хөтлүүлж хэвшүүлэх, мал аж ахуйн статистикийг илүү бизнес хэрэглээ рүү чиглүүлэх, үйлдвэр угсаа сайтай малын зах зээлийн мэдээллийг түгээх зэрэг энэ салбарыг зах зээлийн орчинтой болгох арга хэмжээг авах шаардлагатай. Энэ чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төрийн банктай хамтран ажиллахаар ажлын хэсэг байгууллаа.

-Засгийн газрын тогтоолоос харахад Монголбанк хэрэгжүүлэгч байгууллагын тоонд ороогүй байсан. Ингэхэд Монголбанк яагаад малчны хөтөлбөрт оролцоод байна вэ?

-Энгийнээр хэлэхэд инфляцийн түвшингээ урт хугацаанд тогтвортой, нам түвшинд байлгахын тулд л энэ хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь оролцож байна. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэдгийг та бүхэн мэднэ. Энэ зорилтынхоо хүрээнд мөнгөний бодлогоор дамжуулан эрэлтийн гаралтай инфляцийг хязгаарлах, уламжлалт бодлогоос гадна нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг арилгах, хуримтлалгүй, эмзэг, уул уурхайд суурилсан эдийн засгийн өнөөгийн бүтцийг өөрчлөх бодлогыг хэрэгжүүлж байна. Уг зорилтын хүрээнд хэрэглээг бус хуримтлалыг, ажлыг байрыг, мэдлэг, технологийг дэмжихэд хүүгийн бодлогыг чиглүүлж, хүнс, мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлого баримталж буй юм. Энгийнээр хэлбэл, Монгол малчны хотноос арлын Япон айлд гэсэн экспортын гинжин хэлхээний эхний цэг, хөшүүргээ Засгийн газартай хамтран эхлүүлээд явж байна.

-Төрөөс ингэж оролцох нь зөв үү. Засгийн газар олон хөтөлбөр баталдаг ч хэрэгждэг нь цөөхөн шүү дээ?

-Дэд хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан. Өмнөх хөтөлбөрүүдээс харахад, Засгийн газрын зах зээлд оролцох оролцоо, гүйцэтгэх ажлыг маш тодорхой, хэмжих үзүүлэлт, хүрэх үр дүнтэй нь хамт төлөвлөх хэрэгтэй нь анзаарагдсан. Хөтөлбөрийн эцэст уг зах зээлээс аажмаар, эерэг дүнтэй гарах стратегийг оруулах, мэдээ, санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг хангах, тогтмол хяналт тавьж ажиллах, хэрэгжилтийн явц, нөхцөл байдалтай уялдуулан шинэчилж байх хэрэгтэй юм. Эцэст нь зардал, үр ашгийн шинжилгээг тогтмол шинэчилж, үр дүнг олон нийтэд мэдээлж байх зэрэг асуудлыг анхаарах нь зүйтэй. Энэ хөтөлбөрт дээрх зарчмыг баримтлан ажиллаж байгаа тул мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлт, ядуурал, экспортод эергээр нөлөөлсөн, үр ашгийг сайжруулан нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлсэн үр дүнтэй бодлогын арга хэмжээ болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

GoGo Facebook Хуудас
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 276 санал өгсөн байна.

Дээшээ