Б.Ариунтунгалаг: Өөрийгөө зовоохгүйгээр биеэ жигд хөгжүүлэх боломжтой


2016-04-21 08:30 GMT+8

-Гарааны бизнес-

Шаргал өнгөтэй, пүрштэй, модон ор эгнүүлэн тавьсан өрөө. Өрөөний хоёр хананд том толь өлгөжээ, яг л бүжгийн бэлтгэлийн өрөө шиг. Фитнесс төв гэсэн ч орноос өөр тоног, төхөөрөмж харагдсангүй.

Цаахна бас нэгэн өрөө байх аж. Тийш анх шагайхад нэг тийм сонин мэдрэмж төрөв. Өрөөний нэг хананд мөн л толь байрлуулж, урд нь балетчдын тулдаг шиг төмөр бариулууд байрлуулжээ. Харин үүнээс үлдсэн хэсэг нь яг л “Fifty shades of Grey” киноных шиг. Дөрвөн тал нь төмөр шонгоор хүрээлэгдэж, түүнээс нь уяа унжжээ. Нуруугаараа хэвтдэг модон сандал гээд л.

Энэ газрыг нэг үгээр тодорхойл гэвэл ор гэдэг үг санаанд орно.

Гарааны бизнес булангийнхаа шинэ зочноор урьж, очсон газар маань “Core Pilates” бүтик студи.

ПИЛАТИС БҮХ БИЕИЙН БУЛЧИНГ ЖИГД ХӨГЖҮҮЛНЭ, ГЭХДЭЭ ЯДРААХГҮЙ

Пилатис төрлийн фитнессийг Монголд анхлан нэвтрүүлсэн энэ клуб нэгдүгээр сард нээлтээ хийж, суралцагчдаа хүлээн авчээ. Бүтэн жил гаруйн хугацаанд бэлтгэл хийсний эцэст шинэ төрлийн фитнессийг хүмүүст танилцуулж эхлээд байна.

Пилатис хэмээх энэ төрлийн фитнесс нь зориулалтын төхөөрөмж буюу пүрштэй ор ашиглан бүх биеийн булчинг жигд хөгжүүлдэг төрөл юм.

Түүх сөхвөл, Германы иргэн Жосеф Пилатес энэ төхөөрөмжийн эхлэлийг тавьсан байна. Дайны үед шархадсан цэргүүд, бие муутай хүмүүсийг орон дээр хэвтээ байдалд нь дасгал хийлгэх аргыг бодож олсон нь энэ байжээ. Өөрөө ч бие муутай байсан учраас төхөөрөмжөө сайжруулж чаджээ.

Ингээд 1920 онд тэрээр АНУ уруу цагаачлан анхны студиэ Нью Йоркт нээжээ. 1970 оны үед Холливүдийн одууд, бүжигчид хичээллэдэг байсан аж. Харин сүүлийн хэдэн жилд энэ төхөөрөмжөөр хичээллэх хүмүүсийн тоо АНУ, Англи, Австралид эрчимтэй өссөн бөгөөд манайд ганц байгаа нь “Core Pilates” бүтик студи юм.

Бүтик фитнесс клуб гэдэг нь сүүлийн үед энэ төрлийн зах зээлийн шинэ чиг хандлага. Нэг төрлөөр дагнасан, багшийн хяналтан дор цөөн тооны хүн хичээллэх боломжийг олгодгоороо давуу талтай аж.

100 ГАРУЙ ТӨРЛИЙН ДАСГАЛЫГ НЭГ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР ХИЙХ БОЛОМЖТОЙ

Энэ цаг үеийн хамгийн шилдэг сагсчин хэмээн нэрлэгдээд буй Леброн Жеймс пилатисаар хичээллэдэг нь “Core Pilates” бүтик студийн үүсгэн байгуулагч Б.Ариунтунгалагийн анхаарлыг татжээ. Нэг төрлийн спортоор хичээллэдэг хүмүүсийн тодорхой хэсэг булчин байнга ачаалал авдаг, харин бусад хэсгийн булчингаа хөгжүүлэхийн тулд Пилатисаар хичээллэдэг байна.

Зориулалтын төхөөрөмж дээр 100 гаруй төрлийн дасгалыг хийх боломжтой бөгөөд нас, хүйс хамаардаггүй.

Тус студид нэг удаад найман хүн хичээллэнэ. Багш хүн бүрд зөвлөгөө өгөх боломжтой. Төхөөрөмжийг хүн бүрийн чадамж, онцлогт тааруулан өөрчилдөг байна.

Долоо хоногт гурван удаа, нэг удаад нэг цагийн дасгалыг хийдэг платис төрлийн давуу талыг дурдвал,

  • Хөдөлгөөнтэй гадаргуу дээр хийдэг учир хүний анхаарал маш сайн төвлөрдөг.
  • Бүх биеийн булчинд жигд ачаалал өгч, биеийг чангална.
  • Биеийн уян хатан байдал сайжирна.
  • Бие илүү цэх болно.
  • Хэвлий, нуруу хэсэгт их анхаардаг учир бэлхүүс нарийсч, нуруу өвдөхөөс сэргийлнэ.
  • Төрсний дараа гэдэсний булчинг бага багаар ажиллагаанд оруулж, эмэгтэйчүүд болон савны хий гаргах дасгалууд байдаг.

Хамгийн гол нь бусад төрлийн фитнессийг бодвол ачаалал бага хэр нь үр дүн өндөр.

ХАМГИЙН ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙВЭЛ ЧИ НЭГ Ч ӨДӨР АЖИЛ ХИЙХГҮЙ

Студийн үүсгэн байгуулагч Б.Ариунтунгалаг АНУ-д бизнесийн удирдлага чиглэлээр магистр зэргийг хамгаалжээ. Төгссөнийхөө дараа юу хийх үү, Монголд ямар чиглэлээр ажиллавал ирээдүйтэй бол хэмээн бодож байх үедээ пилатесаар хичээллэж эхэлсэн байна. Хөл хүнд байсан тул ачаалал өгөхгүй хэр нь үр дүн сайн байсан тул энэ чиглэлээр мэргэжлийн багш бэлтгэх сургалтад суужээ.

“Би Лос Анжелос хотод амьдардаг байсан юм. Тухайн үед пилатесийн тухай сэтгүүлүүдэд их гардаг байсан. Хичээллэж үзсэнийхээ дараа багшийн сургуулийг сонирхож эхэлсэн. Надад үнэхээр таалагдсан учраас багшаар суралцлаа. Ингээд уг төхөөрөмжийн патентыг эзэмшдэг “Balenced body”-д суралцсан. Төгссөөд Калифорни мужийн Беверли Хиллс хотын Bodyline Pilates Studio-д туслах багшаар ажиллаж дадлагажсан. Ээж, аавдаа энэ талаар хэлэхэд үнэхээр сонирхоод, хүний биед тустай юм бол оролдоод үз гэсэн. Хүсэл сонирхлоо мэргэжилтэйгээ холбосон маань энэ” хэмээн тэрээр ярьж байв.

Студи нээлтээ хийх хүртэл бүтэн жилийн хугацаа зарцуулжээ. Монголдоо ирээд ажлын байраа олж, тоног төхөөрөмжөө авчран, засвар үйлчилгээ хийхэд нэлээд хугацаа орсон гэнэ. Хамгийн чухал нь шинэ бизнес эхлэхэд тууштай байдал чухал гэж Б.Ариунтунгалаг зөвлөв.

Хамгийн дуртай зүйлээ хийвэл чи нэг ч өдөр ажил хийхгүй гэдэг үг бий. Иймд мэргэжлээ хүсэл сонирхолтойгоо холбожээ.

“Core Pilates” бүтик студи Сүхбаатар дүүрэг, ЮНЕСКО-ийн гудамж, Режинси Резидэнс хотхонд байрладаг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 4030 санал өгсөн байна.

Дээшээ