В.Ойдов: Хийх зүйл дэндүү их учраас толгой гудайлгах зав алга
Г.Одгарав Сэтгүүлч

Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудад сэргээн засалт, бие даан амьдрах үйлчилгээг үзүүлдэг “Рехтус” ХХК-ийн захирал В.Ойдовыг "Монгол бахархал" буландаа урьж ярилцлаа.

В.Ойдовын амьдрал ингэж эхэлжээ. Үеийнх нь багачууд дэгдэн дэрвэж эрхлэн наадахаас өөр юуг ч үл гадарлан өсөж байхад тэрбээр 14 жилийг эмнэлгийн орон дээр “бясалгах”, “хат суухад” зориулжээ.

18 настай хөвгүүд омог аагиндаа дарвиж явахад В.Ойдов “Дээдсийн хүрээлэн” сонинд “Америкаас 150 тэргэнцэр Монголд оруулж ирнэ” гэж хоёр таягаа сугандаа хавчуулаад ярилцлага өгч зогссон байна.

Бусад нь нэг мэргэжил эзэмшсэндээ ханаж байхад Орос, Англи хэлний орчуулагч, Орон судлаач мэргэжил нь чамлалтай санагдан Швейцарийн Цюрихийн их сургуулиас Олон улсын бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг горилоод ирсэн.

Түүгээр ч барахгүй Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх үйлсэд онцгой амжилт гаргасныг нь үнэлэн Америкийн төрийн бус байгууллагуудын сүлжээнээс олгодог олон улсын шагналын эзнээр түүнийг тодруулжээ.

В.Ойдов Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн төсөл боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам барилгын стандартыг батлуулахад голлох үүргийг гүйцэтгэж амжсан.

Өдгөө хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудад сэргээн засалт, бие даан амьдрах үйлчилгээг үзүүлдэг “Рехтус” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Энд дурдсан амжилтууд түүний амьдралын зөвхөн нэгээхэн хэсэг нь. В.Ойдов энэ цагт гарцаагүй үлгэр дуурайлал ч тэрбээр жишиг байхыг хүсдэггүй…

Чи хувцсаа өмсөж, гутлаа үдэж чадахгүй байж болно.
Гагцхүү сонголт хийх чадвартай байх ёстой

Таны нүүр хуудсан дахь “Өөрийн мэдэрсэн эрх чөлөөг өрөөлд мэдрүүлэхийг хүснэ би” гэж бичсэн үг нүдэнд туссан. Бусдад ямар эрх чөлөөг мэдрүүлэхийг хүсэж байна вэ?

Эрх чөлөөг хүн бүр өөрийнхөөрөө л ойлгодог. Би маш энгийн түвшинд хардаг. Хүний дөрвөн мөч хөдөлж чадахгүй байлаа ч асарч байгаа хүний шийдвэрээс үл хамаарч өөрийнхөө өмсөхийг хүссэн хувцсаа сонгох тэр чадварыг хэлнэ. Чи хувцсаа өмсөж, гутлаа үдэж чадахгүй байж болно. Гагцхүү сонголт хийх чадвартай байх ёстой. Тэр бол миний бодлоор хамгийн энгийн эрх чөлөө. Үүний дараа бусдад найдах бус үйлдлээ өөрөө хийж чаддаг байх… Шүдээ угааж, бөгсөө арчиж чаддаг байх нь чухал. Би хүнээр хийлгэснийхээ төлөө ичиж, зовж түүний өөдөөс үг хэлж чаддаггүй тийм нөхцөлд орохгүй байх эрх чөлөөний тухай ярьж байна. Яагаад би эрх чөлөө гэж их ярьдаг вэ гэхээр ийм юм... Би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ сайн ойлгож байгаа. Бусад хүн гүйж байхад би араас нь гүйж чадахгүйгээ мэднэ. Гэхдээ би өөрийнхөө амьдралыг аваад явах чадвартай, зорьсноо хийх зоригтой.

Одоогоос 18 жилийн өмнө В.Ойдов Дээдсийн хүрээлэнд өгсөн ярилцлагадаа Америкаас 150 тэргэнцэр оруулж ирнэ гэж ярьжээ. Таны бизнес тэндээс эхэлсэн үү?

Компани байгуулах санаа зургаан жилийн өмнөөс эхэлсэн. Тэр үед хүмүүст тэргэнцэр авчирч байхад хөдөлгөөний эрх чөлөөний талаар их ярьсан. Одоо бодоход 18 настай Ойдов аливааг гүнзгий мэддэггүй байжээ. Хүмүүст тэргэнцэр өгөөд л эрх чөлөөтэй болгочихлоо гэж боддог байж... Гэтэл хэлбэрийн төдий эрх чөлөө юм гэдгийг хожим харсан. Эцсийн үр дүнд ямар эрх чөлөө өгөх хэрэгтэй юм гэхээр сонголтоо хийх чадвартай болгох, боломжийг нь гаргаж өгөх юм билээ. Жилд бид 150 орчим л тэргэнцэр оруулж ирдэг. Тэндээс хүн сонголтоо хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоног төхөөрөмж оруулж ирдэг байгууллага ч, хувь хүн ч өмнө нь байгаагүй. Миний хувьд 10 жил энэ салбарт ажиллаад хүмүүст сонголтоо хийх боломжийг л гаргах хэрэгтэй юм гэсэн шийдвэрт хүрсэн.

Америкаас тэргэнцэр оруулж ирсэн гэхээр та тэнд эмчлүүлж байсан хэрэг үү?

Тийм ээ. Америкт эмчлүүлж байхад хэдэн хүнтэй танилцсан. Тэд эмнэлгээр акталсан тэргэнцрүүдийг засаад буурай буюу хөгжиж буй орнуудад өгдөг гэв. Тэгээд сэтгүүлч Золоо ах, манай аав бид хэд зөвлөөд Монголд тэргэнцрийн эрэлт хэрэгцээ хэр байдаг, хүмүүс тэргэнцрийн талаар хэр ойлголттой байдгийг судалсан. Гэтэл тоотой хэдхэнийг хүмүүс хувиараа урдаас оруулж ирдэг нь тодорхой болов. Тэгээд 1997 оны намар анхныхаа тэргэнцрийг монголчуудад авчирсан. Бид анх удаагаа тэргэнцрийг хүний онцлогт тааруулж өгдөг болсон. Энэ ойлголтыг тухайн үед хэн ч мэддэггүй байв. Жишээ нь саажилттай хүүхдэд тэргэнцэр тохируулахын тулд хамгийн багадаа таван цаг шаардана. Тэргэнцэр бол зүгээр нэг дөрвөн дугуйтай сандал биш юм. 10 жил энэ салбарт ажиллахдаа Монголд тэргэнцэр тааруулж өгөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хүн байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Улмаар 2002 оноос Швейцартай хамтарсан Хөдөлмөр заслын мэргэжлийг Монголд бий болгохоор ажиллаж эхэлсэн. Энэ жил гэхэд би машин барих зорилго тавьчихаж байгаа юм. Миний машин барьж чадах эсэхийг хэн үнэлж хэлэх үү? Манай аав ээж биш мэргэжлийн хөдөлмөр засалч зөвлөнө. Бид энэ мэргэжлийг Монголд бий болгохоор 12 жил ажиллаж байна.

Монголд байгаагүй хөдөлмөр засалчийг бэлтгэхээр болсон гэлээ. Өнөөдөр хэчнээн хүн энэ мэргэжлээр суралцаж байна?

Одоогоор анхны Монгол хөдөлмөр засалчийн магистр зэрэгтэй хүнийг Европийн магистрын хөтөлбөрт сургаж байна. Анагаахын сувилахуйн сургууль дээр 20 орчим оюутныг бэлтгэж байна. Компанийн хувьд нэг зүйл хэлье. Бид нэгж хүнээс нэг гэр бүл, нэг гэр бүлээс нэг үндэстэнд тусалж байна гэж ойлгодог. Магад Улаанбаатараас Дорнод хүртэл зам, шинэ онгоцны буудал барихгүй ч нэг гэр бүлийг цэгцлэхэд тусалж байна гэдэг миний улс орондоо оруулж буй хувь нэмэр. Шинэ технологи бол ядуурал ихтэй, хүн ам багатай манай оронд их ач холбогдолтой. Миний ажлын үр дүн 10 жилийн дараа гарна гэж харж байгаа. Намайг бизнес эхэлж байхад чи чаддаг юм бол наадахаа үнэгүй тараачихаач, хүний зовлонгоор бүү мөнгө хий гэж хэлэх хүн цөөнгүй байсан. Одоо ингэх хүн үнэндээ алга.

­Яагаад эрх чөлөөг хүсдэг болчихсон юм бэ гээд
өөрөөсөө асуухаар би их амбийцтай юм шиг…

Та эрх чөлөөтэй амьдарч чадаж байгаа юу?

Чадаж байгаа. Учир нь миний сонголтод хэн ч нөлөөлөхгүй. Би сонголтоо өөрөө хийдэг. Мэдээж миний эрх чөлөө тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа. Хэт эрх чөлөөг анарх гэдэг биз дээ. Эрх чөлөө бол миний сүүдэр тусах газарт бусдын хөл гишгэхгүй байх тэр орон зай.

Дийлэнх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх чөлөө хязгаарлагдмал байдаг. Заримд нь эрх чөлөө гэх үг биелэшгүй мэт санагддаг байх?

Хүртээмжтэй байдал талаасаа бол үнэн. Хэрэв би энэ хүүхэдтэй ирээгүй бол /Хамт ирсэн хүнээ хэлэв сурв./ танай байгууллага руу орж чадахгүй байлаа. Энэ бол физикл эрх чөлөөг хааж байгаа гэсэн үг. Хэчнээн бие мах бодын эрх чөлөө хязгаарлагдмал байгаа ч сонголтоо хийж чаддаг байх ёстой. Ардчиллын үнэ цэнэ хэн чамд юу хийхийг чинь заадаггүйд оршиж байдаг. Хойд Солонгос гэхэд юу хийх байтугай бодохыг чинь хүртэл заана. Түүнтэй адил ихэнх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэрийнхэн тэдний өмнөөс шийдвэр гаргах тохиолдол нийтлэг. Тал харвасан хүн байлаа гэхэд өмнөөс нь асуудлыг шийддэг. Тэгээд бие илааршсан ч гэр бүлд гүйцэтгэх үүрэг багасаад ирэхээр эрх чөлөө нь ч хязгаарлагдаж эхэлдэг.

Таниас эрх чөлөө илт ханхлах шиг?

Би тэгэхийг хүссэн. Хар багаасаа гэвэл худлаа байх. Шийдвэр гаргах чадвартай болсон цагаасаа юм уу даа. Үүнд ээж аавын минь нөлөө их. Мөн энэ хандлагад нөлөөлсөн нэг шалтгаан бий. Би багаасаа Орос улсад амьдарч, эмчлүүлж байсан. Бас хэд хэдэн улсад амьдарсан. Багаасаа олон оронд амьдарч, маш олон хүнтэй харилцаж үзсэн болохоор хязгаарлагдмал бус орчинд амьдраад сурчихсан. Яагаад эрх чөлөөг хүсдэг болчихсон юм бэ гээд өөрөөсөө асуухаар би их амбийцтай юм шиг… Их юм хийхсэн гэх амбийц байдаг ч физиологийн нөхцөлөөс хязгаарлагддаг. Бага байхдаа зуны амралтыг шал дэмий өнгөрөөж байна даа гэж харамсдаг байв. Яагаад гэвэл таалагдсан охиныхоо хашааны гадна очиж үерхье гэж гуйх хүсэл байдаг ч алхаж чадахгүй. Үеийнхнийхээ тоглодог чавхан бууг гартаа тааруулаад хийхийг хүсдэг ч чаддаггүй. Хажууд суугаад хийгээд өгчих хүн байхгүй... Хийхийг хүссэн маш их зүйл байдаг ч бие махбод хясдаг учраас миний дотор “шаталт” үүсдэг байсан. Одоо ч гэсэн миний тархинд маш их бодол эргэлддэг. Тэгээд би яаж зорьсондоо хүрэх вэ гэж “шатсаны” эцэст нь бусадтай хамтран өөрийн санааг хэрэгжүүлэх боломжтой юм байна гэх гаргалгаанд хүрсэн. Ингэхийн тулд дүүгээ хажуудаа авчирч, найз нараа дайчилж өөрөө зохион байгуулах, санаачлах ажлаа хийв. Түүнээс хойш миний “шаталт” бодит хэлбэрээр амьдралд биеллээ олсон. Би яагаад ийм эрх чөлөөсөг болчихов оо гэхээр надад олдсон боломжууд тодорхой хэмжээний амбийцтай аливааг хийх хүсэлтэй болгосон. Нягтлаад яривал маш их ном уншиж, их хүнтэй уулзаж, тэднийг ажиглаж, яриаг нь сонсож, хэзээ ч бусдад захирагдах бус захирахыг боддог байсан. Сүүлийн үед захирах бус хүмүүстэй хамтрахыг хичээх болсон.

Таныг түрүүн ажиглаад байхад яг л амьд ном мэт сэтгэгдэл төрсөн. Харсан ажигласан болгоныхоо түүх, мэдээллийг хуваалцаж байгаа тань тун ч сонирхолтой байлаа. Ер нь их ажигч хүн байх аа?

Мэдээж мэдэхгүй зүйл байлгүй яах вэ. Би ер нь ажигч. Бусдыг ажиглах дуртай. Хүний гаргаж байгаа зан авир, сэтгэлзүйн байдал зэргийг ажиглана. Тэр юунаас үүдэлтэй вэ гэхээр би амьдралынхаа ихэнх үеийг бясалгаад “дуусчихсан” гэж боддогтой холбоотой. Зарим хагалгааны дараа надад 5-6 сар тааз ширтэх шаардлага гарна. Тэр хугацаанд хүн маш их юм бодож амждаг юм билээ. Учиргүй гутраад сэтгэл санаагаар унах бус өмнө нь хийсэн, хийх гэж буй зүйлээ бясалгана. Орчин тойрон, нөхцөл байдал, бурхан шашин, буг чөтгөр бүгдийг бодож харьцуулаад өөрийнхөө бодол санааг цэгцлээд нэг шугамд оруулна. Шүүгээн дэх хувцсаа цэгцэлж байна гэвэл оймсыг нь нэг нүдэнд, цамцнуудаа нэг шургуулгад хийж байна гэсэн үг. Бясалгал бол бодол санаагаа л цэгцлэх хэлбэр шүү дээ. Бага наснаасаа хүслээр бус хүчээр бясалгадаг байлаа. Бясалгал гэдгийг хашилтад хэлж байгаа шүү. Тийм ч учраас аливааг ажиглах дадал суучихсан, нөгөө талаас хүчрэхгүй зүйлээ хүнтэй хамтрах ёстойг бүрэн ойлгосон.

Миний энэ амбийц бүх бодлын цаана нэг өдрийг ч
утгагүй өнгөрөөчихгүй юмсан гэх эрмэлзэл байдаг

Та амьдралынхаа ихэнх үеийг “бясалгасан” гэлээ. Хэчнээн жилийг зориулав?

Миний анхны хагалгаа ой хүрээгүй байхад эхэлж, хамгийн сүүлийнх нь 15 настайд дууссан. Нийт арван гаруй хагалгаанд оржээ. Тэрний гурав хуваасны нэг нь урт удаан хугацаагаар хэвтрийн дэглэм барьж хэвтэхийг шаарддаг байв. Нэг хагалгаа санаанд их тод үлдсэн юм. Таван настай байхад их хүнд хагалгаанд оров оо. Хөлөөс бүсэлхий хүртэл бүрэн шохойдоод хоёр хөлний завсар мод хийгээд А үсэг хэлбэрийн байдалтай 5-6 сар хэвтэв. Түнхний хагалгаануудын нэг хэлбэр л дээ. Гэтэл өнөөдөр би охиноо тариулж байгааг нь харж чаддаггүй. Өмнөөс нь өвдөөд шаналаад байдаг. Тэгэхээр тухайн үед аав, ээж минь өөдөсхөн үрээ хараад хэчнээн шаналж байсан бол гэж хааяа боддог юм. Таван настай хүүхэд ид хөдөлгөөнд орчихсон гүйж харайж явдаг биз дээ. Би ч яах вэ эхэндээ уйлж байсан. Их л удаж сар уйлсан байх. Тийм байдалд удаан байхаар хүссэн хүсээгүй тэвчээртэй болж барагтай л бие махбодын өвдөлтийг тоохоо байчихна. Мөн ертөнцийн бүхий л зүйлийг бодож амждаг юм билээ. Ийм 2-3 хагалгаанд орж хамгийн ихдээ наймаас есөн сар хэвтэнэ. Тэсэхэд хэцүү өвдөлтийг мэдэрнэ.

Яг үнэнийг хэлэхэд би тантай уулзахаас өмнө ямар сэтгэлзүйгээр ярилцах вэ гэж их бодсон. Гэтэл нүүр тулж уулзаад өөрт төрж байсан бага зэргийн эмээлт, эргэлзээ оргүй ариллаа?

Хүн болж төрнө гэдэг их ховор хувь заяа. Чадаж байвал амьдралдаа ихийг хийх хэрэгтэй. Хийх ажил байвал гүйцээх хэрэгтэй гэж боддог. Миний толгойд маш их бодол бий. Тэр нь зөвхөн миний хувийн амбийцийг хөөх ч юм уу, халаасыг түнтийлгэх зорилготой бус бүхэл бүтэн улс орныг хамрах санаа байгаа учраас үргэлж ирлэгддэг. Мэдээж л хүн хойно би юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэж гутрах үе гарна. Гэвч дийлэнх санаа минь бүтэж, хэрэгжээд байгаа болохоор тэр бүрээсээ урмыг авч байна. Нөгөө талаас би гэр бүлтэй хүн шүү дээ. Тэгэхээр толгойгоо гудайлгачихаад би хөгжлийн бэрхшээлтэй гэж гутрахад оройтсон байна. Нөгөө талаас хийхийг хүссэн зүйл их байна. Яг үнэндээ гутрах хэрэгцээ алга. 

АНУ-ын Теллурайдын кино наадмаас тусгай шагнал хүртсэн “Амарбатын нэг өдөр” кино болоод өөр зургаан кинонд орчуулагчаар ажилласан гэсэн?

Сэтгүүлч Г.Золжаргал ах “Амарбатын нэг өдөр” киног хийж би орчуулж байсан. Зураглаачаар нь Золоо ахын хүү Билгээ ажилласан. Тэгээд бид гурав Америк руу хамт явж байлаа. Ингээд л ажиглаад байхад миний энэ амбийц бүх бодлын цаана нэг өдрийг ч утгагүй өнгөрөөчихгүй юмсан гэх эрмэлзэл байдаг. Яагаад гэвэл над шиг хоёр таягтай хүмүүсийн хувьд унаад үхэх магадлал эрүүл хүнтэй харьцуулахад хамаагүй өндөр. Хөл алдаад унахад би өөрийгөө хамгаалж чадахгүй учраас үхэл ойрхон. Тиймээс өөрт оногдсон багахан хугацаандаа аль болох ихийг л амжуулах юмсан гэж боддог.

Магад бусад хүнээс илүү амьдралын амтыг мэдэрсэн хүний үзэл бодол ихэвчлэн тань шиг байдаг байх?

Тийм ээ. Би эрүүл мэнддээ анхаарахыг тэр бүр хүсдэггүй. 15 жил анхаарлаа. Одоо боллоо гэж боддог. Харин хийхээр төлөвлөсөн зүйлээ л дуусгахыг бодож байна. Тэртэй тэргүй үхэх нь тодорхой. Тиймээс хамгийн үнэтэй хэмжүүр цаг хугацаа болчихоод байна.

Амьдралыг өнгөлөг чигээр нь харах чадвараа алдахгүй байхыг
сэтгэлийн хат гэж боддог

Сэтгэлийн хат гэдэг үгийг та хэрхэн ойлгодог вэ. Ямар хүнд илүүтэй байдаг юм бэ?

Их сонин ойлголт. Миний хувьд амьдралыг өнгөлөг чигээр нь харах чадвараа алдахгүй байхыг сэтгэлийн хат гэж боддог. Зовлон туулсан болгон хаттай болдог бол бүгд мундаг явна биз дээ. Тэгэхээр ядарсан хүн болгонд сэтгэлийн хат байна уу гэвэл үгүй. Сэтгэлийн хат хаанаас бий болдог вэ гэвэл… Юм үзээгүй хүн сэтгэлийн хаттай болно гэж байхгүй. Тэгэхээр гарцаагүй туулсны эцэст л бий болж байгаа юм. Заримынх нь хувьд хат суух бус хатуу болчихдог тал бий. Сэтгэл нь хатчихдаг. Аливааг өөлнө. Үргэлж хараар харна. Энийг л хатуу гэж хэлээд байна. Хатуужих бус хатчихдаг. Амьдралын хэцүүг давсан хэрнээ өөрт байсан зөөлөн чанараа авч үлдсэн хүнийг л хаттай гэж ойлгоод байгаа.

Сэтгэлийн тэнхээ гэдэг үгийг би хүүхэд байхдаа хоёр гаргүй хэрнээ амьдралыг өөдрөгөөр туулж яваа нэгэн хүний тухай нэвтрүүлгээс мэдэж байлаа…?

Гэхдээ надад нэг бодол бий. Бид мэтийн хүмүүсийг хэтэрхий баатарлаг болгож харуулах нь зөв биш юм болов уу гэж боддог. Учир нь ийм болж төрсөн нь баатарлаг зүйл биш байхгүй юу. Амжилттай яваа минь ч гайхамшигтай зүйл биш. Би бусдад таалагдах гэж өмнөх ажлаа хийгээгүй. Харин гэр бүлээ тэжээж, ээж ааваа асарч, улс орондоо хэрэгтэй гэж үзсэн учраас л хийж байна. Сэтгэлийн тэнхээг хэмжих маш хэцүү. Яагаад гэхээр миний амьдралыг зовлон хэзээ ч чинийхтэй ижил байхгүй. Миний ярилцлагыг уншаад хэн нэгэн нь дөрвөн мөч нь ажиллагаагүй хүн ийм амжилттай байхад эв эрүүл байгаа хэрнээ ингэж амьдраад байхдаа яадаг юм гэж хэлүүлэх хэн нэгний хэмжүүр нь болоосой гэж үнэндээ хүсэхгүй байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг үг хүн үүссэн цагт ч тэр, устах үед ч оршсоор байна. Харин хэрхэн амьдрах нь өөрсдийнх нь сонголт. Тэдэнд бага зэргийн боломж хэрэгтэй. Үнэндээ ярилцлага авч байгаа та бүхэн ч бас баатар мэтээр намайг хараад байна. Гэтэл би өөрийгөө тийм биш гэж бодож байна. Би мянга хэлээд ч та нар миний үгийг авахгүй...

Таны нүүр хуудаснаас шүхрээр бууж байгаа, Эйфелийн цамхгийн өмнө гэр бүлтэйгээ авахуулсан зургуудыг үзсэн. Тэр зурагны доор “Хүслээ биелүүллээ” гэж бичсэн нь их таалагдсан. Дараагийн хүсэл тань юу бол гэж өөрийн эрхгүй бодлоо?

Яг үнэндээ надад мөрөөдөл байдаггүй юм. Мөрөөдөл гэдгийг би юу гэж ойлгодог гэхээр урт бөгөөд богино хугацааны төлөвлөгөө л гэж ойлгодог. Тэгэхээр миний “мөрөөдөл” бол манайх шиг үйл ажиллагаа явуулдаг компаниуд хөдөө орон нутагт хүрээгээ тэлэх... Эдийн засгийн чадамжтай болбол хүмүүст хэрэгтэй технологийг авчирч түгээмээр байна. Гэтэл хүмүүс үнэ нь хүнд тусдаг. Тэдэнд  хүртээмжтэй байлгахын тулд бүтээгдэхүүний навс хямдруулах шаардлагатай болно, эсвэл энэ бүхний дунд санхүүгийн хавчуурга хэрэгтэй болно. Тэгж чадвал хүн бүр өөрт хэрэгцээтэй хэрэгсэл, технологио зовлонгүй хаа дуртай газраасаа авч чаддаг болно.

Дээдсийн хүрээлэн сонинд 18 настай байхдаа өгсөн ярилцлагадаа “Надад мөрөөдөл байдаггүй” гэж хэгжүүхэн хариулсан хүүгийн үзэл бодол өнөөдөр өөрчлөгдөөгүй бололтой?

Өөрчлөгдөөгүй байгаа биз дээ. Би мөрөөдөл гэдгийг маш томоор хардаг. Хүнийг хамгийн их зовоодог зүйл чинь мөрөөдөл шүү дээ. Маш том төлөвлөгөө тавьчихвал өөрөө шатаад хажуу дахь хүмүүсээ хуйхалчихдаг. Энэ нь буддизмийн онолоор чиний жаргал бас зовлон.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаатай хоёр стандарт батлуулж,
20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлж чадсан

Та Орос, Англи хэлний орчуулагч, Орон судлаач хүн. 2013 онд Швейцарийн Хавсарсан шинжлэх ухааны Цюрихийн их сургуульд Олон улсын бизнес удирдлагын мэргэжлийг эзэмшсэн байсан?

Би соёл судлал талруугаа илүү сонирхолтой. Учир нь багаасаа гадаадад амьдраад соёлын үнэт зүйлсүүдийг илүү ажигладаг байсан боловч шинжлэх ухааны мэдлэг дутмаг байсан. Харин сүүлд Швейцарт сураад соёлын тухай ойлголттой болсон учраас илүүтэй сонирхлыг минь татах болсон. Компаниасаа гадна соёлын тухай мэдлэгээ хүмүүстээ хуваалцах юмсан гэж боддог. 

Таныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийг төсөл боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэх юм билээ?

Өөрийн харсан үзсэн туршлага дээр үндэслэн хуулийн төсөл боловсруулахад саналаа өгч байсан. Учир нь би энэ салбарт 20-иод жил ажилласантай холбоотой. Дээр нь олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг байсан. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны том шагналыг Монголд авчирч байлаа. Америкийн төрийн бус байгууллагуудын сүлжээнээс олгодог “Хүртээмжтэй нийгэм 2010” хэмээх олон улсын шагналыг Вашингтоноос гардсан. Энэ мэтчилэн хүссэн хүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой ажил олон бий.

Америкийн төрийн бус байгууллагуудын сүлжээнээс олгодог олон улсын шагналыг хэр үнэ цэнээр гардав? 

Мерси кор олон улсын байгууллагад төслийн ажилтнаар ажиллаж байхад хэрэгжүүлсэн бидний төсөл орон нутагт богино хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд үлдэцтэй, тогтвортой ажлыг дэлхий хэмжээнд амжилттай хийж чадсан цөөхөн төслүүдийн нэг байж чадсан. Тухайлбал Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг хангасан дэд бүтцийн талаарх дэлгэрэнгүй шаардлагыг тусгасан MNS6056 улсын стандартыг Монголд анх удаа батлан гаргах ажил, мөн хүүхдүүд сургуульд хамруулах төслийг хэрэгжүүлж чадсан учраас бид тэр шагналыг авах эрхтэй болсон. Монголын жижигхэн төсөл, дэлхийн томчуудтай өрсөлдөхийн сацуу богино хугацаанд их үр дүнд хүрсэн байдаг юм. Төслийн үр дүнд 2009-2010 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд барилга байгууламж, гудамж замыг хүртээмжтэй болгох хоёр стандарт батлуулж, 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлж чадсан. Дээр нь 5-6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энгийн иргэдтэй хамтран ажиллах боломжийг бий болгосон. Зургаан аймаг гэхээр бараг үндэсний хэмжээний амжилт гаргасан гэж энэ шагналыг гардаж байсан юм.

Хөгжлийн бэрхшээл гэдэг үгэнд хэр мэдрэмжтэй ханддаг вэ?

Би ер нь тоодоггүй. Яг үнэндээ хэлбэр шүү дээ. Үгийг агуулга гээд айгаад эхэлбэл үг хүчтэй байдаг болохоос үндсэндээ дэс дараалсан авиа л байхгүй юу. Тийм учраас намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлчихэд буруу гэж бодохгүй байна. Өөрөөр Монгол хэлэнд сонгочих аятайхан үг алга. Оросоор гэхэд л “инвалид” буюу “үнэ цэнэгүй”, англиар “disability” буюу “чадваргүй” гэх агуулга харагдаж байгаа биз дээ. Чадваргүй, үнэ цэнэгүй гэснээс хөгжлийн бэрхшээлтэй гэх нь хавьгүй дээр. Үгэн дээр ноцолдохоос илүү агуулга нь чухал гэж боддог.

Хэн нэгэн рүү чиглүүлсэн жад хэзээ ч нэг үзүүртэй байдаггүй.
Хэзээ нэгэн цагт чамайг сүлбэнэ

Таны хувьд зовлон гэж юу вэ?

Хайртай хүнээ алдах, эсвэл хайртай хүнээ шаналж байгааг харах л зовлон юм билээ. Түүнээс бусдыг зовлон гэж би хэлэхгүй. Би бие махбодын нэлээн л өвдөлтийг амссан шүү дээ. Гэтэл хүүхдийнхээ тариулахыг харж чаддаггүй шүү дээ. Хайртай хүнээ шаналж байхад юу ч хийж чадахгүй байх нь миний хувьд зовлон.

Амьдрал таныхаар ямар өнгөтэй вэ. Бэрхшээл, боломж хоёрын аль нь их бол?

Нэг хэсэг би амьдралыг бэрхшээлээр дүүрэн учраас тэмцэх ёстой гэж ойлгодог байсан. Харин сүүлийн тав зургаан жилээс тэгж бодохоо больсон. Амьдралыг ямар өнгөөр харна, тэр өнгөөрөө оршино. Чи амьдралыг байнга л тэмцэх ёстой боксын ринг гэж үзвэл чиний өмнөөс байнга арзайсан жаднууд гаргаж ирээд чи үргэлж өрсөлдөх хэрэгтэй болно. Харин ховорхон боломж гэж бодвол хүслийг тань биелүүлсээр байна. Бид бурхан, чөтгөр байдгийг мэдэхгүй, там диваажин үхлийн дараах амьдрал байдгийг бүр ч мэдэхгүй. Ганц л мэддэг энэ орчлондоо хайртай хүмүүстэйгээ, хийх гэсэн үйлээ хийгээд эрх дураар явах нь амьдрал юм.

Та амьдралдаа үзэн ядаж үзсэн үү?

Үзэлгүй яах вэ. Би амьдрал дээр тийм ч гэгээлэг амьтан биш л дээ. Уурлах үедээ уурлана. Өс санах үедээ санана. Хэдийгээр миний амьдрал намайг тийм ялгаатай болгосон ч би бусдаас ялгарах дургүй. Бага байхад намайг алгадчихаад зугтааж байгаа хүүхдийг барьж авч чадахгүйдээ үзэн ядна биз дээ. Тэгээд хэд хоногийн дараа барьж аваад хазна даа л гэж бодношт. Амьдралдаа хэн нэгнийг үзэн ядах тохиолдлууд байсан ч одоо мартчихсан. Үзэн ядалт бол хоёр үзүүртэй жад гэдэг. Хэн нэгэнрүү чиглүүлсэн жад хэзээ ч нэг үзүүртэй байдаггүй. Хэзээ нэгэн цагт өөрийг чинь сүлбэнэ. Түүний биерүү орж байгаагийн хэрээр миний зүрхэнд шигдэнэ. Амьдралд байдаг зүйл гэж хардаг. Гэвч тэр бүхэнд цагаа зарцуулах нь их хайран санагддаг.

Их бэрхшээл туулсан хүмүүс бусдын зовлонг хараад “Миний амьдралын дэргэд чинийх зовлон биш” гэдэг. Харин та?

Би тэгж хэлж чаддаггүй юм аа. Яагаад гэхээр хүн бүхний зовлон жаргал харьцангуй. Гар утсаа алдах нь тухайн хүнд зовлон мэт байх бол өөр нэгд нь хайртай хүнээ алдах хамгаас хэцүү байдаг. Гортигийг тэгш татаж болдоггүй юм билээ гэсэн гаргалгааг л хийгээд байна. Надад амьдралын дүрэм гэж байхгүй. Гортиг татсан ч гортигны зураас тэгш татагддаггүй л гэсэн санаа. Тиймээс хүний зовлонгийн хэмжүүрийг өөрийнхтэйгөө адилтгаад дундуур нь ганц зураас татна гэдэг нь худлаа болчихож байгаа юм. Заримдаа намайг лекц уншаач гэдэг. Би ярихаас бага зэрэг бэрхшээдэг. Юу ярих вэ гэдгээ их боддог. Ямар тэдэнд яаж амьдрахыг нь зааж өгөлтэй биш. Түрүүн хоёулаа ярьж байсан даа. Аливааг мэдэх тусмаа мэддэггүй юм байна гэж… Тэгэхээр их зүйл ярьснаас дуугүй байсан нь дээр юм шиг санагддаг.

1 | 13 фото
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1

Өөрийнхөө зорилгодоо хүрчихээд арагшаа хараад
“Yes” гээд амандаа шивнэж зогсох гоё

Бурхан хүнд даах ачааг нь үүрүүлдэг гэдэг?

Тэгэхээр чиний амьдрал эхнээсээ тодорхой байна гэсэн үг үү?

Харин л дээ…

Харин би эсрэгээр нь бурхан чамайг хэр их ачаа даах вэ гэдгийг хараад л сууж байдаг гэж бодож байна. За энэнд хоёр кг, тэрэнд 5 кг ачаа үүрүүлье хэмээн оноодоггүй байх. Дааж байвал ачаа үүрүүлээд л байна. Сөхрөөд уначихвал ойлгомжтой…

Та өөртөө Би хэн бэ гэх асуултыг хэр тавьдаг вэ. Асуултынхаа хариултыг олсон биз дээ?

Тавина аа. Олон жил эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа юу эс бодох вэ дээ. Хар мянган юм л бодно. Би бол ийм болоод төрчихсөн эзэмшсэн боловсролынхоо ачаар өөрийн зорилгодоо хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн нийгмийн энгийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэж өөрийгөө харж байгаа. Тэгээд тэр нийгмийнхээ төлөө юм хийх юмсан, өөрийнхөө ул мөрөө үлдээх юмсан гэх хүмүүсийн нэг гэж өөрийгөө тодорхойлно.

Амьдралын амт юундаа байдаг вэ?

Амьдрал гоё шүү дээ. Мянган удаа номоос эмэгтэй хүнийг үнсэж байна гэж унших нэг өөр. Нэг удаа эмэгтэй хүний уруулыг үнсэж үзэх шал ондоо. Тэр чинь амьдралын амт. Юутай ч зүйрлэшгүй. Мянга гоё зохиол уншиж болно ганц удаа орцынхоо үүдэнд найзуудтайгаа бөмбөг өшиглөх гоё. Бас өөрийнхөө зорилгодоо хүрчихээд арагшаа хараад “Yes” гээд амандаа шивнэж зогсох бас л янзтай.

Аз жаргал гэдэг үгийг эрт эдүгээгийн хүмүүс янз бүрээр томьёолдог. Зарим нь энгийн хүн ойлгоход төвөгтэйгөөр хэт гүн ухаан талаас задалсан байдаг бол сүүлийн үед их энгийнээр тодорхойлдог болчихож... Таны хувьд?

Би жаргалтай. Жаргалгүй гэвэл худлаа юм болно. Энэ амьдрал бүтээе гэж зорьсноос дутуу үлдээсэн нь цөөхөн. Миний амбийцууд байгаа болохоос бусдаар бол болсон гэж боддог. Дутуу амьдралтай байхгүй юмсан, хүн яаж амьдарч байна тэр жишгээр явах юмсан гэж хүсдэг байсан. Тэрийгээ биелүүлж чадсан. Хийх дуртай ажил минь байна. Гэр бүл минь байна. Ээж аав нь амьд сэрүүн. Үр хүүхэд минь өсөж торниж байна. Уулзаад шар айраг тулгах найз нөхөд байна. Надад өнөөдөр дутуу гэж шаналах зүйл ердөө алга. Харин гүйцээх ажлын жагсаалт бол урт.

Амьдралыг бараглах хугацаагаа мэдвэл та яах вэ?

Амьдралтай зууралдана гэж бодохгүй байна. Үхэхээ мэдчихвэл цаг хугацааг секундээр хэмжинэ. Би үхлийг үнэ цэнэ авчирдаг гэж боддог. Үхэлгүй бол энэ амьдрал утгагүй.

Ангийнхаа охидыг шоглон уйлуулж байхад тэр охин л “тэссэн”.
Тэр бол миний хань...

Ханьтайгаа хэрхэн учрав?

Бид чинь арван жилийн нэг ангийнх. Миний ард суудаг байсан юм. Харин сүүлдээ хамт суудаг болсон. Сургуулиа төгсөх алдад үерхсэн. Бидний түүх их сонин. Би хүүхдүүдээр үүрүүлж сургуульдаа очдог байлаа. Долдугаар анги хүртлээ таяггүй явдаг байсан юм. Тэгээд ахлах ангид орсон чинь намайг үүрдэг хүүхдүүд олдохоо байв. Нэг өдөр эхнэртэйгээ ангидаа хоёулаа үлдээд гэррүүгээ алхаж явлаа. Гэтэл маш хүчтэй салхи салхилж би ч үсрээд явчихдаг юм байна. Ангийнхаа охины өмнө унасандаа ихэд ичсэн. Тэр маань намайг босгон өгч байлаа. Түүнээс хойш илүүтэй дотноссон юм уу даа. Өмнө нь бол бид хоорондоо харилцдаггүй ч үгүй байв. Бараг л бие биедээ дургүй…

Ер нь муудалцдаг, хоорондоо дургүй хүмүүс яван явсаар суучихдаг юм биш үү?

Тийм тохиолдол байдаг шүү. Гэхдээ бид хоорондоо муудалцаж байгаагүй. Би ангийнхаа охидыг шоглон уйлуулж байхад тэр охин л яагаачгүй.

Шалгуурыг давж дээ?

Гарыг нь таягныхаа боолтоор чанга дараад л байхад “ёо” ч гээгүй юм. Өөр охин байсан бол орилоод өөдөөс цохиж авна даа. Тэгээд л энэ чинь харин гайгүй охин байна даа гэж бодож эхэлж байгаа юм чинь…

Түүнээс хойш эхнэрээ анзаарч эхэлсэн үү?

Манай хүн болохоор “Би чамайг есдүгээр анги хүртэл байгаа үгүйг чинь мэдээгүй. Хараа ч үгүй юм байна” гэдэг. Тэгээд дээрх явдлаас хойш зам нийлдэг болоод ч тэр үү хамтдаа явдаг болов. Хамт явдаг хөвгүүдээ охиноороо солилоо. Уншсан сонссон номуудаа эвлүүлж ярьдаг байсан болохоор сега сони хөөцөлддөг хөвгүүдээс илүүтэй буурьтай санагдсан байх. Дуугардаггүй байсан хүн яагаад сэтгэл нь эргэснийг надаас бус эхнэрээс минь асуувал зүйтэй...

Өнөөдөр хүүхдүүдээ бүдрэхэд босгож чадахгүй ч
амьдралдаа сөхрөх үед нь түших чадалтай байхыг хүснэ

Дефакто Жаргалсайханд өгсөн ярилцлагадаа сүүлд хамгийн их баярласан шалтгаан гэхэд та охиноо төрөх үед гэж хариулсан. Хоёр охинтой гэсэн байх аа?

Тийм ээ. Хүүхэдтэй болно гэдэг сайхан. Ёстой гоё мэдрэмж. Гэхдээ хүүхэд тэврүүлж, бүүвэйлүүлэх гээд ирэх, шөнөжин халуураад өвдөх үед би ямар ч туслалцаа үзүүлж чадахгүй, ээж нь босоогоороо шахуу хүүхдээ хөхүүлээд сууж байх үед өөрийгөө голох тохиолдол байдаг. Хүүхэд сөхрөөд уначихна. Өөр хүн байсан бол өргөөд л босгоно. Гэхдээ би “чадахгүй” гэж шаналаад байхаас илүү өгч чадах зүйлээ хоёр дахин нэмэгдүүлээд өгөхийг хичээдэг. Хүүхдийг унахад нь босгохоос илүү үгээр дэмжих, урамшуулах, зөв чиглэлээ олох ухаанаар тэтгэх нь илүү хэрэгтэй юм болов уу. Өнөөдөр хүүхдүүдээ бүдрэхэд нь босгож чадахгүй ч ирээдүйд амьдралд сөхрөх үед дэмнээд босгох чадалтай болох юмсан гэж хичээдэг.  

Нугарашгүй, хаттай, өөдрөг, завгүй хүн болж бүрэлдэхэд ээж, аавын ухаан их нөлөөлсөн байх гэж бодлоо?

Манай аавын хэлдэг нэг үг бий. “Тэгээд өөрөөр яах юм” гэдэг. Зовлон тохиолдчихлоо. “Тэгээд яах юм. Уйлаад уугаад унжаад явах уу? Болно. Угаасаа чиний сонголт” гэнэ. Аав минь хэзээ ч намайг архи битгий уу, тамхи битгий тат гэж хэлж байгаагүй. Тэр ч байтугай татсан тамхийг минь аваад хэнд ч азаарагдахааргүй хаясан тохиолдол бий. Таяган дээр арайхийн тогтдог хэрнээ аавдаа би мотоцикл унамаар байна гэж билээ. Гэтэл аав таван шард байдаг дэлгүүр рүү аваачаад “За унаж үзэх үү” гэв. Тэгээд намайг суулгаад түрээд явахад би дотроо “Арай л болоогүй юм байна” гэдгийг ойлгочихож байгаа юм. Түүнээс хойш аавтайгаа энэ сэдвээр ярихаа больсон. Харин эсрэгээрээ чи чадахгүй, болохгүй гэсэн бол зөрүүдэлж яваад яах ч байсан юм билээ. Тэд маань маш их итгэлийг надад өгдөг байсан. Хориглохоос илүү анхааруулаад “Сонголт чинийх шүү” гэдэг байв. Би морь унамаар байна гэвэл “Аав хүү хоёр хэчнээн жил ямар хүнд үеүдийг давснаа санаж байгаа биз дээ. Унавал уна” гэж хэлээд морь руу хөтлөн явна. Тэр үе хүртэл надад бодох хугацаа өгчихөж байгаа юм. Тэгсэн ч би морь унаж үзсэн л дээ.

Миний бодсон эндүү биш бололтой. Эцгийн ухаан гэдэг үнэхээр агуу юм?

Би олон жил бодсон. Тэд минь надад ухаан, боловсрол, амьдрал өгсөн. Гэхдээ би өөрөө тэр бүхнийг хөгжүүлж чадсан гэдгээрээ бардам. Өгсөн болгоныг идэж суугаагүй. Өгсөн боломж болгоныг ашиглахыг хичээсэн. Тэрний суурь нь ээж аавын минь өгсөн итгэл байсан. Аав, ээж маань эмч. Тэд намайг өвдөхөд ажлаасаа гараад өдөржин намайг асарч болох байсан. Гэтэл тэгээгүй. Найз нарын минь дунд, хүмүүсийн дунд байлгасан. Бусдаас хорьж байгаагүй нь намайг нийгэмшихэд нөлөөлсөн. Тэрэгтэйгээ унаад нүүрээ халзлаад ороод ирэхэд ээж минь уйлаад л нүүрэн дээр шигдсэн чулуунуудыг түүж байсан. Хашрахгүй гурван хоногийн дараа найзуудтайгаа гарнаа л гэчихсэн давхиж явна ш дээ.

Ойдов гэдэг нэрийг бодохоор чөлөөт бөхийн дэлхийн аварга санаанд ороод байх юм?

Би 1980-аад оны хүүхэд. Зэвэгийн Ойдов гуай тэр үед од болж байсан үе. Яаж ч намайг харсан би чөлөөт бөхийн дэлхийн аварга болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Тийм хүнд ийм нэр өгөөд миний хүү энэ хүн шиг болоосой гэж бодсон аавын минь холч ухаан агуу. Би чинь айлын ганц хүү. Эр хүний хүсэмжлэх удам залгах ганц хүү. Тэр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болоод төрчихөөр тэдэнд хүнд цохилт болсон нь ойлгомжтой. Гэтэл тэр зовлонгоо залгиад Ойдов нэрийг өгч чадаж байна гэдэг чинь хоосонгүй хүнээс гарах ухаан байхгүй юу. Ээж минь тэр их шаналлыг даваад олон жил аавтай гадаад явах зөвшөөрлийг өгч ар гэрээ харж үлдэнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Аав ээж хоёр минь бол өнөөдрийн гэр бүлүүдтэй харьцуулахад их ухаан зарсан хүмүүс байхгүй юу. Аливааг өнөөдрөөр бус холыг харж л дээ.

Танд амьдралын зарчим гэж байдаггүй байх аа?

Надад зарчим байхгүй. Миний үзэн ядалтыг хүргэвэл би хүн алж чадна. Харин миний хайрыг татвал би амиа өгч чадна. Энэ хоёр туйл байхад би ямар дүрмээр явна гэж зарчимд баригдах юм бэ. Одоогоор би ямар хайрцганд өөрийгөө оруулахаа төсөөлөхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг утгаар нь миний амжилтыг хэмжээсэй гэж хүсэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат