Ирэх намраас монголчууд стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой зөгийн балыг төрөл бүрийн савлагаатайгаар худалдан авах боломж бүрдэв.
Ингэснээр бараг 60 жилийн түүхтэй хэдий ч өнөөг хэр нь өрхийн үйлдвэрлэлийн түвшинд байсан зөгийн аж ахуйг арилжааны үйлдвэрлэлд шилжүүлэх үе шат тавигдаж буйг Монголын зөгийчдийн нийгэмлэгийн зөвлөх А.Оюун хэлэв. Хэрэглэгчдийн чанартай, эрүүл хүнсний хэрэглээг хангахын тулд зөгийн балны үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний хэмжээний үйлдвэрлэгчдийг гаргаж ирэх шаардлагатайг салбарынхан онцолж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын зөгийчдийн нийгэмлэгээс хамтран лхагва гарагт зохион байгуулсан “Ногоон ирээдүй” үндэсний симпозиумын үеэр зөгийн аж ахуй эрхлэгчид “Гацуурт” компанид таван жилийн хугацаанд зөгийн бал нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
“Аж ахуйн нэгжүүдтэй хамтран эхний ээлжинд 50 тонн зөгийн балыг нэг удаагийн хэрэглээнээс эхлээд таван төрлийн савлагаатайгаар дотоодын хэрэглэгчдэдээ одоогийн зах зээлийн үнээр хүргэхээр төлөвлөсөн” гэж “Гацуурт” компанийн орлогч захирал Б.Жавхлан ярилаа.
Гэхдээ савлахаас өмнө зөгийн балыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлэн баталгаажуулж, гарал үүслийг нь тодорхой болгох аж. Зөгийн бал цэвэр гэдгийг заавал баталгаажуулах шаардлагатайг НҮБ-ын ХХАА-н байгууллагын “Органик хөдөө аж ахуй” хөтөлбөрийн судалгаа, зохицуулалтын мэргэжилтэн, доктор С.Жигжидсүрэн хэлсэн юм. Манай орны зөгийн балны бүтээгдэхүүний 90 орчим хувь нь органик байгаа нь лабораторийн шинжилгээгээр батлагддаг.
Харин үлдсэн 10 хувь нь зөгийн арчилгаа, өвчлөлийн үед хэрэглэж байгаа эм бэлдмэлийн нөлөөгөөр цэвэр чанар нь алдагддаг байна. Тиймээс зөгий өсгөн үржүүлэх, бал гарган авах технологио сайжруулж, хүний биед хор нөлөөгүй байх шаардлагыг хангахаар Монголын зөгийчдийн нийгэмлэг Японы JACAIF, Хятадын технологи дамжуулах төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний чанар, гарцыг сайжруулж, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулснаар дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад зөгийн балаа экспортлох боломжтой болно. “Монголынхоо цэвэр зөгийн балыг нэг килограммыг нь 100 ам.доллараар борлуулах нь миний мөрөөдөл” хэмээн тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяа хэлж байна.
З.Цэлмэг