Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатартай айсуй Риогийн олимп болон Монголын спортын өнөөгийн тогтолцооны талаар ярилцлаа.
-Риогийн олимп эхлэхэд 100 хүрэхгүй хоног үлджээ. Олимпийн өмнөх манай тамирчдын бэлтгэл сургуулилт, нөхцөл байдлын талаар та ямар бодолтой байна вэ?
-Бид олимпод оролцож эхэлснээс хойш паралимпийг оруулаад 25 медаль авчээ. 2008 онд монголчууд олимпийн аваргатай болсон нь сансарт ниссэнтэй адил том үйл явдал. Цөөхөн хүн амтай, эрс тэс уур амьсгалтай, орчин үеийн спортын хөдөлгөөн үүсээд удаагүй улсын хувьд 20 гаруй медаль авна гэдэг монгол хүний бие бялдрын онцлог, төрөлхийн авьяасыг харуулж байгаа юм.
Гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль авах байх
Өмнө нь олимпийн наадамд зөвхөн оролцохын төлөө гэсэн уриатай байлаа. Харин одоо бол үгүй. Заавал хатуу ширүүн шалгуурыг давж, эрхээ авч байна. Тиймээс эрх авна гэдэг маш том үзүүлэлт юм. Одоогоор 40 шахам эрх авах боломж үүсээд байгаа нь бидний хувьд гайхамшигтай амжилт. Манай тамирчдын үзүүлж буй амжилт, одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл бид Риогийн олимпод өндөр амжилт үзүүлэх боломж байна.
Одоо үлдсэн хугацаа бол тамирчдынхаа торгон ирийг тааруулах хамгийн нарийн үе. Дасгалжуулагч, тамирчдын хувийн хариуцлага, дэг журам, төр засгийн дэмжлэг гээд бүх асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй.
Бид цаг агаар болоод цагийн бүсийн асар их зөрүүтэй газар очно. Энэ нь тамирчин хүний бие махбодид шууд нөлөөлдөг. Тиймээс Бразилд хэзээ очих вэ, очоод эхний гурван өдөр ямар бэлтгэл хийх вэ, ямар хоол идэх вэ, хаана байрлах вэ гээд нарийн зүйлээ эртнээс шийдэх нь чухал. Товчхондоо, бид цэргийн байгууллага шиг маш нарийн зохион байгуулалттай байх ёстой.
Сая жүдо бөхийн холбоо олимпод оролцох тамирчдаа зарлалаа. Энэ зөв алхам. Хэн орох нь мэдэгдэхгүй яваад байвал янз бүрийн сөрөг нөхцөл байдал үүсч магадгүй. Тиймээс тамирчид, тэдгээрийн бэлтгэл хангагч нарыг эртнээс тодруулж, албан ёсны болгох хэрэгтэй.
-Олимп эхлэхээс өмнө тамирчид хамтарсан бэлтгэл хийх нь хэр үр дүнтэй бол. Өрсөлдөгчдөө арга, мэхээ судлуулна гэж хаширлах нэгэн байдаг шүү дээ.
-Бидний оролцох төрлүүд тус бүртээ онцлог шинжтэй. Тиймээс төрөл болгонд тохирсон, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт гаргах нь зүй. Үүн дотор тухайн тамирчны онцлогт тохирсон төлөвлөлтийг бас хийх. Энэ тамирчны дутуу зүйл юу байна, үүнийг нь яаж сайжруулах вэ гэдэг ч юм уу.
Ер нь олимп хаяанд ирчихээгүй ийм үед боломжийн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх нь зүгээр. Хамтарсан бэлтгэлийн үеэр тамирчдаас гадна дасгалжуулагч нь өрсөлдөгчөө судалж, тактик төлөвлөгөөгөө боловсруулах давуу талтай.
Гол нь уур амьсгал болоод цагийн зөрүүний хувьд Бразилтай ойролцоо газар бэлтгэл хийвэл сайн. Ийм орчинд очоод тухайн тамирчинд ямар өөрчлөлт гарч байгааг мэдэж авах нь чухал. Үүнээс гадна тамирчин хүний сэтгэл зүйн бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй. Тамирчид бэлтгэл сургуулилт, биеийн байдал, ар гэртээ санаа зовохгүй байвал амжилт гаргана.
Хоол идэхгүй, өлөн зэлмүүн явдаг тамирчин Монголоос өөр улсад байхгүй болов уу. Манай тамирчдын ихэнх нь хоол авах мөнгөгүй л яваа шүү дээ. Нэг номерын тамирчин нь гадаадад тэмцээнд явна. Бусад нь үйлдвэрийн ажилчид шиг цалингаа аваад, бэлтгэлээ хийгээд байж байна. Цалин нь автобусны мөнгөнд хүрэхтэй, үгүйтэй. Юун хувцас хунар авах. Олимп дөхсөн үед бид энэ тал дээр онцгой анхаармаар байгаа юм.
-Монголын баг 10-14 хоногийн өмнө Бразилд очих юм байна лээ. Энэ нь зөв үү?
-Зөв. Болж өгвөл дор хаяж 12 хоногийн өмнө очих хэрэгтэй. Гэхдээ олимпийн тосгонд, эсвэл тэмцээн болж байгаа нүргэлсэн газар байлгах хэрэггүй. Харин тусдаа баазад байрлаж, тэндээ үндэсний хоолоо идэж байгаад тэмцээнд орвол амжилт гаргах боломж нэмэгдэнэ. Ер нь тамирчин хүнд дасан зохицох үйл явц явагддаг.
12 цагийн зөрүүтэй газар очиход эхний 3-5 хоногт мансуурлын л байдалтай байна. Тэгээд ес дэх хоногоос хэвийн байдалдаа ордог. Дасан зохицолт явагдаж байх үед эрчим өндөртэй, багтаамж багатай дасгал хийлгэх хэрэгтэй. Энэ нь удаан хугацаанд хүнд дасгал хийлгэх биш, 30-40 минутын богино хугацаанд маш эрчимтэй байхыг хэлж байгаа юм. Тэгээд бусад үед нь сайхан амраана.
-Энэ олимпоос манай тамирчид хэдэн медаль авах байх гэж таамаглаж байна вэ?
-Би түрүүн хэлсэн, манай тамирчдын өнөөгийн нөхцөл байдлыг хараад үзвэл нэлээд өндөр амжилт үзүүлэх боломжтой. Хэрэв олимп эхэлтэл зөв бэлтгэл хийгээд очвол гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль авах байх гэж бодож байгаа. Энэ маш том тоо. Гэхдээ ийм бодит боломж бий.
-Аль төрөлд илүү найдаж байна вэ?
-Мэдээж олимпоос медаль авсан манай ТОП төрлүүд байна. Ялангуяа жүдо, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй багийн аль алинд нь их найдаж байгаа. Бид амжилтаа өөдрөгөөр төсөөлөх ёстой. Миний сая хэлсэн тоо нэг ёсны ерөөл гэж ойлгож болно.
-Өнгөрсөн дөрвөн жилийн циклийг харахад спортын аль холбоо хамгийн зөв ажилласан байна вэ?
-Спортын холбоод төрийн бус байгууллага. Эд Монголын спортыг нуруун дээрээ үүрч яваа. Манайд 80 гаруй спортын холбоо байна. Тэдний дунд нэр төдий нь ч, амжилт гаргаж байгаа нь ч бий. Ер нь спорт холбоодын үйл ажиллагаа удирдаж байгаа хүнээс шууд шалтгаална. Манай ТОП хэдэн холбоог нэгэнт эрчээ авсан галт тэрэгтэй зүйрлүүлж болно.
Аливаа спортын холбоодод хоёр том зорилго байдаг. Нэг нь, Монгол Улсын хүн амын бие бялдрын хөгжлийг тус тусын төрлөөр дамжуулан шинэ шатанд гаргах, зөв түвшинд хүргэх. Хоёр дахь зорилго нь тамирчдын амжилтыг тив, дэлхийн хэмжээнд гаргаж, улсынхаа нэр алдрыг дэлхийд тунхаглан монгол хүний бахархлыг бий болгох.
Одоо спорт холбоод удирдлагуудынхаа өгсөн мөнгөөр аргацаагаад явж л байна. Энэ нь тэдний буруу биш л дээ. Угаасаа Монголын спортын тогтолцоо, бодлогыг өөрчлөх асуудал зайлшгүй гарч ирээд байгаа юм. Биеийн тамир, спортын хөгжлийг зөвхөн олимп, тив, дэлхийн медалиар үнэлж, уралдаан тэмцээнээр дүгнэж болохгүй л дээ. Төрийн бодлогыг биеийн тамир, спорт хөгжих нөхцөл бүрдүүлэх чиглэл рүү нь оруулж өгвөл цааш хөгжих боломжтой.
Тухайн оронд биеийн тамир, спортыг хөгжүүлэх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Юуны өмнө хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт, материаллаг баазтай болох нь чухал. Мөн спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, залгамж халаагаа бэлдэх гээд олон чухал асуудал бий.
Энэ олон хүчин зүйл нэгдэж байж биеийн тамир, спорт гэсэн том салбар хөдлөх учиртай. Миний сая дурдсан зүйлүүд Монголын нөхцөлд алдаг оног л байна. Хэрэв бид иргэдийнхээ бие бялдрын хөгжилд онцгой анхаарахгүй бол яваандаа хүн амынхаа удмын чанар чансааг бууруулах сөрөг талтай.
Бид өнгөрсөн хугацаанд маш буруу, ухаангүй зүйл хийсэнд маш их харамсдаг юм. Энэ нь юу вэ гэхээр, хотын төвийн сургуулиудын гадаах биеийн тамирын талбайг булааж аваад барилга барьчихсан. Тэгээд чулуун хэрмэн дотроо чихэлдээд байдаг. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг чанаржуулах тал дээр тааруу ажиллалаа.
Биеийн тамирын багш нарын үнэлэмж, тэдний үр бүтээлийг дээшлүүлэх талд анхаарал тавьдаггүй. Хоёрдугаар сортын маягтай болгоод хаячихсан. Дээр нь бодлого үгүйлэгдэж байна. Хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх арга зам нь ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, цэргийн алба дээр тулгуурладаг. Энэ гурван объект дээр төвлөрч, төрөөс бодлогоор дэмжээд өгвөл Монголын ард түмэн доройтох учиргүй.
Манай ТОП хэдэн холбоог нэгэнт эрчээ авсан галт тэрэгтэй зүйрлүүлж болно
Бид ирээдүйд зуны олимп зохион байгуулах том зорилго өмнөө тавьсан. Үүнийхээ хүрээнд дор юм хийх л хэрэгтэй. Ялангуяа эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж, энэ салбарын хөтөч болгох цаг нь болжээ. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүй бол бид юу боловсруулж, хаашаа явж байгаагаа мэдэх арга алга.
-Улс яамаар дамжуулаад спортын салбарт мөнгө хуваарилдаг. Энэ тогтолцоог өөрчлөх ёстой, холбоод өөрсдөө мөнгө олох ёстой гэж ярьдаг ч бүтсэн зүйл алга. Энэ асуудлыг шийдэхэд ямар гарц байна вэ?
-Монголд спортын маркетинг хөгжихөд хэцүү л дээ. Зах зээл багатай. Одоо спорт холбоод хэдэн ерөнхийлөгчийнхөө хүчээр л явж байна. Уг нь төрөөс тэдний үйл ажиллагааг дэмжсэн хэд хэдэн ажил хиймээр байгаа юм.
Одоо төр өөрийн зарим үүргийг спорт холбоодод шилжүүлж, тохирсон төсөв хөрөнгийг хуваарилж өгч болно. Ингэвэл тухайн холбоо бодлогоо зөв тодорхойлж, үйл ажиллагаа явуулна. Эргээд хариуцлагаа хүлээнэ. Гэтэл өнөөдөр УАШТ-ээ хий гээд дөрвөн сая төгрөг өгөхөөс өөр дэмжлэг алга. Тэр нь хаанаа ч хүрдэггүй. Тэгээд хэдхэн төрлөөр шигшээ баг барьчихдаг. Бусад нь дээш гарч ирж чаддаггүй.
Тиймээс спортын холбоодоо хэд хэдэн бүлэгт хуваагаад, түүнд нь тохирсон санхүүжилт өгдөг байвал зүгээр. Олимп, дэлхийн түвшинд гарч ирсэн гээд нэг бүлэгт хувааж болж байна. Дараа нь Азийн, бүс нутгийн, Монгол Улсын хэмжээнд боломжийн хөгжсөн болоод хөгжиж эхэлж байгаа гээд таван түвшинд хувааж болно. Түүнд нь тохирсон санхүүжилт өгч, төрийн үүргийг хөнгөвчлөх хувилбар бий.
-Олимп болоогүй жил биеийн тамир, спортын салбарт улсаас хоёр тэрбум гаруй төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Хэтэрхий бага. Тэрбум гэхээр их том сонсогдож магадгүй. Гэхдээ биеийн тамир, спорт гэдэг чинь нийгмийн нэг том салбар шүү дээ.
Төсвийг нь жил бүр ихэсгэх хэрэгтэй. Үүний хажуугаар төсвийн мөнгийг зөв зарцуулж байна уу, амжилт дээшилж байна уу гэдэгт хатуу хяналт тавих ёстой. Хонконг хүүхдийн спортын холбоондоо хоёр сая ам.доллар төсөвлөж байна. Энэ нь жижигхэн холбоо шүү дээ. Гэтэл бид бүхэл улсаараа энэ хэмжээнд хүрдэггүй. Тэгээд нөгөө жаахныгаа хүргэх гээд хуруу хумсаа хугалах шахуу юм болно. Үүнээс болоод шигшээ багийн төрөл, тамирчны тоогоо нэмж чаддаггүй.
-Бид дэлхийн хэмжээний дасгалжуулагчийг яаж бэлдэх ёстой вэ. Оросууд шиг гаднаас сайн дасгалжуулагч урих уу?
-Манайх ТОП төрлүүддээ гаднаас дасгалжуулагч авах шаардлагагүй л дээ. Нөгөө талаар монголчууд тэр өндөр хэмжээний цалинг нь өгч чадахгүй. Бага хэмжээний хөлсөөр ирж байгаа нь төдий хэрийн чадалтай л байна гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Бямбасүрэн