Анжис чирсэн одос үхэр, сийрсэн дамар малгайтай тариачин. Таны нүдэнд Вьетнам орон харагдаж байна уу. Тийм ээ, энэ бол тутарганы талбай дахь Вьетнамын “ажиллах хүч”.
Вьетнам үндэстнийг илэрхийлдэг ийм дүр төрх одоо тийм ч түгээмэл байхаа больсон. Харин анжистай үхрийнх нь оронд овор багатай трактор хүнгэнэх болжээ. Хятадууд Вьетнамын будааны зах зээлийг “булаасан” илэрхийлэл энэ. Трактор нь үхэр шиг арчилгаа маллагаа шаардахгүй, идэш тэжээл нэхэхгүй. Тиймээс одос үхрээ орчин цагийн техникээр сольсон вьетнамчууд хожим амаа бариад ч нэгэнт хожимдсон түүх олон улсад Дэмпингийн хууль хэрэгтэйн гол жишээ болон яригддаг.
Амьгүй ч ажлын бүтээмж сайтай, хөдөлмөр хөнгөвчлөх трактор нь одос үхэртэй адил өсөж, үржихгүй нь мэдээж. Мөн сэлбэг хэрэгсэл тэнгэрт хадсан үнэтэй болох юм гэж тухайн үед вьетнамчууд төсөөлөөгүй биз. Хятадад үйлдвэрлэсэн тракторын сэлбэг хятадуудад л бий. Харин гар мухардсан вьетнамчууд анх бэлгээр шахам ирээд, хожмоо үнэ нь тэнгэрт хадсан “ажлын багаж”- наасаа болж цагаан будааныхаа талбайг бага багаар хятадуудад өгсөөр, зах зээлээ ч алдсан гэдэг.
Вьетнам будаа, монгол гутлын “гунигт” түүх
Дэмпингийн зохицуулалтыг ихэвчлэн өндөр хөгжилтэй орнууд хэрэглэдэг. Тодруулбал, тухайн улс дотооддоо борлуулж байгаагаас хямд үнээр өөр улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга хэмжээг ийн нэрлэдэг аж. Харин зохион байгуулалттай явуулсан ийм арга хэмжээ тухайн улсынх нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг.
Яг л вьетнамчуудаас үхрийг нь аваад, адилхан л ажил гүйцэтгэх чадвартай трактор өгсөн шиг. Тиймээс дэлхийн олон улс орон үүнийг худалдааны шударга бус өрсөлдөөн гэж үздэг. Тэр ч утгаараа дэмпингийн эсрэг арга хэмжээ, механизмыг улс орнууд хэрэглэж байна. Энэ жишгийн дагуу Монгол Улс ч Дэмпингийн тухай хуулийн төслийг боловсруулж, парламентаар ид хэлэлцэж байна.
Эдийн засгийн байнгын хорооны лхагва гарагийн хуралдаанаар Дэмпингийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ талаар “Хуулийг баталснаар худалдаа хийхдээ Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд эрхлэн явуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмпингээс хамгаалах эрх зүйн харилцааг Дэлхийн худалдааны байгууллагын тариф, ерөнхий хэлэлцээртэй уялдуулан зохицуулах механизм бий болно” хэмээн тайлбарлав.
Товчхондоо, дотоодын үйлдвэрлэлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахад чиглэсэн арга хэмжээ гэж ойлгож болох юм. МҮХАҮТ- ын орлогч дарга М.Сарандаваа Дэмпингийн тухай хуулийн төслийн талаар “Төсөлд Монголд үйлдвэрлэж байгаа бүх бараа бүтээгдэхүүн дээр харгалзаж үзнэ гэсэн заалт бий. Танхимын зүгээс импортлогчдын дуу хоолойг ч сонсоно, үйлдвэрлэгчдээ ч хамгаална. Энэ хоёр эрх ашгийг хамгаалахын тулд зохицуулалтыг хийх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа “Шударга бус өрсөлдөөний эсрэг авах арга хэмжээ нь татвар” хэмээн тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бараа бүтээгдэхүүний импортыг хаахгүй ч, хэдий хэмжээний дэмпинг хийж байгаагаас шалтгаалан татвар тогтоох аж. Жишээлбэл, таван хувиар бараа бүтээгдэхүүн импортолж байхад нөгөөх нь экспортлогч орныхоо зах зээлээс илүү хямд үнээр манайд борлуулаад байвал тэр хэмжээнд нь таарсан татвар оногдуулах аж.
Гэхдээ шууд л “Энэ бол дэмпинг мөн байна” гээд өндөр татвар тогтоочихгүй. Харин ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс гомдол гаргасан тохиолдолд судалж үзнэ. Улмаар үйлдвэрлэлд үнэхээр хохиролтой юу гэдгийг нь шалган нотолно. Түүний дараа арга хэмжээ авах юм. Ер нь иймэрхүү гомдол манай үйлдвэрлэгчдээс ирсэн тохиолдол бий гэнэ.
Тухайлбал, гутлын үйлдвэрлэгчид үргэлж гомдол гаргадгийг Б.Золтуяа хэлсэн юм. Манай гутал үйлдвэрлэгчдийн хувьд гол түүхий эд нь арьс, шир. Нэгэнт түүхий эдээ өндөр өртөгтэйгээр боловсруулж буй тул эцсийн бүтээгдэхүүн нь хямд байж таарахгүй. Гэтэл хэт хямд гутал Монголын зах зээлд байгаагаас үүдэн үйлдвэрлэгчид ашиг олох байтугай, гаргасан өртгөө ч нөхөж чадахгүйд хүрдэг.
Монголын гутал үйлдвэрлэгчдэд бадрангуй үе байсан уу, гэвэл тийм. 1990-ээд оны үед байсан томоохон гутлын үйлдвэрүүд Японы “Nike” компанитай хүртэл хамтран ажиллах нөхцөл бүрдэж байв. Тэр нь Б.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед. Дэлхийн томоохон брэндүүдийн нэг болох “Nike” компани үйлдвэрлэдэг гутлынхаа бүх хэлийг манайд үйлдвэрлүүлэх санал тавьсан байна.
- Вьетнамын цагаан будааны зах зээлийг хятадууд эзэлсэн “түүх” олон улсад Дэмпингийн хууль хэрэгтэйн гол жишээ болон яригддаг.
- "Sony" зурагт Япондоо илүү үнэтэй байдаг гэсэн яриа хүртэл гарч байсан аж.
- Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн энэ аргыг бид нутагшуулах боломж бий болж байгаа нь Дэмпингийн тухай хууль.
Манай зүгээс “Боломжтой, судалъя” гэсэн хариу өгөөд байв. Гэвч Монголтой хийж Японы алдарт брэндийн талаарх хэлэлцээрийг урд хөршийнхөн маань дуулчихаж. Азидаа хоёрдугаарт орох том компанитай хамтарна гэдэг алтан боломж. Тиймээс хямд гутлаар Монголыг хангаж, дотоодын үйлдвэрүүд ч хумигдаж эхэлсэн. Эдийн засгийн чадамж муутай болсон үйлдвэрүүдтэй дэлхийн нэр хүндтэй брэнд хэлэлцээр хийхгүй нь мэдээж. Харин манайхны алдсан энэ боломжийг хөршүүд маань ашиглаж сууна.
Дэмпинг бол шударга бус өрсөлдөөн юм гэдгийг Дэлхийн худалдааны байгууллага ч хүлээн зөвшөөрдөг. Тиймээс улс орнуудыг үүний эсрэг арга хэмжээ авах ёстой гэсэн хэлэлцээр байдаг. Жишээлбэл, Дэлхийн худалдааны байгууллага байгуулагдахаас өмнө Япон улс маш их дэмпинг хийдэг байсан гэдэг. Тухайн үед "Sony" зурагт Япондоо илүү үнэтэй байдаг гэсэн яриа хүртэл гарч байсан аж.
Харин одоо бол ийм хямд үнийн “дайралт”-аар бусад улсын зах зээлийг эзлэх арга хэмжээг Хятад улс хамгийн их явуулдаг талаар Дэлхийн худалдааны байгууллагын албан ёсны цахим хуудсанд бичсэн байна. Хятад бол манай хамгийн том импортлогч орон. Тэр утгаараа дэмпингийн үнээр хамгийн их бараа нийлүүлдэг байж болох юм.
Гэхдээ Дэмпингийн тухай хууль ганц Хятадын бараа, бүтээгдэхүүнд тавьсан хаалт гэж ойлгох вий. Оймс, сүлжмэл хувцас их хэмжээгээр үйлдвэрлэдэг Бангладеш, эсвэл өөр өндөр хөгжилтэй орнууд зах зээл эзлэх зорилгоор дэмпингийн үнээр бараа нийлүүлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс л дотоод зах зээлийг зохион байгуулалттай гадаад хүчин зүйлээс дархлаажуулах “вакцин” гэж ойлгох хэрэгтэй болов уу.
Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон. Хэрэглээний эдийн засагтай, зөвхөн хэрэглэгч орон байсныгаа бодвол хувийн хэвшил хөл дээрээ зогсож, өндийх гэж зүтгэх болсон. Ийм үед нь дэмжих, шаардлагатай арга хэмжээг авах нь төрийн үүрэг.
Дэлхийн худалдааны байгууллагад тусгайлсан хэлэлцээрүүд байдгийн нэг нь дэмпингийн зохицуулалт. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн энэ аргыг бид нутагшуулах боломж бий болж байгаа нь Дэмпингийн тухай хууль. Тиймээс бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлээд дуусаж буй энэ парламент хаалтаа хийхээс өмнө дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын баримт бичгээ баталж амжих “эх оронч” захиалгыг биелүүлэх шаардлага үүсч байна.
Б.Энхжаргал