Хамгийн анх АНУ-д, түүнээс хойш дэлхийн олон оронд зохион байгуулах болсон "Poetry slam" яруу найргийн тэмцээн 37 дахь удаагаа өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болжээ. Тус тэмцээнд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу яруу найрагч Ч.Ууганбаяр оролцон, сүүлийн шатны таван найрагчийн нэгээр шалгарсан юм.
Тэрбээр энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон анхны монгол хүн аж. “Монгол хэл, соёлоо дээдлэн бахархдаг хүний хувьд тус наадмын хүндэт тайзан дээрээс аялгуу сайхан эх хэлээрээ шүлгээ эхэлж дуудсан” хэмээн бахархан ярих түүнтэй эх орондоо сургуулийн амралтаараа ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-"Poetry slam" тэмцээний талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?
-АНУ-д 1990-ээд оны эхэн үед анх зохиогдож, үүссэн. ОХУ, Франц, Итали, Герман зэрэг дэлхийн 100 гаруй улсад тус наадам болдог. Манайхаар “Болор цом” шиг тэмцээн.
Тайзан дээр уйлж, дуулж, орилж, хашгирч, хэвтэж, бүр согтууруулах ундаа ч хэрэглэж болдог
Дэлхийн улс орны найрагчид, яруу найрагт дуртай хүн бүрийн мэддэг энэхүү тэмцээнийг утга зохиолын ертөнцийн цонх болдог гэж хэлж болно. Улс бүр өөрсдийн хэл дээр энэхүү яруу найргийн тэмцээнийг зохиодог. Өнгөрсөн гуравдугаар сард болсон "Poetry slam"-ын 37 дахь удаагийн тэмцээнд миний бие оролцож, чамгүй амжилт гаргалаа.
Юуны өмнө тэмцээн хэрхэн явагддагийг товчхон дурдах нь зөв болов уу. Тэмцээнд оролцохын тулд уран бүтээлчид эхлээд бүтээлээ явуулдаг. Зохион байгуулагч, шүүгчид ирсэн бүтээлүүдийг шүүгээд тайзан дээр гарах найрагчийг сонгож, тэмцээнд оруулах, эсэхээ шийддэг.
Миний оролцсон тэмцээнд Иран, Франц, Герман зэрэг улсын 20 орчим найрагч оролцож, тайзан дээр шүлгээ уншсан. Ингээд шилдэг гэсэн таван найрагчийг үзэгчдийн санал асуулгаар буюу алга ташилтаар шалгаруулдаг юм билээ. Энэ тэмцээнд шүүгч гэж байдаггүй. Зөвхөн нэг л байртай. Хоёр, гурав, дөрөв, тавдугаар байр эзэлнэ гэж байдаггүй. Гэхдээ эцсийн таван найрагчийн нэгд орно гэдэг муугүй амжилт.
-Өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу. Германд ямар мэргэжлээр суралцаж байгаа юм бэ?
-Би МУБИС-д утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн хос мэргэжлээр суралцаж, 2010 онд төгссөн. Одоо сэтгүүл зүй болон пи ар-аар магистрын зэрэг хамгаалахаар ХБНГУ-д суралцаж байгаа.
"Poetry slam"-д залуу найрагчид оролцдог гэдгээрээ онцлог. "Poetry slam" гэдэг нь текст уншина, хэлнэ гэсэн үг. Манайхаар яруу найраг гэж ойлгож болох байх. Гэхдээ бага зэрэг ялгаатай. Тэмцээний үеэр таван минутад багтаан өөрийн зохиосон текстийг үзэгчдэд хүргэх ёстой. Түүнээс гадна тайзан дээр уйлж, дуулж, орилж, хашгирч, хэвтэж, бүр согтууруулах ундаа ч хэрэглэж болно.
Бүх зүйл чөлөөтэй. Гол нь цагтаа тааруулж хүмүүст зохиосон текстээ хүргэх нь чухал. Энэ тэмцээний бас нэг сонирхолтой дүрэм нь оролцогч болон үзэгчдийг ёслолын хувцастай оруулдаггүй. Энэ нь оюун санаа болон бүх зүйлээ чөлөөтэй байлгана гэсэн санаа. Би Монгол шигээ санаад хослолтой очтол оруулаагүй.
Герман, Франц зэрэг өрнийн яруу найраг манайхаас их өөр санагдсан. Германд баг болж, яруу найргийн тэмцээнд оролцдог. Жишээлбэл, гурав, дөрвүүлээ нийлж нэг сэдвийн хүрээнд текст бичиж, хамтдаа тайзан дээрээс унших гээд онцлогтой тал олон бий. Тэмцээнд оролцохдоо эх хэлээрээ эхэлж шүлгээ уншсан.
Шүлгээ уншихынхаа өмнө “Би Монголоос ирсэн яруу найрагч байна. Манай улсад утга зохиол, яруу найраг маш нэр хүндтэй байдаг учраас энэхүү тайзан дээрээс аялгуу сайхан эх хэлээрээ эхэлж шүлгээ уншмаар байна” гэж хэлээд дараа нь герман хэл дээр шүлгээ уншсан.
-Таны зохиосон шүлгийн утга агуулга юу байсан бэ. Дөрвөн мөртөөс нь дуудаж сонирхуулахгүй юу?
-Тэмцээний үеэр “Заан” хэмээх гурван хэсэгтэй шүлгийнхээ гурав дахь хэсгийг уншсан.
Өвс өвсөө налмуй
Өвс эмэгтэй хүнийг налмуй
Чимээ чимээгээ сонсмуй
Чимээ чимээгүйг олж сонсмуй
Гэрэл гэрлээ хармуй
Гэрэл харанхуйг олж хармуй
Мөн чанар үнэнийг олмуй
Үнэн мөн чанарт оршмуй
Заан байгалийг идмуй
Байгаль зааныг идмуй гээд энэхүү найман мөрт шүлгээ “Poetry slam"-ын тайзан дээрээс уншсан.
Тэмцээнд надад байгалийн сэдэвтэй шүлэг бичих даалгавар ирсэн юм. Тэгээд юу бичих вэ гэж бодоод мөн чанарын тухай бичихээр шийдсэн. Хүн, цаг хугацаа гээд бүх зүйл байгальтай уялдаа холбоотой байдаг. Өнөө цагт бид байгалийг эдэлж хэрэглэж, устгаж байна. Дараа нь байгаль биднийг устгана гээд хүн байгалийн харилцаа мөнхийн тойрогт байгаа гэсэн утга, санааг гаргахаар оролдож, энэхүү шүлгээ зохиосон.
-Өрнө, дорнын утга зохиол өөр байна гэлээ. Яг юугаараа өөр байна вэ. Таны бодлоор Монголын утга зохиол ямар түвшинд байна вэ?
-Би өрнийн уран зохиолыг тодорхой хэмжээнд уншиж, судалсан. Тэр сэтгэхүйгээрээ гаднын оронд очиход одоогийн залуучуудын сэтгэлгээ, бичвэр, урсгал чиглэл нь тэс өөр болсон байгааг мэдэрсэн л дээ. Бидний “Нутаг минь, ээж, аав минь” гэдэг сэдэв тэнд байх ч илэрхийлэл нь өөр.
Юу гэх гээд байна вэ гэхээр хуучны эх хэлнээ уншдаг байсан өрнийн уран зохиол өнөөдөр тэс өөр болжээ. Яруу найраг гэхээс илүүтэй текст гэдэг урсгал, чиглэл рүү залуус хандаж байна. Европын холбооны улсууд болон Америкт энэ чиглэл хүчтэй гарч ирж байна. Шүлэглээд, утга уянгалаад, мөр, толгой холбохоос илүүтэй чансаатай сэдэв бариад үүнийхээ дагуу өөрийн харж буй өнцгөөс текстээр дамжуулан санаагаа илэрхийлж байна.
Залуу зохиолчдын нэгдлийг удирддаг хүний хувьд хэлэхэд, манай залуу зохиолчид хэт утга, уянгын, сэтгэлгээний шүлэг, яруу найраг зохиож байгаа нь нэг талаар хоцрогдсон мэт санагдаж байгаа. Нөгөө талаас харахад үүгээрээ бид илүү байж ч мэдэх юм. Учир нь дэлхийн яруу найраг, уран зохиол хурдацтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй цаг үед бид хэтэрхий хэлбэрт баригдаж, хөгжил дагалгүй, нэг чиг баримжаатай яваа нь оносон ч юм шиг.
Гаднынхан ихэвчлэн улс төр, цаг үе, хошин хэлбэрийг сонгон текстээ илэрхийлж байна. Сэдвийн шинэчлэл 10-20 жилийн хугацаатай гарч ирдэг юм байна. Одоо бол хошин бөгөөд улс төрийн сэдэвтэй текстийн эрин үе ирсэн байна. Харин миний тэмцээнд уншсан сэдэв сэтгэлгээний, байгалийн, философийн тал руу хандсан байсан учир нэлээд өөр сонсогдсон байх. Тиймээс л сүүлийн таван найрагчаар шалгарсан болов уу.
-"Poetry slam" яруу найргийн тэмцээнээс өөр ямар амжилт гаргасан бэ. Урын сандаа хэчнээн шүлэгтэй вэ?
-Оюутан байхдаа оролцоод авч байсан шагнал гэвэл хана дүүрэн байгаа. Томоохон тэмцээнээс дурдвал, 2009 онд болсон хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт, 2013 онд “Болор цом” наадмын тусгай байрын шагналт, “Янжинлхам” болон “Алтан-Өд” яруу найргийн наадмын дэд байрын шагналтай.
2010 онд “Нимбэгэн сарны шүүс” хэмээх шүлгийн түүвэр номоо гаргасан. “Монголын нэн шинэ үеийн яруу найраг” гэх мэт эмхтгэлүүдэд орсон шүлэг олон бий. Германаас шинэ номтой ирсэн. Энэ сардаа багтаан шинэ номоо гаргахаар зэхэж байна. Зохиосон шүлгээ тоолж байгаагүй юм байна.
Гэхдээ яруу найрагч гээд өдөр бүр эд бараа, хоол хүнс шиг шүлэг тэрлээд байдаггүй. Миний бүтээмж өндөртэй цаг шөнө байдаг. Ганцаараа байх их чухал. Бодож байгаад, цуглуулж байгаад л бичдэг дээ. Мөн дуу хөгжим их нөлөөлнө. Эннио Морриконе гээд миний хайртай шүтдэг хөгжмийн зохиолч бий. Түүний хайр сэтгэлийн, гунигтай, тансаг уран бүтээлээс энерги, эрч хүч авдаг даа.
-Далбаатай аялал хийж байгаа гэж сонссон. Аяллын гол зорилго юу вэ. Хэдэн улсаар аялаад байна вэ?
-Европт суралцангаа “Далбаатай аялал” төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсынхаа төрийн далбааг цүнхнээсээ намируулаад дэлхийн улсуудын хот, тосгодоор аялж, түүх, зан заншилтай нь танилцах аялал юм. Одоогоор нэг жилийн хугацаанд Европын 10 улсын 60 орчим хот, тосгоноор яваад байна.
Энэхүү төслийн гол зорилго нь залуу хүн хүсэл мөрөөдөлтэй байвал хаана ч хүрч болдгийг харуулахыг зорьж байгаа юм. Хүмүүс аялал хийхэд мөнгө их ордог гэж боддог.
Гэтэл үгүй шүү дээ. Зүгээр л зориглоод нэг газар очих хэрэгтэй. Тэндээс хандах зүг аяндаа тод болдог юм билээ. Мөн гаднын улсад очлоо гэхэд хаана очиж, юуг нь үзэх хэрэгтэй вэ гэдгийг харуулна. Жишээлбэл, Францад очиход ганц Эйфелийн цамхгийг үзээд буцаж болохгүй. Тэнд үзэж харах зүйл зөндөө бий. Цагаан сүм гэж байдаг. Доторх бүх зүйл нь цасан цагаан өнгөтэй. Тэр сүмийг хүмүүс үзэхгүй явдаг.
Яруу найраг гэхээс илүүтэй текст гэдэг урсгал, чиглэл рүү залуус хандаж байна
Миний аяллын бас нэг онцлог нь очсон улсынхаа зөвхөн нийслэлтэй нь танилцаад буцах биш, тухайн улсын нэг захаас нөгөө зах хүртэл нь хөндлөн гулд явах. Аялалд маань нэг дүрэм бий. Энэ нь тухайн улсын номын сан, дуурийн театр, захын дүүргээр нь заавал орохын зэрэгцээ залуу хүний хувьд давгүйд тооцогдох шөнийн клубээр нь ордог.
Ингэснээр тухайн улсын аж амьдрал, нийгмийн нөхцөл байдал, залуучуудынх нь зан ааш зэргийг мэднэ. 2017 онд төслийнхөө эхний хоёр DVD цувралыг гаргахаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд таван цуврал DVD гаргана.
-Дэлхийн 10 гаруй улсаар аялах үед хөгтэй явдал тохиосон байх. Мөн сэтгэлд тод үлдсэн улсыг онцолбол?
-Герман, Франц, Швед улсыг би хөндлөн гулд туулж, бүх хотыг нь үзсэн. Парисыг романтик, үнэхээр гоё газар гэж бодож очтол миний төсөөлөл, харах өнцөг хэтэрхий өөр байсан уу, аль эсвэл Парис угаас тийм хот юм уу яг санаанд минь хүрээгүй.
Гэхдээ хамгийн үзэх зүйл ихтэй хот бол яах аргагүй мөн. Харин Бельгийн Брюсселийг нэг их гоё газар гэж бодоогүй, дундаж хот л гэж бодож очсон. Гэтэл үнэхээр романтик, байгаль, хуучны байшин барилга, баримал, залуучуудынх нь соёл, бүсгүйчүүдийнх нь гоо үзэсгэлэн гээд дуу алдам яруу сайхан хот байсан.
Ганцаараа явж байсан учир жаахан онцгүй байсныг нуугаад яахав. Хэрэв Брюсселийг зорих гэж байгаа бол заавал хайртай хүнтэйгээ эсвэл гэр бүлтэйгээ очих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Далбаатай аяллаа сонирхолтой болгох үүднээс замын машинд дайгдах, онгоцны буудал, вокзал дээр унтах гээд бага зардлаар хэрхэн олон газраар аялж болохыг мэдэхийг зорьсон. Парист наймдугаар сард очиход хонох газаргүй болчихсон, зочид буудал хэтэрхий үнэтэй байсан тул Лууврын музейн гадна сандал дээр унтаад өгсөн. Өглөө нь сэрээд Лууврын музейн голд байрлах усан оргилуурын дэргэд нүүрээ угаагаад музейгээ үзэх жишээтэй. Хүмүүс нь миний энэ үйлдлийг огт тоогоогүй.
Б.Бямбасүрэн