-Яагаад нүдээ анивчаад байгаа юм бэ?
-Тэр хүүхэд л нүдээ анивчуулаад байна ш дээ.
-Чи тэгээд хүний мууг дуурайдаг нь яаж байгаа юм гэсэн яриа чих шүргэхэд харвал манай хүүхэдтэй хамт цэцэрлэгт явдаг байсан хүү. Дүрэмт хувцас (захтай подволк, хувийн сургуулийн нэр бичээстэй)-тайгаа гулсуураас сүнгэнэн уруудаж яваа тэр нүдээ арай л дэндүү ойр ойрхон цавчдаг болжээ. Манай хүүхэд ч түүн рүү гүйгээд очлоо.
Тэднийг хамт гулсаж байтал ээж нь дуудсанаар хүү “Ганцхан” гээд гулсуур руу авирав. Тоглоомын талбай дээр хүүхдүүдээ салхилуулж байсан хүмүүс “Энэ хүүхэд улам л анивчаа болоод байна. Эх нь хүүхдээ өдөржин янз бүрийн секц, дугуйлангаар зөөсөөр оройтож ирээд, хүүхдээ тоглуулчихгүй шүү. Хүүхэд нь зайлуул, машинаас шурхийж буугаад наашаа гүйчихдэг” хэмээн ярилцана.
СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ БАГА НАСНЫ 17 ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖЭЭ
Компьютер тоглоом тоглосны улмаас мэдрэлийн ядаргаанд орсон анхны монгол хүүхэд 2004 онд бүртгэгдэж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлжээ. Түүнээс хойш мэдрэлийн ядаргаа гэсэн оноштой 1-2 хүүхэд тус төвд хандан, эмчлүүлдэг болсон байна. Гэвч энэ тоо жилээс жилд нэмэгдсээр СЭМҮТ-ийн дүн бүртгэлийн статистикт “2015 онд 41” гэсэн тоо дурайж байна.
Интернэт тоглоомд донтсон хүүхэд 12 жилийн дотор 41 дахин нэмэгдсэн байгаа биз. Гэвч энэ бол эцэг, эх, асран хамгаалагч нь эмнэлэгт авчирч үзүүлээд, оношийг нь тогтоолгон, хэвтүүлж эмчлүүлсэн хүүхдийн тоо. Тэдний цаана эмчид үзүүлэх нь бүү хэл, хүүхдээ өвчин туссаныг ойлгохгүй яваа эцэг, эх хэд бийг бүү мэд. Эмнэлэгт хандсан тэдгээр хүүхдээс гадна бага насны 17 жаал байсан нь өөрийн эрхгүй анхаарал татав. Өсвөр үеийнхэн компьютер тоглосоор ядаргаанд ороод энд хүргэгдэж ирдэг байхад 4-8 настай багачууд яагаад мэдрэлийн ядаргаанд ордог юм бол.
ХҮҮХЭД МЭДРЭЛИЙН ЯДАРГААНД ОРДОГ БОЛЖЭЭ
Эцэг, эх бүр хүүхдээ мундаг хүн болгохыг хүсдэг. Зарим нь энэ хүслээ биелүүлэхийн тулд хүүхдээ дөрвөн настайд нь уншуулж, бичүүлж сургаад, тавтайд нь нэгдүгээр ангид оруулж, хичээл тармагц төгөлдөр хуур, шатар, соробаны дугуйланд аваачиж тушаадаг. Орой гэртээ харьмагц нь “Хичээлээ давт.
Гэрийн даалгавраа хий” гээд дахиад ширээний ард суулгана. Би ч тэдний нэг. Саяхны нэгэн өдөр хүүхэд маань өөдөөс хашгирлаа. Цочсон би нүдээ том болгоод аахичин хашгирч байгаа хүүхдээ хараад хэсэг хөшчихөж. Түүнээс хойш хэсэг чимээгүй ажиглав. Охин маань бусдын үгийг сонсоогүй мэт царайлдаг, хашгирч, зандчиж ярьдаг болжээ. Тэр үед нь жаахан л шалтаг олдвол улам дүрэлзэж байна шүү.
Өдөр өнжүүлэхэд хамт явдаг хүүхдүүдийнх нь эцэг, эхтэй энэ талаар ярилцаж үзтэл олонх нь “Манай хүүхэд зүгээр байгаа” гээд ширэв татсан бол нэг хүүгийн аав “Хүү маань харин ч сэргээд байгаа шүү. Дуугүй, ноомой нөхөр байсан чинь хөдөлгөөнтэй, сахилгагүй болчихсон. Үе тэнгийнхэнтэйгээ ч харилцаж чадахгүй, эр хүн байж хийморьгүй амьтан болох нь гэж санаа зовж байтал сургуульд ороод өөрчлөгдөж байна” гэсэн бол нэг охины эмээ “Хоолойгоо муухай дуугаргадаг болчихсон байна лээ. Өдөржин цаастай зууралдаад, хоолой нь хатдаг юм болов уу” гэсэн юм.
Ингээд мэргэжлийн эмчтэй уулзахад бүх зүйлийн учиг тайлагдав. “Орчин үеийн хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд ордог болсон. Хүүхэд юунд ядардаг юм гээд томчууд тоодоггүй. Хүүхэд байтугай том хүний мэдээлэл хүлээн авах чадвар нь хэмжээтэй. Түүнээс нь хэтэрсэн их мэдээлэл өгөхөөр ядардаг. Орчин үеийн гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй. Тэдэндээ маш их юм сургах гээд багаас нь хичээл номоор дардаг болсон. Энэ нь хүүхдийн мэдрэлийг ядрааж байна” гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяа ярилаа.
ХҮҮХЭД ЯАГААД ЯДАРДАГ ВЭ
Тэд ч гэсэн томчуудтай нэгэн адил гэр бүл, нийгэм гэсэн хоёр хүчин зүйлээс болоод ядардаг аж. Хүүхэд харуулах хүнгүй эмэгтэйчүүд ажлаасаа халагдахгүйн тулд, бас мөнгөний хомсдолоос болоод хүүхдээ хар нялхаар нь шахуу цэцэрлэгт өгөөд, ажилдаа ордог.
Нүдээ нухлан уйлагнаж, хөнжилдөө шургах хүүхдээ өглөө бүр 06.00-07.00 цагт загнаж гулдчин босгоод, цэцэрлэгт аваачиж тушаах нь Монголын олон айлд өглөө бүр болдог хэцүүхэн үзэгдэл. Ээж, аавынхаа энгэрт эрхэлж, 09.00-10.00 цаг хүртэл унтах учиртай хүүхдийг хар үүрээр гэр орноос нь өөр газарт аваачаад орхичихоор шоконд ордог юм байна.
Үүнийгээ арайхийж даван туулаад дасаж байтал дахиад сургууль гэдэг шал өөр газарт хүчээр аваачиж өгдөг. Өглөөд өдөр өнжүүлэхэд явж, тэндээсээ сургуульдаа хүргэгдэж, тармагц эргээд өдөр өнжүүлэх рүү, харуй бүрийгээр арайхийж харилаа ч гэрийн даалгавартай зууралдана. Оюун ухаан хөгжүүлдэг гэх дугуйлангуудад амралтын өдрүүдээр явна.
Томчууд өөрсдөө цаг руугаа хяламхийсэн амьдралтай. Хүүхдээ ч бас тэрхүү цагийн хүрдэнд оруулчихдаг нь өнөөгийн Монголын нийгэмд шинэ асуудал үүсгэж байгаа юм. Эмчийн хэлж байгаагаар бол хүүхэд ядарснаа мэддэггүй агаад ийм өвчинд баригдахаараа өмнөхөөсөө их хөдөлгөөнтэй, нүдээ ойр ойрхон цавчдаг, нүүр, гар, хөлийнх нь булчин татваганадаг, шүдээ хавирдаг, шөнө орондоо шээдэг, гар, амаараа оролддог, хоолой, хамраа дуугаргадаг, уур уцаартай болдог аж. Үүнээс хамгийн түгээмэл нь нойрны хэм алдагдах, хэт хөдөлгөөнтэй, уур уцаартай болох эмгэг.
Ноомой даруухан хүү нь гэнэт хөдөлгөөнтэй болчихвол баярлаад байх зүйл биш гэнэ. Харин ч насныхаа онцлогийг дагаад хөдөлгөөнтэй болж байна уу, ядаргаанд орчихов уу гэдгийг эмчид үзүүлж, оношлуулах шаардлагатай юм байна. Өглөөд сэрж өгөхгүй ажлаас хоцроодог хүүхэд тань дуудмагц босдог болоод, орой унтахаа байчихвал “Эрт босоод сурчихжээ” гэж олзуурхахаа түр азнаарай. Хүүхэд тань дасан зохицох чадвар сайтай байж болно. Тийм биш байвал шалтгааныг нь олсон нь дээр.
Багачуудын ийм эмгэг ихэнхдээ сургуульд орсон хойно, 6-8 насанд нь илэрдэг аж. “Ийм шинж тэмдэгтэйгээр манай төвд үзүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүд ер нь л боломжийн амьдралтай айлын ганц, хоёр хүүхэд байдаг. Эцэг, эх нь завгүй, 30-40 насныхан голдуу” гэж СЭМҮТ-ийн эмч хэлсэн юм.
Энэ үг “Өнөө цагт хүмүүс хүүхдээ тоонд гарамгай, төгөлдөр хуур, гольф тоглодог, сонгодог хөгжим сонсдог, балет үздэг, дор хаяж хоёр гадаад хэлээр ярьдаг, улс төр, бизнесийн өндөр мэдлэгтэй хүн болгох гээд багаас нь маш олон хичээл, элдэв сургалтаар бөмбөгддөг боллоо.
Өмнө нь монголчууд ийм байгаагүй. Энэ бол сүүлийн арваадхан жилд гарч буй үзэгдэл” гэсэн сэтгэлзүйч Н.Чинчулууны үгийг нотлов. Багачуудын ядаргаа хурдан, тэгээд бүрэн арилдаг ч эмчлүүлэхгүй явсаар өсвөр насанд хүрвэл компьютер тоглоомд маш амархан автаж, хурдан донтоод, эмчлэхэд хэцүү эмгэг өвчтэй болох аюултай аж.
ЭНЭ БОЛ ЗӨВХӨН МОНГОЛЧУУДЫН АСУУДАЛ БИШ
АНУ-ын Калифорни мужийн Пало Алто хотод сүүлийн зургаан жил сурагчид амиа хорлох нь эрс ихэсчээ. Цахиурын хөндийн ойролцоо оршдог энэ хотын сурагчид хэт их ачааллаас болоод сургуулиа үзэн яддаг болсон аж. Нью Жерсийн төвд оршдог, эрэлт ихтэй сургуулиудын сурагчид ч хичээлийн шахуу хуваарь, өндөр шаардлагаас болоод мэдрэлийн ядаргаанд оржээ.
Өнгөрсөн жил дунд болон ахлах ангийн 120 сурагчийг сэтгэцийн үзлэгт хамруулахад эмч 40-ийг нь эмнэлэгт хэвтүүлж, олон хүүхдэд гэрээр эмчлэх жор бичиж өгсөн байна. Тус сургуулийн сурагчдын олонх нь бас л сургуулиа үзэн яддаг болсныг энэ үзлэгээр илрүүлсэн байх юм. Үүний талаар АНУ-ын сэтгэл судлаач Майк Жиа “Таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энд болж байгаа зүйлс хүүхдийг ирээдүйд бэлтгэх бус, харин ч үндэсний хэмжээнд оюун ухааны эсрэг хандлагатай болгож байна” гэжээ.
Миссури мужийн Сэйнт Луисийн их сургуулийн профессор Стюарт Славин Калифорнийн Фремонт хотын Ирвонгтоны ахлах сургуулийн 2100 сурагчид судалгаа хийгээд “54 хувь нь сэтгэцийн дундаас хүнд хэлбэрийн хямралд орсон, 80 хувь нь үргэлж түгшүүртэй явдаг” гэж дүгнэсэн байна. Профессор Адам Грант “Таймс” сэтгүүлд “Олон цагаар хийдэг гэрийн даалгавар, өдөр бүр хичээллэдэг спорт, хөгжмийн дугуйлан, амралтын өдрөөр сургууль дээр болдог спорт, урлаг, бүх нийтийг хамарсан арга хэмжээ гэж явсаар хүүхэд эцэж цуцдаг.
Ингэж эртнээс хичээх нь зарим талаар гайхамшигт хүргэж болно. Хоёр настайдаа уншиж бичин, дөрвөн настайдаа төгөлдөр хуураар Бахын хөгжим тоглож, зургаан настайдаа хүнд бодлого бодож, найман настайдаа гадаад хэлээр ярих гэх мэт. Гэвч ийм хүүхдүүд суутан болох нь ховор” гэж бичжээ. Тэр энэ талаар бүхэл бүтэн судалгаа хийн, “Originals” гэдэг ном бичсэн юм.
Хүүхдийг ядаргаанд оруулан, мэдрэл, сэтгэцийн эмгэгтэй болгож буй ачааллын талаар гадаадын хөгжингүй орнууд энэ мэтчилэн бичиж, эрдэмтэд нь судалж байна. Монголд бол энэ талаар ямар ч судалгаа байхгүй, хэвлэлүүд ч энэ талаар хөндөж байсангүй. Учир нь энэ бол сүүлийн арваад жилд үүсэж буй асуудал.
ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭМЧ МОНГОЛД ГУРАВХАН БАЙНА
Сэтгэцийн эмгэгтэй хүн ажил хийх ямар ч чадваргүй. Хөдөлмөрийн чадваргүй болгодог 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг гээд бодоход л аюул нь ойлгогдоно. Өнөөдөр дэлхий дээрх дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгджээ. Эмчид хандсан бүх хүний 10 хувь нь сэтгэцийн эмгэг гэсэн оноштой.
2020 онд энэ тоо 15 болж нэмэгдэхээр байгааг ДЭМБ сэрэмжлүүлэв. Тэгвэл Монголд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн 15 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байгаа юм. Хүүхдээ ийм болгохгүйн тулд багаас нь анзаарч, анхаарч эмчлүүлэх нь чухал. Гэвч сэтгэцийн эмгэг, хүүхдийн мэдрэлийн ядаргааг эмчлэх нь байтугай оношлох эмч дэндүү цөөн байна.
Манай улс 1997-2006 онд хандивлагч байгууллагуудын санхүүжилтээр өрхийн 1300 эмчийг сэтгэцийн өвчнийг хэрхэн оношлох, анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалтад хамруулан, зохих мэдлэг олгосон ч удалгүй 60 хувь нь ажил, мэргэжлээ сольжээ. СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхэд 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгдчихээд байхад улсын хэмжээнд хүүхдийн сэтгэцээр мэргэшсэн их эмч ердөө гурав, нийгмийн ажилтан ганцхан байна. Энэ дөрвөн хүн Улаанбаатарт, тэр дундаа СЭМҮТ-д ажилладаг. Орон нутагт хүүхдийн сэтгэцийн эмч огт алга.
Анагаах ухаанд хорионы шинж гэсэн үг хэллэг бий. Шинжлэх ухааны нэр томъёо болоод 100 жилийг элээж буй энэ үг яслиас гаралтай. Яслид явдаг хүүхдүүд хөдөлгөөн муутай, аливаад сонирхол багатай, гөлрөө, сэтгэлийн хөдөлгөөнгүй, хуруугаа хөхдөг болчихдогийг эрдэмтэд анзааран, XX зууны эхэн үеэс судалж эхэлжээ.
“Нэг ой хүрээгүй хүүхдэд дулаан хувцас, тухтай ор, сүү байхад л болно” гэсэн бодлыг хүмүүсийн тархинаас үлдэн хөөж, хүүхдийг хэвлийд бүрэлдсэн цагаас нь хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан энэ судалгаа эцэг, эхчүүд хийгээд боловсролын байгууллагынханд тун чухал нээлт болсон байна.
1925 онд эрдэмтэн Н.И.Щелованов дээд мэдрэлийн тогтолцоог судлаад “Уураг тархины хөгжил удамшиж дамждаггүй, хувь хүний хөгжлийн явцад бүрэлдэж бий болно. Хүүхэд аяндаа сурч мэддэггүй, бүх зүйлд сургадаг” гэсэн дүгнэлтэд хүрснийг 1949 онд Н.Л.Фигурин, 1951 онд Н.А.Касаткин нар баталжээ.
Энэ тухай нарийн зүйлийг хүмүүс тэр бүр мэддэггүй ч хүүхдэд бүрэлдэж эхэлсэн цагаас нь юм заавал сайн сурдаг гэсэн ойлголт хэдийнэ бий болчихсон. Үүн дээр орчин үеийн өрсөлдөөнт нийгэм нэрмээс болж буй юм. Тал бүрийн өргөн мэдлэгтэй, тоонд гаргууд, англи, хятад, орос гээд 2-3 гадаад хэл чөлөөтэй эзэмшсэн, төгөлдөр хуураар сонгодог хөгжим тоглодог болгохгүй бол ирээдүйд амьдрах аргагүй гэсэн түгшүүр тээж явдаг эцэг, эх олширлоо.
Тэгээд л “Ээж, аавынхаа сураагүйг миний хүү сураарай” гээд балчир наснаас нь элдэв хичээлээр нүдэж байна. Энэ нь үргэлж сайн сайхан зүйлд хүргэдэггүйг, тэглээ гээд супер хүүхэд бий болдоггүйг СЭМҮТ-д хандсан багачуудын тоо харуулна. 2011 онд тус төвд бага насны гурван хүүхэд хандсаны хоёрыг нь хэвтүүлэн эмчлэх шаардлагатай байсан бол ноднин үзүүлсэн 17 хүүхэд бүгд гэрээр эмчилгээ авахгүй, хэвтүүлэхээс өөр аргагүй болчихсон байсан аж.
“Хүүхдийг хойш нь чангаадаг зүйл бол өөрийн онцлогтой байхад сургадаггүй явдал. Дадлага, давтлага нь төгс рүү ойртуулах боловч шинийг бүтээдэггүй” гэж профессор Адам Грант анхааруулж байна. Хөгжингүй орнуудын иргэд хүүхдээ мундаг хүн болгох гээд робот бүтээж буйгаа анзаарч эхэллээ. Харин бид тэдний алдааг давтах хэрэг байна уу. Тушаал заавар биелүүлэхээс өөрийг мэддэггүй, программчлагдсан хүн-роботууд Монголд хэрэгтэй гэж үү, робот бүтээдэг хүмүүс хэрэгтэй бил үү. Энэ талаар бодох л хэрэгтэй болж байна.