-Эсрэг тэсрэг байр суурь-
Хөдөөнийхөн хар мянгуулаа хотод шавснаар Улаанбаатарыг Утаанбаатар болгочихлоо. Зах хязгаар нутаг улам эзгүйрч, нүүдлийн хөсөг дөрвөн уулыг зорин, Туулын ай савд багтаж ядсан гэр хороолол багширч, айл өрх, яндан бүрийн тоогоор өтгөн удаа олгойдож, өвлийн цагт өмнөх газар ч үл харагдах болох үед эрх баригчид худлаа амлан, хөдөөнөөс хотыг чиглэх нүүдэлд хамаг бурууг тохон ад үзнэ.
Энэ их нүүдлийг зогсоож, болж өгвөл гэр хорооллыг буцаагаад эзгүйрч үлдсэн нутаг орон руу нь "үлдэж" чадваас Улаанбаатар утаанаас салж, амьдрал аятай тухтай болох тухай ярьцгаана. Энэ бүхнээс ая тух гэдэг нь хөдөөнийхөнд бус зөвхөн хотынхонд л хамаатай юм шигээр ойлгогдож байгаа болохоор утаа үйлдвэрлэгч бас хотынхны тав тухыг алдуулагч хөдөөнийхнийг өмөөрч улам идэвхтэй, болж өгвөл бүгдээрээ хот, төв суурин газрыг бараадан нүүцгээ гэж уриалмаар байна.
Одоогоос арван жилийн өмнө 300 мянга гаруй байсан хотын хүн ам нэг сая болтлоо өргөжлөө. Эрдэнэт, Дархан хотуудад мөн ялгаагүй дөрөв таван жилийн дотор Монгол Улсын баруун зүүн хязгаарыг орхин нүүж ирэгсэд хүн амынх нь тоог 4-5 дахин нэмэгдүүлсэн байна. Эрдэнэт-Дархан-Улаанбаатар-Замын Үүд гэсэн төмөр замаа даган хотжиж буй бүс нутагт болж өгвөл Монголын бүх хүн ам нэн даруй төвлөрөөсэй гэж хүснэм. Дэлхий бөөрөнхий бус хавтгай гэж хэлэгдэх болтлоо даяаршин хөгжиж байхад хөдөөнийхөн гэдэг нэр томъёон дор хэн маань зам, барилга, сургууль, эмнэлэг, интернэт, компьютер, бирж, супермаркетээс хол, уулын мухарт сардаа чадвал нэг удаа усанд орж, үсээ жилд нэг удаа хайчлуулаад амьдрах ёстой гэж. Өнөөдөр хөдөөнийхнийг утаа үүсгэлээ гэж ад үзэх биш харин хөгжил дэвшил бараадсан хүслийг нь дэмжих хэрэгтэй байна. Утааг устгаж болно. Үүн шиг амархан зүйл үгүй.
Утаагүй түлш, нам даралтын зуух, дулаан алдагдалыг багасгах дээвэр туурга зэрэг ач холбогдолгүй зүйлд жил бүр хэдэн арав, зуу зуун саяар зарцуулдаг мөнгөөрөө хямд төсөр орон сууцыг гэр хорооллынхонд зориулж барьсан бол өнөөг хүртэл шийдэж үл чадсан хотын утаагаа хэдэн хувь багасгаж дөнгөх байлаа. Удаан хугацааны хөнгөлөлттэй зээлийг орон сууцанд зориулан санал болгосон олон улсын байгууллага, пүүс компанийн ирүүлж байгаа саналыг эрх баригчид хэрвээ хүлээж аваад хэрэгжүүлдэг бол утаанаас амархан салах боломж бий. Адаглаад V цахилгаан станцаас ОХУ-д үнэгүй нийлүүлдэг шөнийн илүүдэл цахилгаанаа гэр хорооллынхонд өгдөг бол өглөө оройд багширах утаа үгүй болохсон. Баруун аймгуудын чиглэлд 200-300 тэрбум төгрөгийн өртөгтэй өндөр хүчдэлийн шугам татаж байсан дор энэ мөнгөөр гэр хорооллыг бараг бүхэлд нь орон сууцжуулж дөнгөхсөн. Гэтэл ийм их зардал гаргаж барьсан өндөр хүчдэлийн шугам хэдэн жилийн дараа эзгүй шахам болох хөдөө нутагт хэрхэх юм. Учир нь хөгжил хаа байна тийшээ бүгд нүүж л таарна. Хүн төрлөхтний түүх үүнийг нотлодог. Ямар ч дэд бүтэц, хөгжлийн гэрэл гэгээгүй хөдөө нутагт бусдыг амьдар гэж тулгах аваас цөллөгөд илгээж буйтай юуны ялгаа байхав.
Хүн хаана төвлөрнө тэнд хөгжил илүү хурдтай явагддаг. Австрали улсын жишээг хар. Тэр уудам тивийн хөгжил цэцэглэлт нь хүн ам төвлөрсөн зүүн эргээ дагаад л байна. Газар нутгийнх нь 80 хувь эзгүй хэдий ч тэд бидэн шиг хэн нэгнийгээ нүү гэж хөөдөггүй авай. Өдгөө Улаанбаатарын утаа илүү хурдтай, үр дүнтэй хөгжлийг бидэнд сануулж байна. Бид нэг дор төвлөрснөөр нийгэмд тулгарсан асуудлаа хялбар бөгөөд түргэн шийдэж чадах билээ. Иймээс бүгд хот руу нүүцгээе. Нутаг эзгүйрнэ, хэн нэгэн хятад, орос, америк ирээд суучихна гэцгээнэ. Үүн шиг дэмий яриа хаа байхав. Ийм цаг үе өнгөрсөн. Жалга дов, хөдөөгийн уул талаар нэг тарсан тарчиг зүдүү, ганц нэгээрээ саланги амьдрал дунд хэрхэн хөгжил өрнөх билээ. Тэнд үйлдвэрлэл, ажлын байр хэзээ ч бий болж чадахгүй. Харин нэгдэж нэг дор бөөгнөрсөн тохиолдолд жам ёсоор ажлын байр ч, үйлдвэрлэл ч бий болж, мэдээлжиж бас соёлжиж хөгжиж чадахсан билээ.
Ш.Даваадорж
Хот руу шилжих гэж бүү яар
Хөдөөнийхөн нарны, сэнсний цахилгаан үүсгүүр гаднаа тавьчихсан, зарим нь лааны гэрэлд сүүмийж суухгүйн тулд аккумлятор цэнэглэнэ. Цэнэгийг нь нөөж байгаад оройдоо зурагтаа үзчихнэ. Намуудын найраа,хөдөлгөөнийхний хийрхэл, "Таван толгой"-н төсөл, Асгатын мөнгөний ордыг ашиглахын давуу тал гээд стратегийн ордуудыг тойрсон сонирхолтой мэдээлэл болон улс оронд өрнөж буй халуун үйл явдлыг цаг тутамд авч байна.
Гарын арван хуруунаас олон болсон арилжааны телевизүүдийг үзэж, сонссоор хотын биднээс дутахгүй мэдээлэлтэй суудаг улс. Мэдээллийнх нь сан монголынхоор зогсохгүй ээ Николя Саркозийн гэрлэлт, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа, Путины халааг хэн авах гээд ертөнцийн чихийг дэлдийлгэсэн мэдээлэл ч Улаанбаатараас 1000 км алслагдсан малчны хотонд, төвийн цахилгаан шугамд холбогдоогүй хөдөөгийн бөглүү суманд түгж л байгаа.
Арлын Японд ид хаваа гайхуулж яваа монгол хөвгүүдийнхээ барилдааныг үзэх гэж цаг тоолон хүлээдгийг нь гадарлана. Сайн мэдээнээс гадна нийслэлийн агаарын бохирдол хэрээс хэтэрсэн, Улаанбаатарчууд угаарын хийгээр амьсгалж байна гэх таагүй явдал телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийг "чимэх" болсныг хөдөөгийнхөн андахгүй. Нүүрснийхээс гадна хар тугалга, угаарын хий, нүүрс, устөрөгч зэрэг 200 гаруй төрлийн химийн хортой бодисоор "бөөлждөг" автомашинууд. Хүн ам төвлөрсөн газарт байдаг сайн, муу бүхэн Улаанбаатарт бий. Гэхдээ сүүлийн үед муу тал нь жин дарах гээд байгаа нь нууц биш. Хотын гудамжаар алхахад чих дүжрэм их дуу чимээ, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч санаанд оромгүй ноцтой гэмт хэрэг гарах нь олныг цочирдуулна.
Нийслэлд жилд дунджаар 30 мянга гаруй иргэн шилжин ирж байна гэсэн албан бус тооцоо бий. Эднээс шилжүүлгээ хийлгэж албан ёсоор бүртгүүлсэн нь 10 мянга гаруй гэх. Хөдөө нутаг жилд ийм тооны хүнээр дутаж, тэр хэмжээгээр эзгүйрч байна. Хотод алгын чинээ газрын төлөө тэмцэж байхад, хөдөө нүд алдам тал нутаг эзгүй цэлийх болов.
Хотод ирлээ гэхэд сайндаа л эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шуурхай авна. Өргөн хэрэглээний барааг орон нутгийнхаасаа доогуур үнээр худалдаж авна биз. Үүнээс өөр онцын давуу тал байхгүй гээд хэлчихвэл хатуудахгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний тасалбарын үнэ нэмэгдсэн, зорьсондоо хүрэх гэж автобус унаагаар зорчихоос эхлээд мөнгөний гарлагагүй өдөр гэж үгүй. Хоол хүнсээ базаачихвал хөдөө гарлага багатай. Малаа маллаад, хүнсний ногоо тариад байхад бусдын адил сайхан амьдрах боломж төрж, өссөн нутагт тань бий.
Энэ ч бага хэрэг байж болох. Эрүүл мэндээ алдах нь хотод ирсний хамгийн том хохирол. Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн эрдэм шинжилгээний бодлого зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа хот, хөдөөгийн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг харьцуулан судалжээ. Агаарын бохирдол, тоосжилт гээд хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс болж хотын хүүхдүүд амьсгалын болон бөөр, шээсний замын эмгэг, харшил, төрөл бүрийн халдварт өвчин, гаж хөгжилтэй төрөх, хавдраар өвчлөх магадлал ихэсчээ. Мөн хүүхдийн дархлаа буурч, бие бялдрын өв тэгш хөгжил нь алдагдсаныг судлаач онцлов. Улаанбаатарын хүүхдийг өвчлүүлэх 10 орчим төрлийн нян байхад суманд 1-2 төрлийн өвчин үүсгэгч байх жишээтэй. Түүний судалгаа 2003 оных. "Таван жилийн өмнө нийслэлд ийм байсан бол одоо байдал улам дордсон. Улаанбаатарын хүүхдийн цээжний тойрог үеийнхнээсээ бага. Энэ нь бохир агаарт амь зогоох төдийд дутуу амьсгалсаар уушгины гуурсан хоолой нь нарийссаных. Хотынхны амьсгалын багтаамж хөдөөгийнхнийг гүйцэхгүй. Хүчилтөрөгч уушгаар дамжин цусанд орж эрүүл чийрэг өсөж торних боломж бүрдэнэ. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүний тархи ажиллахгүй" гэж Б.Бурмаа доктор ярилаа.
Хотод амьдрахын хохирлыг нийслэлчүүд мэдэрч эхэлсэн. Хүүхдээ эрүүл агаарт өсгөхийг илүүд үзэх боллоо. Төвийн утаа униар, дуу чимээнээс зайдуу товхийсэн сууц бариулан төвхнөж, цэвэр агаарт цээж дүүрэн амьсгалахыг хотынхон эрмэлзэж байна.