...Өвгөн, хөгшин хоёр арлын Японоос Монголыг зорин жуулчлав. Олон ч өдөр, олон ч газраар явж. Ийн давхисаар эртний түүх өгүүлэх туурь мөн, эсэх нь үл мэдэгдэх нэгэн балгас, дүрс нь балартаж халтартсан хэдэн чулуу харсан япон эмээ газар сөхрөн суугаад, хэнгэнэтэл уйлах нь тэр.
Монголын түүхт газрыг нүдээр үзсэн жуулчин ийн уярч буйг харсан хөтөч ихэд догдлон “Та зүгээр үү, юу болов” хэмээн асуув. Харин настан хариуд нь “Бид ердөө л ийм нэг балгас, хэдэн чулуу харах гэж тийм их мөнгө үрэн байж ингэтлээ зовж ирлээ гэж үү” хэмээн нулимс дуслуулан гомдоллосон гэдэг. Аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан хүний ярьсан энэ түүх нэлээд хэдэн жилийн өмнөх явдал.
Монголын байгалиар гаднынхан гаднынхнаа хөтөлж жуулчилдаг бизнес хөгжиж байна
“Компаниуд гадаадын жуулчдад дэндүү гоё, сайхан зүйл амлачихдаг. Гэтэл Монголд ирээд анх төсөөлж байснаас нь өөр болохоор уур нь хүрдэг биз. Зарим нь хэдэн нурсан балгас үзүүлчихээд их мөнгө авлаа гэж дургүйцнэ. Үнэнийг хэлэхэд манайд хүнд үзүүлэх юм маш ховор. Зарим үед бид бараг л нэг чулуу заагаад сонирхолтой үлгэр зохиож ярих нь холгүй болдог.
Хамгийн гол нь энд төрийн бодлого, дэмжлэг, түүгээр дамжуулан хэрэгжүүлэх шинэ менежмент үгүйлэгдэж байна” хэмээн аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг нэг компанийн менежер учирлалаа.
Монголын аялал жуулчлалын төрх жилээс жилд өнгөө өөрчлөн хувьссаар байгаа. Харин тэр өнгө нь зөв голдирлоороо солонгорон цацарч чадсангүй. Үнэндээ 2004 оноос хойш аялал жуулчлалын салбарын бодлого бүхэлдээ алдагдаж, хэтийн төлөвөө байтугай өнөөдрийн чиг хандлага, хөгжлийн түвшинг ч үнэн бодитоор нь гаргаад харуулчих судалгаагүй шахуу болчихоод байна.
Уг нь Монгол Улсын хөгжлийн нэг гол тулгуур салбарыг аялал жуулчлал хэмээн тунхаглан зарласан. Гэвч өнгөрсөн 10- аад жил яам яамны харъяанд хавчуулагдан гадуурхагдаж, бодлого чиглэл нь жилээс жилд жижгэрэн сульджээ. Толгой нь тодорхойгүй, нүд, чих, амгүй салбарын их бие, гар хөл болсон аялал жуулчлалын тур оператор, бааз, компаниуд нь өдгөө хаашаа зүглэхээ мэдэхгүй будилан самуурч, таран бутарсаар байна. Авах жуулчин, олох ашиг нь жилээс жилд багасан, ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалт нь нэмэгдэхээсээ илүү хумигдан жижгэрч байгаа нь гашуун үнэн.
ЗЭРЛЭГ ЖУУЧЛАЛ
Угтаа бол Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн өнөөгийн байдлыг Хөвсгөлөөр төлөөлөн тодорхойлоход буруудах зүйлгүй. Сүрлэг их уулсаас эх авсан гол горхиор тэжээгддэг Хөвсгөл нуурын байгалийн өвөрмөц шинж нь эрдэс давс, органик бодисгүй, уулын горхитой адил тунгалаг хүйтэн усанд бий.
Тэрчлэн энэ далайн экосистемийн чухал бүрэлдэхүүн болох ан амьтан, ургамлын гайхамшгийг бахдаад барахгүй. Харамсалтай нь, энэ салбарын гол бүс нутаг болсон Хөвсгөлд зэрлэг аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжиж байна. Энэ нь цаашлаад Монголын аялал жуулчлалын нэр хүндийг унагаад зогсохгүй, хямд төсөр, хараа хяналтгүй, задгай заваан үйлчилгээгээрээ дэлхийд гайхагдахаар түвшинд хүрэх нь.
Зуныхаа амралтаар жуулчин авч, мордуулаад буцдаг түр бизнес бүр замбараагаа алдсан, тэнд. Нутгийн иргэд, малчид, оюутнууд, бүр сурагчид гээд аялал жуулчлалаар бизнес хийдэг хүмүүсийг ангилж ялгахын аргагүй болтол хүрээгээ тэлжээ. Нэгэн бодлын Монголын нэг ч атугай хүн ашиг олж байвал барав гэмээр. Гэтэл үүний цаана асар их сөрөг үр дагавар ургаж байдгийг мартаж боломгүй. Судалгаанд дурдсанаар, Монголд ирсэн 10 жуулчны нэг нь л дахин ирдэг, эсвэл хэзээ нэгэн цагт ирж магадгүй хэмээн сэтгэгдлээ үлдээдэг гэнэ. Энэ чухам юутай холбоотой вэ?
Аялал жуулчлалын бизнесийг мэргэжлийн түвшинд яаж авч явах, ямар шаардлага, стандарт норм дүрэм хангаж ажиллуулах вэ гээд наад захын ойлголтгүй дурын нэгэн энэ салбарт орж байгаатай яах аргагүй холбоотой. Бохир, цэвэр усныхаа асуудлыг шийдээгүй, бие засах газаргүй, тоос, хогондоо дарагдчихсан отгууд Хөвсгөл нуурын эрэг дагуу хэдэн зуугаараа бий. Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарын нэр хүндийг дэлхийд унагаж, хамгийн хямд, хулхи бараа лугаа үнэлэгдэх суурийг тавьж байна.
ШААРДЛАГАД ТУЛГУУРЛАСАН МЕНЕЖМЕНТ
...Ийм жижигхэн гэрт гэр бүлээрээ амьдардаг юм уу гээд нэг шар нөхөр толгой сэгсэрч харагдав. Санаанд нь багтахгүй байгаа бололтой. “Өвөл, зунгүй эндээ байдаг гэж үү” гэж ирээд л гэрийн бүрээс, бүслүүрийг барьж үзэв. Эхнэр нь бас манай “отрын” гэрийг тойрч хараад доогьтой нь аргагүй мушилзаж харагдлаа. “ITB Берлин-2011” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр герман залуус монгол гэртэй танилцаж байгаа нь энэ. Тэд Монголд адал явдалт ямар аялал байдгийг сонирхсон юм. Гэвч тухайн үед яг ийм сонирхолтой аялал байна гээд дэлгээд харуулчих маршрут, тавиад үзүүлчих шторк зэргийг бэлдэж бэлтгэсэн компани байсангүй.
Аялал жуулчлалын салбарын нөөцийг мөнгөөр үнэлж, бодит ашгийг тооцмоор байна
Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын зах зээл шинэчлэгдэж, үйлчлүүлэгчдийн шаардлага өөрчлөгдөж байна. Мөнгөтэй, өндөр соёлтой хүмүүс тансаг орчин, дээд зэрэглэлийн үйлчилгээ шаардах болов. Энэ хөгжлийн өөрчлөлтийг дагаад “Жишээ нь, бид өвөл, зуны аль ч улиралд Монголын байгалийн сайхныг мэдрэх боломжийг бүрдүүлж болно.
Дүн өвлийн хүйтэнд бассейнд сэлж, саунд сууж, алжаалаа тайлангаа Монголын хөх тэнгэр, түм буман од, цасанд хучигдсан байгалийг хараад хэвтэх орчныг бүрдүүлж яагаад болохгүй гэж. Орчныг нь бүрдүүлээд өгвөл мөнгөтэй жуулчид бараг жил бүр манайд ирэхээс татгалзахгүй.
Мэдээж үүний тулд чамгүй их хөрөнгө шаардлагатай. Манайхан тооцож үзээд айчихдаг. Ганцаараа барахгүй бол хамтраад хий л дээ. Уг нь ийм менежментийг хийх чадвартай хүмүүс, хөрөнгөтэй компаниуд одоо манайд байдаг болсон” гэж нэгэн бизнесмэн ярьсныг бодох л санаа.
НӨӨЦӨД ТУЛГУУРЛАХ АШГИЙН ТООЦОО
Засгийн газрын энэ салбарын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс сөхөж харъя. Хөтөлбөрт тодорхойлсноор аялал жуулчлалын хөгжлийн давуу талын талаар “Нүүдэлчдийн хосгүй ёс заншил, уламжлал, унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн үзэсгэлэнт газар нутаг. Их эзэн Чингис хаан болон монголчуудын зочломтгой, найрсаг зан чанар” гэх улиг болсон гурван өгүүлбэр ёс мэт бичигджээ.
Харин сул талаа бодлогын түвшинд шүүмжлэхээс илүү өнөөгийн нөхцөл байдал, уур амьсгал, дэд бүтцийн хөгжил зэрэгтэй холбон “зөвтгөв”. Гэхдээ тухайлж тооцвол, жуулчдын статистик бүртгэл хөтлөх, судалгаа хийх тогтолцоо сул, мэдээллийн нэгдсэн сан байхгүй. Жуулчдыг татахад чиглэсэн маркетинг, гадаад сурталчилгааны ажил хангалтгүй. Үйлчилгээний стандарт, аюулгүй байдал хангагдаагүй зэргийг тусгажээ. Эндээс салбарын өнөөгийн төрхийг бүхэлд нь дүгнэчихэж болох юм.
АЖТХТ-ийн тэргүүн, олон улсын эксперт Д.Гантөмөр “Аялал жуулчлалыг хөдөө аж ахуйтай, байгаль хамгаалалтай хэрхэн холбох вэ гэдэг асуудлыг цаашдын хөгжлийн бодлогодоо тодорхойлж оруулах нь чухал. Монгол бол зүгээр л нэг улс биш гэдгийг ойгуулах ёстой. Хамгийн гол цөм нь нүүдлийн амьдрал дээр тулгуурласан аялал жуулчлалын технологийн асуудал юм.
Дэлхийд хаана ч байхгүй соёл иргэншлийг 2500 гаруй жилийн турш аж амьдралдаа хадгалан үлдсэн, амьд өв болж гарч ирсэн орон бол Монгол. Биет бус соёлын хувьд аль ч оронтой харьцуулалтгүй. Өнөөдөр энэ салбарыг дэлхийд тогтвортой хөгжил хэмээн тодорхойлж байгаа. Тэгвэл ашигт малтмалаа, Оюутолгойн ордын нөөцийг төдөн сая доллар гэж үнэлж байгаатай адил, Монголын аялал жуулчлалын нөөцийг үнэлэх ёстой. Зүгээр л асар их гэж ярихаа болъё. Аялал жуулчлалын салбарын нөөцийг мөнгөөр үнэлж, бодит ашгийг тооцмоор байна. Харин үүнийг тодорхой болгохын тулд шинэ менежмент хэрэгтэй” гэж үздэг.
БОДЛОГО АЛДАГДСАНЫ БАЛАГ
Гаднын нэг жуулчин: “Монголын хамгийн сайхан байгальтай газраар 100-хан доллараар аялаад, амраад, хоноод, хооллоод явчихаж болно” хэмээн блогтоо зар түгээн сурталчилжээ. Мессеж авсан жуулчид Монголд ирж сэтгэлийн таашаал, байгалийн хамгийн цэвэр бүхнийг хүртчихээд оронд нь хогоо үлдээж, бохироо шингээгээд буцах болов.
Харин үүний цаана монголчуудад оруулсан хөрөнгө нь ердөө л хоёр, гуравхан зуун ногооноор хэмжигдэж эхэлсэн нь энэ. Монголын хамгийн онгон зэрлэг, үзэсгэлэнт газрууд ийнхүү зүгээр л хүн, машин, мотоциклийн хөлд дарагдсан, гадаад, дотоодын аялагч жуулчдын тээж ирсэн хогийг булшилдаг сав болон хувирч байна. Энэ нь салбарын бодлого алдагдсаны балаг биш гэж үү.
Адал явдалт аяллын талаар дэлгээд харуулчих маршрут, тавиад үзүүлчих шторк ядаж алга
Түүнчлэн гаднын иргэд Монголд аялал жуулчлалын бизнес хийчихээд явдаг байдал газар авав. Цахим сүлжээгээр дамжуулан баг бүрдүүлээд, Монголоос хэн нэг хэлмэрч хөлслөн хэдэн сар аялаад буцдаг бизнес дэлгэрчээ. Ингэхэд үүний цаана Монголд, монголчуудад юу үлдэх вэ? Тэд татвар төлөхгүй, жуулчны баазуудад хоноглохгүй, хооллохгүй.
Нэг үгээр хэлбэл, Монголын байгалийг гаднынхан гаднынхандаа зарж ашигладаг хууль бус бизнес хөгжиж байна гэхээс өөр оновчтой тайлбар олдохгүй нь. Аялал жуулчлалын салбараас орох орлого жилээс жилд багасч байгаа нь ч үүнтэй холбоотой. Сүүлийн үеийн судалгаанаас харахад 10 гаруй жилийн өмнө аялал жуулчлал ДНБ-ий 10-аад хувийг эзэлж байсан бол өнгөрсөн жил дөрөв болтлоо буурсан үзүүлэлттэй. Тэгсэн атлаа жуулчдын тоо тэгтлээ цөөрч багасаагүй байх юм. (Жич: АСЕМ-тай холбоотой энэ жил Монголд зочлох гаднынхны тоо огцом өсч буй дүн үзүүлж эхэлсэн)
...2020 онд дэлхий даяар аялах жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдэж 1.6 тэрбумд хүрэх тооцоо бий. Тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэхийг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ.
Харин Монгол Улсын хувьд Ази, Номхон далайн орнуудыг зорих урсгалыг татсанаар 2025 он гэхэд жуулчдын тоог хоёр саяд хүргэх мөрөөдөл бий. Гэхдээ аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангаж, дэвшүүлсэн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлбэл шүү дээ. Харамсалтай нь, Монголын, тэр дундаа энэ салбарын хөгжлийг тодорхойлох онцгой бүсүүдийн аялал жуулчлалын хэтийн төлөв, зорилго чиглэл нь өнөөдөр ч бүрхэг байна.
Ц.Цэвээнхэрлэн