Улаанбаатарчууд биднийг цонхоороо тэнгэрийн оддыг тоолдог, голд нь загас жараахай дураар сэлдэг, мод, цэцэгс алагласан гудамж талбайд нь эрвээхэй нисдэг, хүмүүс нь төмөр машины оронд царцаа шиг амьтан хөлөглөөд байшингаас байшингийн хооронд дүүлж явдаг гэж солонгос хүүхдүүд төсөөлдөг ажээ. 5-12 насны тэдгээр хүүхдийн хувьд мөрөөдлийн хот нь энэ юм байна.
Харин тэдний үеийн монгол хүүхдүүд мөрөөдлийн хотоо зургаар илэрхийлэхдээ савангийн дууриар нь төсөөллөө баримжаалсан гэлтэй, бодит байдлаас тийм ч хол зөрөөгүй санагдав. Гэхдээ монгол, солонгос гэлтгүй, бүх хүүхдийн зураг дээр номин ногоон өнгө жин дарж байлаа. Тэнгэр, газар шиг ялгаатай орчинд өссөн, хоёр өөр хэл, соёлтой хүүхдүүдийн мөрөөдлийг нэг цэгт огтлолцуулсан энэ бүтээлүүд “Түндэмүн глобал центр” дэх Сөүл хотын захиргааны Ногоон хөгжлийн хорооны тэргүүлэгч гишүүн М.Ундрахын өрөөнд бий.
Tэдгээр нь Монгол, Солонгосын найрамдлын 25 жилийн ойд зориулсан “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүд юм билээ. “Экологийн боловсролыг зөвхөн бага насны хүүхдүүд биш, бүх хүн эзэмших ёстой. Солонгос хүн бүрт ийм боловсрол олгож чадсан учраас тарьж ургуулсан мод, цэцэг, ногоон байгууламжаа долоох нь холгүй хайрладаг. Нөгөөтэйгүүр, эко боловсрол гэхээр мод тарьж, услаад л болчихгүй, хөдлөх бүртээ байгаль орчноо хайрлах ёстой гэдгийг энэ ард түмэн сайн мэддэг” хэмээн тус улсад 20 жил амьдарч буй М.Ундрах ярилаа.
Улаанбаатарчуудын амралт, зугаалгын улирал ид дундаа байгаа учраас өдийд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих хүн хэр олон бол гэж эргэлзсэн нь буруу байлаа. Утаа униараас түр ч болов холдож, уушги дүүрэн амьсгаа авах гэсэн нийслэлчүүдийн зорьдог ганц газар халуун зун ч хүн ихтэй байх аж. Хотын бидэнд энэ газар “амьсгалын аппарат” болдог учраас арга ч үгүй биз. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 250 машины зогсоол бараг дүүрэн байв. Энэ чиглэлд автобус бараг явдаггүй тул хувийн унаатайгаа ирэхээс өөр арга байдаггүйг иргэд учирлаж байлаа.
Солонгос хүүхдүүдийн төсөөлсөн шиг мөрөөдлийн ногоон хот манайх биш л дээ. Гэхдээ цэвэр агаар амьсгалахад мөнгө, эрх мэдэл, зэрэг зиндаа хэрэггүй, бүгдэд ижил дүрэм журам үйлчилдэг газар магадгүй энэ л байх. Тэгээд ч тэр юм уу, Улаанбаатарын ногоон байгууламжийг олон хүн үүгээр төсөөлдөг юм билээ.
Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, хөгшид сэрүүцэж суух тухтай сүүдрэвч, залуус болзох тохилог “нуувч” хангалттай байдаггүйг сая Өмнөд Солонгост очихдоо л анзаарав. Уулын бугыг хараад унасан морио голж байгаа юм биш, ерөөс Улаанбаатарт ганц байгаа (Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон өнгөрсөн хавар нээлтээ хийсэн “Дарь-эх” цогцолбор одоохондоо ийм үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хүрээгүй) цэцэрлэгт хүрээлэн иргэдийнхээ ая тухтай амрах нөхцөлийг хэр хангаж байна вэ гэдэг нь цаашид бодох л асуудал.
“Паркийг бодоход энд тоглоомууд нь хямд, бас агаар сайтай болохоор амралтын өдөр бүр хүүхдүүдтэйгээ ирдэг. Дугуй, машиныг нь гэрээсээ авчраад, энд дураар нь тоглуулсан ч болдог. Гэхдээ оройхон хэрд зах дээр яваа юм шиг болчихдог нь онцгүй. Чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй янз бүрийн хүнс, тоглоом, эд бараа зардаг худалдаачдаас эхлээд согтуу хүмүүс ч нэмэгддэг” хэмээн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Эрдэнэтөгс, Отгонсүрэн нар ярив. Үнэхээр ч тийм болоод буйг энд хоёр жил гаруй хугацаанд “зогсож” буй П.Баасан хүлээн зөвшөөрсөн юм.
Айлын эрх жаалуудыг автомат удирдлагатай машинаар зугаацуулдаг тэрбээр “Улаанбаатарчуудын бараг тал нь хөдөө гадаа явснаас болоод ойрд хүн цөөн байна. Гэхдээ энд илүү ашигтай байдаг болоод л төв талбай дээр хүүхдүүдэд автомат машин унуулдаг байсан хүмүүс хүртэл наашаа ирсэн болов уу. Харин орой болохоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань бараг зах шиг болчих гээд байдаг.
Өнөөдөр Монголд олон хүн хар захаар л амьдралаа залгуулж байгаа тул аргагүй юм даа” гэв. Түүний хэлдэг яах аргагүй үнэн. Гэхдээ үүрийн дөрөв, таван цаг хүртэл хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайд нь залуус шавайгаа ханатал тоглох ийм газар Улаанбаатарт өөр байхгүй учраас үйлчилгээний соёл, тав тух тал дээр анхаарах хэрэгтэй бус уу.
Анги ангиараа ижил өнгийн фудволкоор жигдэрсэн багачууд “Children’s grand park”-ийн хамгийн хүндтэй зочид юм. БНСУ-ын цэцэрлэг, бага сургуулиудад хэрэгждэг “Ой” хөтөлбөрийн хүрээнд тэд экологийн боловсрол мэдлэгээ тэлж яваа аж. Эргэн тойронд нь ямар мод ургаж байгааг, тэд нэг см өсөхийн тулд хэдий хэмжээний ус болоод арчилгаа шаарддагийг, мод ургасны дараа өөрт нь, байгаль орчинд ямар ач тустайг эл аяллын үр дүнд хүүхдүүд мэдэж авдаг байна.
Сөүл хотын газар нутгийн 30.9 хувийг ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг.
Амьтны хүрээлэн, тоглоомын парк, үзвэрийн томоохон задгай тайз, хог хаягдлаар хийсэн бүтээлүүдийн үзмэр гээд нүд хужирлах зүйл ихтэй тус хүрээлэнд ажлын өдөр гэлтгүй түм түжигнэж байв. Хөгшчүүл хөлөө амрааж, сэрүүцэх, залуу хосууд нууцхан болзох, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх газар ч олон юм билээ.
Хамгийн гол нь бие засах газарт нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суултуур байхаас гадна зоогийн газрууд нь хүүхдийн тэрэг түрж орох зориулалтын замтай гэхчлэн иргэдээ ая тухтай байлгахад дээд зэргээр анхаарсан нь илт.
Эмээ нар энд ёстой л жаргалаа эдэлдэг гэлтэй. Найзуудаараа энд тэнд цуглачихсан, кинон дээр гардгийн адил даалуу, хөзөр тоглосон шиг ээ, цаг нөгцөөж байхтай бишгүй таарав. Зарим нь гүйлтийн иж бүрэн хувцас, хэрэглэлээр “зэвсэглэчихсэн” хажуугаар сэмбэлзтэл алхаж зөрөх нь цаанаа л донжтой.
Том далбагар навчтай, өндөр моддын сүүдэрт хаа ч хамаагүй дэвсгэр шидээд, амарч болох учраас хөгшчүүлийн хувьд явган явахад ядарна гэж айлтгүй бололтой. Сонирхуулахад, тус хотод цэцэрлэгт хүрээлэнгээс 10 минутын зайд ажиллаж, амьдрах төсөл хэрэгжих гэж байгаа юм билээ. Ер нь Сөүлд амарч, зугаалахад зориулсан 10 гаруй ийм томоохон цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд зарим ойд нь хавдрын эд эсийг дарангуйлж, эдгэрэлтийг түргэсгэдэг “эмч” модод хүртэл бий гэсэн.
БУДЛИУ БОДЛОГЫН ГОР
1940-1950-иад онд солонгосчууд өнөөгийн бидэн шиг ой модоо хайр гамгүй огтолдог байсан гэмээ одоо хангалттай цайруулж байгаа аж. Инчон хот гэхэд л зөвхөн 2016-2017 онд гурван сая мод тарихаар төлөвлөжээ. Хотынхоо нийт хүн амтай дүйцэхүйц хэмжээний тэр олон модыг Инчоны “алга дарам” газар дээр чигжинэ гээд бод доо. Харин “Улаанбаатарт сүүлийн жилүүдэд хэдэн мод шинээр тарьсан бэ” гэдэг асуултад тодорхой хариулах хүн алга. Манай хотын гудамжинд байгаа моддын хэдэн хувь нь хөгшин, залуу гэдгийг ч тооцож гаргасан судалгаа алга.
“Улаанбаатар хот нүүрсээр ажилладаг дөрвөн цахилгаан станцтай гэсэн. Дөрвөн уулын дундах давчуухан орон зайд, агаарын бохирдол ихтэй, тийм хортой нөхцөлд мод олноор тарьж, ногоон байгууламжаа нэмэх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатарын гудамж нэг л үхмэл харагддаг. Тэрэлжид очиход ч модод нь илт хөгширсөн харагдаж байна лээ. Монголын Засгийн газар, хотын захиргаа үүнд анхаарахгүй бол оройтож мэднэ” хэмээн Инчон хотын Ногоон орчин, уур амьсгалын бодлогын хэлтсийн дарга Жон Юн Гонтой уулзах үеэр хэлж байлаа.
БНСУ-ын “Ногоон Ази” ТББ-тай хамтран ажилладаг тус хотын захиргаа Булган аймгийн Дашинчилэн суманд мод тарих төсөл хэрэгжүүлж буй аж. “Элсэрхэг, хуурай хөрсөнд мод ургуулах амаргүй. 7-8 жилийн турш маш их арчилгаа, усалгаа шаарддаг. Гэхдээ хүмүүст “Болдог юм байна шүү” гэсэн итгэл төрүүлэх нь хамгийн чухал. Тиймээс орон нутгийн иргэдтэй хамтраад, тодорхой цалин, хангамж олгон, модоо усалж тордох ажлыг хариуцуулсан” хэмээн тэрбээр ярилаа. Түүнчлэн Монголд мод тарьж үржүүлэхэд байгаль, цаг уурын хүндрэлээс гадна бас нэг саад бэрхшээл тулгардаг нь бодлого, төлөвлөлтгүй байдал гэдгийг ч нэмж хэлэв. “Сум орон нутаг байна уу, нийслэл хот ч байна уу, хөгжлийн урьдчилсан төлөвлөгөөтэй байх ёстой.
Гэтэл Дашинчилэн суманд бидний тарьсан цөөнгүй модыг устган, оронд нь засмал зам тавьж байсан. Ингэхээр бүх ажлыг дахиад эхнээс нь хийх болдог. Тэр болгонд хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө дэмий үрэгддэг. Тиймээс бид БОНХАЖЯ-ныханд “Төсөл хэрэгжих газруудад хөгжлийн ямар бодлого, төлөвлөгөө байгааг бидэнд урьдчилаад мэдэгдэж баймаар байна” гэж хэлсэн” хэмээх солонгос даргын үг эрхгүй нэгийг бодуулна.
Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 21 жил тасралтгүй ажилласан Б.Чимид гуай “Манай нийслэл тийм ч яахаа алдсан нүцгэн хот биш. 1990 онд Улаанбаатарын хүн ам 600 мянга байхад нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбай 10 ам метр байсан. Харин одоо гурван янзын тоо хэлээд байх юм. Минийхээр 6.8 ам метр гэдэг нь үнэнд дөхнө. Дээрх зөрүүтэй үзүүлэлтийг нэгтгэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцох, хотын ногоон байгууламжийг хариуцдаг хүнгүй болсноос ийм байдалд хүрсэн” хэмээв.
Улаанбаатар хот дендрологичгүй зургаан жил болж буйд халаглаж явдаг тэрбээр нийслэлийн ногоон байгууламжид том, залуу мод олноор тарих нь илүү үр дүнтэй гэж үздэг аж. Сүйдэхээ хүрвэл хөвчийн ойд хэдэн мянгаараа түймэрт өртдөг моддоос жилд хэдийг шилжүүлэн авчирч, Улаанбаатарт суулгах нь Увс нуураас шанагаар ус хутгаж авсантай тэнцэхүйц гэдгийг туршлагатай дендрологич онцлов. Мөн манайд ногоон байгууламжийн тухай хууль тогтоомж, стандарт хэрэгждэггүй, түүнийг биелүүлэхгүй байсан ч хариуцлага тооцдоггүйд эмзэглэж явдгаа нуугаагүй.
НҮДЭЭ БАЯСГААД, МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖ
Б.Чимид гуайн үзэж буйгаар Улаанбаатарын гэр хорооллынхон хашааны газраа орон сууцаар солих бус, экологид ээлтэй, амьжиргааны чанартай болгоход анхаарвал олон талын ач холбогдолтой гэнэ. Улаанбаатарт ийм айлууд цөөнгүй бий болж буйн түүчээ нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн М.Шарав, М.Энхээ нарынх. Тэд хашаандаа 33 төрлийн 350 орчим мод, бут тарьжээ.
Монголын Улаан номонд орсон тэсмэг, утаа залгидаг, эмчилгээний зориулалттай гандигар зэрэг нэн ховор моддоос эхлээд элсний бургас, улиас, агч, хайлаас, шинэс, хус, шар хуайс, голт бор, монос, Сибирийн мөнгөлөг гацуур тэргүүт “хүчилтөрөгчийн үйлдвэр”-ийн хашаагаар оронгуут өөдөөс сэрүү татаж, цэвэр агаар сэнхийнэ. Солонгосын нов ногоон ой мод хэдийгээр нүд хужирлах нь сайхан ч байгалийн ийм “ориг” үнэр үгүй юм билээ.
М.Шарав, М.Энхээ нар 2009 оноос мод тарьж эхэлсэн бөгөөд хүлэмжиндээ өргөст хэмх, артишок, лууван, брокли, жууцай, навчит байцаа гэх мэтийг тарьж, хэдэн гэрийнхээ хэрэгцээг хангахын сацуу тодорхой хэмжээний орлого олдог аж. Хорооныхоо шилдэг ногоон байгууламжтай тэргүүний өрхөөр хоёр жил дараалан шалгарах үеэрээ гэрийн эзэгтэй М.Энхээ “Хашаагаараа дүүрэн зэрлэг “ургуулж”, шороо тоосонд дарагдаж суухын оронд баглааны цэцэг тарьж, зунжин нүдээ баясгачихаад, есдүгээр сарын 1-нд цэцгийн баглаа хийгээд ашиг олох боломж бий” хэмээн захижээ.
“Яаж үрслүүлэхийг нь би заагаад өгье” гээд байхад л нэг ч хүн ирээгүй гэсэн. Ямар сайндаа л “Та нар ургуулж чадна гэвэл манай артишок, чацарганы модноос аваарай” гээд орсон, гарсан хүмүүсийг “гуйж” байх вэ. Төмөр замын салбарт насаараа ажилласан тэд тэтгэвэрт гарахаараа хашаандаа мод, цэцэг, ногоо тарьж, орос айлууд шиг амьдрахыг хүссэнээ ийнхүү биелүүлж явна. Намар жимсээ гүйцэд боловсрохоор манайхан өдөрт нэг нэг аягыг түүж идэх нормоо “биелүүлдэг” гэхэд нь атаархмаар санагдсаныг нуух юун.
Ногоон байгууламжийн эзлэх хувь, хэмжээг тогтоосон хууль журам, стандартууд манайд өөр өөр байдаг аж.
Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байна.
Газрын тухай хуулийн 56.6-д Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана.
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөр баталсан 2009 оны стандартаар бол Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зай хэмжээг тухайн газрын 20-иос доошгүй хувьд байлгана гэж заажээ.
ЭЦЭСТ НЬ
Эрс тэс, хуурай ширүүн уур амьсгалтай, жилд дунджаар 200-230 мм хур тунадас унадаг Монголыг зөөлөн чийглэг цаг агаартай Солонгостой харьцуулж, “Улаанбаатар яахаараа шалдан байдаг юм” гэж шууд буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэнд жилд дунджаар 800-1200 мм хур тунадас унадаг. “Тийм орнуудад бол уруу нь харуулаад тарьсан мод ч ургах боломжтой” хэмээн дендрологич Б.Чимид гуай хошигносон нь ортой биз. Нөгөөтэйгүүр, нүүдэлчин монголчуудын сэтгэхүйд цэцэг, ногоо, мод тарина гэдэг ойлголт саяхнаас л сууж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Зүлгэн дээр гэрээ барьж, өнгийн цэцэгсийг туучин гүйж өссөн хүмүүсийн ой ухаанд зүлэг, цэцгийг ургуулж, усалж, тордоно гэхээр тийм ч амархан бууж өгөхгүй байсан нь үнэн. Хот суурин газарт байдаг энэхүү соёлын талаарх ойлголт, туршлагагүй ард түмэндээ зааж, сургах боловсролын тогтолцоо ч байсангүй. Гэхдээ энэ бүгд улаанбаатарчууд биднийг өөрсдийгөө зөвтгөх хангалттай шалтгаан болохгүй. Дөрвөн уулынхаа дунд, энэ хотод амьдарна гээд нэгэнт төвхнөчихсөн юм чинь суурин соёл иргэншилд өөриймсөг хандаж, дагах ёстой дүрэм журмаа мөрдөх л учиртай.
Ц.Болормаа, Л. Ганчимэг