Aфрикийн нэгэн жижиг цөөрөм ангасан олны хөлд өдөр бүр дарагддаг. Цөөрөм нь нүүдлийн шувууд, зэрлэг ургамлын харгайгаар хүн уух аргагүй болтол хордсон ч иргэд зорьдог. Учир нь тэдэнд өөр сонголт байхгүй. Усаар гачигдаж, цангахын зовлонг мэдрээгүй яваа биднээс хол амьдралыг харуулсан, “Үнэ цэнэ” хэмээх баримтат киног эрхгүй санагдуулам дүр зураг зуны халуун, бүгчим энэ өдрүүдэд манай хотод ч бий болдог юм.
Хүссэн үедээ гол мөрний хөвөөгөөр салхилж чаддаггүй, газрын хууль бус наймаа эрхлэгчид болон хайрга дайрганы карьерт Туул голоо “зэрэмдэглүүлчихсэн” нийслэлчүүдийг байгалийн амьтан гэдгийг мэдрүүлдэг ганц зүйл нь усан оргилуур учраас арга ч үгүй биз. Гэхдээ л 1.3 сая хүн ам, 470 мянган га газартай Улаанбаатарт “амьд” усан оргилуур өдрийн од шиг цөөхөн нь нийслэлчүүдийг дээрх кинон дээрх цангасан олон шиг харагдуулж байна.
ҮҮРГЭЭ МАРТСАН “АЖИЛГҮЙЧҮҮД”
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, СӨХ зэрэг хэд хэдэн байгууллагын хамтарсан судалгаагаар нийслэлд 139 усан оргилуур бийг тогтоожээ. Үүний 10 орчим нь стандартын шаардлага хангасан том хэмжээний байгууламж бол 50 нь ажиллах боломжгүйн улмаас “тэтгэвэртээ гарсан”, үлдсэн нь сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллуудын дунд “ажилгүйдэл зарлачихаад” буй гэсэн харамсмаар тоо гарчээ. Шаардлага хангасан гэж тоогдсон байгууламжууд нь ч олны нүд хуурах мэт алдаг оног ажилладаг.
Тухайлбал, “Central tower”, Улсын их дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах, нийслэлчүүдийн хөлд хамгийн их дарагддаг усан оргилуурууд цагийн хуваарийн дагуу ажилладаг гэх шалтгаанаар зарим өдөр “унтчихдаг”. Өнгөрсөн мягмар гаригт гэхэд л Улсын их дэлгүүр, III-IV хороолол, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн усан оргилуур ажилласангүй. Эдгээр байгууламжийн ойр орчим амьдардаг, худалдаа эрхэлдэг хүмүүстэй уулзахад “Тогтмол ажилладаггүй” гэх ижил тайлбар хэлж байв.
Өнгөрсөн жил нэлээд сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн ч олон хүний шүүмжлэлд өртсөн, 70 сая төгрөгийн зардлаар боссон, Арслантай гүүрний усан хөшиг ч ажиллахгүй байв. Гүүрний хажууд худалдаа эрхэлж байсан Э.Тогтох “Үндэсний их баяр наадмын үеэр ажилласан. Ойрын өдрүүдэд ажиллаагүй” гэсэн юм.
Энэ мэт үүргээ мартаж орхисон усан оргилуур манайд цөөнгүй бий ч ажиллах боломжгүй нь түүнээс ч олон. МУИС-ийн хичээлийн II байрны урд талын, “Москва” хорооллын усан оргилуур гээд нэрлэвэл уртаас урт жагсаалт хөвөрнө. Ингээд бодохоор нийслэлд “Тогтмол ажилладаг” гээд хэлчихээр “сүрчиг” үнэндээ л алга.
Усан оргилуур байгуулахад хамгийн багадаа 30-100 сая төгрөг зарцуулдгийг албаны хүмүүс хэлсэн бол усан байгууламж хийдэг “Оч баялаг” компанийн захирал Ш.Мөнхжаргал “Ийм мөнгөөр орчин үеийн шийдэл бүхий, том усан оргилуур барих боломжгүй учраас чанаргүй, богино настай байгууламж олширч байна. Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байгаа усан оргилуурууд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй.
Өнгө үзэмжийн хувьд ч тэр. Энэ нь улсаас хангалттай хөрөнгө төсөвлөж өгдөггүйтэй холбоотой байх” гэв. Гэхдээ л бид багагүй мөнгийг оргилуур барих нэрийдлээр оршуулчихжээ. Нэгэнт зарцуулсан мөнгийг эргүүлэн авах боломжгүй, эвдэрсэн байгууламжийг сэргээн засаж чадахгүйгээс хойш хариуцаж хийлгэсэн аж ахуйн нэгж, дүүрэг, хорооныхон нь хяналт тавьдаг баймаар байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, чимэглэл хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат “Нийслэлд буй ажилладаггүй усан оргилууруудын ихэнхийг сонгуулийн жил буюу 2008, 2012 онд байгуулсан байдаг. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах зорилготой барьсан усан оргилуураа ажиллуулахын тулд хуванцар саваар ус зөөж байсан тохиолдол ч бий.
Ямар ч тооцоо судалгаа, мэргэжлийн байгууллагын оролцоогүй, хямд өртгөөр хийсэн оргилуурууд хэдхэн сар, өдрийн настай байдаг. Зарим нь ус болон цахилгааны эх үүсвэргүй газар барьчихдаг. Тэгээд өнөөхөө ажиллуулах зардлыг дийлдэггүй” гэж усан оргилуурууд ажиллахгүй байгаа шалтгааныг тайлбарласан.
Усан оргилуурууд хэвийн ажиллаж байгаа, эсэхэд санаа тавих ёстой өөр нэгэн байгууллага бол дүүргүүдийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс. Тэд тухайн дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь усан оргилуурын техникийн аюулгүй байдал, ажиллах горим, цагийн хуваарь, арчилгаа, эрүүл ахуй, ашиглалтын зардал зэргийг хариуцах ёстой аж. Гэтэл тэд энэ үүргээ мэддэггүй. Харин ч “Дэмий зүйлд мөнгө үрж байна” гэж буруутган, төсөвт тусгасан ашиглалтын зардлыг нь хасчихдаг гэдгийг дээрх мэргэжилтэн хэлсэн юм.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ Ч ГОЛЫН УСНААС ӨӨР
Хүн амын төвлөрөл их, агаарын бохирдол, тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсэн манайх шиг хотод усан оргилуур шиг хэрэгтэй зүйл үгүй. Бид хот төлөвлөлтийн асуудалд ногоон байгууламжийг чухалчилж яриад усан оргилуурыг ойшоодоггүй. Гэтэл энэ нь ногоон байгууламжаас дутахааргүй ач холбогдолтой аж. Экологид эерэг нөлөөтэйгөөс гадна хүний сэтгэл зүй, эрүүл мэндэд тустай юм байна.
Тухайлбал, гол мөрөн, усан байгууламжтай ойр байдаг хүмүүс амьсгалын замын болон сэтгэцийн, элдэв халдварт өвчинд өртөх магадлал бусад хүнээс гурав дахин бага байдаг гэнэ. Мөн нүдний хараа, сонсгол сайжруулдаг тустай. Усан байгууламжийн тухай цахим ертөнцөөс мэдээлэл хайхад нэгэн сонин түүх гарч ирэв. 1970-аад оны үед Японд амиа хорлолт газар авч, төр, засгаас нь олон арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй гэнэ.
Энэ үед сэтгэл зүйчид олон усан оргилуур байгуулахыг зөвлөжээ. Уг хачирхалтай зөвлөгөөг дагаснаас хэсэг хугацааны дараа гайхмаар үр дүн гарч, амиа хорлох тохиолдол цөөрсөн гэнэ. Хожим барууны судлаачид үүнийг судалж, усан оргилуурын дэргэд 30 минут саатсан хүний бие, сэтгэлийн алжаал 60-80 хувь буурдгийг тогтоожээ. Усан байгууламжийг хүн ам их төвлөрсөн, тоосжилттой хэсэгт барихын ач холбогдлыг энэ түүхээс харж болохоор.
Агаарын чанарын албаны мэргэжилтэн М.Отгонбаяр “Тогтмол ажилладаг усан оргилуур нийслэлд байх зайлшгүй шаардлагатай. Усны ионжилт тухайн орчныг чийгшүүлж, тоосжилтыг багасгадаг. Усан байгууламжтай хэсгийн агаарыг бусад газрынхтай харьцуулахад эерэг хариу гардаг. Нийслэлд том хэмжээтэй, байгалийн усыг ашигладаг усан сан, хиймэл нуур, цөөрөм байгуулах хэрэгтэй” гэв. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гадаадаас элдэв тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн авахын оронд усан оргилууруудын амийг таслахгүй байх, нэмж байгуулахад зарцуулах хэрэгтэй юм шиг санагдана.
Дэлхийн хөгжингүй улсуудад усан оргилуур байгуулахдаа харах, хүрэх зориулалттай гэж ангилдаг аж. Манай усан оргилуур бүгд харах зориулалттай. Урсгал ус өөрийгөө цэвэрлэж байдаг бол усан байгууламжууд тэгэх боломжгүй, харин ч хамгийн их бохирдох магадлалтай аж. Хүмүүс энэ талаар төдийлөн мэддэггүй. Саяхны нэгэн өдөр “Central tower”-ын урд байрлах усан оргилуурт бага насны хүүхдүүд тоглож, дунд сургуулийн сурагчид усаар байлдаж байв.
Ийм дүр зургийг зөвхөн эндээс ч биш, бусад газраас ч харж болно. Олон улсад дагаж мөрддөг стандартаар бол усан оргилуурын “шингэнийг” долоо хоног бүр тогтмол сольж, өвөлд хучих ёстой юм билээ. Мөн тодорхой хугацаанд ариутган, цэвэрлэж байх ёстой аж. Гэтэл манайх тэгдэггүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн гэхэд л усан оргилуурынхаа усыг сар болоод сольдог бол “Central tower”-ынх 20 хоноод сэлбэдэг байна. Оргилуур байгальд ээлтэй ч ус нь голынхоос өөр гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй аж.
ОРГИЛУУРУУДАА ОРОН СУУЦААР СОЛИХ УУ
Газар л олдож байвал барилга барих гэж зүтгэдэг хүмүүс сүүлийн үед усан оргилууруудыг ад үзэх боллоо. Барилга бариад мөнгө олж л байвал хүүхдийн тоглоомын талбайгүй болно уу, усан оргилуур, ногоон байгууламж устана уу, ер хамаагүй бололтой. Ийм шуурганд өртсөний улмаас сүүлийн гурван жилд 20 гаруй усан оргилуур үгүй болсон гэсэн тооцоо бий аж. Одоо ч энэ хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр.
Хамгийн ойрын жишээ дурдахад л, Баянгол дүүрэг, Баруун дөрвөн замын уулзварт байрлах МҮЭСТО-ны гаднах нийтийн эзэмшлийн талбайд байсан ногоон байгууламж, усан оргилуурын оронд тун удахгүй барилга сүндэрлэх нь. Тэндхийн оршин суугчдын хэлж буйгаар уг газарт байсан ногоон байгууламж, усан оргилуурт иргэд онц дүн тавьж, “Хотын өнгө үзэмжийг чимсэн, сайхан газар” хэмээн нэлээд ам сайтай байсан аж. Гэтэл саяхнаас усан оргилуурыг нураажээ.
Хэрхэн зөвшөөрөл авч, ямар зориулалттай барилга барьж байгааг тодруулах гэсэн боловч “Excolo” гэх харуул хамгаалалтын албаныхан нэвтрүүлсэнгүй. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Тамирын гурван чулуу” гэх компани энд үйл ажиллагаа явуулж буй гэх. Яг үүнтэй ижил түүхтэй “сүрчиг” Баянгол дүүрэг, ХХ хороо “Москва” хороололд байна. 2010 онд барьсан ч нэг жил ажиллаад зогссон гэх.
Тухайн үедээ баянголчуудын тухлах дуртай, сайхан газрын нэг байсан аж. Гэтэл ажиллахгүй болсон үеэс золбин нохой, муурын үүр, орон гэргүй хүмүүсийн цугладаг газар болж, зэрлэг ургамалд идэгдсэн гэж тэр хавийн оршин суугчид нь хэлсэн. Уг оргилуурын орчим очтол гадна талаар нь төмөр хашаа тойруулан татаж, дотор нь тоосго, элс, цемент зэрэг барилгын материал буулгасан байв. Тус газрын манаач гэх эмэгтэй О.Хулангаас хаанахын ямар компани үйл ажиллагаа явуулж, юу хийх гэж буйг лавлахад мэдээлэл өгөхөөс татгалзав.
Тэрбээр “Энд барилга барихгүй. Барьснаа буулгаж байгаа юм. Энэ усан оргилуурыг хэн барьсныг мэдэхгүй. Ямар ч байсан Мэргэжлийн хяналтын газар “Цахилгааны утсанд дэндүү ойрхон байна” гэсэн шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн” гэв. Тус дүүргийн Дэд бүтэц, тохижилт үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдээс “тэтгэвэрт гарсан” уг байгууламжийн талаар тодруулахаар утсаар холбогдтол “Амарч байна” гэсэн юм. Тэд өөрсдөдөө ч, усан оргилууддаа ч ээлжийн амралт олгочихож. Харамсалтай.
Ж. Сувдмаа