Ц.Байгалмаа: Хүүхдүүдээ Монголоор нь үлдээхийн тулд Япон дахь карьераасаа татгалзсан
Г.Одгарав Сэтгүүлч

Токиогийн Био технологийн их сургуулийн Инженерийн шинжлэх ухааны доктор Ц.Байгалмаатай ярилцлаа.

“Харвардын” гэх тодотголоороо эрдэмтдийн дунд цоллуулах болсон Инженерийн шинжлэх ухааны доктор Ц.Байгалмаатай ярилцлаа.

Электроник, мэдээлэл зүйн инженер тэрбээр Японд Анагаахын инженерчлэлийн чиглэлээр мастер, докторын зэрэг хамгаалсан төдийгүй олон улсад “Уушгины хорт хавдрын дүрс оношлогоог автоматжуулах”, “Хэвлийн хөндийн гурван хэмжээст CT зураг ашигласан автомат оношлогооны систем хөгжүүлэлт” зэрэг олон ажлыг хийсэн байна.

Түүний Харвардад хийсэн шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төслийг Обамагийн засгийн газар дэмжиж, өнөөдрийг хүртэл амьдрал дээр хэрэгжүүлж яваа юм.

Олон улсад долоон патентыг эзэмшдэг Ц.Байгалмаа 20 орчим жил Японд амьдрахдаа 10 жилд нь их сургуульд багшилжээ. Тэрбээр Монголд ирмэгцээ утаагүй зуух, Япон машины хөгжим бүтээж амжсан байна.

Японы талаар агаарыг нь лаазлаад зардаг гэх
ойлголттойгоор анх хөл тавьж байлаа

Электроникийн инженер мэргэжлийг эрэгтэй хүмүүс голдуу эзэмшдэг гэсэн нийтлэг ойлголттой байсаар ирсэн. Харин таны талаар уншиж мэдээд мэргэжлээ сонгохдоо их холыг харж дээ гэх бодол төрлөө?

Би 1989 онд дунд сургуулиа төгссөн. Тухайн үед электроник их гоё мэргэжил гэх нийгмийн ойлголт байсан. Ерөнхий шалгалт өгөөд өндөр оноотой хүүхдүүд нь социалист орнуудыг зорьдог байв. Техник технологийн ангиуд дундаас электроник хамгийн өрсөлдөөнтэй нь. Японы Сони гэхэд Барууны зах зээлд ид гарч ирж байлаа. Тиймээс би сонгосон мэргэжилдээ огт эргэлзээгүй. Талийгаач ах минь их мундаг хүн байсан. Политехникийн Геологийн ангийг төгссөн ч надад бага байхаас электроникийн суурь мэдлэгийг өгсөн. Зурагт эвдэрлээ гэхэд шалтгааныг нь олохын тулд задалж ухдаг тийм үе л байлаа. Тэгэхээр хүн бүхэнд энэ чиглэлийн баримжаа байсан байгаа биз. Өнөөдөр биотехнологи гэж хошуурдаг шиг тэр үед электроникийн чиглэлээр сурвал дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлнэ гэж ойлгодог байсан.

Электроник гэхээр физиктэй шууд холбогдоно. Хамгийн анх физикт хэрхэн дурлаж байв?

Шинжлэх ухаан талаас нь яривал анх хагас дамжуулагчийн тухай онолыг сонсоод гайхан биширч байсан. Электроникийн үндэс бол хагас дамжуулагч шүү дээ. Тэгэхээр үүнийг бүтээгдэхүүн болгодог аргачлал нь их сонин байв. Онолын талаас мэддэг хэрнээ үйлдвэрлэл дээрээ хэрхэн буудгийг Японоос харж суралцахаар шийдсэн. Түүнээс өмнө МУИС-д физик, математикийн ангид сурч байлаа. 1987 онд хамгийн анхны МУИС-ийн дэргэдэх физик, математикийн гүнзгийрүүлсэн анги гэж нээгдэв. 15 хүүхэд физик, 15 хүүхэд математикийн ангид орсон. Уг нь би математиктаа их дуртай байсан ч наймдугаар ангидаа физикийн улсын олимпиадад түрүүлчихсэн юм. Намайг физикт дурлахад манай сургуулийн багш ихээр нөлөөлсөн л дөө. 

Та Японд өндөр боловсрол эзэмшиж, салбартаа амжилт гаргасан хүн. Өндөр босготой үсрэнгүй хөгжилтэй тус улсын босгыг хэрхэн давав?

МУИС-ийн нэгдүгээр дамжаагаа төгсдөг жил яамны Боловсролын газраас мэргэжилтэн ирж Япон руу коллежид явуулах шалгалт авахаар болсныг бидэнд мэдэгдсэн. Ангиасаа хоёр хүүхэд тэнцсэний нэг нь би байв.

Япон оронд 18 настай жаахан охины хөл тавьсан анхны мэдрэмж нь их сонин байна. Нүд нээгдэх шиг л болсон байх даа?

Тийм ээ, тус орны талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Агаарын бохирдол их учраас агаарыг нь лаазлаад зардаг гэх ярианд итгэчихсэн, сүнс сүг ихтэй гэсэн ойлголтыг киноноос авчихсан бууж байлаа. Мөн хүүхэд болгон адил дүрэмт хувцастай, нэг хэвийн үс засалттай, техник технологийн хөгжлийг тодорхойлогч гэх төсөөлөлтэй байв. Тэгээд Японд очлоо. Жигтэйхэн халуун, бараа бүтээгдэхүүн нь их өндөр үнэтэй. Би Монголоос ганцаараа очсон болоод ч тэр үү онгоцны буудлаас яамныхан нь тосч аваад таксинд суулгасан. Таксины төлбөр тухайн үеийн ханшаар 200 доллар гарч байсан санагдана. Тэгээд бүх мөнгөө өгөөд таарах юм байна даа гэж санаагаа чилээж суутал элчингийнхэн хэдийнээ төлсөн байв. Хамгийн анхны сэтгэгдэл бол их халуун, хүмүүс нь шавааралдсан мэдрэмж байлаа.

Доктор Ц. Байгалмаагийн ажлын туршлага

  • 1998-2002 онд Токиогийн Био технологийн их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан
  • 2002-2007 онд Японы Шизуокагийн их сургуулийн ШУ-Үйлдвэрлэлийн судлаач гүүр эрдэмтэн, Мэдээллийн технологийн багш
  • 2006-2007 онд Японы Хамамацугийн Анагаахын их сургуулийн зочин судлаач
  • 2007-2009 онд Харвардын их сургуулийн Анагаах ухааны их сургуульд судлаач багш, АНУ-ын Массачюссэтсийн нэгдсэн эмнэлэгт судлаач эрдэмтэн
  • 2010-2014 онд Японы Шизуокагийн их сургуульд мэдээллийн технологийн багш
    Шагнал:
  • 2001 онд Япон улсын “Анагаахын инженерчлэлийн холбоо”-ны “Шилдэг илтгэлийн эзэн”
  • 2012 онд Япон улсын “Програмчлалын үндэсний аварга”-ын Гранпри шагнал
  • 2008-2013 онд Япон, АНУ-ын шинэ бүтээлийн олон улсын патентын долоон удаагийн эзэн

10 гаруй жил суралцахдаа нэг ч удаа өөрөөсөө зардал гаргаагүй

Тэндээс хөгжлийн эрс тэс ялгааг олж харсан уу?

Японоос их зүйл суралцаж ирээд хотдоо үйлдвэр байгуулж, салбараа авч явах ухааны л том зорилготой явсан. Очсон чинь төсөөлж байснаас өөр бөгөөд маш нарийн технологи, үйлдвэрлэлийн менежмент, зөндөө боловсон хүчинтэй болохыг ойлгосон. Миний төсөөлөл бодит амьдрал дээр зөвхөн онол байсан. Мөн капиталист нийгмийг баян хоосны ялгаа ихтэйгээр төсөөлж очтол хүмүүс нь жигдхэн амьдралтай, бүгд хангалуун сайхан амьдардагт нь гайхаж байлаа.

Гэрээсээ холдож үзээгүй охины хувьд харийн оронд дасан зохицох амаргүй байв уу?

Гайгүй ээ. Сардаа нэг удаа гэр рүүгээ утсаар ярина, хааяа захиа бичнэ. Харин одооных шиг хүссэн үедээ холбогдож чадахгүй учраас гэрийнхнийгээ их санана аа.

Түүнээс хойш Японд хэчнээн жилийг өнгөрөөсөн бэ?

Бараг 20-иод жил юм болов уу. Энэ хооронд МИАТ-ын онгоцонд их л хөрөнгө оруулалт хийсэн дээ. /инээв/

Токиогийн Биотехнологийн сургуулийг Электроник мэдээлэл зүйн инженерээр төгссөн хэрнээ мастер, докторын зэргээ Анагаахын инженерчлэл чиглэлээр хамгаалсан нь сонирхол татсан?

Электроникоор дагнах сонирхол байсан ч материал талдаа сонирхолгүй санагдсан. Тэгээд ч мэдээлэл зүйн салбар эрчимжих нь тодорхой болж анхны интернэт сүлжээнүүд үүсч эхлэв. Улмаар багш нарынхаа судалгааны ажлыг сонирхоод үзэхэд нэг багш минь анагаахын салбарынхантай хамтарч ажилладгийг олж мэдсэн. Тэр багштайгаа уулзвал мэдээлэл зүй талдаа мэргэших юм байна гэдгийг ойлгосон.

Та Японд өнгөрүүлсэн 20-иод жилийн 10-ыг нь сурахад зарцуулжээ. Сургалтын төлбөрөө хэрхэн шийдэж байсан бэ?

Дандаа л тэтгэлгээр сурсан. Эхний хоёр тэтгэлгийг шалгалт өгч тэнцээд Японы засгийн газраас авсан бол докторт сурах тэтгэлгээ Ротари клуб болон Японы төрийн бус байгууллагаас авсан.

1. Ярилцлагыг "World Wine" ресторанд... | 3 фото
1
1
1

Ярилцлагыг "World Wine" ресторанд

Японд техник технологийн салбарт багшилдаг хүмүүсийн
ердөө хоёрхон хувь нь эмэгтэйчүүд байдаг

Хийж бүтээсэн ажлуудаас тань хамгийн их ухаан хүч шавхсан нь аль вэ?

Докторын зэрэг хамгаалахдаа хамгийн их хичээж ажилласан. Нэг суувал шөнийн 2-3 цаг хүргэнэ. Монгол хүн бүхэн адилхан дөө. Өөртөө эрдэж аливааг цагт нь хийдэггүй зан чанар нийтлэг. Тэр л жишгээр амархан хийчих юм шиг санаад хугацааг нь тулгачихсан. Доктор хамгаалахад их хэцүү, их цаг хугацаа ажиллагаа шаарддаг юм билээ. Гаднын сэтгүүлд өөрийнхөө туршилтын ажлыг нэгтгээд өгүүлэл бичиж өгөхөд хамгийн хурдандаа хоёр сарын дараа нийтэлж болох эсэхэд хариулт авна. Буцаад засаад явуулахад хагас жил шаардана. Хэвлэлтэд өгч нийтлүүлэх гэсээр жилийн нүүрийг үзнэ. Сургууль болгоны шалгуур янз бүр. Манай сургууль гэхэд хамгийн багадаа олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл гурвыг хэвлүүлсэн байх ёстой гэх шаардлагыг тавьдаг.

Та “Уушгины хорт хавдрын дүрс оношлогоог автоматжуулах”, “Хэвлийн хөндийн гурван хэмжээст CT зураг ашигласан автомат оношлогооны систем хөгжүүлэлт” сэдвээр Инженерийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байх аа. Эрдмийн ажлынхаа ач холбогдлыг энгийн уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлавал?

Тухайн үед хэн бүхэн хийгээд байхааргүй хэцүү ажил байлаа. Гурван хэмжээст СТ зургаас хэвлий хөндий дэх эд эрхтнүүдийн бүтцийг гарган авч анализ хийх, тэнд анатомын гажиг бий эсэхийг тодорхойлох систем дээр ажилласан. Мөн уушгины хорт хавдрыг рентген зургаас автоматаар оношлох ажлаар докторын зэрэг хамгаалсан. Би докторын ажлаа дөрвөн жил хийсэн. Үүнийхээ дараа маш гоё төсөл дээр ажилласан. Японы Хамамацу хотын хувийн хэвшил болон Их сургуулиудын холбооны хамтарсан эмнэлгийн тоног төхөөрөмжийн инноваци хөгжүүлэлтээр “3 хэмжээст MRI болон СТ зураг ашигласан тархины мэс заслын навигаци хийх төхөөрөмж хөгжүүлэлт”, “Лазерийн гэрэл ашигласан бодит хэмжээст ходоодны дуран бүтээх ба дүрс оношлогоог автоматжуулах нь” зэрэг дэлхийн хэмжээний төслүүд дээр систем хөгжүүлэлт, аргачлал, судалгаан дээр нь удирдан ажиллах боломж олдсон.

Тэр их өрсөлдөөнөөс салбартаа шигшигдэнэ гэдэг амаргүй байх?

Сурах бол гайгүй. Харин их сургуульд багшилна гэдэг өөрөө өндөр шалгуур. Японд техник технологийн салбарт багшилж байгаа хүмүүсийн ердөө хоёрхон хувь нь эмэгтэйчүүд. Хоёр жилийн өмнө намайг Монгол явлаа гэхэд хүмүүс их гайхсан. “Яах аргагүй өсөж төрсөн орон болохоор явах гэж байгаа юм уу” гэж хамт ажилладаг багш нар маань дахин дахин асууж байсан.

Шизуокагийн их сургууль Япондоо хэр нэр хүндтэй сургууль юм бэ?

Намайг энэ сургуульд багшилдаг гэдгийг япончууд сонсвол “Энэ хүний амьдрал баталгаатай болчихсон юм байна аа” гэж ойлгоно. Тэгэхээр ямар нэр хүндтэй сургууль болох нь тодорхой байгаа биз дээ. Улсын сургуулиуд чинь цалин хөлс, нийгмийн халамж гээд бүх зүйл нь сайн байдаг болохоор багшилж байгаад болино гэсэн асуудал байдаггүй юм билээ.

Амьдралын баталгаа болсон Шизуокагийн их сургуульд
багшлахаас татгалзсан шалтгаан гэвэл...

Та Японд мэдээлэл технологийн чиглэлээр багшилж байгаа хүмүүсийн хоёрхон хувь нь эмэгтэйчүүд байдаг гэж ярьсан. Тэгвэл тэр хоёр хувьд нь Монгол эмэгтэй багш багтаад явахад эргэн тойрныхон тань ямар хандлагатай байсан бэ. Шахах, гадуурхах үзэл мэдрэгдэж байв уу?

Шахалт гэхээсээ илүү ганцаарддаг байсан. Манай тэнхимд 50-иад багш байснаас би ганцаараа эмэгтэй нь. Гэхдээ яах вэ гадаад хүн гэсэн давуу тал тэнд үйлчилнэ шүү дээ. Хэт япон хүн шиг байдал гаргалгүй “би”-ээрээ явсан нь надад “хамгаалалт” болж байлаа.

Тэнд өөрийнхөө байр суурийг эзэлж, хүлээн зөвшөөрөгдөхөд хэр мэрийлт хэрэгтэй байдаг вэ?

Тэр амархан шүү дээ. Хийж байсан ажил бүтээлээрээ л байр сууриа олчихно.

Насан туршийн амьдралын баталгаа болсон нэр хүндтэй сургуулиас татгалзсан шалтгаан нь их сонин байна?

Хувийн шалтгаанаар юм уу даа. Олон жил эрдэм шинжилгээ, ажил мэргэжил гээд гэр бүлдээ цаг зарцуулж амждаггүй байлаа. Тэгээд багыгаа төрүүлснийхээ дараа том хүүхдээ Монголд боловсрол эзэмшүүлэх ёстой гэж бодсон. Хүүхэд гадаадад идээшчихвэл Монголдоо дасан зохицож чаддаггүй гэдгийг хүмүүсээс сонсоод энэ шийдвэртээ огтхон ч эргэлзээгүй.

Хэрэв та хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжил, төлөвшилд анхаарал хандуулаагүй бол Япондоо үлдэх байжээ. Нэг ёсондоо салбартаа карьераа өсгөх боломжоосоо татгалзсан байна гэж ойлголоо?

Тийм л дээ. Нэг бодууштай юм нь тэнд карьер талдаа тийм ч өсөж дэвжихээргүй. Яахав тогтвортой баталгаатай л амьдарна. Түүнээс бус гэнэтийн боломж гэж байхгүй. Би 10 жилийн дараа ямар орлоготой хэрхэн явах нь тодорхой гэх юм уу даа. Харин Монголд сонирхолтой. 10 жилийн дараа ямар байхаа төсөөлж чадахгүй байна гэдэг нь зарим хүнд эрсдэлтэй ч өөр нэгд нь ямар ч боломж нээгдэхийг таашгүй. Монголдоо ирээд хийсэн Япон машины хөгжүүлэлт дээр мэдэрлээ. Асуудал зөндөө ч тууштай байж чадвал зорьсондоо хүрнэ. Манайд хийх ажил, боломж их шүү дээ.

Соёлын ялгаа, амьдралын хэв маягаас хамаараад япон оюутнуудад хичээл заахад хүндрэлтэй зүйл байсан уу?

Монголд ирсэн хойноо л элдвийг эргэцүүлсэн болохоос дунд нь юу ч анзаардаггүй байж. Олон жил амьдарсан болохоор ийм л байдаг гэж бодсон байх. Япон оюутнууд жигд сайн, махрангуй, хөдөлмөрч, шударга зан чанартай. Багшийн зүгээс аваад үзвэл хүндрэлтэй санагдсан зүйл нь заасан хичээлийг хэр ойлгосныг мэдрэхэд хэцүү. Учир нь тэд сэтгэл хөдлөлгүй. Ойлгосон эсэхийг нь босгоод асуухад хэцүү. Хэрэв бэлтгэлгүй байхад нь эвгүй байдалд оруулбал дараагийн хичээлээс ирэхгүй ч байж мэдэх тийм л ичимхий. Хичээл хэр ойлгосныг шалгалтаар мэдэх боломжтой.

Тэгэхээр анх оюутан болж очиход Япон хүүхдүүдийн энэ араншинтай нийцэх шаардлага танд ч бас тохиолдож байсан байх?

Тийм ээ. Бага зэрэг хэцүү санагддаг байсан. Би өөрөө өрсөлдөөн дунд яваад сурчихсан учраас түүнд дасахад амаргүй байв. Багш юм асуухаар гараа өргөөд түрүүлж хэлмээр санагдана. Гэтэл тэнд түрүүлж дуугарна, самбар дээр гарна гэсэн ойлголт ер байхгүй.

Япончууд чадахгүй зүйлээ хэзээ ч амладаггүй

 Японд 20 орчим жилийг өнгөрөөхдөө хүмүүсийнх нь соёл, хандлага, зарчмаас өөртөө юуг шингээсэн бэ. Тэдний биднээс ялгарах давуу тал юу байв?

Япончуудын хөдөлмөрч, шударга, тууштай зан чанар дэлхийд шагшигддаг. Миний хувьд тэнд удсан болохоор тэр зан чанаруудаас өвлөсөн юм болов уу гэж боддог. Бас хэр баргийн зүйлд шантраад байдаггүй.

Амьдралынх нь хэв маяг хэт нэг хэвийн цутгамал, өрсөлдөөнтэй учраас асар их стресстэй, уйтгартай гэж тодорхойлдог. Таны хувьд?

Үнэхээр өрсөлдөөнтэй нийгэм. Тиймээс үргэлж манлайлаад байхгүй ч дундаж байхыг яах аргагүй нийгэм нь шахдаг. Энэ л зарчмаар иргэдээ жигд төлөвшүүлж чаддаг байх. Нөгөө талаас хамгийн гайхширдаг зан чанар нь аливаад хариуцлагатай ханддаг байдал. Чадахгүй зүйлээ чадна гэж хэзээ ч худлаа хэлэхгүй. Хэрэв чадна гэж хэлж байгаа бол үнэхээр чадах учраас л амлажээ гэж ойлгож болно.

Иргэдийнх нь дунд амиа хорлолт их байдаг гэх юм билээ?

Амиа хорлолт багагүй байдаг нь бардам зангаас, эсвэл багаасаа тогтсон хариуцлагатай нь холбоотой байж мэднэ. Таван настай хүүхдээ загнаж байгаагаас нь харахад тодорхой байдаг. Олон нийтийн газар хүүхдээ “Бусдад битгий төвөг болоод бай” гэж загнаж харагддаг. Тиймээс хүүхдээ дураар нь байлгана гэсэн ойлголт байхгүй. Энэ хандлага нь угийн хүч сул хүнд дарамт болдог байж магад. Сонирхуулахад, телевиз үзэж суухад хүн өлсөөд үхчихсэн гэж мэдээлэх нь нийтлэг. 70 гарсан хоёр хөгшин гэртээ өлсгөлөнгийн улмаас нас баржээ гэдэг. Баян нийгэмд нийгмийн халамжаасаа тусламж гуйлгүй өлсөж үхэх замыг сонгож байгаа нь хачирхалтай байгаа биз. Бас хүүхэдтэйгээ цуг амиа хорлосон тохиолдол цөөнгүй. Тэд хүүхдээ өөрийнх нь өмч гэсэн байдлаар өсгөдөг. Би үхчихвэл энэ хүүхэд бусдад гай болох вий гэсэн хандлагатай нь холбоотой юм билээ. Ийм л хариуцлагатай нийгэм болохоор ихээр стресстдэг. Буруу хийчих вий гэж эмээдэг байх.

Япончуудад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд харилцаандаа хэрхэн анхаарах ёстой вэ?

Өөрийгөө гадаад хүн гэдгээ илэрхийлээд өөрийнхөөрөө явбал тэд чамайг хүлээн зөвшөөрнө. Энэ харийн хүн учраас ёс мэдэхгүй гэх маягаар чамайг өршөөнө. Түүнээс бус гадаад хэрнээ хэт япон хүн шиг хандвал чамтай өөрсөд шигээ л харилцана. Тэнд жендерийн ялгаа их. Тэр утгаар чи эмэгтэй юм байж гэх хандлага гаргамагц би гадаад хүн шүү гэдгээ ойлгуулчихдаг.

Хэт уусч болохгүй гэсэн үг биз дээ?

Тийм ээ. Хүүхдээ Монголдоо авчирдаг нь тийм учиртай. Нэгэнт миний хүүхэд Япон хэв маягаар өсчихвөл Монголд нутагшиж чадахааргүй болно. Монголчууд хаана ч дасан зохицох чадвартай. Тиймээс хүүхдээ эх орондоо өсгөх нь зөв сонголт байсан.

1 | 3 фото
1
1
1

Харвардын их сургуулийн лабораторийн захирал
ажлын санал тавьж Америкийг зорьж байлаа

Таны ажлын гараа Токиогийн Био­ Технологийн их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтнаас эхлээд Харвардад судлаач багш хүртэл явжээ. Таныг Харвардын Ц.Байгалмаа ч гэж нэрийдэх юм билээ?

Харвардтай хэрхэн холбогдчихов оо гэхээр угаасаа анагаахын инженерчлэлийн чиглэлээр дүрс боловсруулах ажлыг олон жил хийчихээр салбараа мэддэг болчихдог юм билээ. Тиймээс жилдээ нэг удаа олон улсын эрдэм шинжилгээний хуралд сууна. Тэндээс салбарын эрдэмтэд юу хийж байгааг мэдчихдэг юм. Энэ шугамаар Харвардын их сургуулийн лабораторийн захиралтай хэд хэдэн удаа олон улсын хурлууд дээр тааралдаж байлаа. Тэгсэн тэрбээр манайд ажлын байр байгаа гэж хүнээр асуулгав. Судалж үзсэний эцэст 2007 онд Харвард руу явж байлаа.

Харвардад таны хийж байсан голлох ажил юу байсан бэ?

Миний ажиллаж байсан лабораторийн гурван том төслийн нэг нь шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төсөл байсан. Тэр төсөлд би хоёр ажил хийсэн. Нэг нь шулуун гэдэснээс авсан зургаас хортой, хоргүйг оношилж болох эсэхийг судалж математик загварчлалыг нь гүйцэтгэсэн. Хоёр дахь ажил нь шулуун гэдэсний өндөр нарийвчлалтай СТ зургаас автомат оношлогоог хийх төсөл дээр байсан.

Одоо санаж байна. Энэ төслүүд тань Обамагийн засгийн газраас дэмжигдээд өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж байгаа гэсэн байх аа?

Тухайн үед Америкт шулуун гэдэсний хорт хавдраас нас барж буй хүмүүс их байсан. Нас барагсдын тоогоор дэлхийд хоёрт бичигдэж байв. Тиймээс үүн дээр шулуун гэдэсний хорт хавдрын илрүүлэлтийг автоматжуулах ажилд засгийн газраас нь их ач холбогдол өгсөн. Автомат оношлогоог бий болгосон үед хэрэглэх талаас нь анхаарал тавьсан гэсэн үг.

Бас багшилж байсан уу?

Лабораторид ажиллаж байгаа оюутнуудынхаа судалгааны ажлыг удирдахын сацуу өөрийнхөө судалгааг хийдэг байсан.

Манай япон найз нар чи хэзээ ч депресст орохгүй гэдэг байсан

Арлын жижиг орон дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч байгаа шалтгааныг та юу гэж боддог вэ?

Германтай адилхан шалтгаантай юм болов уу гэж хардаг. Ялагдчихсан... Ялагдсан хүний хор шар гэх юм уу даа. Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдана гэж тэд хэзээ ч төсөөлөөгүй байх. Өлсгөлөнгөөр хүүхдүүд үхэж байхад нийгмээ хөл дээр нь босгоё гэж бүгдээрээ нэгдэж чадсан тийм л улс. Манайхан Японыг XX зуунд хөгжчихлөө гэдэг. Миний хувьд XIX зуунд хөгжлийнх нь сууриуд тавигдсан гэж боддог. Мэйжигийн хувьсгал гарсны дараа үндэсний боловсон хүчнүүдээ европ явуулж бүх салбарт сургасан. Тэд эргэж ирээд анхны төмөр замаа барьсан. Би оюутан байхдаа Нагасакигийн төмрийн үйлдвэр дээр очиж байлаа. Тэр томоохон усан онгоцны үйлдвэрүүд эрт дээр үеэс сууриа тавьсныг мэдээд үнэхээр гайхсан. Эхнээсээ хөдөлмөрлөж бүхнээ буй болгож чадсан тийм л нийгэм. 

Олон жилийн дараа Монголд эргэн ирэхэд хамгийн түрүүнд ямар бодол төрж байв?

Хийхээр зүйл их байгааг анзаарсан. Жаахан удаад ирэхээр мартагдаад ирдэг юм байна. Санаачлагатай байвал хийх юм зөндөө байгаа. Хийж бүтээхийн тулд ганцаараа хүч хүрэхгүй баг хэрэгтэй. Чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэй. Манай залуучууд их амархан сурдаг мундаг юм билээ. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг учраас чиглүүлээд сургаад авах бүрэн боломжтой санагдсан. Залуучуудаа сургаад хамтдаа их зүйлийг хийхийг хүссэн.

Залуучууддаа хандаад зөвлөмөөр санагддаг зүйл байдаг уу. Ер нь амжилтад хүрэхийн тулд залуу хүн юунд анхаарах хэрэгтэй вэ?

Богино болоод урт хугацааны зорилготой байх ёстой болов уу. Таван жилийн дараа хэн байх вэ, 10 жилийн дараа ямар байр суурийг эзлэх вэ гэдгээ эртнээс төлөвлөх хэрэгтэй. Түүнээс юм болгон руу үсчихээр цаг хугацааны хувьд хайран. Ажлаас гадна өөрийгөө сэргээх хоббитой байвал зүгээр. Би судалгааныхаа хажуугаар орчуулга их хийдэг байлаа.

Энэ хугацаанд та их зүйл сурч бүтээжээ. Өнөөдрийг хүртэл буй болгосон амжилтаа та хэрхэн тодорхойлох вэ?

Их сонирхолтой асуулт байна. Амжилт... Яг үнэнийг хэлэхэд хийх ёстойгоо хийсэн л гэж боддог. Нас намба яваад ирэхээр залуучууддаа юм хэлмээр санагддаг юм байна. Хийсэн зүйлс багагүй хуримтлагдсан гэдгээ сүүлийн үед мэдэрч эхэлж байна. Энэ нь хэт цойлж яваагүй ч амжилттай явсны илрэл гэж хараад байна. Хүн буруу зүйл хийчихээр сэтгэл зовнидог доо. Зовнилгүйгээр амьдарч чадаж байгаа нь амжилт юм болов уу даа. Буруу зүйл хэлчих вий гэж цэгнэлгүй, бусдад юу гэж бодогдох бол гэж шаналахгүйгээр өөрийнхөөрөө яваа минь амжилт байх. Өөрийн зовнил болоод бусдын үзэл бодолд баригдахгүй амьдарч байгаа минь ололт.

Энэ их ажлын хажуугаар гэр бүлийн асуудлаа хэрхэн зохицуулж байв?

Яг үнэндээ чи унах асуултыг надаас асуулаа. Би бага насны хоёр хүүхэдтэй. Тэр юуг илэрхийлээд байна вэ гэхээр урдах ажлаа хийж явсаар гэр бүлийн амьдралыг их орой зохиосон гэсэн үг. Миний амьдралын алдаж ирсэн тал гэвэл энэ. Одоо бодоход Японд байхад нийгмийн хариуцлага гээч зүйлд их баригдсан байна лээ.

Яагаад ч юм тантай ярилцахад өөрийнхөө амжилтдаа торох юмгүй хялбархан хүрсэн юм шиг, бэрхшээл ер тохиолдож байгаагүй мэт сэтгэгдэл төрлөө. Эсвэл та тийм өөдрөг бас хүчирхэг хүн үү?

Би их өөдрөг хүн. Манай Япон найз нар чи хэзээ ч депресст орохгүй гэдэгсэн. Шантрах үе мэдээж байгаа. Тэглээ гээд яах вэ, гутраад юунд хүрэх вэ. Давах л хэрэгтэй. Түүнээс гадна бид хаана ч явсан асар их потенциалтай хүмүүс шүү дээ.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Ц.Байгалмаагийн Монголд үйлдвэрлэсэн япон машины хөгжмийн талаарх Япон машинтай хүн бүрт зориулав нийтлэлийг эндээс унших боломжтой.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат.

Дугаарын спонсор: World Wine ресторан