ХЯРГАС НУУР луу ПРИУСТЭЙ аялсан тэмдэглэл

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Одонтуяа

2016-08-05 09:00 GMT+8


“Аялал хүнийг төлөв даруу болгодог. Учир нь аялагчид өөрийгөө энэ дэлхийд ямар өчүүхэн гэдгээ мэдэрсэн байдаг” хэмээх сайхан үгээр Хяргас нуурын Хэцүү хадыг зорьсон аяллын тэмдэглэлээ эхэлье.

Гурван хүнээс бүрдсэн аяллын баг Приус 20 маркийн автомашинаар Монгол Улсын баруун хязгаарт байрлах Увс аймгийг зорьж нийт 2800 км аяллаа.

Аялал гэдэг нь заавал гадаад явж галуу шувууны мах идэхдээ биш өөрийн чадамждаа тулгуурлаж байгаа боломжийг ашиглах юм. Бид буудалласан газраа майханд хонож, хоолоо өөрсдөө хийж явсан тул аяллын нийт зардал 500 мянган төгрөг буюу нэг хүний 160 мянган төгрөгт (шатахуун 300,000 төгрөг, бусад зардал 200,000 төгрөг) багтсан. Аяллын хугацаа таван өдөр, дөрвөн шөнө. 

АЯЛЛЫН ҮНДСЭН МАРШРУТ: Улаанбаатар хот - Тэрхийн Цагаан нуур - Хяргас нуурын Хэцүү хад - Тэрхийн Цагаан нуур - Улаанбаатар хот.

ЭХНИЙ ӨДӨР: УЛААНБААТАР ХОТ - ТЭРХИЙН ЦАГААН НУУР (660 км)

Бид Улаанбаатар хотоос баруун урд зүг рүү наран ургахтай зэрэгцэн гарч Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумдыг өнгөрөн ойролцоогоор 280 км явсаар Элсэн тасархай дээр ирлээ. 

Элсэн тасархай нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Энд та тэмээ унаж зургаа авахуулах, элсэн дээгүүр явган аялал хийх, мөн зам дагуух гэр баазуудад түр саатан хооллох боломжтой. 

Бидний дараагийн зогсоол бол Өвөрхангай аймгийн Хархорин сум. Энд та Монгол Улсын хамгийн эртний Бурхан шашны хийд болох Эрдэнэзууг үзэх боломжтой. Бид өдрийн цайгаа Орхон голын эрэг дээр уучихаад хөдөлсөн. 

Эндээс 120 км яваад Архангай аймгийн төв болох Цэцэрлэг хотод ирнэ. Бид Улаанбаатараас шатахуунаа дүүргээд гарсан ба Цэцэрлэг хотоос нэмж хийсэн. Учир нь хотоос холдох тусам шатахууны үнэ нэмэгдэх тул замд таарах томоохон суурин бүрээс шатахуунаа нэмээрэй. 

Цэцэрлэг хотоос ойролцоогоор 160 км яваад байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чулуутын гол дээр ирнэ. Уг гол нь хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг уналт их, урсгал хурдтай уулын гол юм. Чулуут голын нийт урт 415 км. 

1 | 3 фото
1
1
1

Бидний хонох газар бол Тэрхийн цагаан нуур бөгөөд Чулуутын голоос 10 гаран км яваад хүрнэ. Энэ маршрутын дагуу явахад нуурын урд эрэг дээр ирэх бөгөөд та төв замаасаа салж Хоргын тогоо, Ганц хүний агуй, Залуусын агуй, Шар нохойн там, долоон чулуун гэр гэх мэт байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудыг үзэж нуурын хойд эрэгт очих боломжтой. 

Тэрхийн цагаан нуурын тухай хоёр ч домог бий.

Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад "Тэр их цагаан нуурыг хараа" хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэсэн домог байдаг.
Мөн өөр нэг домог нь: Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ.Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус Тэрх цагаан нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгж байснаа хожим нь Тэрх болон хувирчээ. Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Нуур толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй аж.


Тэрхийн цагаан нуурын цаг агаар сэрүүхэн тул дулаан хувцас авч явахаа мартуузай. Мөн энд та нар мандах болон жаргахыг заавал хараарай.

Ингээд бид эхний өдрөө нийт 630 км засмал зам тууллаа. 

1 | 4 фото
1
1
1
1

ХОЁР ДАХЬ ӨДӨР: ТЭРХИЙН ЦАГААН НУУР - ХЯРГАС НУУР, ХЭЦҮҮ ХАД (670 км)

Энэ өдөр бид нийт 670 км зам үүнээс 280 км засмал, 390 км шороон замыг туулж зорьсон газартаа очиж хонохоор төлөвлөсөн тул наран ургахтай зэрэгцэн замдаа гарлаа.

Бидний эхний зогсоол Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Энд хүрээд засмал зам дуусна. Та замдаа Солонготын даваан дээр зогсож хангай газрын байгалийн сайхныг бишрээрэй.

Тосонцэнгэл сумаас ойролцоогоор 100 км шороон замаар яваад Завхан аймгийн Нөмрөг сум орно. Хэрэв та буудаллах бол Нөмрөг сумын наана байрлах Тэлмэн нуурын эрэгт хоноорой. Уг нуурын урт нь 26 км, өргөн нь 12 км, гүн нь 27 м, нуур дунд торойх гурван авгаш аралтайгаа 194 км талбайг эзлэх агаад далайн төвшнөөс 1700 гаруй метр өндөрт оршдог.

Нөмрөг сумаас 90 км шороон замаар явсны дараа Завхан аймгийн Сонгино суманд хүрнэ. Энд бид орой хоолоо идэж, бензинээ дүүргээд цааш хөдлөв. Эндээс 150 км яваад Хяргас нуурын зүүн эрэг дээр очно. Хяргас нуурын Хэцүү хад руу явах зам элсэрхэг тул замдаа олон удаа сууж очсон. Хэрэв жижиг тэргээр явж байгаа бол зогсохгүй яваарай. Учир нь сул элс ихтэй учир зогссон газраа суух магадлал өндөр юм билээ. Ингээд 50 км яваад бид зорьсон газар болох Хяргас нуурын Хэцүү Хадад ирлээ. 

Хяргас нуур нь 407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршдог.
Харин Хэцүү хад нь Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио бөгөөд зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана.


Нуурын ойролцоох байгаль яг л говь шиг. Халуун өдөр их халахаас гадна хаа сайгүй гүрвэл, шумуул тааралдана. Тиймээс өдийд буюу наймдугаар сард энэ газрыг зорих нь тун тохиромжтой. Хяргас нуурын Хэцүү хад хэсэгт нэг жуулчны бааз ажилладаг. Сануулахад, энд цэвэр ус ховор тул замдаа хангалттай усны нөөцтэй яваарай. 

1 | 3 фото
1
1
1

Бидэнд хоног давчуу байсан тул Хяргас нууран дээр нэг хоночихоод ижил маршрутаар буцаж ирсэн бөгөөд замдаа Тэрхийн цагаан нуур дээр дахин хонож, Тайхар чулуу үзсэн. Харин та Хяргас нуурын наад эргээс ойролцоогоор 100 км засмал замаар явж Увс аймгийн Улаангом хот орж болно. Цаашаа 36 км давхиад Увс нуурын Дархан цаазат газарт очих боломжтой. 

Санаанд багтамгүй хямд зардлаар байгалийн бахдам гоо үзэсгэлэнг бие, сэтгэлээрээ мэдрэх боломж зөвхөн Монголчууд бидэнд бий. Харин ухамсарт хүн та хосгүй сайхан байгалиа хайрлаж хог битгий хаяарай. 

Жич: Биднийг жижиг тэргээр зорьсон газартаа төвөггүй явж хүрэхэд тусалсан сайхан сэтгэлт хүмүүст баярлалаа. Бид Сонгино сумаас гарч яваад шаварт суусан байхдаа таван приустэй тааралдаж цааш нэг цуваа болон хамт явсан. 

Жичийн жич: Зургийг гар утсаар авсан тул чанарын шаардлага хангахгүй байгаад хүлцэл өчье. 

1 | 6 фото
1
1
1
1
1
1

Гэрэл зургийг: Лорд 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 489 санал өгсөн байна.

Дээшээ