Хэрвээ үнэн бол Их тэсрэлтийн онол ёсоор орчлон ертөнц одоогийн энэ төрхөндөө ороход секундийг хэдэн мянга хуваасантай тэнцүү хугацаа орсон гэдэг. Энэ тэсрэлтийн дараа буй болсон олон од эрхсийн дунд үүсэн бий болсон нэгэн амьдралын хэсэг болох бидний хувьд секундийг хэдэн мянга хуваасан байтугай бүтэн минут ч тийм урт хугацаа биш.
Гэхдээ их тэсрэлтээс 13,8 тэрбум жилийн дараа оддын тоосноос үүссэн нэгэн бодгалийн хувьд гурван секунд гэдэг тийм урт байна гэж хэн төсөөлөх билээ. Мэдээж хэрэг тэр гуравхан секунд асар урт санагдсан маш олон хүн бий.
Харин энэ удаад би зөвхөн өөрийнхөө тухай өгүүлэх учраас тэр олон гурван секунд бус өөрийнхөө гурван секундийг л өгүүлнэ. Онгоцны хаалга онгорхой, цаана цэнхэр тэнгэр. Аврах тусгай ангийн албаны хувцас өмссөн, нүдний шилтэй залуу онгоцны нисгэгч, онгоцонд сууж байгаа хүн бүрийг ерөөс гарын хөдөлгөөнөөр л удирдах аж.
Гар нь дээшээ болж байна, биднийг бос гэж байгаа бололтой. Бүгд бослоо. Даллаж байна, ойрт гэж байгаа бололтой, ээлжээ хүлээн зогсох надад зүрх гэж эрхтэн байдаг гэдгээ сануулах мэт хүчтэй дэлсэнэ. Би ер нь зөв зүйл хийж байгаа болов уу?
Одоо нэгэнт энэ тухай бодохоос өнгөрсөн. Харин гурван секунд хэр удаан үргэлжлэх бол гэж хүлээх л үлдлээ. Эхнийх нь. Би харин хоёр дахь нь. Үсэрчихлээ, одоо миний ээлж...
Багшийн заасан бүхэн толгойд хэдэнтээ эргэлдэж, сар гаруй үргэлжилсэн сургалт дахиад эхнээсээ үргэлжлэх мэт. Яагаад ингэж удаж байгаа юм бол? Яагаад задрахгүй байна. Салхи шуугиж, газар шарлан харагдана. Гэнэт аниргүй. Уг нь би дотроо гурван оронтой тоог гурван удаа тоолох ёстой. Ингэж байж хугацаа минь өнгөрсөн эсэхийг баттай мэдэж, дараагийн арга хэмжээг авна.
Хоёрдугаар сарын 22-ны өдөр. Монголын шүхрийн спортын нийгэмлэгт анх очсон өдөр. Энэ өдөр ирсэн хүмүүсээс би ганцаараа цоо шинэ хүн байлаа. Бусад нь бүгд өмнө нь бууж байсан туршлагатай шүхэрчид бөгөөд ихэнх нь дөрвөлжин буюу спортын зориулалттай шүхрээр буудаг тамирчин болохоор иржээ. Багшийг Я.Эрдэнэбилэг гэдэг.
Ээжийнхээ мөрөөдлийг, өөрийнхөө зорилгыг биелүүлэхээр шүхрийн спортын нийгэмлэгт хандаж, хичээллэгч болов
Энд ирэх болсон шалтгаан яг нэг жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдоно. Монголын Параглайдингийн клубын тандем нислэгээр би анх шүхрээр агаарт гарч үзсэн юм. “Нисэж үзмээр байна уу?” нийтлэлийнхээ төгсгөлд би “Дараа заавал онгоцноос шүхрээр бууна” гэж өөртөө амласан билээ.
Гэхдээ Параглайдингийн ачаар би ээж маань, нагац эгч маань хүртэл шүхрийн спортыг ихээр сонирхож байсан талаар олж мэдсэн юм. Гэвч хоёул нүдний шил зүүдэг болохоор шүхрийн спортоор хичээллэхийг зөвшөөрөөгүй аж.
Ийнхүү ээжийнхээ мөрөөдлийг, өөрийнхөө зорилгыг биелүүлэхээр шүхрийн спортын нийгэмлэгт хандаж, хичээллэгч болов. Багш бидэнд ямар үед нөөц шүхэр задлах талаар өгүүлсээр гурван цагийг өнгөрүүллээ. Хөгжилтэй нь багш намайг яг л хүний хэл ойлгодог нохойтой ярьж байгаа мэтээр огт дуулаагүй үгс хавчуулсан өгүүлбэр бүрийнхээ төгсгөлд “Тийм ээ” гэж лавшруулан асууна.
Верёвкоо өлгөсөн байх ёстой, тийм биз? Лямкнаасаа татна, тийм үү? Строп орооцолдвол яах вэ? гэх мэтээр мэдэхгүй, сонсоогүй зүйлсийг яриад төгсгөлд нь мэдэж байгаа эсэхийг асууна. Гэвч оросоор ганц “ерөөл”-өөс өөр үг гадарлахгүй надад энэ бүхэн эрээн цоохор сонсогдоно.
Ийнхүү мэдэхгүй хэлээр ярих хичээл өдөр ирэх тусам ойлгомжтой болж эхэлж байлаа. Хэчнээн хичээлээ ойлгосон ч, хэчнээн орос үгнүүдээ мэддэг болсон ч, шүхрээ хараад аль нь юу, юу нь яадаг гэдгийг санах боловч айдас надаас холдохгүй хэвээр.
Онгоцноос гарна гэхээс байнга эмээнэ. Мэдээж хэрэг хэзээ ч айдас алга болдоггүй гэдгийг одоо ойлгосон. Харин оронд нь айдсыг юугаар даван туулдгийг мэдэж авсан. Түүнийг монгол хэлээр ИТГЭЛ гэдэг.
Байнга шүхрээ үүрээд онгоц руу орж байна гэж төсөөлнө
Итгэлийг бий болгох үндэс нь дэг журам аж. Багшийн амнаас гарсан үг болгоны ард “Журам” гэдэг язгуур явж байхыг гайхах хэрэггүй. Тамирчид бүгд эмх журамтай байна, шүхрээ эмх журамтай эвхэнэ. Бүр шүхрээ эвхэхийг “ЖУРАМЛАХ” гэж нэрлэнэ.
Интернетээс бичлэг үзнэ, хүмүүсийн яриаг сонсоно. Гэсэн ч айна. Хамгийн анх шүхэр эвхсэн өдөр л би энэ спорт ерөөс итгэл дээр тогтддог болохыг ойлгосон юм. Шүхрийг зөв эвхэх хэрэгтэй. Орооцолдохгүй, хунирахгүйгээр зөв эвхсэн байх ёстой. Үүнийг багш танд зааж өгнө.
Хэдэн өдөр нөөц шүхэр хэрхэн задлах, ямар ямар алдаа гарч болох талаар тасралтгүй сонссон учраас шүхэр эвхэнэ гэдэг их зугаатай санагдаж билээ. Гэвч бодсоноос амаргүй ажил аж. Бүхнийг дарааллын дагуу хийх ёстой. Харин эхний удаагийнхаар бүх дарааллыг нь хольж хутгана.
Байнга шүхэр эвхэж байна гэж төсөөлнө. Байнга шүхрээ үүрээд онгоц руу орж байна гэж төсөөлнө. Харин онгоцноос үсрэхэд аз жаргалыг мэдэрч байна гэж төсөөлөхгүй. Яагаад шүхрийн спортыг асар их итгэл дээр явдаг болохыг клубийн нэг тамирчин надад ярьсан юм.
Шүхэрчин хүний амь нас, эрүүл мэндийг дааж буй зүйл нь долоон метрийн урттай, 28 ширхэг утастай, тусгай материалаар урласан том ногоон даавуу юм. Энэ даавуу урагдаж, цоороогүй гэдгийг нэг хүн батална. Энэ даавуугаа дарааллын дагуу зөв эвхэх ажлыг шүхэрчин өөрөө хийнэ. Харин түүнийг нь мэргэжлийн хүн шалгана.
Үндсэндээ шүхэрчин шүхрээ үүрээд онгоцонд орж байна гэдэг өөрийгөө эсэн мэнд байлгах ёстой зүйлийг өөрийн гараар хийсэн учраас, түүнийг нь баттай зөв хийсэн гэдгийг туршлагатай нэгэн баталсан учраас л орж байгаа хэрэг юм. Тиймээс л хүмүүс шүхрээр үсэрдэг аж.
Ингээд сар гаруй үргэлжилсэн сургалтын төгсгөлд бид буултад оролцох эрхтэй боллоо. Энэ хооронд шүхрээ эвхэж, газрын бэлтгэл хийж, эцэст нь шалгалтаа амжилттай өгчээ.
Маргааш өглөө үүрээр бид онгоцондоо сууна. Шүхрээ эвхчихсэн. Шүхрээ үүрээд, биестээ амжилт хүсээд онгоцондоо сууна. Шүхрийн дадлага буултыг зохион байгуулахдаа өмнөх өдөр нь очиж, хамтдаа хоноод өглөө эртлэн буудаг аж.
Үхлийг хуурах ганцхан боломжийг шүхэрчид онгоцондоо үүрч ордог
Учир нь шүхрээр буух гэж байгаа хүний даралт тогтвортой байх ёстой. Үгүй бол буулгахгүй. Өглөө 06:00 цагт босож даралтаа үзүүллээ. Хэвийн үеийнхээс өндөр гарч байна. Арга ч үгүй биз. Хэчнээн буух хүсэл эрмэлзэлтэй байсан ч бодлын цаана хэн нэгэн түгшиж буй нь мэдрэгдэнэ. Шөнө хүртэл бүтэн нойртой хоноогүй.
Шүхэрчин хүний айдас магадгүй хэзээ ч дарагддаггүй байх. Үргэлж л айдаг. Гэхдээ тэр айдас нь тархи хүртэл ажиллахгүй болж, гар хуруу хөдлөхгүйгээр үхэлтэй нүүр тулах айдас биш. Харин тэр айдас нь нөхцөл байдал хаашаа ч эргэж болохыг мэдэж, ямар үед ямар арга хэмжээ авахыг байнга санаж, хэрэгцээтэй үед нь зөв зүйлээ хийж, үхлийг сөрөн зогсох тийм л айдас.
Учир нь үхлийг хуурах ганцхан боломжийг шүхэрчид онгоцондоо үүрч ордог. Нөөцийн цаана нөөц байхгүй болохоор эхний удаагийнхд нь хуурч чадахгүй бол үхэл биднийг үмхээд авна. Магадгүй шүхрийн спорт үхэх магадлал хамгийн багатай спорт гэвэл хүн намайг худал хэлж байна гэж бодох байх.
Гэхдээ энэ үнэн. Автомашинтай явж байгаа амиа алдах магадлал 100 мянгад 10,2 байдаг бол шүхрээр бууж байгаад орчлонг орхих магадлал 100 мянгад 0,7 байдаг.
Онгоц хурдална. Газраас тасарлаа. Өндрөө авч байна. Хоёр тойрог хийгээд бид үсрэх өндөртөө хүрнэ. 600 метр. Хорооллын есөн давхар байшингийн өндөр 30 метр орчим байдаг гэхээр 180 давхар байшинтай тэнцэнэ гэсэн үг.
Ийм өндөрт бид гарах ёстой. Зааварлагчийн бугуйндаа зүүсэн өндрийн хэмжүүр 550 метрийг зааж байна. Хаалга онгойлоо. Одоо ч дөхөж байна даа. Сэнсний чимээнд бусдын яриа бараг сонсогдохгүй. Амны хайрцгаар нь л юу хэлж байгааг таана. Амжилт хүсэж байх шиг байна.
Зааварлагч гарынхаа хөдөлгөөнөөр л нисгэгч, шүхэрчдийг удирдана. Бос гээд дохиж байна. Эхний хүн хаалганы дэргэд очлоо. Би хоёр дахь нь. Үсэрчихлээ. Хэрвээ би үсрэхгүй л бол арын хүмүүсийн сэтгэлийг эвгүйцүүлнэ. Заавал үсрэх ёстой. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хаалганы цаана ямар байгааг мэдэхийг туйлаас хүснэ.
Эх дэлхий ийм үзэсгэлэнтэй болохыг үүрсэн цүнхнээсээ гарсан үргэлж даавууны ачаар мэдэж авлаа
Зүүн хөлөө онгоцны босгон дээр тавиад, баруун хөлөө гаргалаа. Онгоцноос салж байна. Би уг нь одоо дотроо гурван оронтой тоо гурван удаа тоолох ёстой. 301...302...303. Бэлтгэлийн үеэр хамгийн их тоолсон тоо энэ. Учир нь бүтэн албадан задаргаатай үсэрч байгаа шүхэрчдийн шүхэр энэ хугацаанд бүрэн дэлгэгддэг.
Гэвч тоолсонгүй. Гар, хөл хаана байгаа нь ч мэдэгдэхгүй. Зүгээр л салхинд хийсэж яваа толгой. Газар харагдана. Тэнгэр харагдана. Салхи шуугина. Ямар удаан юм бэ? Гурван секунд болоогүй юм байх даа? Өнгөрчихсөн л баймаар юм. Ингэхэд гурван секунд гэдэг хэр урт хугацаа вэ? Гэнэт аниргүй. Хөл гар буцаад ургах шиг. Мэдэрч байна. Дээшээ харлаа. Шүхэр дэлгэгджээ.
Ямар гоё юм бэ? Яагаад хүмүүс шүхрээр үсэрдэг болохыг одоо л мэдлээ. Эх дэлхий ийм үзэсгэлэнтэй болохыг үүрсэн цүнхнээсээ гарсан үргэлж даавууны ачаар мэдэж авлаа. Ямар үзэсгэлэнтэй юм бэ?
Газар ойртож байна. Улам ойртож байна. Хөлөө нийлүүлээд, хагас суугаа байдалд шилжээд, газардахад бэлтгэ. 100 метрээс доош өндөрт орж ирсэн бол эргэлдэх хөдөлгөөн хийж болохгүй. Газардах талбайгаа сонголоо.
Бидний буусан шүхэр яг л гурван метр өндөр дээрээс үсэрч байгаа мэт ачааллыг биед өгнө. Би уг нь 600 метрийн өндрөөс үсэрсэн. Гэхдээ шүхрийнхээ ачаар гурван метр өндөр дээрээс үсэрч буй мэт зөөлхөн буулаа.
Тийм ээ, би чадсан. Би зорилгоо биелүүлсэн. Гэхдээ нэг зорилгын ард дахиад нэг зорилго нуугдаж байдаг юм байна. Хоёр удаа дараалан онгоцноос үсэрсний дараа гэртээ ирээд орондоо ороход дахиад онгоцондоо сууж, дахиад үсрэх хүсэл асар ихээр төрнө.
- Хэрвээ эхний удаагийнх амжилтгүй болвол, шүхэр таны хувьд тохирох спорт биш юм | Стивен Урайт -
Тэр өдөр тэнгэр цэлмэг байлаа. Газардалт ч зөөлөн байлаа. Онгоцноос үсэрсний дараах тэр гурван секунд ямар урт байв аа. Гэхдээ онгоцноос салаад шүхэр дэлгэгдэх хүртэлх хугацаа уртсах тусам шүхэрчний чадвар нэмэгдэж байна гэсэн үг. Би тэр хугацааг уртасгамаар байна. Шүхэрчдийн хэлдгээр:
Тэнгэр нь цэлмэг, газардалт нь зөөлөн байг