Д.Сумъяа: Силваг өрөвдөөд бүр илүү хайрлаж хүндэлмээр санагдсан


2016-08-16 07:59 GMT+8
Рио-де-Жанейро. 2016.08.08. Олимпийн наадмын мөнгөн медаль хүртсэн агшин

Олон улсын спортын томоохон мэргэжилтнүүд Риогийн наадамд Монголоос хоёр олимпийн аварга тодорно хэмээн Д.Сумъяа, С.Батцэцэг нарын нэрийг дэлхий даяар түгээсэн.

Монголын ард түмэн энэхүү таамаглалыг биеллээ олоосой хэмээн ерөөлөө хайрлан баг тамирчдаа үдсэн билээ. Энэ их итгэлийг алдалгүй Д.Сумъяа Риогийн татамигаас олимпийн мөнгөн медальтай эх орныхоо зүг буцаж байна.

Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяатай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Лондоны олимпод квотоор орсон Д.Сумъяа Риод жингээ тэргүүлэн, дэлхийн аваргын хүрэл медальт цолтой зодоглолоо. Дөрвөн жилийн турш хөлс хүчээ гаргаж тууштай тэмцсэний үр дүн эхлээд энэ байлаа?
-
Нээрээ ч таны хэлснээр би дөрвөн жилийн өмнө цагаан хуудсаар л олимпод орж байлаа. Энэ бүхэн намайг мэдээж бүр илүү хөдөлмөрлөх ёстойг хатуухан сануулсан. 2016 оны олимпод дэлхийн чансааг толгойлж жингээ тэргүүлэн орно гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Гэхдээ 2012 оны олимпоос ойлгож авсан зүйл бол олимпод муу өрсөлдөгч гэж байхгүй. Дөрвөн жилийн турш тэмцээнээс тэмцээнд өндөр төвшинд бэлтгэчихсэн шилдэг 23 жүдоч олимпод зодоглодог.

-Риод ирснээс хойш сэтгэл зүйн хувьд хэр байв. Х.Эрдэнэт-Од багш Д.Сумъяа ирсэн цагаасаа л их тайван байсан гэж ярьсан?
-
Риод буугаад нэг их догдлоогүй. Хандгайтад бэлтгэлийн төвд байгаа юм шиг  санагдаад л тэр мэдрэмж төрөөд байсан. Бразил улс ч гэсэн бүх талаараа ивээлээ хайрлалаа. Уур амьсгал нь өглөө оройдоо жиндүү, сэрүүхэн эх орны минь намрын орой шиг л. 2013 онд дэлхийн аваргаар ирэхэд их халуун бүгчим, давчдаад байсан. Харин энэ удаад цаанаасаа л Монголын үнэртэй салхи гэдэг шиг уур амьсгал нь яг таарсан. Олимпийн наадмын зааланд ороход хүртэл цаанаа л дулаан уур амьсгал угтаж догдлол төрөхгүй байсан.

-Олимпийн наадмын эхний учраа 2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт Голландын Санне Верхаген. Сугалааны дараа Х.Баттулга ерөнхийлөгч “Д.Сумъяа намхан хүнтэй барилдаан таардаггүй. Эхний учраа бараг л хамгийн эвгүй нь” гэж байсан. Яг хэлснээр нь болсон?

2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт Голландын Санне Верхаген-Би жиндээ намханд ордог мөртлөө яалт ч үгүй барилдаан таарахгүй байдаг талтай. Голландын тамирчинтай Челябинскийн дэлхийн аваргаар хүрлийн төлөө барилдаад ялагдсан.

Тэр ялагдал надад Астанагийн дэлхийн аварга хүртэл харамсал төрүүлсэн. 2014 оны ДАШТ-ээс хойш алдаагаа засаж ерөнхийдөө намхан хүмүүсийн эсрэг хэрхэн барилдах тал дээрээ түлхүү анхаарч ажилласан. Дараа нь “Мастерс”-т таарч Голландыг ялж даагаа нэхсэн бол энэ удаад таарлаа.

-Дараагийн учраа мөнхийн өрсөлдөгч Монтейро байлаа. Астанагийн дэлхийн аваргаар торгуулийн барилдаанд Телма Монтейро хожиж яваад өөрөө алдаа гаргаж хожигдож байсан. Телма Монтейрогийн эсрэг юу бэлдэж гарав?

ОЛимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт Телма Монтейро-Яах аргагүй мөнхийн өрсөлдөгч. 2014 оны Челябинскийн дэлхийн аварга, 2015 оны Астанагийн дэлхийн аваргад торгуулийн барилдаанд таарч байсан бол олимпийн наадамд хэсгийн аваргын төлөө таарсан. Гурван жил дараалан гурван том тэмцээнд таарсан манай жингийн шилдэг бөх. 2014 онд би хожигдоод, 2015 онд хориотой мэх хийсэн хэмээн Монтейро ялагдаж, энэ удаад нэмэлт цагт торгуулиар хожлоо.

Монголоос ирэхдээ мэх бэлдэж ирсэн ч эн тэнцүүхэн барилдсаар л цаг сунгаад хожсон.  Монтейро хэдийгээр хүчтэй өрсөлдөгч минь хэдий ч олимпийн хүрэл медаль хүртэхэд нь баяр хүргэсэн. Гурван олимпод барилдаж байж анх удаа шагналын тавцанд зогслоо шүү дээ.

-2015 оны Астанагийн дэлхийн аваргаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн аварга Каори Мацүмотод ялагдсан. Тэр ялагдлынхаа дараа “Дараагийн удаа Мацүмототой таарвал хийх юмаа бодчихсон байгаа" гэж хэлсэн. Жилийн хугацаанд бодсон мэхээ олимпийн дэвжээнд хийв үү?
-Ерөнхийдөө тийм. Яг л бэлдсэн мэх минь байсан. Мацүмототой барилдахаар гарахдаа өөртөө их итгэлтэй байсан. Мацүмототой хийсэн барилдаан маш хурдан өрнөсөн.

-22 секундэд л?
-Санаснаа хурдан л хийе гэж бодсон. Зоригтой, өөртөө итгэлтэйгээр энгэрийн барьц аваад хормын хугацаанд хийсэн. Эхлээд нэг суугаад залгуулаад үүрчихсэн.

-Мацүмото-Павиа хоёрын барилдааныг үзсэн үү. Хэнтэй нь барилдахыг хүсч байв?
-Багш бид хоёр дэлгэцээр харсан. Хоёулаа баруун талтай болохоор аль нь ч ялсан гэж бодогдсон. Та хэнийг нь ялаасай гэж бодов.

-Францын Павиаг гаргаадаггүй болохоор Мацүмотог ялагдчихаасай гэж бодсон?
-Би тэр үед юу ч бодоогүй. Ялсантай нь сайхан барилдъя л гэж бодсон.

-Олимпийн наадмын 57кг-ын хагас шигшээ эхний барилдаан эхлээд л 22 секундийн дотор л Монголын олимпийн медальтай анхны эмэгтэй жүдоч тодорсон. Х.Эрдэнэт-Од багш орилоод л дэвжээгээ цохиж, нөгөө талд холбооны ерөнхийлөгч нь нулимс унагаж, хөгжөөн дэмжигчид дэвхцээд л явчихсан?
-Сайхан байсан. Би эмоци багатай хүн ш дээ. Ялсан ч ялагдсан ч барагтай эмоци гаргадаггүй. Гэтэл хормын зуур амьдралдаа гаргаж байгаа эмоци гаргаад л. Гараа яагаад ч байгаа юм. /инээв.сур/.

Гэхдээ тэр дорхноо дараагийн барилдаанаа бодоод хэт хөөрч болохгүй шүү гээд өөрийгөө барьсан.  Мацүмототой хийсэн барилдааны мэдрэмжийг тайлбарлаж хэлэхэд их хэцүү юм билээ. Тэр мэдрэмжийг би өөрөө илүүтэй мэдэрсэн. Багш намайг дэвжээнд гарахын өмнө “2015 оны дэлхийн аваргаар хожигдож байсан. Одоо өшөөгөө ав” гэж хэлсэн.

Монгол Улсад эмэгтэй жүдо бөх хөгжөөд 28 жилийн турш олон шилдэг жүдочдын хүсэн хүлээсэн олимпийн анхны медалийг эх орондоо авчрах сайхан байсан. Тэр олон хүний итгэл найдвар, залбирал надад ивээлээ хайрласан байх.

-Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр гэдэг шиг итгэл алддаггүй Доржсүрэнгийн Сумъяа гэж хэлмээр. 2015 оны Астанагийн дэлхийн аваргын эхний хоёр өдөр долоон жүдоч барилдаад ялагдсан. Энэхүү ялагдлыг зогсоож дэлхийн аваргын хүрэл медаль хүртэхдээ булган сүүлтэй байсан. Рио-2016 олимпийн наадамд бас л итгэл алдахгүйгээр Монголын багийн медалийн буухиаг эхлүүллээ?

-Өмнөх хүмүүс минь медаль авбал дараа, дараагийн хүмүүс сэтгэлзүйн хувьд давуу барилдана. Олимпийн наадмын эхний өдрүүдэд манай жүдочид сайн барилдсан ч медаль хүртээгүй.

Тийм ч учраас би хичээх ёстой, тайван байх ёстой гэж бодсон. Эхний хоёр өдрийн барилдааныг маш сайн харж шүүлт ямар байна, яавал ялж байна гэдэг дүгнэлт хийгээд л байсан. Бэлтгэл сургуулилт таарчихсан торгон үе дээрээ байгаа учраас тайван байхыг хичээсэн.

-Аваргын төлөөх барилдаан. Carioca arena цогцолборт цугласан Бразилийн хөгжөөн дэмжигчдийн нүргэсэн уухайн дунд барилдахаар гарч ирэхдээ хэрхэн бэлтгэв?
-Бразилийн ард түмэн сэтгэлийн хөөрөл ихтэй, жүдо бөхөд хайртай хүмүүс. Намайг ямар уур амьсгал угтах вэ гэдгийг ерөнхийдөө тооцоолж байсан. Надад тэр уур амьсгал бол нэг их нөлөөлөөгүй.

-Гарт эргэж үүрэхэд вазари үнэлгээ өгөөгүй гэдэг асуудал яригдсан. Барилдаанаа дараа нягталж үзсэн байх. Олимпийн наадам дэнсэлсэн М.Бөхбат шүүгч ч бас тайлбар өгсөн болов уу?

-Барилдаанаа нягталж үзсэн. Үзэгчид харахад бол үнэлгээ өгөхөөр харагдсан. Гэтэл дараа нь барилдааныг нь үзэхэд дүрмийн дагуу бол үнэлгээ байхгүй байсан юм билээ. Тохойн дээрээ эргэчихсэн байна лээ. Энэ удаад Силвад хожигдчихлоо. Гэхдээ дахиад л алдаан дээрээ ажилла, дахиад хөдөлмөрлөх ёстой гэдэг сануулга өгсөн.  Вазари алдах тэр агшин ч гэсэн хурдан болж өрнөлөө.

Энэ бол миний л алдаа, миний буруу. Монголчууд бөхчүүддээ хайртай, байнга урам өгч дэмжиж ирсэн ард түмэн. Иймдээ ч дургүйцлээ илэрхийлж IJF албан ёсны пэйж хуудас руу нэлээд гомдол хатуу үгс бичсэн байсан.

Гэхдээ юм нэгээр дуусахгүй учраас бас ингэж болохгүй. Жүдочдынхоо цааш, цаашдын тэмцээн уралдаан амжилтыг бодох хэрэгтэй шүү гэдгийг аминчлан захимаар байна. Бид бүхний ялалт, ялагдалд хамт байдаг та бүхэнтэй маш их баярлалаа гэдгээ дахин дахин хэлье.

-2012 онд Рафаела Силва хориотой мэх хийж хасагдаад адлагдаж байсан бол өнөөдөр үндэснийхээ баатар болчихлоо. Хамгийн гол нь Силвагийн энэ ялалт ядуусын хороололд өсч өндийж буй хэдэн сая хүүхдэд гэрэл гэгээ, итгэл найдварын гал асаалаа гэдгээр нь Бразилчууд түүнд талархаж байгаа?
-Силваг Бразилд ирэхээсээ өмнө тийм хүнд хэцүү нөхцөлд өсөж өндийсөн гэж мэдээгүй. Бурхдын хот гээд ядуусын хороолол нь гэхэд одоо олимпийн наадмын үеэр хана босгоод наана нь цагдаа нар хамгаалалт авчихсан байж байгаа. Лондоны олимпийн дараа Силва ард түмнээсээ маш их доромжлол шүүмжлэл хүлээж авсан.

Гэтэл Риод түрүүлсэн хэдий ч бас шүүлтийн асуудлаас болоод монголчууд болон бусад хүнээс шүүмжлэлийн таагүй үгс сонссон талаараа ярилцлага өгсөн байсан. Энэ бүхнийг сонсоод Силваг өрөвдөөд бүр илүү хайрлаж хүндэлмээр үлгэр жишээ авмаар санагдсан. Ийм хэцүү газраас хэрхэн хөдөлмөрлөж энэ спортын оргилд хүрснийг нь бодохоор бахархах сэтгэл төрсөн.

-Силва гарыг чинь хазчихсан гээд байсан?
-Харин би бас тэгж бодоод.  Цаг дуусахаас өмнө бооход гар луу шүдээрээ шүргэх шиг болсон. Барилдааны дараа хартал хазчихсан юм шиг хоёр газар шалбарчихсан. Тэгээд шагналаа авах гээд хүлээж байхдаа “Чи намайг хазсан” гээд тоглоомоор хэлсэн чинь “Би хазаагүй ээ. Шүдний аппарат ийм болгочихлоо” гээд уучлалт гуйсан.

-Олимпийн мөнгөн медаль хүртэх тэр гайхалтай агшинг үзсэн хөгжөөн дэмжигчдийн дунд Х.Цогтгэрэл байлаа. Амжилтынх нь ард түшиг тулгуур болж хамтдаа жүдогийн зааланд олон жил бэлтгэл хийсэн болохоор хайртай хүн нь мэдээж баярлаж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Бид хоёр 2010 онд танилцаж байлаа.

Тэр цагаас хойш бид хоёр бүхий л зүйлийг хамтдаа туулсан. Нэг гэрт ороод гурван жил болж байна. Найз залуу минь олимпийн наадмын хугацаанд хамт байсан болохоор сэтгэл санаа бас гоё байсан.

Ялалтын тэр агшинг харсан болохоор мэдээж баяртай байсан. Тамирчин хүн нэгэн зүгт зорилгынхоо төлөө тууштай явахын тулд олон зүйл золиосолдог. Энэ бүхнийг минь ойлгож дэмжиж явдаг хайртдаа маш их баярлаж явдаг шүү. Хайртай шүү гэж хэлмээр байна.

-Жүдогийн зааланд хөтөлж их спортод хөтөлсөн ачтай гавьяатай хүн бол аав нь байгаа. Олимпийн медаль хүртчихээд аавтайгаа ярив уу?
-
Аавтайгаа маргааш нь ярьсан. Утсаа авчхаад аав минь дуугардаггүй. “Байна уу аав аа охин нь байна” гэсэн чинь дуугарахгүй байж байснаа мэгшээд “Аав нь ярьж чадахгүй байна аа” гээд.

Анх удаа аавыгаа уйлж байгааг сонссон. Дэлхийн аваргаас медаль хүртэхэд уйлаагүй юм. Харин энэ удаад аавыгаа уйлуулчихлаа. Аав минь их хөдөлмөрч хүн. Ажил хийвэл дуусгаж байж санаа нь амардаг. Юмыг хойш тавьдаггүй зан чанарыг нь харж өссөн болохоор бэлтгэл сургуулилтаа яг л тэгж хийдэг.

-Барилдаануудыг нь үзэж үү?
-Аав намайг гаргаж өгчхөөд Баруунтуруун сум руу явчихсан. Хэсгийн барилдааныг нь үзсэн гэсэн. Аваргын төлөөх барилдаан үзэх гээд манай ах дүү нар бүгдээрээ нэг гэрт бөөгнөрсөн чинь бороо ороод сүлжээ нь тасарчихсан гэсэн. Хөдөө болохоор тэгээд үзэж чадаагүй.

-Олимп бүрийн дараа шигшээ багт томоохон өөрчлөлт ордог. Энэ олимпийн циклд тогтмол амжилттай явсан жүдо бөхийн шигшээ баг нэг мөнгөн медальтай эх орондоо очих гэж байна?

-Мэдээж ганц медалиар тогтохгүй амжилт гаргах байсан. Урнаа, Отгоо, Одбаяр, Төмөрхүлэг гээд бүгд л медалийн төлөө барилдах боломжтой байсан гэдгийг хэлмээр байна. Юуны өмнө би хоёр олимпийн циклд шигшээ багаа удирдан орсон Балжинням багшдаа баярлалаа.

Тамирчдын бэлтгэхийн төлөө маш их цаг хугацаа хөлс хүчээ зориулсан. Баттулга, Дашдаваа, Цэвэлмаа, Эрдэнэт-Од багш болон анхны дасгалжуулагч нартаа МЖБХ-ны хамт олонд, бэлтгэл хангагч нар эмч нар олон хүн дөрвөн жилийн турш амжилт гаргахын төлөө хамтдаа зүтгэлээ.

Жүдог өнөөдрийг зэрэгт хүргэхэд сэтгэл зүрхээ зориулан тамирчдад түшиг тулгуур болж ирсэн Х.Баттулга ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч М.Бөхбат нарт баярлалаа. Энэ удаагийн олимпод Монголын шүүгч дэнсэлсэн нь бид бүхэнд давуу талтай байсан. Мөн Спорт бэлтгэлийн төв, МҮОХ, Монголынхоо нийт ард түмэн баярласнаа хэлье. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Рапид девелопмент группийн хамт олон, 0253 дугаар ангийн хамт олон, “Хилчин” спорт хороо, эх орныхоо торгон хил дээр байгаа манаанд зогсч буй хилчдэдээ баяраа хуваалцмаар байна. Намайг хар багаас минь дэмжиж өнөөдрийг хүртэл надад итгэж ирсэн 0119 дүгээр ангийн хурандаа Х.Лхагвасүрэн тандаа маш их баярлалаа.

-Тамирчдыг үдэх ёслолд тангараг өргөсөн Д.Сумъяа, Д.Отгондалай нар  “Хилчин” спорт хорооных. Хамтдаа медаль хүртээд бас сонин тохиол шүү?
-Харин тийм. Медалийг буухиаг залгуулсан Отгондалайдаа баяр хүргэе. Дахиад олон медаль хүртэх байх аа. Чөлөөт, бокс, таеквондо гээд үлдсэн тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлнэ ээ.

-За баярлалаа. Олимп дуусаад дараагийн дөрвөн жилийн цикл эхэлдэг. Ирэх дөрвөн жилд ялалтын буухиагаа үргэлжлүүлээрэй гэж хүсэн ерөөе?
-Баярлалаа. Монголын жүдо бөхийн шигшээ баг олимпод ирсэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлийн баазад очиж хоёр хоног бэлтгэл сургуулилтаа хийгээд эх орондоо очно. Тамирчдын хувьд нэг жилийн хугацаа маш хурдан өнгөрдөг. Удахгүй 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орох болно.

   Рио-2016 олимпийн наадмын гэрэл зурагчин Ч.Ганбат

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1553 санал өгсөн байна.

Дээшээ