"Монголд үйлдвэрлэсэн МАЛГАЙ гэхээр хүмүүс итгэдэггүй"

Сэтгүүлч А.Одонтуяа

2016-08-17 08:30 GMT+8

-ГАРААНЫ БИЗНЕС-

Мандах төрийн малгай хэмээн Монголчууд эрт дээр үеэс малгайгаагаа дээдлэн хүндэлж ирсэн уламжлалтай.

Дээлэн дээр сайхан зохих туулайн ноолууран бүрх малгай, Жонон малгайнаас эхлээд зуны сийрсэн малгайг хүртэл эх орондоо үйлдвэрлэдэг болжээ. Green Hat ХХК нь бүрх малгайны үйлдвэрлэлээр Монголдоо анхдагч бөгөөд бүх төрлийн хэмжээ загвараар захиалга авч бүх насныханд зориулан үйлдвэрлэдэг аж. 

Тус компанийн маркетингийн менежер М.Идэрсайханыг ГАРААНЫ БИЗНЕС булангийн энэ удаагийн зочноор урилаа.

-Бизнесийнхээ санааг хэрхэн олсон бэ?
-Аав маань 90-д онд малгайны наймаа хийдэг байсан юм. Тэр үед бүрх буюу бидний хэлж заншсанаар шляпан малгайг Хятад болон Оросоос оруулж ирдэг байлаа. Тухайн үед өөрсдөө хийх боломжийг давхар судалдаг байсан. Улмаар Хятадын үйлдвэрүүдтэй харилцаатай болж, тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлдээд үйлдвэрээ нээсэн. 

-Бүтээгдэхүүнээ хаана худалдаалдаг вэ?
-Нарантуул, Хархорин, Дүнжингарав, Торгоны зам гэх мэт томоохон захуудаар худалдаалдаг. Манай худалдан авагчдын дийлэнх нь хөдөө, орон нутгийн хүмүүс байдаг. Тэд хотын төвөөс худалдан авалт хийгээд байдаггүй. Тиймээс зах зээлдээ зориулж бүтээгдэхүүнээ томоохон захуудаар худалдаалдаг. Мөн аймгуудад байрлах гэрээт борлуулагчдаасаа захиалга авч, нийлүүлдэг.

Цаашид бид нийслэлийн худалдан авагчиддаа зориулж хотын төвд дэлгүүр нээхээр төлөвлөсөн.

-Хэчнээн төрлийн малгай үйлдвэрлэдэг вэ?
-Манайх уг нь бүх л төрлийн малгайг хийдэг. Гэвч хүмүүс Монголдоо үйлдвэрлэсэн гэхээр итгэдэггүй. Бүрх малгайг ихэвчлэн 40-с дээш насныхан өмсдөг юм. Тэд дээр үеийн Орос бүтээгдэхүүнийг л сайн гэж үздэг болчихсон байдаг. Орос малгай гэвэл худалдаж авах хандлагатай. Тийм болохоор бид зарим малгайгаа Орос шошготой худалдаж байсан. Гэхдээ чанар нь бол яг л ижил.

Ерөнхийдөө манайд эрэгтэй малгайны 15 загвар байдаг. Харин эмэгтэйчүүд бүрх малгайг харьцангуй бага өмсдөг тул арваад төрлийн загвар гардаг.

1 | 5 фото
1
1
1
1
1

-Өдөрт хэдэн малгай үйлдвэрлэдэг вэ?
-Дунджаар 50-60 малгай гарна. Дээд тал нь 100 хүртэлх малгай гарах боломжтой.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Ерөнхийдөө бүрх малгайг хоёр түүхий эдээр хийдэг л дээ. Эсгий болон туулайн ноолуур. Хамгийн чанартай бүрх малгайг туулайн ноолуураар хийдэг юм. Туулайн ноолуураар хийсэн малгай эдэлгээ удаан бас үнэтэй байдаг. Бид Польш болон Оросоос туулайн ноолуур авдаг. Харин эсгийгээ Хятадаас авдаг. Ууг нь Монголынхоо эсгийг ашиглавал хэн хэндээ хэрэгтэй гэж боддог л доо. Гэвч Монгол эсгийний ширхэг зөрдөг учир бүрх малгай хийж болдоггүй.

-Үнийн хувьд?
-Үнийн хувьд янз бүр. Гол нь Хятадаас орж ирж байгаа малгайнаас хямд ч чанарын хувьд ижил. Манай эсгий бүрхүүд 25 мянгаас эхэлдэг харин хамгийн үнэтэй туулайн ноолууран бүрх маань 130 мянган төгрөг байдаг. 

-Нэг малгайд хэдэн жилийн баталгаа өгдөг вэ?
-Эсгий малгайд баталгаа өгөх хэцүү. Харин туулайн ноолууран малгайг бол 10 жил өмсдөг. Гэхдээ өдөр тутмын хэрэглээ биш болохоор хадгалалт болон арчилгаан дээр нь анхаарвал насны хэрэглээ болж чадна.

-Малгайны бизнес эрхлэхэд хүндрэлтэй тал юу байна?
-Борлуулалт. Учир нь манай зах зээл их жижигхэн. Бид борлуулалтаа тэлэх зорилгоор Өвөр Монголын наадмыг тохиолдуулж болдог олон улсын үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулахаар долоодугаар сард явсан юм. Гэтэл гааль дээр үүссэн үл ойлголцлоос болоод бүтээгдэхүүнээ ч гаргаж чадалгүй буцаж ирсэн. Гаалийнхан их хүнд сурталтай. “Бид эхлээд импортын бараагаа хүлээж авна, та нар хүлээж бай” гэх мэт чирэгдэл учруулна. Ууг нь экспортийн бүтээгдэхүүнээ явдал суудалгүй гаргадаг болвол бид ч гаднаас эх орондоо мөнгөн урсгал оруулж ирэх юм л даа. Заавал нэг танил талаараа хэлж яриулах ёстой юм шиг байдаг. Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлоход дэмжсэн бодлого гаргавал бидэнд гадаадын зах зээлд боломж бий гэж хардаг.

Мөн Засгийн газраас энэ хугацаанд нэг ч дэмжлэг авч байгаагүй. Харин ч Засгийн газар юм хийж эхэлж байгаа жижиг бизнесүүдээ татвараар дарамталдаг. Тэр нь бидэнд их хүнд тусдаг. Ядаж эхэн үед нь татвараас чөлөөлдөг бодлоготой байвал зүгээр санагддаг. Харин долдугаар сард болсон АСЕМ-ын уулзалтын үеэр Гадаад хэргийн яамнаас санал тавиад ирсэн 53 зочинд туулайн ноолуураар хийсэн хоёр, хоёр малгай хийж өгсөн. Гадаад хэргийн яамны Ёслолын хэлтсийн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. 

1 | 5 фото
1
1
1
1
1

-Яагаад Өвөр Монгол гэж?
-Өвөр Монголчууд, Монголчуудын хувцаслалтыг дуурайдаг. Уламжлалт баяруудаараа дээлэн дээр бүрх малгай өмсдөг юм. Тэгэхээр бидний хүрэх ёстой ойрхон бөгөөд том зах зээл бол Өвөр Монгол гэж харж байгаа.

-Хамгийн сүүлд гаргасан загвар?
-Сийрсэн малгай. Түүхий эдийг нь Польшоос аваад халуун өдөр өмсөх зориулалттай, хөнгөн, салхи нэвтэрдэг сийрсэн малгай гаргасан. Энийг худалдаалахад хүмүүс бас л итгэхгүй байсан. 

-Монголд өрсөлдөгч бий юу?
-Яг манайх шиг бүрх малгай хийдэг өрсөлдөгч бол байхгүй. Хамгийн том өрсөлдөгч гэвэл Эрээн. Бид нэг гоё загвар гаргахад Эрээнд бараг маргааш нь дуурайлгаж хийгээд зарж байдаг. Гол нь Монголчууд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэмждэг болвол бидэнд ирээдүй бий гэж боддог.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Өөрийн брэнд дэлгүүр нээж, олонд танигдах зорилготой. Бидний бүтээгдэхүүнийг хотынхон мэддэггүй. Хөдөөгүүр хүмүүс мэр сэр мэднэ. 

Мөн бид Польшийн Polkap брэндтэй хамтын ажиллагаатай байдаг. Цаашид энэ компаний албан ёсны төлөөлөгч болохоор ярилцаж байгаа. Ингэснээр Монголчууд дэлхийд алдартай үйлдвэрийн малгайг эх орноосоо нэмэгдэлгүй үнээр авах боломж бүрдэнэ.

-Баярлалаа. Амжилт хүсье. 

1 | 6 фото
1
1
1
1
1
1

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Та Green Hat ХХК-тай холбогдохыг хүсвэл ЭНД дарна уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 58 санал өгсөн байна.

Дээшээ