РИО2016: Гадны хэвлэлүүд Монгол дасгалжуулагчдын НҮЦГЭН эсэргүүцлийг онцолж байна

Сэтгүүлч А.Ихсанаа

2016-08-22 09:45 GMT+9

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд МУГТ Г.Мандахнаран эцсийн мөчид торгуулиар ялагдлаа.

Хүрэл медаль хүртсэн гэдэгт баттай итгэсэн Монголын багийн дасгалжуулагчид шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ мэдэгдэж, дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн явдлыг гаднын хэвлэлүүд онцолж эхэллээ. 

Италийн repubblica.it, Америкийн usatoday.comflowrestling.org, time.com, latimes.com зэрэг сайтуудад "Монголын багийн дасгалжуулагчид хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ" гэсэн гарчигтай мэдээллүүд гарчээ.

Лос Анжелес Таймст бичсэнээр "Монголын багийн дасгалжуулагчид шүүгчдийн өмнө хувцсаа тайчин, дотуур өмднөөс өөр зүйлгүй үлдлээ. Дасгалжуулагчдын нэг Б.Баяраа "Бид эсэргүүцлээ илэрхийллээ. Шүүлтэд асуудал байна. Гурван сая Монголчууд энэ хүрэл медалийг хүлээж байлаа, харин одоо медаль байхгүй... Цэнгэлдэх даяар биднийг дэмжиж байсан" гэжээ.

Харин Ройтерс агентлаг "...Барилдааныг 7:6-ын харьцаагаар тэргүүлж байсан Г.Мандахнаран сүүлийн 18 секундийн турш өрсөлдөгчөө тойрч гүйн, оноогоо хамгаалсан учраас торгуулийн оноогоор ялагдсан юм" гэж бичсэн байна.

Даниел Рубенштейн гэх Твиттер хэрэглэгч  хүртэл "Өнөөдрийн хамгийн онцгой мөч байлаа" хэмээн жиргэсэн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 387 санал өгсөн байна.

Дээшээ