-“Үе үеийн төр баригчдын хийсэн алдааг ард түмэн үүрэх ёсгүй...”-
Монгол улс дампуурлаа зарлахаас наагуур болж, үе үеийн эрх барьсан хүмүүсийн балгийг ард түмэн нуруундаа үүрэхэд хүрээд байна.
Өөрөөр хэлбэл иргэдийн өнөөдөр төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулна гэдгээ зарлаад буй.
Түүгээр ч барахгүй тэтгэврийн насыг хойшлуулах талаар маргааш хэлэлцэх гэж байна.
Төрийн эрх баригчид ийм алхам хийх болсон шалтгаанаа УИХ-аас 2007 онд Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх хувь хэмжээг бууруулсантай холбон тайлбарлаж байгаа юм.
Анхнаасаа даатгалын хамрах хүрээ өргөжиж, сангийн орлого нэмэгдэнэ гэж тооцоолсон байсан ч санаснаар болоогүй байна. Тиймээс 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд:
“Монгол Улс дахь хүн ам зүйн бүтэц өөрчлөгдөж байгаатай уялдуулан тэтгэврийн нас, шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал хурдацтай өсөж, тэтгэврийн сангийн зардлыг төсвийн татаасаар санхүүжүүлэх, төсвийн алдагдалтай одоогийн нөхцөлд Засгийн газар өр үүсгэн санхүүжүүлснээр өрийг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай.
Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 2011 онд ДНБ-ний 4.1 хувь байсан бол 2016 онд ДНБ-ний 5.5 хувь болж, санд улсын төсвөөс олгох татаас ДНБ-ний 2.0 орчим хувьд хүрч байна.
Макро эдийн засгийн төлөв байдал, төсвийн дунд хугацааны төсөөллөөс үзэхэд богино, дунд хугацаанд тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй.
Иймд дунд, урт хугацаанд тус сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байна” гэжээ.
Тэгвэл энэ талаар иргэд ямар байр суурьтай байгааг сонссон юм. Тэднээс "Төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын шимтгэл болоод тэтгэвэрт гарах насыг хойшлуулах талаар хэлэлцэх гэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?" гэсэн асуултыг асуув.
СУВИЛАГЧ Г: ӨНӨӨДӨР ЭМНЭЛГИЙНХЭН ХИЙСНЭЭ ҮНЭЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД ЮУН ШИМТГЭЛ НЭМЭХ ВЭ…
Эмэгтэй, 45 настай. (Шастины нэрэмжит Улсын нэгдсэн III эмнэлэг)
-Мэдээлэл авсан. Миний хувьд эсэргүүцэж байна. Тэтгэврийн насыг хойшлуулна гэж ярьж байна. Гэтэл сүүлийн үед хүмүүс тэтгэврийнхээ мөнгөндөө хүрч амжилгүй нас бараад байгаа биз дээ. Ялангуяа эмнэлгийнхэн гэхэд бүгд л вирүстэй, ямар нэгэн хууч өвчтэй тэтгэвэртээ гарч байна шүү дээ. Ер нь урт насалдаг хүн байдаг юм уу.
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр таны амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Дарамт үзүүлнэ. Цалингийнхаа 10 хувийг шимтгэлд төлж байна. 15, 20 хувь болоод ирэхээр өнөөдрийн талх, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг яах вэ гэж байгаа бидэнд дарамт л болно. Насаараа улсад шимтгэл төлсөн сувилагч хоёр сард тэтгэвэртээ гарч чадахгүй бухимдаад явж байна. Өнөө маргаашгүй тэтгэвэртээ гарах эмч шинжилгээгээр B, C вирүстэй болчихсон, насаараа ажилласан шагнал нь энэ гээд баярын бичигтэй л үлдэж байна. Ийм байхад юун тэтгэврийн насыг хойшлуулах талаар ярина вэ.
-Таны хувьд хэчнээн жил шимтгэл төлж байна. Нийгмийн даатгалын үр шимээс өнөөдөр юу хүртэв?
-Би улсад 25 жил ажилласан. Манай ажлын нөхцөлийг хэвийн бус хүнд нөхцөл гэж тодорхойлж байгаа. Гэтэл тэтгэврийн насыг хойшлуулчихвал тэтгэврээ авч чадах ч юм уу үгүй ч юм уу. Баталгаагүй л байна. Өнөөдөр эмч нар ийм стресстэй, бага цалинтай, ачаалалтай нөхцөлд яаж амьдрах вэ гэсэн бухимдалтайгаар ажлаа эхлүүлж байна. Энэ ачаан дээр нь шимтгэлийг нэмнэ гэвэл иргэдийнхээ нуруун дээр их ачаа л үүрүүлнэ гэсэн үг. 500 мянган төгрөгтэй хүмүүс нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар гээд 100 мянгыг нь өгчихөж байна. Ахиад нэмж авна гэвэл бид юугаараа амьдрах болж байна аа. Манай эмнэлэгт гэхэд өрх толгойлсон эхчүүд их байдаг. Тэд 500 мянга хүрэхгүй цалингийн төлөө хуруу хумсаа хугалаад л зүтгэж байна. Нөгөө талаас ирэх сараас илүү цагийн мөнгийг олгохгүй болсон гээд мэс заслын эмч нар бухимдаж байна. Илүү цагаар хагалгаанд орж өч төчнөөн хүний амь аварч байгаа хэрнээ хийснээ ч үнэлүүлж чадахгүй явна.
БАГШ Ж: АРД ТҮМНИЙ ХАЛААСЫГ УХААД ЭХЭЛБЭЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙХ, НУУН ДАРАГДУУЛАХ ҮЗЭГДЭЛ ИХЭСНЭ
Эр, 30 настай (Санхүү эдийн засгийн дээд сургууль)
-Нэмлээ гэхэд энэ асуудал шийдэгдэх үү гэдэгт л асуудал оршиж байна. Миний хувьд түр зуурын гал унтраасан шийдвэр байх болов уу гэж бодож байна. Төр баригчдын хийсэн алдааг ард түмэн ачаа болгон үүрэх ёсгүй. Нөгөө талаас хөдөлмөрийн насны хүмүүсийн хүсэл эрмэлзлийг мохоох үйлдэл болохоос гадна нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх, нуун дарагдуулах үзэгдэл нарийсах байх. Татвар бага байх тусам иргэд ном журмаар нь л төлнө. Харин дарамт бий болж иргэдийн халааснаас уудлаад эхэлбэл орлогоо нуугаад эхэлдэг шүү дээ. Нуугаад эхлэхээр улс авах ёстой авлагаа авч чадахгүйд хүрнэ.
-Шимтгэл нэмэгдсэнээр таны амьдралд хэрхэн нөлөөлөх бол?
-Мэдээж авч байгаа цалин, орлогоос хамаарч нөлөөлнө. Хоёр талх байсан бол нэг талх авдаг болно. Зарим өрхөд өнгөцхөн харахад нөлөөлөхгүй юм шиг боловч эрүүл мэнд, хэрэглээ, сэтгэл ханамжийн хувьд өөрчлөлтүүд гарч ирнэ. Шимтгэл төлсөн хувиа жилдээ үржүүлэхээр их хэмжээний мөнгө төлчихсөн байдаг шүү дээ.
НЯГТЛАН Н: БИ ШУУД ЭСЭРГҮҮЦНЭ
Эм, 31 настай (Хувийн компани)
-Би үүнийг шууд эсэргүүцнэ. Одоо төлж байгаа даатгалын шимтгэл бидэнд хангалттай ачаа үүрүүлж байна. Гэтэл үүнийг нь нэмэгдүүлнэ гэхээр утгагүй байгаа биз дээ. Эргээд жирэмсний тэтгэмж гэж авахаас өөрөөр бидэнд ямар ашигтай нь ойлгомжгүй. Тэгээд насаараа ажиллачихаад хөгширсөн хойноо тэтгэвэр гээд хаанаа ч хүрэлцэхгүй авдаг.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг хэчнээн жил төлж байгаа вэ?
-Найм дахь жилдээ төлж байна. Цалин 900 мянган төгрөг. Шимтгэл, татварт 700 хүрэх үгүйтэй л мөнгө гар дээрээ авна.
-Нийгмийн даатгал төлснийхөө үр шимийг хэрхэн хүртсэн бэ?
-Хоёр хүүхдээ гаргахдаа амаржсаны тэтгэмж авсан. Эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа шинжилгээ өгөх эрхтэй л гээд байгаа. Тэр нь ч ойлгомжгүй, мэдээлэл байдаггүй. Эмнэлэгт тэр бүр хэвтээд байдаггүй болохоор одоогоор үр шимийг нь хүртээгүй явна.

-Нөлөөлөлгүй яах вэ. Гар дээр байгаа цалингаа хүргэж чадахгүй байхад ахиад суутгахаар дарамт болно шүү дээ. Бидний үеийн залуучууд дунд зээлгүй хүн гэж ховор. Өрөөс өр зээлээс зээлийн хооронд амьдарч байна.
ИРГЭН С: ШИМТГЭЛ НЬ ХЭНД ХЭРЭГ БОЛООД БАЙГААГ БИД МЭДЭХГҮЙ БАЙНА
Эр, 32 настай (Хувиараа хөдөлмөр эрхлэгч)
-Яг энэ хэвээрээ төлсөн нь дээр гэж бодож байна. Нэмэгдүүлнэ гэхээр үнэхээр хүнд байна. Энэ 10 хувиа төлөхөд л хэцүү байгаа шүү дээ. Зарим компаниуд үндсэн цалингаас нь багаар бодож шимтгэл төлдөг. Тэгэхээр шимтгэлийн нэмчихвэл иргэд байгууллагууд үндсэн цалингаа нуух тохиолдол илүүтэй гарна. Миний хувьд одоогоор төлөхгүй байгаа. Жилийн өмнө бол долоон жил төлсөн.
-Хувиараа төлж байгаа гэсэн үг үү?
-Үгүй. Хувиараа төлөөд ямар ч хэрэггүй юм билээ. Ямар ч зээл тэтгэмжид хамрагдах боломжгүй. Ажилд орохоороо үргэлжлүүлж төлнө. Өмнө нь төлж байхдаа хамгийн ихдээ 200 мянган төгрөгийг төлсөн. Олон жил төлсөн ч дундаа тасалдсан болохоор даатгалын урамшуулалд хамрагдах боломжгүй болсон. Магад долоон жил төлсөн мөнгөө хадгаламжид хийсэн бол өнөөдөр миний амьдралд илүүтэй хэрэгтэй ч байсан юм бил үү гэж бодох үе гарна.
-Тэтгэврийн насыг нэмэх талаар бас яригдаж байгаа?
-Насаараа шимтгэл төлж төлчихөөд, эргээд тэтгэврээ авч чадахгүй юм биш үү. Хамгийн гол нь төлөөд байгаа шимтгэл нь хэнд хэрэг болоод байгааг бид мэдэхгүй байна. Өнөөдөр хүүхдээ хараад гэртээ нөхрийнхөө цалингаар амьдарч байгаа хүний хувьд хэцүү санагдаж байна.
Зургийг Д.Жавхлантөгс