Гавьяат барилгачны гунигтай түүх

GoGo.mn

2016-08-26 17:26 GMT+8

Энэхүү нийтлэлийг Барилгын салбарын 90 жилийн ойд зориулав. Барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байсан мянга мянган ахмад настан буурлууд аа хүндэтгэн хайрлая.

Сэтгэлдээ гомдолтой, зүрхэндээ гунигтай амьдарч яваа түүний чин хүсэл юу байв.

ӨМНӨГОВИЙН УРАН САНЖ

Алдарт Говь хэмээх шүлэгт
Говь гэмээ нь
Говь билээ 
Говь заримдаа 
Улайссан тогоо шиг 
Ууршин байдаг
Голио царцаа нь 
Хуурсан тариа шиг 
Үсчин шуугьдаг... хэмээн дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан нүдэнд үзэгдэж сэтгэлд буутал дүрслэн бичсэн байдаг.

Туулж барахгүй элсэн цөлд дэрснээс өөр сүүдэрлэх бараагүй өмнийн их говийн бүтээн байгуулалтыг Дашийн Санж босголцсон гавьяатай хүн билээ. Өдгөө 84 настай Санж гуай Өмнөговь аймагт төрж өсөн, хүн болж  хүй цөглөсөн нутагтаа аж төрөн амьдарч байна.

Жил гаруйн өмнө Санж гуайтай утсаар холбогдон барилга, бүтээн байгуулалтын талаар санаа оноогоо ярилцахаар уулзах боломж хайн, хэзээ хот орж ирэхийг нь асуухад “Би энэ жил хот орж өвөлжинө. Энд ганцаараа амьдардаг юм. Өвөл гал түлж гэрт амьдарна гэдэг хэцүү шүү дээ” гэлээ. Түүний дууны өнгө нь нэг л гунигтай, амьдралын зутруухан дүр зураг нүдэнд минь харагдах шиг болж билээ. 

Монгол Улсын гавьяат барилгачин хүн шүү дээ. Яагаад... гэх элдэв бодол надад төрж билээ. Тэгээд цааш нь Санж гуай–Би айлыг голомтоо асаах гэр оронтой болгож явснаас биш өөрөө орон сууцад амьдарч үзсэнгүй. Нүд анихаас өмнө цөөхөн жил ч болтугай тухтай байранд амьдарч үзмээр санагддаг.

Нүд анихаас өмнө цөөхөн жил ч болтугай тухтай байранд амьдарч үзмээр санагддаг. 

Орон сууцтай болох хүсэлтийг үе үеийн Ерөнхийлөгч, БХБЯ-ны сайд, Нийслэлийн  засаг дарга гээд бүх л дээд удирдлагуудад  гаргасан боловч, хүсэлтийг минь шийдвэрлэж чадахгүй, бие бие рүү цохолт хийн  сүүлдээ замхраад дуусдаг даа гэж  санаашран ярих нь тэр. Би түүнтэй ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтэй байгаагаа хэлээд  бид хоёрын яриа ийнхүү өндөрлөсөн юм.

Бүтэн нэг жилийн турш Санж гавьяатын тухай бодон энэ хүнтэй уулзаж дурсамж дэлгэн ярилцахын зэрэгцээ бага ч болов амьдралд нь тус дэм болох сон гэсэн битүүхэн бодол тээн явлаа. Ингээд долоодугаар сарын эхээр түүнтэй уулзахаар Өмнөговь аймгийг зорив.  

Нутгийн хүмүүсээс хаягийг нь асууж сураглахад Уран Санж гуайнх уу гэж анддаггүй юм байна. Тэднийх аймгийн төвөөс холгүйхэн амьдардаг юм билээ. Нүдэнд дулаахан, хөнгөн шингэн сайхан буурал намайг тосов. Хашаан дотор нь хоёр машин байна. Нэг нь мөргөлдсөн гэнэ. Хаалгыг нь Санж гуай янзалж байгаа гэнэ. Уран Санж гэж хэлдэг нь араггүй юм байна гэж бодлоо. Гэрт нь оров. Аяга цай уун жаал зуул юм ярилаа.

Намайг өөрийг нь зорьж УБ-аас зорьж ирсэнд талархаад бас гайхаад байгаа нь илт ажиглагдсан. Энэ олон жилд хэн ч намайг эргэж тойрч ирж байгаагүй гээд байн байн инээвхийлэн ярих нь нэг л өрөвдөлтэй. Тэр гэрийн баруун хаяанд тавьсан цаасан хайрцгийг гарган дотроос нь баярын бичиг, жуух бичиг,  талархал, сайшаалын үнэмлэх гээд  өөрийнх нь амьдралын түүхийг гэрчлэх  нарийн нандин зүйлүүдээ  гаргаж ирэв. Санж гуай залуу насандаа, би Социализмын үед очсон юм шиг аль алиных нь сэтгэл хөөрч, өнгөрснийг сөхөн ийн хөөрөлдөв. 

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН САНЖ

Санж гуай 1932 оны зуны эхэн сарын 15 нд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төржээ. Эхээсээ 13-уулаа. Эднийх  5 хошуу малтай, дээрээс нь сарлагтай, эцэг эх нь их хөдөлмөрч, хур хөрөнгөтэй айл байв. Эцэг нь Пунцаг Даш зайсангийн  хүү  Балдан засгийн хошууны цоохор Дорж гэж олонд нэртэй, хүрээнд алдартай хүн байсан аж. 

Аав нь зүгээр ч нэг хар хүн биш, буддын сургаал, ном судар сонирхдог, эрдэм номтой хүн байв. Ээж нь Охины Даш гэж бас л хөрөнгөтэй айлын охин байсан гэнэ. Хүүхэд нас нь хөдөө хээр мал дээр өсөж, 1941 онд бүх ард түмнийг хэл бичигт сургах жилд сургуульд орсон боловч 2 ах нь цэрэгт явах болсноор арга буюу мал дээрээ эргээд  гарчээ.

Ийнхүү аав ээждээ туслан мал даган нэлээн хэдэн жил болж байтал 1958 онд нэгдэлд орж малаа нийгэмшүүлэв.  Эцэг нь насаараа өсгөсөн 1,000 гаран малаа улсдаа өгөөд, өөрсдөө 75 толгой малтай үлдэж байсан аж. Тухайн үед 1,000 гаран малтай айл бараг байгаагүй гэнэ лээ. 

Дээр үед модыг 2 огтлоод доод талыг нь гадаад руу, дээд талыг нь дотооддоо хэрэглэдэг байлаа.

Угийн гарын ур дүйтэй залуу хүү мод чулуутай ноцолдохоос гадна төмөр металл зүйлд дурлан хазаарын амгай, олмын арал гээд бүх багажаа өөрөө хийдэг нутагтаа гайхагдсан тийм л уран хүн байв.

Энэ нь сумын нэгдлийн даргын нүдэнд өртөн 1955 онд сургууль барилцах ажилд томилогдон нийслэлээс банз,  дүнз авчрахаар 70 тэмээ хөсөглөн хэсэг нөхдийн хамт явж байсан нь их барилгад хөл тавих  эхлэл нь болсон байна.  

Ингэж хаа холоос нэг сар гаруй тэмээ хөсөглөн авчирсан модоо хайр гамтай, хаягдал үрэгдэлгүй ашиглаж байсан нь түүний нарийн нямбай зангийнх. Модноос хамгийн сайн нь нарс тэр дундаа Хэнтийн нурууны  улаан нарс нь бүүр сайн ширхэгтэй байдаг. Дээр үед модыг 2 огтлоод доод талыг нь гадаад руу, дээд талыг нь дотооддоо хэрэглэдэг байлаа шүү дээ.

Хүмүүс үржил шимээ өгч ургаж өндийж байгаа модны ац салааг нь тасдаж хаячхаад түүнийгээ ЯР гэж их муухайгаар хэлэх юм. Арай өөрөөр хэлж болноо доо гэж сэтгэл эмзэглэн ярьсан юм.

Барьсан барилгынхаа дэргэд

Анх барилгын салбарт ороход  нь аймгийн төвд нь долоо, наймхан барилга байлаа. Сургууль, аймгийн театр, эмнэлэг, гурван орон сууц ингэсхийгээд болоо.

Аймгийн барилга угсралтын конторт мужаан цехийн мастер, барилгын техникчээр ажиллахдаа 30 гаруй барилгыг бие даан бариулж, 100 гаруй барилгын бүтээн байгуулалтад оролцож явжээ. Сургууль, эмнэлэг, клуб, дотуур байр, орон сууц, тэжээлийн агуулах, зоорь, гарааш гээд гар хүрээгүй бүтээн байгуулалт, очоогүй сум гэж түүнд үгүй. Түүний ажилласан жилийг тооцох юм бол 3/1 нь хөдөө хээр өнгөрчээ.

1966 онд анх барилгын мужаан цех байгуулахад техник тоног төхөөрөмжийг  бүгдийг нь өөрөө хийн, анх удаагаа “Аж ахуйн дотоод тооцоо”-г Өмнөговь аймагт нэвтрүүлэн ажиллав. Мөн барилгын дотор заслыг хийхэд ашигладаг зөөврийн тогоо, барилгын дүүргэгч материал ачих механикжсан төхөөрөмж, 1-3 давхарт барилгын гадна талыг шат угсрахгүйгээр гүйцэтгэх хагас механикжсан төхөөрөмж гэх мэт хүч хөдөлмөр, хөрөнгө хэмнэсэн түүний бүтээлүүдийг дурдвал зөндөө бий. Тухайлбал тэр 20 гаруй шинэ санаачилга гарган ШБОС-ын гэрчилгээ арвыг авчээ. 

1969 онд хилийн цэргийн барилга, отрядын төв дээр ажиллаж  байтал нэг машин хүрч ирээд түүнийг Барилгын захиргаа хүрээд ир гэж дуудуулж байна гэлээ. Очлоо. Тлейхан сайд байж байна гэнэ. Сайд Санж гуайд  Аж үйлдвэр, барилгын тэргүүний мастерын анхдугаар чуулганд төлөөлөгчөөр оролцох урилга өгөв.

Сайдтайгаа уулзаж, урилга авна гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Хотод ирж чуулганд оролцов.

Үйл ажиллагаа ч сайхан болж, шагнал урамшууллаа гардуулж дуусаад байж байтал нэг хүн Өмнөговийн Санж гэж дуудав. Нэг хүн түүнийг дагуулаад Тлейхан сайдын өрөөнд оров. Сайд “БНМАУ-ын тэргүүний барилгачин” цол тэмдэг, 100 төгрөгөөр Санж гуайг шагнаад-Удахгүй "Шинийг санаачлагч" улсын зөвлөгөөн болно түүнд ирж оролцоорой гэж хэлэв.

Сайд маань хөөрхий намайг шагнал урамшуулалд нь ороогүй гээд өөрийнхөө мэдлийн шагналаа өгсөн байх гэж боддог юм. Манай сайд  барилгын салбарт ихийг хийсэн, дайчин шаргуу хүн байсан юм гэж Санж гуай дурсан саналаа. "Тэргүүний барилгачин" медалийн дээр  “Улсын аварга барилгачин” байсан бөгөөд Санж гуай тэрхүү хүндэт медалиар 1990 онд шагнагджээ.

Санж гуайг  П.Очирбат ерөнхийлөгч асан УБ хотод урьж хаусныхаа дээврийг хийлгэж байсан түүхтэй. Түүний нарийн арга нь орос технологи,  нэг ширхэг ч хадаас хэрэглэдэггүйдээ гэсэн. 1963-2002 он хүртэл Говь Гурван Сайхан ХХК  ажилтнаар тасралтгүй ажиллаж Өмнөговийнхоо бүтээн байгуулалтад  хөдөлмөр оюунаа зарсан юм. 

Барилгын артель байхаас нь эхлэн зүтгэсэн Санж гуайн хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлэн 1996 онд  МУГБ цол тэмдгээр шагнажээ. Гарын ур нь  барилгачны амьдралд хөтөлж, хөдөлмөр зүтгэл нь гавьяат цолд хүргэв. Гэвч төр засаг гарын ур дүйтэй,  дархан байсных нь төлөө залуу насанд нь хэлмэгдүүлж шорон гянданд хорьчхоод  цагаатгалгүй МАРТАЖ ОРХИСОН гашуун түүхтэй. Төр ийнхүү мартсан ч, төмөр торны цаана хоригдсон Санж хэзээ ч мартаагүй бэтгэрч сууна. 

ГЭМТ ХЭРЭГТЭН САНЖ 

1959 онд  27-хон настай Санж 4 хүүхдийн аав болоод, халамжит сайхан ханьтайгаа сумын төвдөө төвхнөн аж төрөн амьдран сууж байв. Гэтэл 10 сарын 25-нд аймгийн төвөөс 3 хүн ирж, дулаан хувцсаа авахыг нь сануулан баривчлан авч явжээ.

Сумын төвөөс аймаг хүртэл 200 км. Хаа холоос зорьж ирснийг нь бодоход зүгээр ч нэг хэрэг биш болж таарав. Маргааш нь аймгийн төв дээр ирээд баривчилсан  учир шалтгаан тодорхой болов. Сэврэй сумын контороос аравдугаар сарын эхээр  32.000 төгрөг алдагдсан шуугиан нь намжаагүй байсан үе.

Ийм их хэмжээний мөнгийг төмөр хайрцагаас цоожийг нь хөшин эвдэж хулгайлсан байж болзошгүй багажтай хүн бол Санжаас өөр байгаагүй болохоор хамгийн түрүүнд сэрдэгдэж. Энэ хэрэг дээр Өмнөговь аймгийн сэргийлэхийн дарга Н.Шарав, ахлах мөрдөн байцаагч Н.Түмэнжаргал  нар  ажиллав. Ухаж төнхөөд ч хэргийг хүлээлгэж чадаагүй тул 14 хоногийн дараа батлан даалтад гаргав. Гэвч гадуур ганцхан  хонуулаад маргааш нь дуудан авчраад-Бид ажлаа хийж шалгадаг юмаа хийж дууссан.

Мэддэг сэн бол одоо таныг ингээд явуулмаар л байна. Гэтэл прокурор таны хэргийг нааш нь шилжүүл гэж байна. Ингээд тэр мөрдөнд 10 сар хоригдож, цээжний махаа бартал хулгайлаагүй гэдэг ганц үгээ давтсаар л байв. Хоригдсон 10 сарын хугацаанд ерөөсөө л хэргээ хүлээ, гарын үсгээ зур гэдэг байв. Мөнгөний хайрцгийн цоож, түүний багаж болох хуурай, хайчийг ЗХУ-д нарийн мэргэжлийн шинжилгээнд явуулсан гэв.

Байцаалтыг Тогтох гэдэг хүн гардан хийж байсан бөгөөд нялх нойтон хүүхэдтэй эхнэр Долгорыг нь айлган сүрдүүлж 4 удаа мэдүүлэг авахдаа–Нөхөр чинь хэргээ хүлээсэн, тэр шөнө гэрээсээ гараад хэсэг хугацааны дараа ирсэн гэсэн гэрчийн мэдүүлэг авч чаджээ. Эхнэрийнх нь гэрчийн мэдүүлгийг Санжид үзүүлэхэд биеэ барьж чадалгүй байцаагчаа сандлаар цохиж  хэргээ бүүр хүндрүүлж орхив. Санж зүгээр ч бас байсангүй. Аймгийн намын хорооны дарга Б.Нямбуу болон, Улсын мөрдөн байцаах газар, прокурорт хэрэг үйлдээгүй болохоо, хэлмэгдүүлэн хорьж байгааг бичсээр байв.

Үүний хүчинд хэдэн сарын дараа Улсын прокуророос Цогт гэдэг хүн Өмнөговь аймагт ирж ажиллан хэргийг ултай суурьтай судлан түүнийг хэрэгт холбогдолгүй хэмээн  шоронгоос суллав. Хоригдох  хугацаандаа  бөөс хуурсандаа баригдан , ямар ч тамир тэнхээгүй  турж эцэн,  ухаан алдаж унадаг болж, сүүлдээ мэдрэлийн ядаргаанд орж  Шар хаданд хүртэл хэвтсэн байна. Энэ талаар тухайн үед мөрдөнгийн хянагч байсан И.Ламаажав, Х.Равжих нар дурсахдаа-Д.Санж нь аймгийн прокурор Юндэнбазар гуайн шийдвэрээр маш хатуу дэглэмтэйгээр хоригдон, хоол унднаасаа хасуулан , 1 халбага шар будаагаар шөл  хийн өгдөг байсан.

Прокурор руу туугаад явж байхад ухаан алдаж унах юмуу, замдаа хэд хэд амарч очдог байсан тухай тодорхойлолт гарган бичжээ. Шоронгоос гарахад нь гэр бүл нь салж, хүндлэгдсэн нөхдийн харьцаа нь тасарч хэн биш болж орхигдсон байлаа. Хэдэн жилийн дараа хэргийн эзэн нь баригдаж, Сэврэй суманд багш хийдэг Н.Ангараг гэдэг хүн авсан нь илчлэгдэв.

Ийнхүү 7 жилийн дараа Ангарагийн эхнэр нь нөхрөө хулгай хийснийг гэрчлээгүй байсан бол насан туршдаа хулгай хийсэн байж магадгүй гэсэн эргэлзээтэй, үнэн мөнөн нь тогтоогоогүй өдий хүртэл амьдрах байсан биз ээ. Хэргийн эзэн нь 15 жилээр таслуулж шоронд явжээ.  

Энэ хэрэг дээр нь ажиллаж байсан аймгийн прокурорын дарга Юндэнбазар гэгч нь түүнийг  зориудаар татан оруулж, хэрэгтэн болгох гэж махран зүтгэсэн. Шоронд 32,000 төгрөгийн  акт тавигдаад үхэх ёстой байсан Санж амьд гарч чадсан байна. Прокурор Юндэнбазар нь  Ангараг гэдэг хүнтэй холбоотой байсныг тэр сүүлд  олж сонсжээ.

Тухайн үед 32,000 төгрөгийн хэргийн эзэн гэж аймаг даяар шуугичихаад, үнэн мөн нь тогтоогдохоор сонингын нэг булан дээр уучлалт эсвэл залруулга хийгээгүйд нь одоо хүртэл Санж гуай гомдолтой явдаг аж. 

Тэр  нэр төр, сэтгэл санаа, эд материалын   гомдлоо барагдуулах тухай хүсэлтийг 1964 онд Улсын прокурорт хандсан боловч  хариу нь "...Уг хэрэгт зайлшгүй шалгавал зохих сэжигтнээр холбогдуулан эрүү татаж мөрдөн  шалгаснаар уг хэрэг танд холбогдолгүй болсон юм" гэсэн бичиг хийн өгсөн байна.

Энэ хариулт түүнд  хангалттай байсангүй. 1966 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын Хянан Шалгах Хороонд хандсан  боловч буцаагаад  Улсын прокурорын шийдэх асуудал гэж цохолт хийн өгсөн байна. Ингээд 1996 онд цагаатгах комисст хандав. Мөн л хариу нь:

..... Санжтай холбоотой энэ асуудал нь Эрүүгийн хэрэг гэж ойлгогдож байна. Манай комисс нь зөвхөн улс төрийн хэргээр шийтгэгдсэн иргэдийн асуудлыг авч үздэг учраас энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Д. Санжийн энэхүү гомдол нь хүнийг гүтгэн гүжирдсэн, эрхийг нь хөсөрдүүлсэн, сэтгэл санаа эд материалын хүнд хохиролд хүргэсэн эрүүгийн хэрэг бололтой. Иймд аймгийн шүүх, Улсын дээд шүүхэд өргөдөл бичин энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.  

Ийнхүү Санж гуай 50 жил хөөцөлдсөн нэхэмжиллээ. Өмнөговь аймгийн сум дундын шүүхэд дараах нөхцөл бүхий нэхэмжлэл гаргахаар зэхжээ.

Үүнд:     

  1.  Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн хилсээр хоригдсон /1959.10.25-1960.09.14 / хугацааны цалин хөлсийг одоогийн ханшаар тооцон 3,754,999 төгрөгийг надад нөхөн олгуулах.
  2.  Төмрийн дарханы багаж хэрэгсэл, гутлын өртгийг өнөөгийн ханшаар үнэлж 600,000 төгрөг, 1,400 төгрөгийг дээрх илтгэлцүүрийг өсгөж 1,001,000 төгрөг бүгд 1,601,000 төгрөгийг надад эргүүлж өгөх.
  3.  Хилсээр хоригдсон хугацааны цалин хөлсний нөхөн олговор, хураагдсан багаж хэрэгсэл, гутлын үнэ бүгд 5,355,000 төгрөгийг бэлэн мөнгөөр нь надад эргүүлэн олгох шийдвэр гаргах.
  4.  Санж намайг 32,000 төгрөгийн хулгайн хэрэгт ямар ч холбогдолгүй, хэлмэгдэж хохирсон нь үнэн болох тухай шүүхийн тогтоолд тэмдэглэн нэр төрийг минь сэргээн өгнө үү гэжээ. Түүний хэргийн материал нь устаж үгүй болсон бөгөөд ЗХУ-д шинжилгээнд явуулсан багаж эргэж ирээгүйгээр барахгүй, явуулсан эсэх нь тодорхойгүй. Гэрээс нь 1,400 төгрөгийг нь хураан авчхаад буцааж өгөөгүй. Хамгийн чухал  нь мөнгөөр үнэлшгүй сэтгэл санааны хохиролд нь хэн ч уучлалт гуйгаагүй гэнэ. Дээр үед  "Билүүний баасыг хувцсандаа арчдаггүй, тэгвэл  хуурай гүжирт ордог" гэж ярьцгаадаг байсан. Би мөн ч олон удаа арчсан хүн дээ гэж гунигтайхан инээвхийлсэн юм. 

Нэгэн цагт улсдаа 1,000 гаран малаа нийгэмшилэн, залуу насаа бүтээн байгуулалтад зориулж явсан энэ буурлын хөлийг нь хаана хүртэл алхуулах вэ? Гомдол тээж, гуниг хуруулсан түүний чин хүсэл нь Нэгд. Орон сууцад орох Хоёрт. Хэлмэгдсэн хэрэгт нь нөхөн олговор олгож, хийгээгүй хэрэгт нь уучлалт гуйх.

Иймээс БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр болон төр засгийн удирдлагууд хөөрхий нэгэн гавьяатай гавьяатынхаа чин хүслийг нь биелүүлж, хайр хишгээ үзүүлээсэй. 

П.Наранмандах

oronsuuts.com

GoGo Facebook Хуудас
 
 
Та долоон сарын 9-ний ням гарагт болох дахин санал хураалтад оролцох уу?
Нийт 505 санал өгсөн байна.

Дээшээ