Нямаас даваа гарагт шилжих шөнө Москва хот нэлээн түгшүүртэй өнжлөө. Цагдаа нар зарим байрны хаалгыг нь эвдлэн орж, дотор нь хүн байгаа, эсэхийг шалгана. Төд удалгүй мөнөөх барилгуудыг нураах ажил эхлэв. Москва хотын удирдлагууд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг буулгах хоёрдугаар аянаа эхлүүлсэн нь энэ.
Хар дансанд нийт 107 барилга бүртгэгджээ. Тэдний ихэнх нь худалдааны төвүүд. 12 байрны эзэмшигчид өөрсдийн санаачилгаар барилгаа буулгасан бол 51-ийг нь мэргэжлийн компаниар нураалгаж байна. Харин үлдсэн хэд нь уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, нураалгахгүй гэж гүрийж буй. Гэсэн хэдий ч шийдвэрийг гүйцэтгэнэ гэдгийг эрх мэдэлтнүүд сануулжээ.
Нэгэнт байшин бариад авсан хойно эд нар яадаг юм гэсэн байдлаар ханддаг даварсан нөхдүүдтэй Москва хотын удирдлагууд энэ жилээс эрчимтэй тэмцэж эхэлсэн жишээ энэ.
Оросууд ганцхан шөнийн дотор 100 гаруй барилга нурааж байв
Өнгөрсөн хоёрдугаар сард л гэхэд ганцхан шөнийн дотор 100 гаруй барилга нураасан удаа бий. Энэ удаа мөн л төдий тооны барилга зохих зөвшөөрлийг нь аваагүйнхээ шанг хүртэж эхлээд байгаа юм. Төр төмөр нүүрээ харуулна гэдэг л энэ буюу.
Зөвшөөрөлгүй барилга гэсэн нэр монголчуудад, ялангуяа хотын бидэнд ихээхэн танил сонсогдож байгаа биз. Хоёр байшингийн голд жижигхэн зай олдох л юм бол тэнд нь юу дуртайгаа босгодог зан зөвхөн биднийх гэхэд хилсдэхгүй. Айл, албан байгууллагын цонх хаагаад барьчихна.
Өндөр хүчдэлийн шугам, дулааны шугам сүлжээг дайруулаад барилга босгоно. Түүнчлэн зураг төсөл байтугай газрын зөвшөөрөл аваагүй атлаа барилгын ажил эхэлж, хоёр, гурван давхар болгочихсон тохиолдол хүртэл байна. Захиалагчдын хувьд барилгаа нэгэнт босгоод авсан тохиолдолд дараа нь яаж ийгээд зөвшөөрөл, бичиг баримтыг нь авчихна гэсэн бодолтой. Төр хэтэрхий зөөлдөж, тэдний толгойг илээд байгаа болохоор ийн даварсаар өдийг хүрчээ.
Өдгөө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт зөвшөөрөлгүй 27 барилга бүртгэлтэй байна. Ихэнх нь барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй. Тиймээс хууль дүрмийн дагуу зөрчлөө арилгах шаардлага тавьж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Тэдний тав нь зөрчлөө арилгасан тул хар данснаас хасах саналаа хүргүүлсэн байна. Харин иргэн н.Оюунцэцэг болон иргэн Ц.Машбатын гэсэн хоёр барилгыг албадан буулгах саналтай байгаагаа мэргэжлийн хяналтынхан дээш уламжилжээ.
Эх нялхсын ЭМҮТ-ийн баруун талд баригдсан ногоон өнгөтэй хоёр давхар үйлчилгээний төвийг хүмүүс андахгүй. Явган хүний зам хааж барьсан энэ барилга мөн л зөвшөөрөл нь дутуу. Бас анх зөвшөөрөл авсан газрын хэмжээгээ нэмж, явган хүний зам руу оруулан өргөтгөл барьж орхисон. 500 мянган төгрөгийн торгууль тавьсан ч зөрчлөө арилгаагүй хэвээр тул албадан буулгах санал гаргасан байна.
Иргэн н.Оюунцэцэгийн барилгын тухайд архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураггүй хэрнээ орон сууцны гурван давхар барилгын цутгалт хийж амжжээ. Түүнчлэн өөр гурван аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал оруулчихсан.
“Нэг үеэ бодвол зөвшөөрөлгүй барилга барих явдал харьцангуй цэгцэрсэн. 2015 онд хийсэн шалгалтаар нийслэлийн хэмжээнд 83 барилга ямар нэг зөрчилтэй байсан. Газрын эрх байгаа ч гэсэн эскиз зургаа батлуулаагүй, төлөвлөлтийн даалгавар байхгүй, зураг төслийн дүгнэлт гараагүй, ямар нэг байдлаар газрын маргаантай гэх зөрчил дийлэнх нь.
Харин ажлыг нь зогсоож, арга хэмжээ авсны хүчинд ихэнх нь зөрчлөө арилгаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Цаана нь 24 барилга зөвшөөрөлгүй” хэмээн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа хэлсэн юм.
Зөвшөөрөлгүй барилгуудын жагсаалтыг харахад янз бүрийн зөрчил бий.
Тухайлбал, Цагдаагийн академийн өргөн чөлөөнд баригдаж буй иргэн О.Цэрэнханд, Д.Хашбат нарын барилга архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг төсөлгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй хэрнээ гурван давхар төмөр бетонон каркас цутгаад орхичихож. 3 дугаар эмнэлгийн хойд талд баригдаж буй дөрвөн давхар тоосгон барилга мөн л зөвшөөрөл нь дутуу. Тус барилгад 9.6 сая төгрөгийн торгууль оногдуулсан бөгөөд инженерийн шугам сүлжээний хангамжийг хязгаарлах санал оруулсан байна.
Энэ мэт мөнгө, эрх мэдэлдээ дулдуйдан зөвшөөрөл авсан газартаа дуртайгаа босгодог дураар авирлагчид олон. Харин хотын удирдлагууд сүүлийн үед зарим нэг шийдвэртэй арга хэмжээ авсан нь том толгойтнуудад хатуухан сануулга болов. Өнгөрсөн жил ХУД-т иргэдийн орон сууцны цонх таглан барьсан барилгын өргөтгөлийг албадан буулгасан нь үүний нэг жишээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт зөвшөөрөлгүй 27 барилга бүртгэлтэй
Иргэд шат шатны шүүхээр уйгагүй явсны эцэст ийнхүү ялалт байгуулсан юм. Мөн хоёр жилийн өмнө 40 дүгээр сургуулийн хашаанд барьсан бильярдын төвийг буулгасныг санаж байна. Одоо нэмээд хоёр барилга албадан буулгах хар дансанд орчихож. Зүй нь энэ мэтээр хатуурхаж байж байдлыг цэгцэлж, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох учиртай.
“Нуулгүй хэлэхэд барилга барьчихаад дараа нь зөвшөөрлөө хөөцөлддөг байдал 2012 оноос өмнө зөндөө байсан. Харин шинэ журам гарснаас хойш манайхан тогтмол шалгалт хийж, энэ бүх байдлыг цэгцэлсэн. Мэдээж бага хэмжээний зөрчил байсаар байна. Гэхдээ хэдэн жилийн өмнөхтэй харьцуулалтгүй” хэмээн Т.Эрдэнэтуяа дарга нэмж ярьсан юм.
Албаныхан зөвшөөрөлгүй барилгуудыг илрүүлж, сануулах, торгох зэрэг арга хэмжээ авсны эцэст албадан буулгах шийдвэрт хүрдэг. Мэдээж үүнийг нь компаниуд эсэргүүцэж шүүхэд гомдол гаргана. Адгийн зарга 10 хоног гэгчээр шат шатны шүүхийн шийдвэр гарах гэсээр хэдэн жил өнгөрдөг болохыг албаныхан учирлав.
Иргэдийн амьдрал хүнд байгаа үед оросууд шиг зуу зуугаар нь барилга нураах нь ч хаашаа юм. Гэхдээ бид хууль дүрмэндээ захирагдаж л амьдрах ёстой. Хууль зөрчсөн хүн шүүхээс ял сонсож, шоронгийн хаалга татдаг. Харин хууль дүрэм зөрчин байж барилга барьсан нөхөд ихэнхдээ сануулга авч, сайндаа л 250 мянгаар торгуулсан болоод өнгөрдөг нь яавч шударга биш.
Г.Баярсайхан