Өхөөрдөм бэлэг буюу таны жижигрүүлсэн хувилбар


2016-09-01 08:30 GMT+8

-ГАРААНЫ БИЗНЕС-

Анд найзын төрсөн өдөр, амраг хосын баярын өдөр гээд л хэн нэгэнд тохиолдсон баяр жаргалыг хуваалцах үед нэг асуудал тулгардаг. Энэ бол бэлэг сонголт.

Ямар бэлэг өгвөл баярлах бол гээд л бодол болдог шүү дээ. Тэгвэл ГАРААНЫ БИЗНЕС булан энэ удаад бэлэг сонголтын асуудлыг шийдэх боломжийг танилцуулах гэж байна.

Chin's Art урлан хүүхэлдэйн баримал, хөрөг зургийн захиалга авдаг. Өөрөөр хэлбэл, таны жижигрүүлсэн хувилбарыг тэд бүтээдэг. Төрсөн өдөр, шинэ хүүхэд эргэх, шагнал хүртэх гээд тэмдэглэлт баярын алинд нь ч өгч болох бэлэг бол энэ.

ХАРИУЦЛАГААС ЭХЭЛСЭН БИЗНЕС

Бизнесийн эхлэл янз бүр. Харин энэ удаагийн зочны эхлэл сэтгэл хөдөлгөм. Chin's Art урланг СУИС-ын уран баримлын ангийн оюутан Б.Тэргэл эхнэрийн хамт ажиллуулдаг. Өөрөө оюутан, эхнэр нь ч мөн оюутан. Залуу хос үрийн зулай үнэрлээд удаагүй. Тэд хүүхэдтэй болоод хэрэгцээ шаардлага нь ихсээд ирэхээр хүний гар харж, эцэг эхдээ дараа болохгүйн тулд урлангаа нээжээ.

Памперснаас эхлээд л идэж уух, өмсөж зүүх гээд хүүхдийн хэрэгцээ их байдаг тул нөхрийнхөө авьяас, мэргэжлийг ашиглан бүтээл туурвиж эхэлсэн хэмээн эхнэр нь өгүүлсэн юм.

Долоон сартай хүүгийнхээ нэрийн эхний үеэр нэрлэсэн урлан бүтээл гаргаж, захиалга авч эхлээд удаагүй. Өнгөрсөн зургадугаар сард найзынхаа хүсэлтээр охиных нь баримлыг анх энэ төрлөөр хийсэн байна. Харин үүний дараагаар захиалга ар араасаа ундарсан гэхэд болно.

Жүжигчин Б.Дөлгөөн гэр бүлийнхээ баримлыг захиалж, түүний дараагаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Одончимэгт найзууд нь “Аз жаргалын шок” киноных нь постерыг биет болгон бэлэглэсэн байна.

Хурим найр, төгсөлтийн баяр, төрсөн өдөр гээд л захиалга нь нэмэгдсээр Солонгос, Японоос хүртэл захиалга аваад амжжээ. Гурван сарын хугацаанд 90 орчим захиалга авч, олон хүнд баяр баясал бэлэглэсэн байна.

ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ БАЯРЛУУЛАХАД ИЙМ ХЯЛБАР

Хүүхэлдэйн баримлыг баримлын шаварны нэг төрөл болох Jumping Clay, Polymer Clay-ийг ашиглан хийдэг аж. 15-20 см-ийн өндөртэйгээр гардаг уг баримал хөнгөн бөгөөд цэвэрлэхэд хялбар. Ил байрлаад шороо тоосонд дарагдчихвал чийгтэй алчуураар арччихна.

Баримлын шавар гэхээр хэв нь алдагдаж, эдэлгээ даахгүй гэж бодогдож магадгүй. Гэхдээ дээрх төрлийн баримлыг халуунаар бэхжүүлж, лакддаг тул эдэлгээ даах чадвартай болдог байна.

Интернэтийн хөгжлийг дагаад захиалга өгөхөд ч хялбар. Хүссэн зургаа фэйсбүүк болон инстаграмаар илгээгээд л захиалгаа идэвхжүүлээд 4-7 хоногийн дотор таны бэлэг бэлэн болох юм байна.

Үнийн хувьд том хүн 15, хүүхэд 7-10 мянган төгрөгийн үнэтэй гардаг аж.

Хүүдээ зориулан хийсэн зүйл нь бас нэг төрлийн шинэ бүтээл болох боломжтойг Б.Тэргэлийн гэргий хэлж байв. Хорвоод мэндлээд удаагүй шинэ хүнээ эргэхээр очиход цаашид үлдэхээр гоё бэлэг тэр бүр санаанд ордоггүй. Памперс эсвэл хувцас гээд л сонголт багатай байдаг. Тэгвэл хүүхдийн төрсөн орд, жил, өндөр, жинг бичсэн зургийн жаазыг ч тэд захиалгаар хийж байна.

Цаашдаа хүүхэлдэй болон хөрөг баримлын чиглэлээр улам сайн бүтээл туурвиж, урлантай болно хэмээн ярих залуу хосын шинэлэг бизнестэй та ЭНД дарж танилцаарай. Мөн захиалга өгөх бол 99139815 дугаарын утсаар холбогдоорой.

Та GoGo мэдээний агентлагын Гарааны бизнес буланд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахыг хүсвэл 11-326590 дугаарын утсаар холбоо бариарай.

GoGo Facebook Хуудас
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 58 санал өгсөн байна.

Дээшээ