50 жилийн тэртээ эзгүй хээр, зэрлэг онгон байгальд алдарт Ар Нөмрөгийн заставын шавыг тавьж, тулгын чулууг өрөлцөж явсан эрхэмүүд өнөөдөр эх орныхоо торгон хилийн зүг хараа сунган сууна. Заставыг анхлан байгуулж эх орноо хамгаалж, хилээ манаж явсан идэр цэргүүд өдгөө өвгөн буурал болсон ч Хилийн 0198 дүгээр ангийнхаа ойд саяхан очоод ирснээ сэтгэл догдлон ярьж байна. Дурсамж, дурдатгал дүүрэн, хөдөлмөр бүтээл арвин Ар Нөмрөгийн заставын анхдагч, заставын анхны дарга хошууч генерал Ж.Ишдоржийн “Амьдралын тойрог”-т саатсан юм.
Хошууч генерал Ж.Ишдорж хонгор нутгийн хүн. 1937 онд Баянлиг сумын нутаг Зургаан худаг гэдэг газар мэндэлжээ. Генералыг төрдөг жил довцог дээрээс тарваганы нүхнээс ус урссан их борооны жил байсан гэдэг. Тэрээр энэ тухай “50 жилийн дараа нутагтаа гэр бүлээрээ очиход хадам аав нь “Чиний төрсөн жилийн их борооны ус одоо л татарч байна” гэж байсан.
Тэгэхээр бороо хур 50 жил үргэлжилсэн юм болов уу. Манай нутаг жилийн жилд хивс дэлгэчихсэн юм шиг л байдаг. Дуунд гардагчлан жинхэнэ заган шугуй, өвс ногоо элбэг ярих юмгүй сайхан нутаг. Дөрөө шүргэм тийм л өвс, ургамал нь жигдэрсэн нутаг байгаа юм. Манай нутагт хүн төрөлхтөн үүссэн гэж ярьдаг Цагаан агуй гэж газар байдаг. Ер нь хэдэн зуунаар тоологдох түүхт газар их бий. 1957 онд газар их хөдөлж байсан. Дэлхийн газар хөдлөлтийн дээд хэмжээ 12 балл байдаг бол манайх 11 балл байсан гэдэг. Газар хөдлөлийн дараа 2-3 метр хиртэй хагарч суусан хэд хэдэн хэсэг бий” гэсэн юм.
Ж.Ишдорж гуайн аав ахыг нь долоон настай сургуульд оруулчихаад бусад хүүхдээ 10 настай өгнө гэсээр түүнийг 1947 онд бага сургуульд оруулжээ. Тухайн үед тэднийх бусдын адил дундаж амьдралтай, олон хүүхэдтэй хэдэн малаараа амьжиргаа залгуулдаг байж. Ийм цаг үед Ж.Ишдорж генерал зургадугаар ангиа төгсөөд сургуулиа орхиж, хөдөө гарчээ. Тэрээр “Багаасаа цэргийн хүн болно гэж бодож байсан ч зургадугаар ангид ордог жил буюу 1952 онд Цэргийн төв сургууль, Аюулаас хамгаалах ерөнхий сургууль татан буугдсан. Тэгээд цэргийн сургуульд явж чадахгүй нь гэж бодогдоод гарчихсан. Өөр шалтгаан ч байсан байх” гэв.
Малчин хүү хэсэгтээ аав, ээжийнхээ гарын үзүүрт зарагдаж байгаад нэгдлийн тоо бүртгэгчийн албатай болсон байна. Залуу үеийнхэнд сайн, муу янз бүрээр л хэлэгддэг нэгдлийн талаар ихээхэн өөдрөг бодолтой явдаг нэгэн юм. Яриан дундаа “Нэгдэлд элссэнээр хөдөлмөрийн хөлс өгч, ажил хийж чадсан нь сайхан амьдрах боломж бүрдэж иргэдийн амьдрал эрс дээшилж, соёлжсон.
Нэгдэл гэдэг айл нэг л биш гэж байгаад тараасныг таашаадаггүй. Хамтач, хамтаараа амьдардаг байсан үе. Хүүхдүүдийг бүх нийтээрээ хүмүүжүүлдэг байлаа. Хонь хариулж байгаад унтвал шилбүүрдүүлнэ. Шилбүүрдүүлснээ аав, ээждээ хэлбэл хов зөөлөө гээд загнуулна. Үүнийг би их зөв хүмүүжил байсан гэж боддог. Одоо бол хүүхэд рүү муухай харлаа гэж загнаж байна” хэмээн бодож явдгаа хэлэв.
ЦЭРГИЙН АЛБАНААС АЛТАН МОСКВАГ ЗОРЬЖЭЭ
Өдгөө 80 насыг давсан хошууч генерал цагтаа хил хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж явсныг түүх гэрчилнэ. Хошууч генералын “үндсэн” үүрэг буюу хил хамгаалах байгууллагатай холбогдсон үе 1958 оноос эхтэй. Тэрээр 1957 онд цэргийн алба хаах хүсэлт гаргасан ч Нэгдлийн тоо бүртгэгчийн буюу албаны ажилтай гээд буцаажээ. Тухайн үед одоогийнх шиг техник байхгүй аймгийн төв рүү 200 гаруй км мориор ирж, очно.
Тэгээд дараа жил нь цэрэгт явна гэсэн чинь буцаад ирдэг юм гээд анхаарах хүнгүй болж. Тэгэхээр нь заавал цэрэгт явна гэж сэтгэл шулуудаад Нарийн бичгийн даргаасаа гуйж байгаад хүслээ биелүүлж цэрэгт мордсон байна. Энэ тухайгаа тэрээр “Би цэргийн алба хаах чин хүсэлтэй байлаа” гэсэн юм.
Ингээд цэргийн албанд мордож битүү цасан шуурганаар их л хол явж хөвөнтэй туурга, бор эсгий дэвсчихсэн газар ирсэн нь Алдар түүхтэй одон тэмдэгт тусгай хороо буюу гурван одонт Улаанхуарангийн цэргийн ангид хуваарилагдсан байна.
Тусгай батальеонд байлдагч, бага даргаар гурван жил алба хаажээ. Тэрээр “Нэг ёсондоо ажлын гараагаа бригадын тоо бүртгэгч, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээс эхэлсэн. Хамгийн шилдэг залуус эвлэлд элсэнэ. Гэтэл одоо яаж байна. Залуусыг олон нам руу татаж, улс төрийн албан тушаал амлаж эв нэгдлийг нь бусниулж байна. Эх орны бүтээн байгуулалтад нэгдмэл хүчээр оролцуулах ёстой. Монголд 24 нам байдаг гэхээр 24 тийш нь залуусыг чангааж, хооронд нь хагаралдуулж байна. Сэхээтэн залуус ухамсартай юм хойно ойлгож байгаа биз” хэмээсэн нь түүний ярианаас шүүмжлэх өнгө аяс цухалзаж байв.
Цэрэгт байхдаа зүгээр ч алба хаасангүй номын сангийн эрхлэгч, номын багш гэсэн албан үүрэг гүйцэтгэж байгаад 1960 онд Москваг зорьжээ. ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургуульд суралцахаар шалгарч Хилийн цэргийн дунд хүчний боловсон хүчнийг бэлтгэдэг сургуульд Монголоос 15-уулаа гурван жил сурсан нь энэ. Цэргийн хүн болох балчир багын хүсэл мөрөөдлөө Москва хотод биелүүлсэн тухайгаа Ж.Ишдорж генерал “Цэргийн эрдэм, тэсвэр хатуужлыг тэндээс л сурсан. Бидний дунд гурван генерал, хурандаа, хоёр дэд хурандаа, хошууч цолтон бий. Ш.Арвай, Ж.Дашдаваа гээд мундаг генералууд байна. Тэдэн дундаас Ш.Арвайг мөнхийн захирагч хэмээн бодож хүндэтгэж явдаг” гэлээ.
Москвад сурсан залуус 1963 онд төгсч ирээд Ж.Ишдорж гуай Нисэхийн байцаан өнгөрүүлэхэд шалгагч офицероор жил гаруй болохдоо улсын баатар Ж.Нэхийттэй хамт ажиллаж байжээ. Тухайн үед Ж.Ишдоржийг Энэтхэг, Куб, Анголь улсад яамны шугамаар яв гэж “дээрээс” тулгахад нь “Лениний академид сурна. Үгүй ”гэж зүтгэсээр Тусгай хорооны хамгаалалтын нэгдүгээр ротод орлогчоор очсон байна. Албаны томилолт бүрт нөмөр нөөлөгтэй, арвин туршлагатай мундаг хүмүүстэй ажилласан байна. Улсын баатар Ж.Нэхийттэй ажиллаж байгаад Тусгай хорооны хамгаалалтын нэгдүгээр ротод шилжихдээ Г.Хүүжий хурандаатай гар нийлэн дөрвөн жил ажиллажээ.
АР НӨМРӨГИЙН ЗАСТАВЫГ БАЙГУУЛСАН НЬ
Мундагуудтай нэг албанд зүтгэж багагүй туршлага хуримтлуулаад байтал сурвалжлагын эхэнд дурьдагдсан Дорнод аймгийн Ар Нөмрөгийн заставыг байгуулалцах даалгавар авсан байна. Тэр жил сайдын шалгалтаар тусгай батальеоны офицеруудаас ганцхан сум алдаж 29 оноод Жамбалсүрэн сайдаас “Онц буудагч”-ийн тэмдэг авч байсан удаатай. Мөн ахлах дэслэгч цол аваад 21 хонож байтал ахмадын мөрдэс зүүж томилолт өвөртөлснөөр Нөмрөгийн застав байгуулагдах эхлэл болсон түүхтэй.
Нөмрөгийн заставтай холбогдсон тухайгаа хуучлахдаа “1966 оны хавар тавдугаар сард Дорнодын онгоцны буудалд буухад шиврээ бороо орж байсан. Халтар генерал “Хувьтай хүн хур борооноор гэдэг юм. Чи хувьтай явна аа” гэж хэлснийг тод санадаг юм. Очиж бэлтгэлээ базаачихаад зун долдугаар сард дахиад л 10 гаруй машинтай хотоос гарсан.
Нөмрөгийн заставт 1966 оны наймдугаар сарын 6-ны 12:00 цагт очсон. Тэр өдөр застав байгуулагдсан түүхтэй. Анх очиход одоогийн застав байгаа газраас буга, хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс гарч давхиад яг л хээрийн амьтны хүрээлэн байлаа. Маргааш нь бургасны тохойд хоёр тогос байхыг манай нэг цэрэг ирж хэлсэн юм.
Хүмүүс бужигнаад эхлэхээр тэгсэн юм болов уу, тогоснууд долоо хоноод явчихсан. Орой нь гэрүүдээ бариад бүх зүйл задгай байж байтал гэнэт хар үүл гараад бороо орж цахилгаан цахиад эхэлсэн. Шөнө 23:00 цагийн үед Лхамсүрэн гээд цэрэг винтов бууны үзүүрт жад хийчихсэн байсан чинь жад руу нь цахилгаан цахисан байгаа юм. Гэтэл мань хүн буугаа түлхчихээд нүүрээрээ усанд хэвтчихсэн. Тэр үеийн цэргүүд тийм л мундаг байсан. 20 гаруй настай хөвгүүд шүү дээ” гэсэн юм.
Ийнхүү Ж.Ишдорж тэргүүтэй багийнхан Нөмрөгийн заставын шавыг тавьснаас хойш 1968 он хүртэл заставыг удирдаж байгаад Лениний нэрэмжит цэрэг улстөрийн академид суралцах болжээ. Ийнхүү гадаадад цэрэг улстөрийн чиглэлээр хоёр дахь удаагаа мэргэжил дээшлүүлж, мэдлэг туршлага хуримтлуулах болсон хошууч генерал Ж.Ишдоржийг тухайн үеийн хил хамгаалах байгууллагын өндөр боловсролтой, сэхээтнүүдийн нэг байсан гэж хэлж болно. Лениний академид дөрвөн жил суралцан амжилттай төгсч ирээд Эрдэнэцагааны 0136 дугаар отрядад Цэрэг улстөрийн орлогчоор таван жил, 1977 оноос отрядынхаа даргаар гурван жил ажилласан байна.
САРД 2-3 УДАА ГЭРТЭЭ ХОНОДОГ БАЙСАН
Хошууч генералыг ажилдаа хэр хариуцлагатай, сэтгэл зүтгэлтэй гэдгийг ганцхан жишээнээс харж болно. Тэрээр тухайн үед ажил үйлс, амжилт бүтээлээрээ гавихгүй, цэргийн ангиудын сүүлийг “мушгидаг” байсан Дорнод аймгийн 0131 дүгээр отрядад ажил сайжруулах даалгавар авч томилогдон очжээ. Очсон даруйдаа хил зөрчдөг, ажил цалгардуулдаг байдлыг халж, цэргүүдийг тогтмол бэлтгэл сургуулилт хийлгэж хичээсний дүнд хамгийн сүүлийн байр эзэлдэг ангийг нэг жилийн хугацаанд хилийн цэргийн хэмжээнд шилдэг анги болгож чадсан түүхтэй.
Түүнээс ажлын арга барилыг нь сонирхвол “Хүнтэй л ажиллах асуудал. Би цэргүүддээ миний зорилго бол аав ээжид чинь бүлээн хацрыг чинь үнсүүлэх явдал гэж байнга хэлдэг байсан. Дээр нь боловсрол мэдлэгтэй, цэх нуруутай, бие бялдар сайтай гоё залуу болгоод явуулахыг хүсч байсан. Тэр үед цэрэгт татагдахад, халагдахад нь ар гэрт нь захиа бичнэ. Товчоор хэлбэл тодорхойлолт бичиж явуулна.
Отрядын дарга гээд эрх ямба эдлэхгүй. Байнга хилийн заставт л ажилладаг. Дорнодод л гэхэд 365 хоногоос 265-д нь ажилласан байдаг. Үлдсэн 100-д нь Эрдэнэцагаанд ажилласан. Ингээд тооцохоор 265 хоногийн 200-г нь хилийн заставт. 35 хоногт нь томилолт, хурал зөвлөгөөн. Бодвол сард 2-3 удаа гэртээ хонодог байсан биз.
Би нэгдүгээр заставт оччихоод 2, 3 гэсэн дарааллаар нь дамжиж очихгүй. Шууд зургадугаар застав зэргээр алгасч өөр өөр заставт очино. Тэгэхгүй бол дарга ирнэ гээд бэлдчихнэ. Хэд хэдэн удаа гэнэт яваад очихоор ажил нь ихээхэн сайжирна. Заставын дарга нартаа “Та нар байнга бэлэн бай” гэж хэлдэг. “Дээрээс” шалгалт очиход заставын дарга нартаа хэлэхгүй. Та нар өөрсдийнхөө байгааг л харуул гэдэг. Энэ нь хүнийг арга барилд сургах чухал нөлөөтэй. Мөн ямар нэг ажил даалгахаар ерөнхий чиглэл өгнө. Хэрхэн биелүүлэх нь тэр хүний арга ухаан, сэтгэлээс шалтгаална” гэсэн юм. Магадгүй түүний “хүнтэй ажиллах” эрдэм хаана ч ямар ч албанд очиход шилдэг нь байсан байх.
Ж.Ишдорж генерал сүүлд Хилийн ба дотоодын цэргийн улстөрийн газрын даргаар таван жил, Намын комиссын даргаар 1990 он хүртэл ажиллаад гавъяаныхаа амралтад суужээ. Намын комиссын дарга болгох шийдвэрийг сонсоод “Хилийн байгууллагад л ажиллана, чадах ажлаа л хийе” гэж зүтгэсэн ч хүчээр шийдвэр гаргажээ. Тэрээр энэ тухай “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж үг бий.
Үүний илрэл над дээр болсон. Би социализм гэж ярих дургүй. Эвтэй найртай, хамтаараа гэсэн үг. Коммунизм гэж зүгээр цаасан дээр бичсэн мөрөөдөл байсан болохоос хаана ч байхгүй нийгэм. Комунист болохын тулд дэлхийн оюун ухааны суут бүтээл, ололт амжилтаар өөрийгөө бүрэн цэнэглэсэн хүн гэсэн тодорхойлолт бий. Тиймээс байгаа ч үгүй байх ч үгүй” хэмээснээр яриагаа өндөрлөсөн юм.
ХОЁР НАРНЫ ХООРОНД ЯВАХАД МИНИЙ ЦЭРГҮҮД ӨЛСЛӨӨ, ДААРЛАА ГЭЖ ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ
Гэхдээ бидэнд тусгайлан ярих нэг зүйл бий. Энэ сэдэв бол хошууч генералын хувьд анх байгуулагдсан цагаас нь хойш өнөөг хүртэл 50 жил сэтгэлдээ тээн яваа Ар Нөмрөгийн заставын тухай. Сар гаруйн өмнө буюу наймдугаар сарын 11-нд Ж.Ишдорж генерал тэргүүтэй найман хүндтэй буурал заставынхаа түүхэн ойд оролцоод ирсэн байна.
Энэ талаараа ярихдаа “Би заставынхаа ойд хөгшинтэйгээ хамт очсон. Анх буурин дээр буусан тэр өдрөө бараг ойгоо тэмдэглэсэн. Отрядын удирдлагууд сайхан бэлдсэн нь үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүллээ. Эл хуль байсан застав өнөөдөр үлгэрийн юм шиг болжээ. Анх очоод 20 цэрэг 200 гаруй км хилийн шугам хариуцаж байсан. Сард хоёр удаа хэсэгчлэн шалгана. Өвлийн хүйтэнд өглөө гараад хилийн шугамаар явсаар байгаад орой буугаад цас ухаж явсаар гэрийн бараа харна. Зарим үед хээр цайгаа буцалгаж ууна.
Хоёр нарны хооронд тийм хүнд амьдралтай байхад миний хэдэн цэрэг дарга аа хоол идэе гэж хэлж байгаагүй. Ядарч байна гэж хэлж үзээгүй. Хатуужилтай эх оронч хөвгүүдээ байнга дурсч явдаг. Дархан хилийн багана дээр очоогүй, хилийн шугамаар явж үзээгүй хилчин байх ёсгүй гэж боддог. Нэг жилийн цэрэг гэлтгүй хил дээр очуулж танилцуулж байх хэрэгтэй. Хил хамгаалах байгууллага ахмадуудаа сайхан хүндэлдэг хүлээж авдаг. Хил хамгаалах салбар хөгжиж , боловсон хүчний чадвар өсч байна” гэсэн юм.
Хошууч генерал Д.Ишдорж эхнэр Б.Лхагваагийн хамт ач, зээ нараа тойруулан сууна. Биднийг очиход Зээ Г.Батзориг, Г.Батмөнх нар нь өвөө, эмээдээ тусалж байв. Том зээ нь нисэхийн механик инженер мэргэжилтэй бол Г.Батмөнх нь МУБИСийн Эдийн засгийн сургуулийн оюутан гэнэ.
Ж.Ишдорж генерал “Миний зээ нар хүмүүжил сайтай, сурлагатай. Ямар ч ажлыг сэтгэлээсээ зүтгэл гарган хийдэг. Өвөө нь бахархдаг . Харин миний хань намайг дагаж хилийн отряад, заставаар олон жил хил хязгаар нутгаар явсан даа. Залуу байхдаа ажлын хойноос ухаангүй шахам яваад ар гэрийн ажлыг хаячихдаг байсан. Ажлаа хийж л байвал болдог байлаа. Амьдралын бүхий л цаг үед хань маань ар гэр үр хүүхдээ сайхан авч явсан. Ажилдаа тайван саадгүй явахад гэр бүлийн хүний тус их” гэв. Гэргий Б.Лхагва мөн л 20 жил цэргийн албанд зүтгэжээ. Улс орондоо хийж бүтээсэн зүйлтэй, хэлэх алдар гавъяатай ийм л сайхан гэр бүл эх орныхоо амар амгалангийн төлөө сэтгэлдээ залбирч сууна.
С.Уянга