Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит их хурал боллоо

GoGo.mn

2016-09-07 13:50 GMT+8

Франц улсын Маконь хотод болсон залуучуудын ДАШТ-ний сүүлийн өдөр WWW, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хоёр жил тутам болдог ээлжит их хурал боллоо. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан үндэсний холбоодын төлөөлөгчид их хурлаар бөхийн спортын хөгжүүлэх асуудлыг хамтран хэлэлцэж сонирхсон тодорхой асуудлуудаар санал хурааж товчоо гэж нэрлэгддэг тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгодог юм.

ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович, ерөний нарийн бичгийн дарга Мишель Дюссон нар 120 гаруй улсаас ирсэн төлөөлөгчдийн өмнө тус холбооноос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааны амжилтыг болон санхүүгийн тайланг танилцуулж хэлэлцүүлсэн.

Ерөнхийлөгч Н.Лалович тавьсан илтгэлдээ, бөхийн тэмцээнийг жин бүрийг хоёр өдөр дараалан жин үзүүлэлттэйгээр хоёр өдөрт багтаан явуулж байх тухай асуудлыг дэвшүүлж ингэх нь алтан медаль авахын төлөө өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгож бөхчүүдийг жин хасах эрүүл бус үзэгдлээс ангид байх бололцоо олгоно гэж онцлон дурдсан. Гэвч их хурлаар дээрх асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй боловч “Токио-2020” олимпийн наадам гэхэд өөрчлөлтүүдэд дассан байхын тулд аливаа өөрчлөлт, засварыг шуурхай хийж байх нь зүйтэй” гэж ерөнхийлөгч Н.Лалович хэлжээ.

ДНБХ шүүгчдээ сургалтад хамруулна

Зуны олимпийн “Рио-2016” наадамтай холбоотой гарсан маргаантай асуудалд Их хурал анхаарал хандуулж шүүгчдийн сургалтанд зориулсан шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналыг сайшааж ОУОХ-ны Ёс зүйн дүрмийг дэмжиж шүүгчдийн асуудлыг тус холбооны Спортын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Тус холбооны албаны хоёр дахь байрыг Турк улсын Сиамбул хотод байгуулах болсныг Ерөнхийлөгч Н.Лалович мэдэгдлээ. Тус алба нь бөхийн янз бүрийн уламжлалт олимпийн бус төрлүүдийг хөгжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хариуцах юм байна.

Их хурлаар ДБНХ-ны Товчооны 6 гишүүнийг 6 жилийн хугацаагаар сонгосон байна.

Товчооны гишүүнээр хорь гаруй жил ажилласан, Туркийн иргэн, олимпийн аварга, 78 настай Ахмет Айык бүрэн эрхээ дуусгаж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг ДБНХ-ны дээд шагнал болох Алтан сондороор шагнасан байна.

Товчооны гишүүнээр

  • Францын иргэн, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Дюссон 81 хүн,
  • Азербайжаны иргэн Намиг Алиев 75 хүн,
  • ХБНГУ-ын иргэн Карл-Мартин Диттманн 62 хүн,
  • Туркийн иргэн Родика Якши 60 хүн,
  • Грекийн иргэн Теодорос Хамакос 59 хүний саналаар улиран сонгогдож Ираны бөхийн холбооны ерөнхийлөгч, 1996 оны олимпийн аварга Расул Хадем 76 хүний саналаар Товчооны шинэ гишүүн болсон.

Их хурлаар тивийн аварга шалгаруулах тэмцээний хураамжийн асуудлыг хэлэлцэж одоо байгаа хураамжийн хэмжээг 15-20 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрч ДАШТ-нийг зохион байгуулах эрхийн хураамжийг санал болгосон хэмжээнд үлдээсэн байна.

2018 онд болох Их хурлаар тодорхой бус байгаа насанд хүрэгчдийн ДАШТ болох орныг шалгаруулахаар тогтжээ.

                                                                                                               Д.Өлгийсайхан “unitedworldwrestling.org” сайтаас авав.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 448 санал өгсөн байна.

Дээшээ