Модель машин цуглуулагчид ҮНЭТ ЦУГЛУУЛГАА дэлгэлээ


2016-09-09 15:56 GMT+8

Модель машин сонирхогч, цуглуулагч хэн бүхний заавал очиж үзэх ёстой нэгэн сонирхолтой үзэсгэлэнгээр зочиллоо. Сонирхол, хоббигоороо нэгдсэн таван цуглуулагч өөрсдийн цуглуулгынхаа дээжээс сонгон автомашины модель сонирхогч, цуглуулагч нарт зориулан 500 орчим моделио Porshe showroom-д үзэсгэлэн болгон дэлгэжээ. Тухайлбал Rolls-Royce, Bentley, Ferrari, Mercedes-Benz, Porsche, Maybach, Bugatti, Lamborghini, Audi зэрэг сор болсон, хамгийн үнэтэй автомашины моделиудыг зөвхөн энэ үзэсгэлэнгээс харах боломжтой.

1 | 5 фото
1
1
1
1
1

Бусад улс орнуудад модель цуглуулагчдын үзэсгэлэн тогтмол зохион байгуулагддаг учир тус соёлыг Монголд дэлгэрүүлэх зорилгоор дөрөв дэх жилдээ энэхүү үзэсгэлэнгээ дэлгэж буй юм. 

Үзэсгэлэнгийн хүндтэй зочдын нэг бол яах аргагүй Ч.Ганбат гуай байлаа. Монгол Улсын зөвлөх инженер, цагдаагийн хурандаа тэрбээр 1986 оноос хойш 30 жил модель машин цуглуулж буй. Түүнийг Монголын хамгийн анхны модель машин цуглуулагч гэж хэлэхэд хилсдэхгүй. Түүний цуглуулгад өдгөө 1000 гаруй модель машин бий.

"Би цэргийн дээд сургуульд багшилдаг байхад хичээлдээ үзүүлэн болгож ашиглахаар анхны моделио авч байсан юм. Түүнээс хойш нэг нэгээр нэмсээр өдгөө 1000 гаруй цуглуулгатай болсон байна. Авто инженерийн мэргэжил маань энэхүү хобби, сонирхолдоо хөтлөгдөн, цуглуулга хийхэд түлхэц болсон" хэмээн тэрбээр хэллээ. 

Түүний цуглуулгад хамгийн доод тал нь 20 мянга харин дээд тал нь гурван сая төгрөгийн үнэтэй моделиуд бий. 1995 онд Ч.Ганбат гуай Орос залуугийн BMW модельд "нүд нь тусаж", үнэ хаялцан 350 ам.доллароор авч байжээ. Энэ бол тухайн үед хамгийн үнэтэй авч байсан, сэтгэлд үлдсэн модель гэж тэрбээр дурсан ярилаа. 

Моделиудоо Хууль сахиулахын их сургуулийн нэг кабинетэд хадгалдаг байна. "Модель машины шил, толийг гэмтээхгүйн тулд хайрцаг, гэртэй нь хадгалах ёстой. Миний кабинетэд 20 хорго дүүрэн машин бий" гэлээ. 

Ч.Ганбат гуай модель машинаас гадна ЗХУ-ын үед 1960 оноос өмнө үйлдвэрлэсэн хуучны автомашины цуглуулга бөгөөд түүний цуглуулгад ЗИС5, ЗИС110, ЗИЛ110, ЗИЛ157 зэрэг 42 автомашин бий.  

Фэйсбүүкт "Модель машин сонирхогчдын" групп гэж байдаг бөгөөд тус групп 3000 гаруй гишүүнтэй. Тэд нарын 50 орчим нь цуглуулагч. Тус группийг үүсгэн байгуулагчдын нэг Ч.Оч гэх залуу үзэсгэлэнд өөрийн сор болсон моделиудоо дэлгэжээ. Түүний хувьд модель цуглуулаад 11 жил болж байгаа бөгөөд өдгөө 170 орчим модель машинтай.

Түүний цуглуулгад тооны хязгаараар үйлдвэрлэгдсэн hyper машины хэд хэдэн төрөл бий. Тооны хязгаараар үйлдвэрлэдэг, тусгай сертификаттай машинууд бусад модельтой харьцуулаахад үнэтэй байдаг. Тухайлбал Ч.Од тооны хязгаараар үйлдвэрлэдэг машинаа нэг саяас дөрвөн сая төгрөгний хооронд авч байжээ.

1 | 7 фото
1
1
1
1
1
1
1

Тэрбээр модель машинуудаа ихэнхдээ Хятадаас онлайнаар захиалан авдаг байна. "Монголд модель машин худалдаалдаг дэлгүүр байхгүй. Миний хувьд чадвал энэ ондоо багтаагаад модель машины дэлгүүр нээх төлөвлөгөөтэй байгаа. Үнийн хөөрөгдөл хийхгүйгээр Хятадын жижиглэнгийн үнээр нь борлуулах бодолтой байна. Модель машин цуглуулах хоббиг Монголд хөгжүүлмээр байна" гэлээ. 

Ч.Оч хамгийн анхны моделио 11 жилийн өмнө 60 мянган төгрөгөөр авч байжээ. Харин хамгийн сүүлд тав хоногийн өмнө hyper моделийг худалдан авчээ. Тус модель нь тооны хязгаартай бөгөөд дэлхийн зах зээлд 1500 ширхэг л борлуулагдсан байна. 

Ч.Очийн хамгийн сүүлд худалдан авсан hyper модель

Сүүлийн үед модель машин цуглуулагчид олширч байна. Тэдний цуглуулагч  ч чанаржсан. Цуглуулагчид моделиудоо хоорондоо наймаа, тохироо хийхээсээ илүүтэй төрсөн өдрөөр нь ч юмуу ямар нэгэн баяр ёслолоор бэлэглэдэг уламжлал тогтсон талаар зохион байгуулагчид онцолж байлаа.

Сануулахад модель машины үзэсгэлэн Энхтайвны гүүрний доор Порше машины үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 11-нийг хүртэл 10-19 цагийн хооронд болж байна. Ямар ч үнэ төлбөргүй.

Гэрэл зургийг О.Сүхбат

GoGo Facebook Хуудас
 
 
Намуудын нэр дэвшүүлэх дүрэм таны сонголтод нөлөөлдөг үү?
Нийт 77 санал өгсөн байна.

Дээшээ