Г.Ганбаяр: "АС Милан" багийн сонгон шалгаруулалтад нэгээр шалгарч байлаа


2016-09-18 12:00 GMT+8

Долоон настай хөлбөмбөг анх тоглоод гуравхан жилийн дотор Монгол Улсын өсвөрийн шигшээ багт дуудагдсан. Италийн АС Милан багийн мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалтад орж 201 хүүхдээс нэгээр шалгарч буурал тивд 11 насандаа хөл тавьсан.

13 настай AFC-ийн урьдчилсан шатны шалгаруулалтад Макаогийн эсрэг таван гоол хийж Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх анхных хэмээх тодотголоор нэрээ үлдээсэн. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн галын шугаманд 15 насандаа хөл тавьж анхны гоолоо оруулан шуугиан тарьсан хамгийн залуу тоглогч.

128 жилийн түүхтэй “Barnet FC” болон Унгарын алдарт Пушкаш академийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 16  настай тоглогч. Монголын хөлбөмбөгийн ирээдүйг насандаа баймгүй амжилтаар батлан харуулж буй энэ хөлбөмбөгчин бол Ганболдын Ганбаяр.

Унгарын алдарт Пушкаш академид суралцахаар эх орноосоо хэдхэн хоногийн дараа мордох гэж буй “Хоромхон” багийн хагас хамгаалагч Г.Ганбаяртай ярилцснаа та бүхэнд хүргэж байна.

БАЙРНЫ АХ НАР ХЭРЭВ ӨӨР ЗҮЙЛ СОНИРХСОН БОЛ БИ ӨДИЙД ХӨЛБӨМБӨГЧИН БОЛООГҮЙ

-"Хүрхрээ" дээд лигт 15-хан настай хөлбөмбөгчин орж ирлээ. Сэлэнгэ нутаг Т.Ганхуяг багшийн унаган шавь хэмээн өнгөрсөн жилээс эхлэн Г.Ганбаярын нэр дуулдаж эхэлсэн. Хөлбөмбөгт хөл тавиад есөн жил болсон гэхэд олон амжилтын анхдагч боллоо?
-Т.Ганхуяг багшийн удирдлагад жилдээ 100-200 хүүхэд хичээллэж байсны нэг нь. Багш минь хөлбөмбөгийн суурийг маш сайн тавьж өгсөн. Хөлбөмбөгчин болоход төрсөн ахаас минь гадна байрны ах нар маш их нөлөөлсөн. Миний төрсөн ах Гантогтох “Хоромхон” багт болон өсвөрийн шигшээд дуудагдан тоглож байсан.

Сэлэнгийн шар байрны гадаа гудамжинд ах нартай хөлбөмбөг тоглож өссөн. Одоо бодоход байрны ах нар хэрэв өөр зүйл сонирхсон бол би өдийд хөлбөмбөгчин болохгүй байсан. Тийм болохоор найзууд болон байрныхаа ах нартай баярладаг. Би нэр цохоод баярласнаа илэрхийлж болох уу.

Т.Ганхуяг багшийнхаа хамт.

-Бололгүй яахав?
-Төрсөн ахаас минь өөрцгүй Мөнхтөр ах Нарака, Ганбуу, Мөнхжин, Мишээл, Анар, Нацагаа, Давхраа ах болон Тэмүүжин, Мэргэн, Ганпүрэв, Тэнгис, Тамираа, Санчир, Онон, Манлай, Батмөнх  болон бусад найзууддаа маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

Тулгамдаад нэрийг нь үлдээсэн байвал бусад нь намайг уучлаарай. Би та бүхнийхээ ачаар хөлбөмбөгийн спортод дурлаж өдий зэрэгтэй яваа шүү гэж хэлмээр байна. Мэдээж Хуягаа багшдаа насан туршдаа баярлаж явах болно.

-Т.Ганхуяг багшийн удирдлагаас хэрхэн “Хоромхон” багт шилжив. Монгол Улсын шигшээ багт хамгийн олон тоглолтод орсон өдгөө ахмад тоглогч Д.Лүмбэнгарав, лигийн шилдэг мэргэн буучдын нэг Н.Наранболд, шилдэг хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш гээд гайхалтай тоглогч нартай мөр зэрэгцэн тоглоно гэдэг хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл байх?
-
2010 онд Сэлэнгэ аймгийн шигшээ багт багтаж УАШТ-д тоглосон. Ингээд улсын аваргын дараа 13 хүртэлх насны Монгол Улсын өсвөрийн шигшээ багт дуудагдсан юм. “Хоромхон” багт ах минь тоглож байсан болохоор намайг оруулсан. Багийн эзэн, дасгалжуулагч Гансүх ах надад итгэж багтаа авсанд баярлаж явдаг.

Манай багийн ах нар анх “Миний дүү бэлтгэлээ сайн хийгээрэй. 18, 19 хүртэл гараанд гарахгүй байх шүү” гэж хэлж байсныг санадаг юм. Тийм үг сонссон болохоор гараанд гарахын тулд илүү их хөдөлмөрлөж өөрөө ч их хичээсэн дээ. Энэ мундаг хүмүүстэй байхаар сэтгэлзүй шал ондоо болчихдог. Ах нар минь бүгд тусалж дэмжин зөвлөгөө өгнө.

БЭЛТГЭЛ ДЭЭР ХЭН САЙН БАЙНА ТЭР ТОГЛОГЧ ГАРААНД ГАРДАГ

-2014 онд түрүү хүртсэн “Хоромхон”-ы гараанд гарна гэдэг залуухан тоглогчийн хувьд нэр төрийн хэрэг. Дээд лигийн талбайд хамгийн анх гарснаа бол мартдаггүй байх?

2016 он. Хүрхрээ үндэсний дээд лиг Хоромхон баг
-2015 оны "Хүрхрээ" дээд лигийн нээлтийн тоглолт “Хоромхон”-"FC Улаанбаатар" тоглолтоор эхэлсэн. Тоглолтын 70 дахь минутад хамгийн анх сэлгээгээр талбайд гарсан. Дараагийн тоглолт “Дэрэн” багтай таарч мөргөж гоол оруулсан нь дээд лигийн анхны гоол минь. Энэ цагаас эхлэн тасралтгүй гараанд гарч тоглох болсон доо.

Ер нь, гараанд гарахын төлөө доод үеийнхэн, нас чацуутангууд ширүүхэн өрсөлддөг. Энэ өрсөлдөөний улмаас хүчтэй тоглогч нар төрөн гарч байгаа гэж боддог. Бэлтгэл дээр хэн сайн байна тэр л гараанд гардаг. Тэрнээс зөвхөн мундаг байлаа гээд байнга гараанд гарна гэж байхгүй.

-Дээд лигт орсноос хойш хэдэн гоолыг өөрийн нэр дээр бичүүлэв?
-11 билүү 12 гоол оруулаад байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн ням гарагийн тоглолтод гоол оруулсан. Одоо нэг тоглолтод оролцоод Унгарыг зорино. Хүрхрээ үндэсний дээд лигийн ширүүхэн өрсөлдөөн Монголын хөлбөмбөгчдийн ур чадварыг нэмэгдүүлж байгаад баяртай явдаг.

ЖОЗЕ МОУРИНЬОГИЙН ХҮҮХДИЙН ХААЛГАНД ГООЛ ОРУУЛСНАА ХОЖИМ МЭДСЭН

-2016 он Г.Ганбаярын хувьд одтой байлаа. Пушкаш академиас өмнө өнгөрсөн хоёрдугаар сард Лондонд очиж  “Barnet FC” багт шалгуулж тэнцсэн. Сонгон шалгаруулалтад хоёр ч удаа гоолдсон?


-Тийм ээ. Би тэр гоолыг амьдралдаа хэзээ ч мартахгүй. Өрсөлдөгч багийн хаалгач нь агуу дасгалжуулагч Жозе Моуриньогийн хүүхэд байсан юм билээ. Тухайн үед би мэдээгүй. Тоглолтын дараа “Daily mail” сонингийн сэтгүүлчид ирж ярилцлага аваад “Жозе Моуриньогийн хүүхдийн хаалганд хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өглөө. Сэтгэгдэл ямар байна гэж” асууснаар мэдсэн.

Тухайн үед өвөл байсан болохоор зааланд тоглож байгаад шууд гадаа талбайд гарсан болохоор бэлтгэл муутай очсон. Гэхдээ Лондонд газардахад л миний сэтгэлзүй шал өөр болчихсон. Энэ надад олдож байгаа эхний бөгөөд эцсийнх ч байж мэднэ гэж бодоод л бэлтгэлдээ орсон.

-Сонгон шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар үлдэх боломжгүй болсон гэж сонсож байсан?
-Насанд хүрээгүй болохоор Лондонд заавал аав, ээжтэйгээ хамт амьдрах ёстой гэсэн. Үүнээс гадна гэрээний заалтууд хэтэрхий их зүйл шаардсан. Аав ээж хоёр минь Сэлэнгэ аймагт амьдардаг. Шууд хүүгээ дагаад Лондон явна гэдэг боломжгүй зүйл. Юутай ч сонгон шалгаруулалтад тэнцсэн, гоолдсон болохоор харамсаад байдаггүй.

-Магад харамсахгүй байх шалтгаан хэдхэн сарын дараа Унгарын алдарт Пушкаш академид тэнцлээ?


-
Тийм ээ. Очоод бүх хүчээ дайчлаад улам ихийг сураад ирэхийг хүсч байна. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, багийн хамт олон, дасгалжуулагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Та нарынхаа итгэлийг алдахгүй төлөө хичээх болно. Сонгон шалгаруулалтыг хөлбөмбөгийн сорил, дасгал гээд маш нарийн шалгаж авсан.

-2011 онд Италийн "AC Милан" багт сонгон шалгаруулалтад 201 хүүхдээс нэгээр хэрхэн шалгарч байснаа ярьж өгөөч?
-Би сонгон шалгаруулалт болох гэж байгаа талаар мэдээгүй юм. Ээжтэйгээ орой зурагт үзээд сууж байтал маргааш сонгон шалгаруулалт болно гээд мэдээ гарсан. Сонсоод л шууд өмссөн хувцастайгаа ээжтэй хамт хот руу машинаараа давхичихсан. Аав унтаж байсан болохоор хэлэхгүй шууд явчихсан. Аав өглөө босоод “Та хоёр хаана байгаа юм бэ” гээд гайхаад. Шөнөжин давхиад хотод очоод өглөө нь очтол 200 хүүхэд бүртгэчихсэн гээд.

Ээж минь гуйсаар байгаад бүртгүүлсэн. "АС Милан" багаас мэргэжилтнүүд ирчихсэн шалгалт авсан. Хүүхдүүдийг нэг л дасгалжуулагч шалгаж байсан. Гэтэл би хамгийн сүүлд бүртгүүлсэн болоод тэр үү бүх дасгалжуулагч дээр очиж шалгуулсан. Хамгийн эхэнд нэрийг минь дуудахад би өөртөө итгэхгүй ээж рүүгээ эргэж хараад “Би мөн үү” гэхэд нүдэнд нь нулимс нь цийлэгнээд толгой дохиж байсныг тодхон санадаг.

-АС Милан багийн цэнгэлдэхэд хөл тавихад ямар санагдав?
-
Фестивалийн нээлтэд Монголынхоо төрийн далбааг бариад алхах их гоё байсан. Цэнгэлдэх хүрээлэнд ороод зүлгэн дээр анх гишгэхэд хөвж байгаа ч юм шиг их гоё санагддаг юм билээ. "АС Милан" багийн өмнөөс  хүүхдийн фестивальд оролцоод Монголоос дөрвүүлээ хамт нэг багт тоглож түрүүлээд аваргын цом авсан. Дасгалжуулагч нь намайг гараанд гаргаад нэг ч удаа сэлгээнд суулгаагүй.

-2013 онд Хонконгод болсон 14 насны AFC-ын урьдчилсан шатны шалгаруултад оролцож Макао улсын эсрэг тоглолтод долоон гоолоор Монголын баг хожсон. Нийт гоолын тав нь Г.Ганбаярынх юм билээ?
-
Миний бас амьдралын минь мартагдашгүй нэгэн сайхан үйл явдал. Макаог хожих бол уу яах бол гэж анх талбайд гарахдаа бодсон. Гэтэл багийнхан маань тэр тоглолтод үнэхээр л гайхалтай байсан. Тийм ч үүднээс надад боломж олгож таван гоолын дамжуулалт өгсөн.

Азийн урьдчилсан шатны тоглолтод таван гоол оруулсан Монголын анхны тоглогч болсноо анх мэдсэн. Гурван гоол оруулбал хет трик, дөрвөн гоол-покер гээд мэддэг байсан. Тав дахь гоолоо оруулчихаад юу гэдэг юм бол гэж бодтол багш “Миний хүү пента трик хийчихлээ шүү” гэж хэлсэн.

-Хөлбөмбөгийн аль багийг дэмждэг үү?
-Реал Мадрид. Тоглогчийн хувьд Роналду.

Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг

-Монголын хөлбөмбөгчдөөс гэвэл?
-Багийнхаа тоглогч Цэнд-Аюуш ахыг бүр хар багаасаа шүтэж ирсэн. Маш зоригтой, дайчин гоё тоглолттой. Багийнхныгаа зоригжуулж хэлж ярьж байгаа бүх зүйл нь үлгэр дууриал авмаар. Одоо нэг багт хамт тоглож байгаа нь бүр гоё санагддаг. Гэхдээ өөрт нь бол хэлж байгаагүй юм байна.

-Монголын хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг довтлогчийн нэг С.Пүрэвсүх “Хоромхон” багийн дасгалжуулагчаар ажилладаг. Багшаасаа магтаалаас гадна зэмлэл сонсоно биз?
-Тэгэлгүй яахав. Чи болоогүй байна шүү дахиад илүү хөдөлмөрлө гэдэг. Ээж минь бас их хурцална. “Миний хүү амжилтандаа ханаж болохгүй. Багшийн заасан дасгалыг хүүхдүүд нэг удаа хийж байвал чи арван удаа хий. Тэгж байж чи онцгойрно, шилдэг нь байж чадна” гэж хэлдэг. Миний хувьд багийнхаа Улсаа ах шиг хурдтай болохыг хүсдэг. Цуцна, шантарна гэж байхгүй гүйгээд л байна. Жижиг биетэй болохоор маш хурдтай тэсрэлттэй тоглолт үзүүлж чаддаг. Улсаа ахын энэ онцлогийг эзэмшихвэл ч гэж байнга боддог доо.

-Пушкак академи "Реал Мадрид" багийн академитай маш ойр хамтарч ажилладаг гэсэн. Магадгүй чамд өөрийн шүтдэг "Реал Мадрид"-ын цагаан өмсгөлтэй тоглох боломж хэрхэн ойртож байгааг хэн ч тааж мэдэхгүй юм даа. Зөвхөн чамаас л шалтгаална даа?


-Тийм ээ. Мэдээж бүх зүйл надаас л шалтгаална. Энэ талаар дотроо бодсон зүйл бий.

-"Хүрхрээ" дээд лигт тоглохоос гадна 16 нас хүртэлх, 17 нас хүртэлх гээд нэг ёсондоо гурван багт зэрэг харъяалагддаг. Үндэсний дээд лигээс гадна залуучуудын УАШТ гээд өөр, өөр тэмцээнд тоглоод явах хэр ачаалалтай вэ?
-Бага зэрэг л ядардаг. Сүүлдээ ч бараг сурчихлаа даа. 2011 оноос хойш оролцсон өсвөр, залуучуудын ангиллын тэмцээнээс дандаа шилдгийн шагналыг хүртэж байсан юм билээ. Мэдээж энэ бүх шагнал, оруулсан гоол бүхэн минь намайг улам цуцашгүй болгож дахиад урагшлах алхам болж өгдөг.

-АС Миланы сонгон шалгаруулалтыг сонсоод л хүүгээ аваад шөнөжин давхисан ээж бол гайхалтай дэмжигч байна даа?
-Миний ээж бол үнэхээр супер. Миний менежер, сэтгэлзүйч, туслах гээд бүх л зүйлийг хийж байгаа ш дээ. Оросын нэг баг руу ээж миний бичлэг танилцуулгыг явуулсан чинь тэнцсэн байсан. “Чиний нас болоогүй байна. Нас чинь бага байна. Өөрийгөө хангалттай хэмжээнд бэлдэж бай” гэдэг. Аав минь өглөө бүр медаль цомыг арцаар утаж, ээж минь цайныхаа дээжийг өргөдөг.

Гэр бүлийнхэн намайг маш их дэмждэг. Хүрхрээ дээд лигийн тоглолтыг аав, ээж, ангийнхан бүгд л үзнэ. Анх аав ээж хөлбөмбөг гэж мэддэггүй байсан. Одоо бол надаас илүү хөлбөмбөг мэддэг болчихсон. Унтаж байгаад сэрээд харахад аав хөлбөмбөг үзэж байдаг. "Миний хүү хамт үзэхгүй юм уу. Гоё тоглолт болж байна" гээд шөнө дунд сууж байдаг.

Пушкаш академид явах хүүхдүүд гэр бүлийн хамтаар.

- Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Аавыг минь Ганболд, ээжийг минь Дарьсүрэн гэдэг. Тэр хоёр минь надад аминаасаа илүү хайртай. Юу дутуу байна, одоо яах уу миний хүү гээд. Аав, ээж хоёр минь спортын хүмүүс. Аав волейболын мастер, сагс, теннис тоглоно. Ээж минь жүдо бөхөөр барилддаг байсан. Бас теннис, волейбол, сагс тоглоно. Нэг охин дүүтэй. Дүү минь төгөлдөр хуур, шатар, волейболоор бас хичээллээд эхэлчихсэн. Би анх таван настай байхдаа шатар тоглоод тэгснээ теннис сурсан. Тэгээд волейбол тоглож байгаад ахыгаа дагаад л хөлбөмбөгийн спортод эргэлт буцалтгүй орсон. Ахдаа болон Эрдэнэтуяа эгчдээ маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

-Г.Ганбаяр хотод суралцаж байгаа юу?
-Үгүй. Сэлэнгэ аймгийн IV сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Хичээлдээ яваад лиг эхлэхээр хотод ирж тоглодог байсан. Өнгөрсөн жилээс дээд лигт тоглоод эхлэхэд энэ нь жаахан хэцүү болсон. Нэг дор гурван насны ангилалд тоглохоор амаргүй.

Манай сургуулийн удирдлага, багш нар, ангийн хүүхдүүд минь бүгдээрээ тусалж дэмждэг. Лигтээ тоглоод очоод л хичээлээ нөхөөд авчихдаг байсан. Унгарт очоод тэндээ ерөнхий эрдмийн хичээлээ үзээд ирэх жил 12 дугаар ангидаа дэвшин суралцах юм. Сургуулийн хамт олон, багш нар, ангийнхаа хүүхдүүдэд бүгдэд нь маш их баярлалаа гэж дахин, дахин хэлье.

-GoGo мэдээллийн агентлаг хөлбөмбөгийн “Хүрхрээ” дээд лигийн энэ улирлын турш шууд дамжуулан хүргэж байгаатай холбоотой цуврал ярилцлагын эхний зочноор уригдан ярилцлага өгсөнд баярлалаа.
-Та бүхэндээ маш их баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3160 санал өгсөн байна.

Дээшээ